Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 457

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбатын  нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 1-2 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 30 настай, Боржигон овгийн Шаншийн Гантуул,

Хариуцагч:  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 16-03 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 32 настай, Боржигон овгийн Шаншийн Гантулга нарт холбогдох

“155397580,42 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэрэндолгор нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбат  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.Гантуул, Ш.Гантулга нар нь тус банкны Арвайхээр тооцооны төвөөс 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/3058 тоот зээлийн гэрээ байгуулан 150000000 төгрөгийг бизнеснийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 72 хоног өнгөрсөн, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлээ төлөхгүй байгаа юм. Иймд Ш.Гантуул, Ш.Гантулга нараас 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 147895826,33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7213759,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 270930,36 төгрөг, коммитмент хүүгийн төлбөр 17063,92 төгрөг, нийт 155397580,42 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэрэдолгор шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 09 дүгээр 20-ны өдөр  150000000 төгрөгийн зээл манай банкнаас авсан. Нэхэмжлэлдээ Ш.Гантуул, Ш.Гантулга нараас 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 147895826,33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7213759,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 270930,36 төгрөг, коммитмент хүүгийн төлбөр 17063,92 төгрөг, нийт 155397580,42 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбат нь хариуцагч Ш.Гантуул, Ш.Гантулга нарт холбогдуулан “155397580,42 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

             Нэхэмжлэгч тал нь хариуцагч Ш.Гантуул, Ш.Гантулга нартай 2014 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр №ЗГ/3058 дугаартай Зээлийн шугамын гэрээ, Барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нарт 150000000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй зээлдүүлсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нотлогдож байна. Талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн гэрээ байгуулсан байна.

            Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг ба зээлийн гэрээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдөр дууссан, гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч Ш.Гантуул, Ш.Гантулга нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж үзлээ.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд  нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,  453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”,  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 147895826,33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7213759,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 270930,36 төгрөг, коммитмент хүүгийн төлбөр 17063,92 төгрөг, нийт 155397580,42 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ш.Гантуул, Ш.Гантулга нар нь шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй, нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Гантуул, Ш.Гантулга нараас 934938 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 934938 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ш.Гантуул, Ш.Гантулга нараас 155397580, төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Гантуул, Ш.Гантулга нараас 934938 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 934938 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ҮҮРИЙНТУЯА