| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0240/Э |
| Дугаар | 606 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 17.4.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,
Улсын яллагч: Б.Сод-Эрдэнэ,
Шүүгдэгч: Н.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,
Шүүгдэгч: Ш.Д, түүний өмгөөлөгч Б.Чинбат,
Хохирогч: Л.Нямгэрэл, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Агар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Н.Б холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй Н.Б
Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр Завхан аймаг, Улиастай суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Е март дэлгүүрт худалдагч ажилтай боловч одоогоор жирэмсний чөлөөтэй байгаа /9 сар 7 хоногтой/, ам бүл 4, ээж, дүү нөхрийн хамт, урьд ял шийтгэлгүй Ш.Д
Холбогдсон хэргийн талаар:
Ш.Д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бинэ кашмир” ХХК-н “Кашмер хаус” дэлгүүрийн худалдааны зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа 2016 оны 6 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл байгууллагын орлого болох 49.060.400 төгрөг завшсан ба өөрийн ашиглах гэж байгаа мөнгийг касс Н.Бт хэлж бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн;
Н.Б нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бинэ кашмир” ХХК-ын “Кашмер хаус” дэлгүүрийн кассаар ажиллах хугацаандаа 2016 оны 6 дугаар сараас 2018 оны 5 сар хүртэл байгууллагын орлого болох 106.430.300 төгрөг завшсан ба өөрийн ашиглах гэж байгааг худалдааны зөвлөх .Ш.Д д хэлж бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2016 оны 6 дугаар сарын эхээр энэ хэргийг анх хийж эхэлсэн. Би худалдагчаасаа өдөр болгон зарсан барааны стикерыг касс нь дээр бичүүлэхгүй авдаг байсан. 2016 онд авсан бараа маань 2018 онд тогтоогдсон байсан үнийн дүнгээр гарч хохирлын хэмжээ гарч ирсэн. Би эхлээд авсан бараагаа төлдөг байсан ч сүүлдээ төлж чадалгүй явсаар ийм байдалд хүрсэн” гэв.
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Би 2016 оны 6 дугаар сараас 2018 оны 5 дугаар сарын хооронд ажиллах хугацаандаа 49.661.000 төгрөгийг хувьдаа авч ашигласан нь үнэн. Би 2 дүүгээ Солонгос улс руу явуулах гээд мөнгө Банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө зээлсэн байсан. Тухайн зээлээ төлөх гээд дахин банкнаас зээл авсан. Тэгээд зээлийн төлөлтийн хугацаа болоод төлөх мөнгө байхгүйн улмаас бараа авсан. Тооллогоор бараа дутаж, хохирлын хэмжээг гаргаж ирсэн” гэв.
Хохирогч Л.Нямгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай компани хоёр хувьцаа эзэмшигчтэй. Би нэг компанийн хувьцаа эзэмшигч. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр манай нөхөр нас барсан. Н.Б, Ш.Д нар нь 2016 оны 6 дугаар сараас гэнэтийн тооллого орж ирэх хүртэл хугацаанд манай дэлгүүрээс бараа завшсан байсан. Бараа заруулж байгаа компаниуд тооллогоо өөрсдөө явуулдаг. Манай компани гардаж тооллого хийдэггүй. Скайнераар бар кодыг уншуулж тооллого хийдэг байсан. Үүнийг ашиглан зарсан барааны стикерээр уншуулж тухайн бараануудыг агуулахад байгаа мэтээр ойлгуулдаг байсан. Зарим тохиолдолд шинэ худалдааны зөвлөхүүдийг дарамталж үйлдлийн аргыг нь нэг бүрчлэн зааж өгч барааны бар код авдаг байсан. Ш.Д дан ганц худалдааны зөвлөх биш Н.Б ийг эзгүйд касс нь дээр бэлэн мөнгөтэй харьцдаг ажил хийдэг байсан. Шүүгдэгч нар аль аль нь бэлэн мөнгөтэй харьцах боломжтой байсан учраас хоёулаа мөнгө завшсан гэж үзэж байна. Хохирлыг гэрээ байгуулж бусад компаниудад төлөхөөр болсон. Компаниудад 10 хувийг дутагдлын мөнгөнөөс шилжүүлж байгаа. Одоогийн байдлаар 80.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй явж байна. Гэрээний үүргийн дагуу компани хохирлыг хариуцаж төлж байгаа. Мөн тухайн барааг хариуцаж байсан худалдааны зөвлөхүүд цалингаасаа тодорхой хэмжээний мөнгө суутгуулж бусад жижиг компаниудын хохирол төлөгдсөн. Тухайн барааны хямдарсан үнэ нэмэгдсэн үнийн мэдээлэл хамгийн түрүүнд Н.Бт очдог байсан. Хэрэв ямар нэгэн асуудал гарвал хамгийн түрүүнд Н.Бт мэдээлэл очдог учраас тухай бүрт нь үнийн мэдээллийг мэдэх боломжтой байсан” гэв.
Хохирогч Ё.Баяраа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Бинэ Кашмер ХХК нь хоёр хүний хувь нийлүүлсэн компани юм. Бинэ кашмер нь дотроо Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар байранд “Кашмер Хаус” дэлгүүрийг ажиллуулдаг. Манай дэлгүүр ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүнийг гэрээгээр авч борлуулаад борлуулалтын буюу үйл ажиллагааны зардал гэж авдаг юм. Дэлгүүр нь дотроо Говь, Гоёо, Блүе скай, Эвсэг, Ашид нэхмэл, Бинэ кашмер гэсэн 6 тасагтай. Зохион байгуулалтын хувьд нэг зааланд бүтээгдэхүүнийг төрлөөр нь ангилж байгуулдаг бөгөөд Говь, Ашигт нэхмэл хоёр л дангаараа байрладаг ...манай компани касс Н.Б нь 2014 онд худалдагчаар ажилд ороод 2016 оноос хойш кассан дээр сууж ажилласан. Ингээд ажиллах хугацаандаа өдийг хүртэл хугацаанд 140.000.000 орчим төгрөг хувьдаа завшсан болохыг дотоодын шалгалтаар тогтоогоод байгаа. Ш.Д гэж худалдааны зөвлөхийн хувьд Говь ХХК-ын барааны худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа их хэмжээний буюу 40 гаран сая төгрөгийг хувьдаа завшсан гэж гомдол гаргаж байгаа юм. Хэн хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн хувьдаа завшсан талаар Аудитын шалгалт болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох байх. Н.Б, Г.Д нарын тухайд ганцаараа уг хэргүүдийг хийх боломжгүй бөгөөд хамтдаа нийлж хийсэн байх боломжтой. Бид нар дотоодын шалгалт хийхэд зарим нэг завшдаг байсан үйлдлүүдийн арга нь тогтоогдож байгаа жишээ нь зарагдсан барааны бар кодыг авч үлдээд дараа нь бид нар болон тухайн компаниас нь тооллого ирэх үед складанд байгаа мэтээр бар кодыг нь уншуулдаг байсан юм байна лээ мөн худалдааны зөвлөх нар нь сарын сүүлээр хэдэн төгрөгний бараа бүтээгдэхүүн борлуулсан талаар дэлгэрэнгүй хийгээд компанидаа өгдөг энэ үед Н.Б т ямар болсон талаар үзүүлж тооцоо нийлэх үед Н.Б нь чиний буруу байна Г.Д сайн мэдэж байгаа очоод асуу гэх мэтээр хэлж Г.Д тэй уулзуулдаг. Г.Д нь тооцоог нь харж байгаад чиний тайлан чинь буруу байна ингэж хийдэг юм гэх мэтээр өөрсдийн авсан мөнгийг үнийн дүнгээс хасаж тайланг нь өгүүлдэг байсан юм билээ худалдагч нар энэ талаар хэлж байгаа. Худалдааны зөвлөхүүдэд касс Н.Б нь би хэдэн төгрөг авчихсан байгаа тооллогын үед бараагаа байгаа мэтээр бас тайлан гаргаж өгөхдөө байгаа гээд гаргаад өгөөрэй гэж гуйдаг байсан юм байна лээ ...Говь ХХК нь өөрсдөө ирж тоолдог ингээд тоолохдоо бар код уншуулж тоолчоод дараа нь манай байгууллага руу мэдээгээ явуулдаг ингэхэд тооцоо нийлээд байдаг байсан. Цаанаа бол тоологч нар нь ил барааг тоолж байгаад складанд байгаа барааг тоолохгүй уншигчаа үлдээгээд явчихдаг энэ үед худалдааны зөвлөх нь нөгөө авч үлдсэн бар кодоо уншуулчихдаг байсан юм байна лээ. Ингээд манай тооцооны машин болон Говийн машин дээр бараа нь складанд байгаа мэтээр харагдаад байдаг юм байна лээ ...нэг бараанд нэг бар код өгдөг уг кодыг өөр бараанд өгдөг гэсэн ойлголт байхгүй ээ. Тэр бараа дахин үйлдвэрлэгдээд ирсэн тохиолдолд уг кодоороо л дахин уншигддаг”
“...Г.Д гийн хувьд одоо нийт 11.300.000 төгрөгийг барагдуулсан байгаа. Н.Б нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар хохирол барагдуулсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтас 43-44, 2-р хавтас 147-р хуудас/
Гэрч Н.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2016 оны 6 дугаар сард Эвсэг, Говь брэндийн тасгийг хүлээж авахад 600 мянга орчим төгрөгний бараа бүтээгдэхүүн дутуу байсан тэгэхээр нь яах вэ гэж асуухад уг бүтээгдэхүүний мөнгийг Н.Б авчихсан байгаа төлнө гэж хэлэхээр нь касс Н.Б эгч дээр очоод та энэ мөнгийг төлөх үү гэж асуухад дарагийн цалин дээрээсээ төлчихнө гэж хэлж байсан. Ингээд ажиллаж байхдаа 2017 оны дундуур ганц нэг хүнд бэлэг өгнө гэх мэтчилэн миний хариуцаж байсан Эвсэг брэндийн тасгаас ороолт, бүтээлэг, том ороолт /шаль/ авч байсан тэгэхээр нь та хэзээ мөнгийг нь өгөх вэ гэж асуухад би өгчихнө санаа зоволтгүй гэж хэлж байсан. 2017 оны 11, 12, 2018 оны 1 дүгээр сард би зарсан бараа бүтээгдэхүүний борлуулалтын тайлангаа цаашаа өгөхөд касс Н.Б эгч бүрэн тушаагаагүй байсан тэгснээ эгч нь хэдэн төгрөг авчихсан байгаа /яг хэдэн төгрөг гэдгээ хэлээгүй/, төлнө гэхээр нь авсан бараа мөнгөн дүнг нь компанидаа хохирол учруулж болохгүй гээд зарагдсан гээд дараа сарын эхэнд уншуулчихдаг байсан ингэхээр ямар нэгэн байдлаар тооллого явуулахад асуудал үүсэхгүй харин сарын сүүлд мөнгөн дүн нь дутагдаж гарч ирдэг юм. Би дутаасан барааныхаа тоог уншуулаад Н.Б эгчийг та энэ мөнгө төл гээд л өгчихдөг байсан. Харин цааш нь мөнгийг нь өгдөг байсан эсэх талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хавтас 45-р хуудас/
Гэрч Д.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 1 сараас эхэлж Гоёо тасагт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхад өдрийн борлуулалтын мэдээгээ цааш өгөх гэсэн чинь Н.Б касс чи энэ бүтээгдэхүүнийг зарсан гэж битгий оруулаа би маргааш, нөгөөдрөөс хийчихнэ гэх мэтчилэн арай ахиу борлуулалт орсон өдөр зарсан барааны мөнгийг авч эхэлсэн ингээд 1, 2 дугаар сар өнгөрөхөд миний хариуцаж байсан тасгаас 6.331.800 төгрөгийг хувьдаа авсан байхаар нь та энэ мөнгө хурдан хийгээчээ гэж хэлэхэд заза эгч нь хийчихнэ гэж хэлсэн. 2018 оны 3 дугаар сарын 01-ны өдөр Гоёо брэндээс өөр тасаг руу шилжихдээ Н.Б эгчийн авсан 6.331.800 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зарсан гээд компьютерт оруулсан тэгээд Н.Б эгчид компьютерт оруулчихсан шүү энэ мөнгөө та өгөөрэй гэж хэлээд биллийг нь өөрт нь өгсөн. Ингээд би өөр тасагт шилжин ажиллах болсон ...Надаас битгий хэлээрэй, би өөрөө дарчихна гэж гуйж байсан юм. Надад хэлэхдээ борлуулалтын тайлан мэдээндээ битгий өгөөрэй гэж хэлэхээр нь хэлснээр нь өгдөггүй байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 46-р хуудас/
Гэрч А.Маржангүл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2016 оны 6 дугаар сарын 01-ны өдөр тасгаа хүлээж аваад өдөр тутмын бараа бүтээгдэхүүн зарж борлуулсан талаараа тайлангаа шинээр орсон учир Н.Б эгчээс асуухад чи энэ бараа бүтээгдэхүүнийг зарсан гэж тайлангаа өгөх хэрэггүй гэж хэлэхээр нь тэгдэг л юм байхдаа гэж бодоод за гээд л тайлангаа хэлснээр нь бараа бүтээгдэхүүнээ хасаад өгдөг байсан. Ингээд сарын сүүлээр дахин тайлангаа өгч хянуулахад чи нөгөө хассан юмнуудаа бүгдийг нь хасаад оруулаарай гэхээр нь за гээд л сар бүр хасаж мэдээнд өгдөг байсан. Сар дуусаад сарын эхний үед тооллого ирдэг учир чи өнгөрсөн сарын тайландаа бичиж өгөөгүй бараа бүтээгдэхүүнээ зарсан гээд мэдээнд оруулаарай гэхээр нь мэдээнд буюу зарагдсан гэсэн мэдээнд оруулж барааны тооллогыг тэнцүүлдэг байсан Ингэх жишээний тооллого хийхэд ямар нэг зөрүү гаргахгүйгээр явж болдог байсан бөгөөд 2017 оны 5 дугаар сар гэхэд Н.Б эгч 5 сая 700 гаран мянган төгрөг дутаахаар нь би одоо айж байна ийм хэмжээний мөнгө дутаасан байна та энэнийгээ яаралтай төл гэхэд за эгч нь зуны гурван сар ажиллаж байгаад дуусгана чи битгий санаа зов гэхээр нь за гээд хүлээсэн. 2017 оны 9 дүгээр сард мөнгө огт өгөөгүй болохоор нь миний зарсан барааны мөнгөнөөс Н.Б эгч авдаг талаар менежер И.Энхцэцэг эгчид хэлэхэд би уулзаад арга хэмжээ авч өгье гэж хэлж байсан. Түүнээс хойш Н.Б эгч огт мөнгө тушаагаагүй бөгөөд 2018 оны 2 дугаар сард Уужин, Бинэ кашмер брэндийн бараа бүтээгдэхүүнийг хүлээж авахдаа хуучин ажиллаж байсан Блүе скай, Эвсэгийн сүлжмэл, Их Агар компаниудын бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөхдөө Д.Одонтуяа гэдэг худалдааны зөвлөхдөө наана чинь 18 сая төгрөгний бараа бүтээгдэхүүний дутагдал байгаа наад барааны мөнгийг Н.Б эгч авсан гэж хэлээд бараагаа хүлээлгэж өгсөн. Би 18 сая төгрөгний дутагдал байгаа шүү гэж Н.Б эгчид хэлэхэд заза гэж хэлээд л өнгөрсөн ...анхандаа би худалдагч учраас хэлж байснаар нь хийж байгаад сүүлдээ 2017 оны 9 сард менежер Энхцэцэгт хэлж байсан” /1-р хавтас 47-р хуудас/
Гэрч Д.Энхчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”2016 оны 8 дугаар сард Бинэ кашмер компаний ерөнхий нягтлан бодогчоор ажилд орсон. Бинэ кашмерийн тухайд би ерөнхий буюу бүртгэлийн, блансын нягтлан бодогч хийдэг хажуудаа Энхцэцэг гэдэг бараа материалын тооллого тайлан хариуцдаг нягтлан бодогчтой, Энхцэцэг нь хэдэн худалдааны зөвлөх ажилтан нартай тулж харьцаж бас ирж байгаа бараа бүтээгдэхүүний тооллого тоог нь гаргаж худалдаагч нартаа тарааж өгдөг ажил хийдэг юм. Би өөрөө бүртгэл дээр сууж бүх тайлан тооцоог л гаргадаг ажил хийдэг учир тэр бүр бараа материалын жижиг тайланг гаргадаггүй надад гаргасан бэлэн тайлан ирдэг. Би ажиллах хугацаанд орлого зарлага тэнцсэн тасгуудын дэлгэрэнгүй тайлан ирдэг ингээд бодоод үзэхээр ямар нэгэн байдлаар бараа материалын дутагдал гардаггүй харагддаггүй байсан. Ингээд явж байхад 2018 оны 5 дугаар сарын 09-ны өдөр захирал Нямгэрэл намайг дуудаад Говь компаниас тооллого хийгээд бараа материалын дутагдалтай гэж гаргасан байна гэхээр нь бүх тасгуудаа би өөрөө тоолсон. Би тооллого хийхдээ одоо байх ёстой бараа материалын үлдэгдлийн тооноос одоо байгаа бараа материалын тоог нь хасахад нэлээн их хэмжээний зөрүү дутагдлууд гарч ирсэн. Тэгэхээр нь худалдааны зөвлөх буюу худалдагч нараасаа энэ яасан бэ гэхээр Н.Б эгч авсан мэдэж байгаа гэдэг зүйлийг л хэлдэг байсан. Манай компани 6 тасагтай, 6 тасаг дээрээ нэг нэг худалдааны зөвлөхтэй эдгээр 6 тасаг нь дундаа нэг касстай байдаг юм. Худалдааны зөвлөхүүд мөнгө хураахгүй зөвхөн кассан дээрээ ирж тооцоогоо хийдэг харин худалдааны зөвлөх нар өөрсдийн бараа материалаа зарчихаад компьютерт уншуулдаг ингээд тухайн бараа материалыг зарсан талаарх төлбөр тооцоо нь цаад талын албан ёсны компанид харагдаж байдаг юм. Би тооллого хийгээд юу болж байна гээд ажилчдаа загнаж байхад Ш.Д хүрч ирээд ууттай зүйл өгөхөөр нь юу вэ гэхэд ууттай бар код байгаа би өөрийнхөө авсан барааны мөнгөний бар кодуудыг нь авчихдаг байсан юм цуглуулсан байгаа зарим нь Н.Б эгчийнх байгаа гэж хэлж байсан. Ингээд харахаар Н.Б, Ш.Д хоёр өөрсдийнхөө шамшигдуулж авсан барааныхаа бар кодыг цуглуулж байсан нь харагдаж байгаа юм. ” гэх мэдүүлэг /1-р хавтас 48-р хуудас/
Гэрч Д.Одонтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 2 дугаар сарын 01-ны өдөр миний хариуцсан тасаг өөрчлөгдөж Маржангүл гээд худалдагчаас Блүе скай, Эвсэг брэндийн барааг зардаг тасгийг хүлээж авахад Блүе скай дээр 10 гаран сая төгрөг буюу 81 ширхэг бараа бүтээгдэхүүн, Эвсэг дээр 30 ширхэг 5.350.000 төгрөг гэж санаанд орж байна ийм хэмжээний дутагдалтай байхаар нь яасан юм гэж Маржангүлээс асуухад Н.Б эгч авчихсан тэр төлнө гэж хэлсэн. Н.Б дээр очоод манай тасгаас 10 гаран сая төгрөгний бараа материал авсан юм уу гэж асуухад тиймэээ төлнө гэж хэлэхээр нь тасаг дээр очоод авсан бараа материалын тооны баримтыг нь хэвлэж өгөөд Н.Бт яаралтай төлөөрэй гэж хэлээд өгсөн” гэх мэдүүлэг /1-р хавтас 49-р хуудас/
Гэрч Ш.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ...2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр манай “Говь” ХК-ийн гэрээт салбар Кашмер хаус дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнд тооллого хийхээр болоод Өсөхбаярын хамтаар очсон юм. Уг тооллого нь гэнэтийн тооллого байсан бөгөөд урьд нь тооллого хийх талаар уг газарт мэдэгдээгүй байсан. Өсөхбаяр бид хоёр дэлгүүр онгоймогц дотогшоо ороод дэлгүүрт ил байгаа зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг тоолсны дараа дараагийн тасаг руу ороод тооллого хийгээд эхлэх үед хамт тооллого хийж байсан Н.Бгэдэг хүний бие нь гэнэт муудаад миний зүрх өвдөөд байна гээд доошоо суугаад ухаан алдчихсан. Ингээд түргэн тусламж дуудаж үзүүлсний дараа Өсөхбаяр бид хоёр тооллого хийж дуусгасан. Бид нар ирэхдээ Кашмер хаус дэлгүүрийн 5 дугаар сарын 06-ны өдрийн үлдэгдлийг авчирч тулгаж тоолсон бөгөөд ингээд тоолох явцад 3528 ширхэг бараа бүтээгдэхүүн тоолох ёстой байснаас 2970 ширхэг барааг тоолоод 558 ширхэг бүтээгдэхүүн дутсан. Тоологч машинаар тоолох үед барааны илүүдэл болон өнгөний зөрүү гарсан бөгөөд 124.095.000 төгрөг дутаж барааны зөрүүгээс 10.663.000 төгрөг илүү гарч байсан. Ингээд илүү гарч байсныг нь дутсанаас нь хасвал 113.446.000 төгрөг болж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 51-р хуудас/
Шүүгдэгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...би ажиллаж байхад Говийн худалдагч Ш.Д нь манай тасгаас зарсан бараанаас хэдэн төгрөгийг өгчих гэж хэлэхээр анх 2016 оноос хойш эхлэн яг хэдэн сард мэдэхгүй байна мөнгийг нь шууд өгчихдөг байсан юм. Г.Дд яг хэдэн төгрөг өгсөн талаар сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /1-р хавтас 54-55-р хуудас/
Шүүгдэгч Ш.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...би 2013 онд ажилд орсноос хойш мөнгө авдаггүй байж байгаад 2018 оны 8 дугаар сард нэгдсэн кассны худалдагч Н.Б эгчээс надад мөнгөний хэрэг гарчихлаа зээлээч гээд ойролцоогоор 200.000 төгрөг орчим авч байсан түүний дараа 8 болон 9 дүгээр сард цамц зархаараа бага багаар цувуулж мөнгийг Н.Б эгчээс авдаг байсан. Ингэж авч байгаад 2016 оны 8, 9, 10 дугаар сард цувуулж бага багаар Н.Б эгчээс авч байсан. 2017 оны 2 дугаар сард хэдэн төгрөг Н.Б эгчээс авсан байх түүнээс хойш би дахин мөнгө аваагүй байх гэж бодож байна. Би мөнгө зээлж байхдаа надад мөнгөний хэрэгцээ гарчихлаа та надад зээлээч гэж хэлээд л авчихдаг байсан ...” /1-р хавтас 60-61-р хуудас, 2-р хавтас 140-141, 142-143-р хуудас/
Хүлэгт хүннү аудит ХХК-ийн аудитын тайлан, баримтууд:
“...Дор дурдсан 1 дэх арга замаар буюу ПОС-оор уншуулалгүй авсан барааны хувьд Н.Б нь нийт 76 нэр төрлийн 285 ширхэг бараа, борлуулалтын мөнгийг, Ш.Д нь 63 нэр төрлийн 262 ширхэг бараа борлуулалтын мөнгийг тус тус хувьдаа авсан байна. Бараа борлуулалтын мөнгийг олон удаагийн үйлдэл (2-с дээг)-ээр авч байсан бөгөөд үйлдлийн тоог шууд тогтоох боломжгүй байна. Учир нь үйлдлийн тоог тогтоох баримт материал бэлтгэгдээгүй байна. Н.Б нь дараах 1 ба 2 дахь аргыг ашиглан, Ш.Д нь 1 дэх аргыг ашиглан бараа борлуулалтын мөнгийг хувьдаа авч байсан байна. 1) Борлуулагдсан барааг ПОС-н програм (барааны борлуулалтыг бүртгэдэг нягтлан бодох бүртгэлийн программ)-д уншуулалгүйгээр мөнгийг нь касснаас гаргаж авах; 2) Тухайн өдрийн бэлэн мөнгөөрх борлуулалтын дүнг кассын “Өдөр тутмын борлуулалтын бүртгэл” тайланд бууруулж тусгах замаар касснаас мөнгө гаргаж авах ...борлуулагдсан барааг ПОС-н программд уншуулалгүйгээр мөнгийг нь авах замаар Н.Б нь нийт 81.614.100 төгрөгийн хохирол, Ш.Д нь нийт 49.060.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан байна. ...бэлэн мөнгөөрх борлуулалтын дүнг кассын тайланд бууруулж тусгах замаар Б.Н.Б нь нийт 24.816.200 төгрөгийн хохирол учруулсан байна ...Дээрх хоёр арга замаар Н.Б нь нийт 106.430.300 төгрөгийн, Ш.Д нь нийт 49.060.400 төгрөгийн хохирол учруулсан ба Ш.Д нь 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр төлж учруулсан хохирлын үлдэгдэл нь 39.060.400 төгрөг болсон байна ...Асуулт: Н.Б, Ш.Д нар нь дутаасан бараа материалыг хэзээ дутаасан болох, дутаасан өдрийн үнээр тооцон хохирлыг тогтоох боломжтой эсэх? Хариулт:...боломжгүй. Учир нь бараа борлуулалтын мөнгийг нь хувьдаа авч байсан гэх 2016-2018 онуудад барааны кодлолтонд өөрчлөлт орсон, мөн тэрхүү дутагдал үүсгэсэн хугацааны анхан шатны баримтыг засварласан, хуурамчаар үйлдсэн зэрэг олон шалтгааны улмаас тухайн бараатай холбоотой хохирол яг хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй байна” /1-р хавтас 193-р хуудаснаас 2-р хавтас 108-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 181 тоот дүгнэлт: “Хоёр. Шинжилгээний талаар. ...мөрдөн байцаагчийн ирүүлсэн “Хүлэг хүннү аудит” ХХК-ийн дүгнэлт 1 хавтас, санхүүгийн баримт 3 хавтас авагдсан санхүүгийн баримтуудыг үндэслэн шинжилгээ хийсэн болно. Энэ хэрэгт өмнө нь 2018-07 сард “Хүлэг хүннү аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт гарсан байна. Гурав. Дүгнэлт. ...2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн №15/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээг “Бинэкашмер” ХХК-ийг төлөөлж Ерөнхий менежер Л.Нямгэрэл, Н.Бтэй байгуулсан. Дэлгүүрийн эрхлэгч албан тушаалд орсон. Мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээг Л.Нямгэрэл, Н.Б нар хоорондоо байгуулсан. 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн №15/07 дугаартай Хөдөлмөрийн гэрээг “Бинэкашмер” ХХК-ийг төлөөлж Ерөнхий менежер Л.Нямгэрэл, Ш.Дтэй байгуулсан. Худалдааны зөвлөх албан тушаалд орсон. Мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээг Л.Нямгэрэл, Ш.Д нар хоорондоо байгуулсан. Н.Б нь борлуулсан барааг ПОС-ын программд уншуулалгүйгээр мөнгийг авсан болон тухайн өдрийн бэлэн мөнгөөрх борлуулалтын дүнг кассын “Өдөр тутмын борлуулалтын бүртгэл тайлан”-д бууруулж тусгах замаар мөнгийг гарган авч байсан. Н.Б нь нийт 76 нэр төрлийн 285 ширхэг барааны борлуулалтын орлого 106.430.300 төгрөгийг дутагдуулсан. Ш.Д нь борлуулсан барааг ПОС-ын программд уншуулалгүйгэр мөнгийг гаргасан авч байсан. Ш.Д нь 63 нэр төрлийн 262 ширхэг барааны борлуулалтын орлого 49.060.400 төгрөг дутагдуулснаас 10.000.000 төгрөгийг барагдуулсан байна. 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тооллогоор дутагдал илэрсэн. Н.Б, Ш.Д нар хэдэн удаагийн үйлдлээр дутагдуулсан болохыг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. ...Н.Б, Ш.Д нар нь “Бинэкашмер” ХХК-ийн “Кашмер хаус” дэлгүүрт нийт 155.490.700 төгрөгийн дутагдал гаргасан. Дутаасан барааны үнийн дүн санхүүгийн бүртгэл дээрх үнээр буюу тухайн барааны борлуулалтын үнээр тооцогдож байна. ...”Хүлэгт хүннү аудит” ХХК-ийн гаргасан аудитын тайлан үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /2-р хавтас 115-136-р хуудас/
Шүүгдэгч Н.Бийн бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийсэн бичиг баримтын хуулбар /1-р хавтас 70-80-р хуудас/
Шүүгдэгч Ш.Дгийн бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийсэн бичиг баримтын хуулбар /1-р хавтас 81-86-р хуудас/
Бинэ Кашмер ХХК-ийн хувь нийлүүлэгч Л.Нямгэрэлийн Чингэлтэй дүүргийн цагдагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1-р хавтас 9-р хуудас/
Бинэ Кашмер ХХК-ийн дүрэм /1-р хавтас 146-158-р хуудас/
Шүүгдэгч Н.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хавтас 165-166, 167-р хуудас/
Шүүгдэгч Н.Бийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 168-р хуудас/
Шүүгдэгч Ш.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хавтас 205-206, 207-р хуудас/
Шүүгдэгч Ш.Дгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 209-р хуудас/
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №2823 тоот тодорхойлолт /2-р хавтас 204-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Н.Б нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бинэ кашмир” ХХК-ын “Кашмер хаус” дэлгүүрийн кассаар ажиллах хугацаандаа буюу 2016 оны 6 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох бараа, бүтээгдэхүүн, түүнийг борлуулсан байгууллагын орлого 106.430.300 төгрөгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулан завшсан, мөн тус компаний ажилтан, худалдааны зөвлөх Ш.Дд дэмжлэг үзүүлж 49.060.400 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг завшихад хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Л.Нямгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ё.Баяраа, гэрч Н.Отгонцэцэг, Д.Нандинцэцэг, А.Маржангүл, Д.Энхчимэг, Д.Одонтуяа, Ш.Энхжаргал нарын мэдүүлэг, шүүгдэгч Ш.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, “Хүлэгт хүннү аудит” ХХК-ийн аудитын тайлан, баримтууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 181 тоот дүгнэлт, шүүгдэгч Н.Бийн бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийсэн бичиг баримтын хуулбар шүүгдэгч Ш.Дгийн бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийсэн бичиг баримтын хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 181 тоот дүгнэлтэнд тусгагдсанаар “2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн №15/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээг “Бинэ кашмер” ХХК-ийг төлөөлж Ерөнхий менежер Л.Нямгэрэл, Н.Бтэй байгуулсан. Дэлгүүрийн эрхлэгч албан тушаалд орсон. Мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээг Л.Нямгэрэл, Н.Б нар хоорондоо байгуулсан” гэжээ. Шүүгдэгч Н.Б нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр итгэмжлэн хариуцсан этгээд байна.
Шүүгдэгч Н.Б нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан эрхийг өмчлөгчийн өмчлөх эрхийн эсрэг ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж, “Бинэ кашмир” ХХК-ийн кассаар ажиллаж байх хугацаандаа “Хүлэг хүннү аудит” ХХК-ийн аудитын тайланд дурьдсан “1) Борлуулагдсан барааг ПОС-н програм (барааны борлуулалтыг бүртгэдэг нягтлан бодох бүртгэлийн программ)-д уншуулалгүйгээр мөнгийг нь касснаас гаргаж авах; 2) Тухайн өдрийн бэлэн мөнгөөрх борлуулалтын дүнг кассын “Өдөр тутмын борлуулалтын бүртгэл” тайланд бууруулж тусгах замаар касснаас мөнгө гаргаж авах” гэсэн 2 төрлийн аргаар бусдын өмчлөлийн эд хөрөнгө, түүнийг худалдан борлуулсан орлогыг санхүүгийн тайлан, бүртгэлд тусгахгүйгээр өөртөө бүрмөсөн шилжүүлэн авч, улмаар цаашид захиран зарцуулсан, өөрийн өмчийн мэтээр ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. Шүүгдэгч Н.Б нь 106.430.300 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтанд зааснаар их хэмжээний хохирол гэсэн ангилалд хамаарна. Иймд түүний үйлдлийг тухайн зүйлийн дотор хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй юм.
Мөн шүүгдэгч Н.Б нь “Бинэ кашмир” ХХК-ийн “Кашмер хаус” дэлгүүрийн худалдааны зөвлөх Ш.Дд “Кашмер хаус” дэлгүүрийн орлогоос завшиж авах үйлдэлд нь хамжиж, үйлдлээ хэрэгжүүлэхэд нь өөрийн үйлдлээр дэмжлэг үзүүлэн, бусдын өмчлөлийн эд хөрөнгө болохыг мэдсээр байж, өөрт олгосон итгэмжлэлийн эрхийг урвуулан ашиглаж шүүгдэгч Ш.Дг 49.060.400 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн, тэдгээрийн борлуулалтын орлогыг өөрт бүрмөсөн авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулж, ашиглах, хууль бусаар ашиг олох, эдийн давуу байдал бий болгох зорилгоор үйлдлээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн байна. Шүүгдэгч Ш.Д мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ “...би 2013 онд ажилд орсноос хойш мөнгө авдаггүй байж байгаад 2018 оны 8 дугаар сард нэгдсэн кассны худалдагч Н.Б эгчээс надад мөнгөний хэрэг гарчихлаа зээлээч гээд ойролцоогоор 200.000 төгрөг орчим авч байсан түүний дараа 8 болон 9 дүгээр сард цамц зархаараа бага багаар цувуулж мөнгийг Н.Б эгчээс авдаг байсан. Ингэж авч байгаад 2016 оны 8, 9, 10 дугаар сард цувуулж бага багаар Н.Б эгчээс авч байсан. 2017 оны 2 дугаар сард хэдэн төгрөг Н.Б эгчээс авсан байх түүнээс хойш би дахин мөнгө аваагүй байх гэж бодож байна. Би мөнгө зээлж байхдаа надад мөнгөний хэрэгцээ гарчихлаа та надад зээлээч гэж хэлээд л авчихдаг байсан” гэж мэдүүлсэн. Энэ нь Н.Б нь Ш.Дг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд болохыг мэдсээр байж, Ш.Дгийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас учрах хор уршигийг урьдчилан мэдсэн атлаа Ш.Дгийн гэмт үйлдлээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон болохыг нотлож байна.
Прокуророос Н.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөн шүүгдэгч Ш.Дг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамжсан үйлдэлд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Д нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бинэ кашмир” ХХК-н “Кашмер хаус“ дэлгүүрийн худалдааны зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 6 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох бараа, бүтээгдэхүүн, түүнийг борлуулсан байгууллагын орлого 49.060.400 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Л.Нямгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ё.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, “Хүлэгт хүннү аудит” ХХК-ийн аудитын тайлан, баримтууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 181 тоот дүгнэлт, шүүгдэгч Ш.Дгийн бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийсэн бичиг баримтын хуулбар зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 181 тоот дүгнэлтэнд “...2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн №15/07 дугаартай Хөдөлмөрийн гэрээг “Бинэ кашмер” ХХК-ийг төлөөлж Ерөнхий менежер Л.Нямгэрэл, Ш.Дтэй байгуулсан. Худалдааны зөвлөх албан тушаалд орсон. Мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээг Л.Нямгэрэл, Ш.Д нар хоорондоо байгуулсан” гэжээ. Шүүгдэгч Ш.Д нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр итгэмжлэн хариуцсан этгээд байна.
Шүүгдэгч Ш.Д нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан эрхийг өмчлөгчийн өмчлөх эрхийн эсрэг ашиглаж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж, “Бинэ кашмир” ХХК-ийн худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа “Хүлэгт хүннү аудит” ХХК-ийн аудитын тайланд дурьдсан “1)Борлуулагдсан барааг ПОС-н програм (барааны борлуулалтыг бүртгэдэг нягтлан бодох бүртгэлийн программ)-д уншуулалгүйгээр мөнгийг нь касснаас гаргаж авах” аргаар бусдын өмчлөлийн эд хөрөнгө, түүнийг худалдан борлуулсан орлогыг санхүүгийн тайлан, бүртгэлд тусгахгүйгээр өөртөө бүрмөсөн шилжүүлэн авч, улмаар цаашид захиран зарцуулсан, өөрийн өмчийн мэтээр ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ш.Дг үйлдлээ хэрэгжүүлэхэд нь тухайн үед “Бинэ кашмир” ХХК-ийн “Кашмер хаус” дэлгүүрийн кассаар ажиллаж байсан шүүгдэгч Н.Б нь өөрийн үйлдлээр хамжин борлуулагдсан барааг ПОС-н програм (барааны борлуулалтыг бүртгэдэг нягтлан бодох бүртгэлийн программ)-д уншуулалгүйгээр мөнгийг нь касснаас гарган өгч дэмжлэг үзүүлсэн байна. Энэ нь шүүгдэгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн “...би ажиллаж байхад Говийн худалдагч Ш.Д нь манай тасгаас зарсан бараанаас хэдэн төгрөгийг өгчих гэж хэлэхээр анх 2016 оноос хойш эхлэн яг хэдэн сард мэдэхгүй байна мөнгийг нь шууд өгчихдөг байсан юм. Ш,Дд яг хэдэн төгрөг өгсөн талаар сайн санахгүй байна” мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Н.Б нь дээрх үйлдлээрээ шүүгдэгч Ш.Дд гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдэхэд нь туслан амар хялбар аргаар гэмт хэрэг үйлдэх боломжийг олгосон байна.
Прокуророос Ш.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүгдэгч Ш.Д нь шүүгдэгч Н.Бийг гэмт хэрэг үйлдэхэд нь хамжигчаар оролцсон, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн үйлдэл, оролцоо тогтоогдохгүй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Н.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад 106.430.300 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хүлэгт хүннү аудит” ХХК-ийн аудитын тайлан, баримтууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 181 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Б нь хохирол, төлбөр төлөөгүй, бусдад 106.430.300 төгрөгийн төлбөртэй.
Шүүгдэгч Ш.Дгийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад 49.060.400 төгрөгийн хохирол учирсан болох нь Хүлэгт хүннү аудит ХХК-ийн аудитын тайлан, баримтууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 181 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ш.Д нь хохирол төлбөрт 11.300.000 төгрөгийг төлсөн бусдад 37.760.400 төгрөгийн төлбөртэй.
“Хүлэгт хүннү аудит” ХХК-ийн дүгнэлтэнд “...Асуулт: Н.Б, Ш.Д нар нь дутаасан бараа материалыг хэзээ дутаасан болох, дутаасан өдрийн үнээр тооцон хохирлыг тогтоох боломжтой эсэх? Хариулт:...боломжгүй. Учир нь бараа борлуулалтын мөнгийг нь хувьдаа авч байсан гэх 2016-2018 онуудад барааны кодлолтонд өөрчлөлт орсон, мөн тэрхүү дутагдал үүсгэсэн хугацааны анхан шатны баримтыг засварласан, хуурамчаар үйлдсэн зэрэг олон шалтгааны улмаас тухайн бараатай холбоотой хохирол яг хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй байна” гэсэн бол Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 181 тоот дүгнэлтэнд “2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тооллогоор дутагдал илэрсэн. Н.Б, Ш.Д нар хэдэн удаагийн үйлдлээр дутагдуулсан болохыг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. ...Н.Б, Ш.Д нар нь “Бинэкашмер” ХХК-ийн “Кашмер хаус” дэлгүүрт нийт 155.490.700 төгрөгийн дутагдал гаргасан. Дутаасан барааны үнийн дүн санхүүгийн бүртгэл дээрх үнээр буюу тухайн барааны борлуулалтын үнээр тооцогдож байна. ...”Хүлэгт хүннү аудит” ХХК-ийн гаргасан аудитын тайлан үндэслэлтэй байна” гэжээ.
Иймд шүүгдэгч нарыг гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн цаг хугацаа, бараа бүтээгдэхүүн болоод орлогыг хэзээ завшсан, хэдэн удаагийн үйлдлээр завшсан, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралт, тухайн завшсан бараа бүтээгдэхүүн ямар үнэ ханштай байхад бараа бүтээгдэхүүн болоод орлогыг завшсан болохыг тогтоох боломжгүй талаар аудитын болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт тус тус гарсан байх тул дээрх дүгнэлтэнд заасан хэмжээг хохирлын хэмжээнд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Н.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь хэдийгээр урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдалтай боловч үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон, мөн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байна. Н.Бийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ш.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ш.Д нь хэдийгээр урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдалтай боловч үргэлжилсэн үйлдлээр бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 11.300.000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Ш.Дгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ш.Д нь 9 сартай жирэмсэн, мөн үүнийг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Ш.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, жирэмсэн эмэгтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэх хугацааг хойшлуулж, дээрх хугацаанд ялтанд хяналт тавихийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд заасныг баримтлан шүүгдэгч Ш.Д-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 1 жилийн хугацаанд нөхөн төлөхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Б, Ш.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Н.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хотгор овгийн Ш.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2:Шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд заасныг баримтлан шүүгдэгч Ш.Дд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 1 жилийн хугацаанд нөхөн төлөхийг үүрэг болгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах болохыг шүүгдэгч Ш.Дд тус тус сануулсугай.
7.Шүүгдэгч Н.Бээс 106.430.300 төгрөг, шүүгдэгч Ш.Дгээс 37.670.400 төгрөг тус тус гаргуулж “Бинэ кашмир” ХХК /РД: 2893584/-д олгохыг дурьдаж, шүүгдэгч Н.Б, Ш.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Бийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ш.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Ш.Дд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР