Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 633

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Нямсүрэн,

Улсын яллагч: Г.Ууганбаатар,

Шүүгдэгч: Н.Б, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадрал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Н.Б -д  холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 7 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч,  2019 оны 8 дугаар сарын 14-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Б

Холбогдсон хэргийн талаар:

Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Энхтуяагийн нийт 632.500 төгрөгийн үнэ бүхий алтан гинж, монетон ээмэг, монетон бөгж зэргийг “шаргал өнгийн цагаан алтаар бүрсэн, гуулин металлаар хийгдсэн бөгж”ийг алтан бөгж, ээмэг хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож сольж авч залилсан, 2019 оны  3 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Санчирын нийт 1.500.000 төгрөгийн үнэ бүхий алтан ээмэг, бөгжийг “шаргал өнгийн цагаан алтаар бүрсэн, гуулин металлаар хийгдсэн ээмэг, шаргал өнгийн цагаан алтаар бүрсэн, гуулин металлаар хийгдсэн бөгж”-ийг алтан бөгж, ээмэг хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож сольж авч залилсан, 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Алтанцэцэгт шаргал өнгийн цагаан алтаар бүрсэн гуулин металлаар хийгдсэн ээмэг, шаргал өнгийн цагаан алтаар бүрсэн гуулин металлаар хийгдсэн бөгж, ээмэг гэж хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 600.000 төгрөгөөр зарж залилсан, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Улаанхүүгийн 900.000 төгрөгний үнэ бүхий алтан бөгжийг шаргал өнгийн цагаан алтаар бүрсэн гуулин металлаар хийгдсэн ээмэг, шаргал өнгийн цагаан алтаар бүрсэн гуулин металлаар хийгдсэн бөгжийг алтан бөгж, ээмэг хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож сольж авч залилсан, 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Улаанбаатар банкны салбарын орчим хохирогч Л.Бурмаад шаргал өнгийн цагаан алтаар бүрсэн гуулин металлаар хийгдсэн ээмэг, шаргал өнгийн цагаан алтаар бүрсэн гуулин металлаар хийгдсэн бөгжийг алтан ээмэг, бөгж хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 560.000 төгрөгөөр зарж залилсан, 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жүр-Үр”  дэлгүүрийн орчим хохирогч Д.Ойдовоогийн 911.600 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг монетон бөгжийг шаргал өнгийн цагаан алтаар бүрсэн гуулин металлаар хийгдсэн ээмэг, шаргал өнгийн цагаан алтаар бүрсэн гуулин металлаар хийгдсэн бөгжийг алтан бөгж, ээмэг хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож сольж авч залилсан, 2019 оны 3 дугаар сарын 01-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жүр-Үр” дэлгүүрийн орчим хохирогч Б.Одхүүд шаргал өнгийн цагаан алтаар бүрсэн гуулин металлаар хийгдсэн ээмэг, шаргал өнгийн цагаан алтаар бүрсэн гуулин металлаар хийгдсэн бөгжийг алтан бөгж, ээмэг хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 400.000 төгрөгөөр зарж залилж бусдад нийт 5.504.100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ж.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Цайз 16-аас автобусанд суугаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Цэцэг төвийн эсрэг талын автобусны буудал дээр буугаад Төрийн банкны ертөнцийн зүгээр зүүн талаар алхаж байтал үл таних залуу араас дуудаад “сайн байна уу” гэж мэндэлсэн бөгөөд би хариу мэнд мэдэхэд тэр залуу надад алтан ээмэг байгаа юм та сонирхох уу гээд надад харуулсан бөгөөд би эгч нь наадахыг авахгүй гээд цааш алхтал миний араас алхаад та энэ ээмгийг сонирхо л доо харж үзэж байгаад ав л даа гээд намайг шалаад байсан. Би цааш Төрийн банкны урд талаар байрны голоор ороод нэг цэцэрлэгийн талбай байсан бөгөөд тэр дотор ороход араас дагаад хүрээд ирсэн тэгээд надад тэр ээмгээ үзүүлээд зогсож байтал үл таних өндөр залуу ирээд ах нь ээмгийг нь үзье чи сая манай ээжид үзүүлсэн байна ах нь авъя жинг нь үзье гээд үнэт эдлэл хэмждэг жин гаргаж ирээд хэмжээд байсан. Тэгэхээр нь би эгч нь энэ ээмгийг авахгүй наад ахдаа өгчих гээд цаашаа алхаад 23 дугаар сургуулийн урд талбай дээр явж байтал бас араас ирээд та тайван үзээдхээ энэ ахаас холхон очъё гэж хэлсэн. Тэгээд би тухайн ээмгийг үзээд эгч нь алт мөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Алт мөнгөний дархан юм уу ломбарданд орж үзүүлэх үү гэж асуухад тэр залуу энэ хавиар алт мөнгөний дархан байхгүй дүү нь яараад байна гэсэн. Тэгэхээр нь би эгч нь авахгүй гэхэд эгч ээ би таньд хямдхан өгье та зүүж байгаа ээмэг, бөгжөөрөө тулчих гэсэн бөгөөд би үгүй гэж хэлэхэд намайг шалаад л зогсоод байсан тэгээд би сольчихсон юм” гэх мэдүүлэг /1-р хавтасны 18-19-р хуудас/

Хохирогч Т.Санчирын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 09:30 минутын орчим төрсөн охин Энхжаргалын охин Отгонжаргалыг төмөр замын Богд Ар хорооллын автобусны буудал дээрээс 7 буудлын автобусанд суулгаж өгөөд өөрөө болохоор дулаахан өдөр байна гадуур алхаад явъя гэж бодоод алхаж явж байгаад Пийс Моллын автобусны буудлын харалдаа байхад 1 залуу над дээр ирээд “эмээ хархорих зах ороход ямар автобусанд суудаг бол” гэж асуугаад би тэгэхээр нь “эмээ нь сайн мэдэхгүй гэхдээ төв замаар явж байгаад автобусны алинд ч хамаагүй сууж болох байлгүй” гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу надад эмээ би хуучны эдлэл зарах гэсэн юм аа Хархорих зах дээр хуучны эдлэл авдаг болов уу  гэж асуусан. Би мэдэхгүй ш дээ гэж хариулсан. Тэр залуу хуучны эдлэл ээ ломбарданд өгөх гэсэн чинь бичиг баримтгүй гээд авахгүй байна Эмээ та авчих гэж надад хэлсэн. Эмээ нь авах мөнгө байхгүй авахгүй гэж хэлэхэд надад тэр залуу өөрийнхөө барьчихсан явж байсан шаргал өнгөтэй, ногоон оюу шигтгээтэй юм шиг харагдаж байсан. Тэр залуу миний зүүн гар талын дунд хуруунд зүүж байсан алтан бөгжтэй ижилхэн юм байна гэж хэлээд “та энийг авчих мөнгө байхгүй бол өөрийнхөө зүүж явж байгаа ээмэг бөгжөөр тулчих танд ашигтай, энэ ээмэг бөгж нь хамаагүй илүү орцтой” гэж хэлсэн. Би тэгэхээр нь яах юм бэ эмээ нь авахгүй гээд цаашаа явж байхад араас гүйцээд ирсэн. Эмээ та авчих би энэ ээмэг бөгжний хэлбэрийг өөрчилөх гэсэн юм гэж хэлээд та өөрийнхөө зүүж байгаа ээмэг бөгжөөр томруулаад өшөө жоохон юм гаргуулаад хийж болно. Би таныг ерөөсөө хуурахгүй гэж хэлээд 3 удаа намайг араас гүйцэж ирээд шалаад байсан. Эмээ та энэ ээмэг бөгжийг бариад үз гэж хэлэхээр нь бариад үзсэн үнэхээр зөөлхөн яг алт шиг санагдсан. Өнгө нь хүртэл миний зүүж байсан бөгжтэй адилхан гэхээр нь “Заазаа тэгвэл яахав” гэж хэлээд өөрийнхөө зүүж байгаа ээмэг бөгжөө тайлж өгөөд тэр залуутай ээмэг бөгжөө солилцсон” гэх мэдүүлэг /1-р хавтасны 61-62-р хуудас/

Хохирогч Г.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор мэдүүлсэн: “...Би урьд гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан тул одоо нэмж хэлэх зүйл байхгүй”

“...2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Пийс Моллд байдаг зээ охин руугаа явж байтал Ард кино театрын урд дээгүүрээ хар хөх өнгийн ноосон малгай өмссөн 25-30 орчим насны үл таних эрэгтэй зөрж явж байгаад эгчээ алтан эдлэлийг хаана худалдаж авдаг билээ гэсэн. Тэгээд би алт мөнгөний дархан л авах байх гэсэн. Тэр хүн надад та алтан эдлэл сонирхохгүй юм уу гэж карманаасаа хос ээмэг бөгж гаргаж ирээд хоёулаа тухтай үзье гэж намайг цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр суулгаж үзүүлсэн. Ээмэг бөгжийг үзэж байтал нэг эмэгтэй хүрч ирээд наад ээмэг бөгжөө сая сонирхож байсан ломбард ажиллуулдаг найзыгаа аваад ирж байгаа гэж нэг эмэгтэйг дагуулж ирсэн. Дагуулж ирсэн эмэгтэй нь ээмэг бөгжийг барьж үзээд гоё алт байна гэж хэлсэн. Тэгээд би энэ хоёр эмэгтэйгээс холдоохъё гэсэн чинь та авах юм уу гэсэн би сонирхоод үзье гэж бид хоёр Пийс Молл руугаа төв зам дагуу алхаад явж байгаад Пийс Моллын хажууд ирэхэд тэр эрэгтэй та худалдаж авах юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад 200.000 төгрөг байна. Үлдсэн мөнгийг нь хүнээс аваад өгье. Хэдэн төгрөгөөр өгөх юм бэ гэсэн чинь 600.000 төгрөгөөр аваарай гэж хэлсэн. Тэгсэн нэг эмэгтэй араас ирээд ээмэг, бөгжийг надад зарчих гэсэн. Тэгсэн чинь тэр залуу энэ эгч 600.000 төгрөгөөр авахаар болсон гэсэн. Би ээмэг бөгжийг 600.000 төгрөгөөр авахаар болж миний дансанд 200.000 төгрөг байсан. Үлдсэн 400.000 төгрөгийг Мөнхгэрэл гэсэн бэрээс мөнгө хэрэг болж байна гэж утсаар ярьж 400.000 төгрөг шилжүүлж авсан. Улмаар би 12:40 минутын үед Пийс Молл руу ороод охинтойгоо уулзах гээд 8, 9 давхарт гараад охиноо олоогүй. Тухайн үед тэр залуу намайг Пийс Моллын 1 давхарт хүлээж байсан. Би Хаан банкны карт авах гэж гэр лүүгээ таксигаар гэртээ очиж авч буцаж ирээд 600.000 төгрөгийг тэр залуугийн данс руу шилжүүлье гэхэд тэр залуу данс байхгүй гэж хэлсэн. Тэгээд би их дэлгүүрийн зүүн талын хаан банкны АТМ-аас 600.000 төгрөг гаргаж аваад ээмэг бөгж зарсан хүнд өгсөн. Тэгээд би охинтойгоо утсаар ярьж байгаад бид их дэлгүүрийн 6 давхарт уулзаж тэндээсээ гарч Урт цагааны дотор байдаг номын худалдааны газраас ном худалдаж аваад улмаар гэрлүүгээ алхаж очсон. Гэртээ очиж өөрийнхөө өрөөнд орж хос ээмэг, бөгжийг үзэхэд ээмэгний том шигтгээний дээд хэсгийг зүүгээр ухаж үзэхэд баримлын шавар, гарч ирсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас 88-89-р хуудас/

Хохирогч Ш.Улаанхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “би өнөөдөр 13:00-14:00 цагийн үед СУИС-ийн ард үйл ажиллагаа явуулдаг “Өндөр жинст оргил” ХХК-аас юм авахаар материалаа бүрдүүлж өгчихөөд буцаад гэрлүүгээ харих гээд “Хүнсний нэг” дэлгүүрийн автобусны буудлаас 7 буудал явах гээд автобусны буудал руу явж байтал үл таних 2 эрэгтэй, нэг эмэгтэй хажууд ирээд үл таних залуухан эрэгтэй нь ах аа та алтан ээмэг бөгж худалдаж авах уу гэхээр нь үгүй ээ авахгүй цаашаа яв гэтэл намайг хоргоогоод ах аа та энийг авчих л даа хямдхан зарах гэж байна. Энэ хүн авах гэтэл мөнгө нь хүрэхгүй байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл үл таних хөгшин эрэгтэй үл таних эмэгтэй нар нь энгэрээсээ мөнгө гаргаж ирээд тоолоод байсан тэгэхээр нь би манай хөгшин сүүжин ээмэг гээд яриад байдаг болохоор нь тэр залуугийн зарна гэсэн алтан ээмэг, бөгжийг сонирхож харсан юм. Гэтэл хажуугаас нөгөө хүүхэн, залуу хоёр арай мөнгө хүрэхгүй байна гэрээс очоод авчих л даа гээд байхаар нь нээрээ л үнэтэй алтан ээмэг, бөгжийг хямдхан зарах гэж байна гэж бодоод сонирхсон чинь нөгөө залуу чинь намайг ах таньд мөнгө байхгүй бол гартаа зүүж байгаа алтан бөгжөө өгөөд дээрээс нь 100.000 төгрөг нэмээд өгчих юм уу гээд байхаар нь ахад нь мөнгө байхгүй, за болъё гэтэл намайг явуулахгүй хоргоогоод байсан. Наашаа цаашаа их явсан л даа. Тэгээд нөгөа залуу чинь за за та өөрийнхөө бөгжийг өгөөд энэ алтан ээмэг, бөгжийг ав ав гэхээр нь зөвшөөрөөд өөрийнхөө 3 цэнтэй алтан бөгжийг өгөөд солилцсон юм. Тэгээд ээмэг бөгжөө аваад 7 буудал дээр очоод хөгшинтэйгээ уулзаад болсон асуудлаа хэлээд алтан ээмэг, бөгж үзүүлтэл манай хөгшин хараад энэ чинь хуурамч байна гэсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас 117-118-р хуудас/

Хохирогч Л.Бурмаа мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллоос Сонгионхайрхан дүүргийн 17 дугаар хороо Улаанбаатар банк руу явж байтал Махны захын зүүн талд байдаг гүүрэн дээр нэг үл таних эрэгтэй хүнтэй тааралдаад тэр эрэгтэй намайг алтан ээмэг, бөгж авах уу мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд намайг дагаж яваад Улаанбаатар банкны үүдэнд ирээд бу суутал миний хажууд суухаар нь би авахгүй гэж хэлээд Улаанбаатар банк руу орж өөрийн дансаа шүүлгэчээд гарч иртэл нөгөө үл таних залуу намайг тосоод дахин уулзаад надад алтан ээмэг, бөгж гэх эд зүйлээ үзүүлэээд явж байтал гэнэт үл таних 2 эмэгтэй тааралдаад тэр 2 үл таних эмэгтэй наадахыг чинь би авъя гэж хэлэхэд нөгөө 2 үл таних эмэгтэй зосгоод үлдсэн. Тэгээд би тэр үл таних залуугийн эд зүйлийг 560.000 төгрөгөөр авахаар болоод би уг залуугийн хамт цуг Хаан банкны АТМ руу очтол нөгөө үл таних эрэгтэй Хаан банк руу оролгүй та ороод яваад ир би гадаа хүлээж байя гэхээр нь би АТМ-ээс бэлнээр 500.000 төгрөг аваад гартал нөгөө залуу намайг хүлээж байгаад надаас бэлнээр 560.000 төгрөг аваад зарна гэсэн алтан ээмэг, бөгжөө өгчихөөд 32 дугаар байрны аркаар яваад өгсөн” гэх мэдүүлэг /1-р хавтас 154-155-р хуудас/

Хохирогч Д.Ойдовын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “Би 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр эмчилгээгээ 13 цаг 30 минутын үед тарчихаад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр эрүүл мэндийн төв рүү хөгшнийгөө эмнэлэгт эргэх санаатай явсан. Тэгээд ойролцоогоор 13 цаг 50 минутын үед Цамбагаравын автобусны буудал дээр буучихаад зүүн хойшоо чиглээд алхаад явж байтал Жүр-Үр тортны дэлгүүрийн ойролцооо явган хүний замаар явж байтал 30 орчим насны бараандуу хувцастай зүс үл таних өтгөндүү өргөн хөмсөгтэй залуу над руу дөхөж  ирээд ах аа та энэ алтан ээмэг бөгж авах уу гэхээр нь би үгүй ээ гэж хэлтэл миний дунд хурууны 2 монетон бөгжнүүдийг харчихаад энэ хоёр бөгжин дээрээ нэмээд 500.000 төгрөг өгчих гэхээр нь би хариуд нь үгүй ээ тийм юм байхгүй гэж хэлтэл гэнэт 30-40 орчим насны туранхайдуу биетэй шаргалдуу царайтай өндөрдүү биетэй залуу давхиж ирээд би алт мөнгөний ченж та энэ ээмэг бөгжийг бөгжөөрөө сольчих хоёулаа мөнгийг нь хувааж авъя гэхээр нь үгүй ээ гэж хэлээд хойшоо эмнэлэгийн зүг алхсан. Тэгээд явж байтал нөгөө бөгж авах уу гэж байсан бор царайтай залуу араас гүйж ирээд 2 бөгжийг чинь би нэгийг нь ломбарданд тавиад нөгөөхийг нь зүүчихье та харин 500.000 төгрөг өгчих гэхээр нь би үгүй гэж хэлтэл нөгөө залуу за за ерөөсөө мөнгө гэхгүйгээр таны 2 бөгжтэй энэ алтан ээмэг, бөгжийг сольчихъё гэхээр нь би үзэж байгаад сольчихсон юм” гэх мэдүүлэг /1-р хавтас 204-р хуудас/

Хохирогч Б.Одхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “2019 оны 3 дугаар сарын 01-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны ард талд явж байтал зүс үл таних 30 орчим насны залуу над дээр ирээд энэ хавьд алт мөнгөний газар байна уу гэж асуухаар нь би чи яг яах гэж байгаан гэж хэлтэл нөгөө зүс үл таних залуу би нэг алтан ээмэг, бөгж зарах гэж байгаан гэж хэлэхээр нь би үзье гэж хэлээд үзсэн. Тэгээд үзээд зогсож байтал араас нь зүс үл таних 2 эмэгтэй ирээд нөгөө эрэгтэй хүнд хандан би танаас энэ алтан ээмэг бөгжнүүдийг авна гэсэн шүү дээ надад зарчих би авъя гэхээр нь даанч бэлэн мөнгө байхгүй байна гэх мэтээр ярьж миний анхаарлыг сарниулж намайг үнэхээр алтан ээмэг, бөгж мөн байна гэсэн бодлыг төрүүлсэн бөгөөд би нөгөө хоёр эмэгтэйтэй ярилцаж байгаад ээмгийг нь тэр хоёр бөгжийг нь би авахаар болсон. Гэтэл нөгөө эрэгтэй хүн хоёулаа ийшээ явъя гээд намайг татаад нөгөө хоёр эмэгтэй хүнээс холдуулсан бөгөөд би эргээд харахад нөгөө хоёр эмэгтэй хаашаа ч юм мэдэхгүй алга болчихсон байсан. Тэгэхээр нь би заза би ээмэг бөгжийг чинь худалдаж авъя гэж хэлээд 400.000 төгрөгөөр авахаар тохиролцоод мөнгөө өгөөд ээмэг бөгжөө аваад гэр лүүгээ харьсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 249-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн Дугаар 9959 тоот шинжээчийн дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл ээмэг нь цагаан алтаар бүрсэн гуулин металлаар хийгдсэн ээмэг байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл бөгж нь цагаан алтаар бүрсэн гуулин металлаар хийгдсэн бөгж байна. Цагаан алтны металлаар бүрсэн байна. Сорьц тодорхойлох боломжгүй” гэх дүгнэлт /1-р хавтас 25-26-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 2211 тоот шинжээчийн дүгнэлтэнд: “1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг шаргал өнгийн металл бөгж нь гуулин металлаар хийгдсэн, гуулин бөгж байна.  ээмэг байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл бөгжний 8.7 хувийг, шаргал өнгийн 1 хос ээмэгний 6.4 хувийг алтны металл эзлэж байна” гэх дүгнэлт /1-р хавтас 72-73-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 2229 тоот шинжээчийн дүгнэлтэнд: “1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн шигтгээтэй шаргал өнгийн хос эвдэрсэн ээмэг болон эвдэрсэн бөгж нь алт болон монетон эд зүйлс биш зэсийн металлаар хийгдсэн эд зүйлс байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн эвдэрсэн бөгж төмөр /Fe-4.8%/, зэс /Cu-89%/, алт /Au-6.0%/, эвдэрсэн ээмэг – 1 төмөр /Fe-1.2%/, зэс /Cu-90.6%/, алт /Au-8.1%/, эвдэрсэн ээмэг -2 /Fe-1.6%/, зэс /Cu-91.9%/, алт /Au-6.4%/ зэрэг агууламжтай байна” гэх дүгнэлт /1-р хавтас 72-73-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн Дугаар 2228 тоот шинжээчийн дүгнэлтэнд: “1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн шигтээтэй шаргал өнгийн хос ээмэг болон бөгж нь алт болон монетан эд зүйлс биш зэсийн металлаар хийгдсэн эд зүйлс байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн бөгж нь төмөр /Fe-1.2%/, зэс /Cu-82.8%/, алт /Au-15.8%/, ээмэг – 1 төмөр /Fe-3.3%/, зэс /Cu-87.6%/, алт /Au-10.4%/ зэрэг агууламжтай байна” гэх дүгнэлт /1-р хавтас 123-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 1574 тоот шинжээчийн дүгнэлтэнд: “1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн шигтээтэй шаргал өнгийн хос ээмэг болон бөгж нь алт болон монетан эд зүйлс биш зэсийн металлаар хийгдсэн эд зүйлс байна” гэх дүгнэлт /1-р хавтас 162-163-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн Дугаар 9959 тоот шинжээчийн дүгнэлтэнд: “1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг шаргал өнгийн металл бөгж, 1 хос ээмэг нь алт болон монетон металлаар биш гуулин металлаар хийгдсэн гуулин ээмэг, бөгж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл бөгжний 9.5 хувийг шаргал өнгийн 1 хос ээмэгний 7.1 хувийг алтны металл эзэлж байна. 3. Алтны металлын жинг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /1-р хавтас 212-213-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн Дугаар 2513 тоот шинжээчийн дүгнэлтэнд: “1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг шаргал өнгийн металл бөгж, 1 хос ээмэг нь алт болон монетон металлаар биш гуулин металлаар хийгдсэн гуулин ээмэг, бөгж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл бөгжний 6.7 хувийг шаргал өнгийн 1 хос ээмэгний 4.1 хувийг алтны металл эзэлж байна. 3. Алтны металлын жинг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /2-р хавтас 8-9-р хуудас/

Хохирогч Ж.Энхтуяагийн залилуулсан эд хөрөнгийн үнэлгээ /1-р хавтас 27-28-р хуудас/

Хохирогч Т.Санчирын залилуулсан эд хөрөнгийн үнэлгээ /1-р хавтас 66-р хуудас/

Хохирогч Ш.Улаанхүүгийн залилуулсан эд хөрөнгийн үнэлгээ /1-р хавтас 126-р хуудас/

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хавтас 215-216-р хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 197-199-р хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 243-244-р хуудас/

Л.Бурмаагийн Хаан банк дахь 5025445301 дугаар төгрөгийн харилцах дансны хуулга /1-р хавтас 148-р хуудас/

Яллагдагч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн орчим хүнтэй уулзахаар Хархорин руу зах руу явж БНХАУ-аас авч байсан алтан ээмэг, бөгжөө зарж борлуулах санаатай Пийс Молл худалдааны төвийн үүдэнд алхаж очиж тэндээсээ автобусанд суухаар буудал дээр автобус хүлээгээд зогсож байсан ба 70 гаруй насны эмээ явж байхаар нь түүний хажууд явж очоод эхлээд Хархорин ороход юу гэсэн автобусанд суух ёстой вэ гэж асуугаад халаасанд явж байсан байсан ээмэг бөгжөө үзүүлээд та үүнийг авах уу гэж асуусан чинь эмээд нь бэлэн мөнгө байхгүй гэхээр нь та өөрийн зүүж явсан ээмэг бөгжөөрөө тулчих гэж хэлээд тэр эмээгийн зүүж явсан ээмэг бөгжөөр нь сольж аваад Хархорин зах руу явж тэр ээмэг бөгжөө аваачиж 100-аад мянган төгрөгөөр зарсан санагдаж байна. Тэгээд л олсон мөнгөөр нь архи ууж хоол авч идээд өдөртөө дуусгасан. Би энэ ээмэг бөгжийг БНХАУ-аас алтны хольцтой гэж худалдаж авч байсан ба харин үүнийг хуурамч гэдгийг мэдээгүй байсан юм. Мэдэж байсан бол ийм үйлдэл хийхгүй байх байсан ”

“...2019 оны 3 дугаар сарын 23-ны өглөө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчим хүнтэй уулзах гээд явж байсан юм. Тэгээд явж байх замдаа уулзах гэж байсан хүнийхээ утас руу залгатал авахгүй болохоор нь Ард кино театрын автобусны буудал дээр буугаад таксины мөнгөө төлөх гээд халаасандаа гараа хийтэл 2018 онд Хятад улсын Эрээн хотоос худалдаж авч байсан алтан шармал өнгийн бөгж болон хос ээмэг гарч ирэхээр нь түүнийгээ зарчихвал яадаг юм бол гэж бодоод Ард кинотеатрын хажуугын Явуухулангийн цэцэрлэгийн хажууд явж байсан 2-3 хүнд үзүүлээд ийм алтан ээмэг, бөгж авах уу гэж асуухад зарим нэг хүн мөнгө байхгүй гээд явсан. Тэгээд тэнд зогсож байсан 50 орчим насны эмэгтэй хүн явж байхаар нь нөгөө эгчийн хажууд явж очоод энэ хавьд алт авдаг газар байна уу гэж асуусан чинь ямар үнэтэй зарах гэж байгаа юм бэ гэж асуухаар нь 750.000 төгрөгөөр зарна гэсэн чинь надад одоохондоо тийм их мөнгө байхгүй байна гэхээр нь таньд хэд байгаа юм бэ гэж асуусан чинь надад бэлэн 200.000 төгрөг байна гэхээр нь тийм юм байхгүй гэж хэлээд зогсож байсан чинь анх үзүүлж байсан нэг эмэгтэй, нэг танихгүй эмэгтэйтэй ирээд чи яг хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм бэ гэхээр нь 750.000 гэсэн чинь тийм их мөнгө байхгүй гэхээр нь нөгөө эгч рүү хандаж энэ эмэгтэй алт мөн бишийг нь мэдэхгүй байгаа юм гэж хэлсэн чинь нөгөө эгч за үнэхээр алт мөн юм бол би авъя гэхээр нь за тэгвэл хоёулаа эндээс холдъё гэж хэлээд Их дэлгүүрийн зүгт явсан. ...Ингээд Пийс Молл орох замдаа нөгөө эгчтэй ярилцаж би таньд 200.000 төгрөгөөр зарахгүй гэсэн чинь нөгөө эгч би тэгвэл 600.000 төгрөгөөр худалдаж авъя замаар бэлэн мөнгөний машин орох хэрэгтэй байна гэхээр нь тэр эгчийг дагаад Улсын их дэлгүүрийн зүүн талд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машин руу очиж 400.000 төгрөг авч нийт 600.000 төгрөг болгож надаас нөгөө хуурамч алтан ээмэг, бөгжийг худалдаж авсан“

“2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-аас худалдаж авсан шармал, ээмэг, бөгжийг зарахаар Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн ойролцоо алхаж явсан чинь 70 гаруй насны эрэгтэй хүн явж байхаар нь түүний хажууд явж очоод нөгөө ээмэг, бөгжөө үзүүлээд та үүнийг худалдаж авах уу гэж асуусан чинь тэгэхэд нөгөө ах надад бэлэн мөнгө байхгүй гэж хэлээд цааш алхахаар нь та тэгвэл зүүж яваа бөгжөөрөө сольчихгүй юм уу гэж асуутал нөгөө ах зүүж явсан бөгжөө надад тайлж өгөөд сольж аваад явсан дараа нь би тэр ахаас авсан бөгжийг гадуур явж байгаад явуулын танихгүй хүнд зараад олсон мөнгөөрөө мөн л архи авч уусан”

“миний бие тухайн өдөр 5 шар ороод хүнтэй уулзах гэж байгаад 32-н буудал өнгөрөөд гүүрэн дээр нэг үл таних настай хүнтэй тааралдаад ээмэг бөгж авдаг газар байна уу гэсэн. Тэгтэл надад энэ хавиар зардаг газар байхгүй. Чи ямар алт зарах гэж байгаа юм гэсэн.  Тэгээд би ийм ээмэг бөгж гээд үзүүлсэн. Тэгээд тэр хүн үзээд хэдэд өгөх юм ямар үнэтэй юм гэхээр нь 600.000 төгрөг гэсэн. Тэгээд хамтдаа 32-н автобусны буудал өнгөрөөд Хаан банкны АТМ ороод тэр эгч 560.000 төгрөг авчраад тэгээд надад өгөөд би нөгөө эгчид хуурамч шармал ээмэг,  бөгжөө өгсөн”

“миний бие хятад улсаас 2019 оны 2 дугаар сард алтан шармал ээмэг, бөгж авчирсан ...2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жүр үр дэлгүүрийн хажууд настайвтар ах явж байхаар нь очоод “ах аа та алтан шармал ээмэг бөгж сонирхохгүй биз, энэ хавиар авдаг газар мэдэхгүй биз” гэтэл нөгөө настайвтар эрэгтэй хүн ”Ах нь энэ хавиар авдаг газар мэдэхгүй байна. Ямар юм зарах гэж байгаа юм” гэж надаас сонирхохоор нь би үзүүлсэн. Тэгээд хажууханд байрлах сааданд орж суугаад “Ахад нь бэлэн мөнгө байхгүй байна” гэхээр нь би “Таньд мөнгө болчихоор солихоор юм байна уу” гэсэн чинь “Ахад нь энэ хоёр монетон бөгж байна. Энүүгээр сольвол солъё” гэхээр нь бид хоёр тохиролцоод сольцогоосон ”

“...2019 оны 3 дугаар сарын 01-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны ард нэг настай эмэгтэй явж байхаар нь явж очоод “эмээ энд алт авдаг газар байгаа юу? Алтан ээмэг, бөгж авдаг газар байгаа юу?” гэж асуустал нөгөө настайвтар эмэгтэй “ямархуу юм байгаа юм үзье” гэхээр нь үзүүлээд хажууханд байсан сааданд очиж суусан. Тэгээд надаас сонирхоод байхаар нь би нэг хос ээмэг, нэг ширхэг бөгжийг 400.000 төгрөгөө худалдсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 76, 98-99, 129, 166-169, 220-221-р хуудас, 2-р хавтас 11-12-р хуудас/

Шүүгдэгч Н.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 49-р хуудас/

Шүүгдэгч Н.Б иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтас 101-р хуудас/

Хохирогч нар хохирол төлбөр хүлээн авсан талаар бичгээр гаргасан тайлбар, хүсэлт /2-р хавтас 22-28-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн дараах гэмт хэргүүдийг үйлдсэн нь:

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Энхтуяагийн нийт 632.500 төгрөгийн үнэ бүхий алтан гинж, монетон ээмэг, монетон бөгж зэргийг цагаан алтаар бүрсэн, гуулин металлаар хийгдсэн ээмэг, цагаан алтаар бүрсэн, гуулин металлаар хийгдсэн бөгжийг алтан ээмэг, бөгж гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж хохирогч Ж.Энхтуяад  632.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Ж.Энхтуяагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн Дугаар 9959 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч Ж.Энхтуяагийн залилуулсан эд хөрөнгийн үнэлгээ, яллагдагч Н.Бмэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны  3 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Санчирын нийт 1.500.000 төгрөгийн үнэ бүхий алтан ээмэг, бөгжийг 8.7 хувийн алтны агууламж бүхий шаргал өнгийн гуулин металлаар хийгдсэн гуулин бөгж, 6.4 хувийн алтны агууламж бүхий гуулин металлаар хийгдсэн гуулин ээмгийг алтан ээмэг, бөгж хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж хохирогч Т.Санчирт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Т.Санчирын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 2211 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч Т.Санчирын залилуулсан эд хөрөнгийн үнэлгээ, яллагдагч Н.Б мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Алтанцэцэгт шаргал өнгийн цагаан алтаар бүрсэн гуулин металлаар хийгдсэн ээмэг, шаргал өнгийн цагаан алтаар бүрсэн гуулин металлаар хийгдсэн бөгж, ээмгийг алтан ээмэг, бөгж гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж хохирогч Г.Алтанцэцэгт 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Г.Алтанцэцэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн Дугаар 2229 тоот шинжээчийн дүгнэлт, яллагдагч Н.Бмэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Улаанхүүгийн 900.000 төгрөгний үнэ бүхий алтан бөгжийг ногоон өнгийн шигтээтэй шаргал өнгийн хос зэсийн металлаар хийгдсэн хос ээмэг, бөгжийг алтан бөгж, ээмэг хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж хохирогч Ш.Улаанхүүд 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Ш.Улаанхүүгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн Дугаар 2228 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч Ш.Улаанхүүгийн залилуулан эд хөрөнгийн үнэлгээ, яллагдагч Н.Б мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Улаанбаатар банкны салбарын орчим хохирогч Л.Бурмаад ногоон өнгийн шигтгээтэй шаргал өнгийн, зэсийн металлаар хийгдсэн хос ээмэг болон бөгжийг алтан ээмэг, бөгж хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж хохирогч Л.Бурмаад  560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Л.Бурмаагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 1574 тоот шинжээчийн дүгнэлт, Л.Бурмаагийн Хаан банк дахь 5025445301 дугаар төгрөгийн харилцах дансны хуулга, яллагдагч Н.Б мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жүр-Үр”  дэлгүүрийн орчим хохирогч Д.Ойдовын 911.600 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг монетон бөгжийг шаргал өнгийн гуулин металлаар хийгдсэн 9.5 хувийн алтны агууламж бүхий бөгж, 7.1 хувийн алтны агууламж бүхий хос ээмгийг алтан бөгж, ээмэг хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж хохирогч Д.Ойдовт 911.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Д.Ойдовын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн Дугаар 2514 тоот шинжээчийн дүгнэлт, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Н.Бмэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 3 дугаар сарын 01-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жүр-Үр” дэлгүүрийн орчим хохирогч Б.Одхүүд шаргал өнгийн гуулин металлаар хийгдсэн 6.7 хувийн алтны агууламж бүхий бөгж, 4.1 хувийн алтны агууламж бүхий хос ээмгийг алтан бөгж, ээмэг хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж хохирогч Б.Одхүүд 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Б.Одхүүгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн Дугаар 2513 тоот шинжээчийн дүгнэлт, яллагдагч Н.Бмэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Н.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч Н.Б нь алт, цагаан алтны бүрмэл бүхий гууль, зэс зэрэг материалаар хийгдсэн ээмэг, бөгж зэргийг алтан ээмэг бөгж гэж хохирогчдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар уг дуураймал ээмэг, бөгжийг хохирогч нарт худалдах, эсхүл хохирогч нарын зүүж байсан ээмэг, бөгж зэргээр солих зэргээр бусдын өмчлөх эрхэнд халдаж, хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Прокуророос Н.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх дүгнэлт:

         Шүүгдэгч Н.Б үйлдлийн улмаас хохирогч Ж.Энхтуяад 632.500 төгрөгийн, хохирогч Т.Санчирт 1.500.000 төгрөгийн, хохирогч Г.Алтанцэцэгт 600.000 төгрөгийн, хохирогч Ш.Улаанхүүд 900.000 төгрөгийн,  хохирогч Л.Бурмаад 560.000 төгрөгийн, хохирогч Д.Ойдовт 911.600 төгрөгийн, хохирогч Б.Одхүүд 400.000 төгрөгийн нийт 5.504.100 төгрөгийн хохирол учруулсан байна.

       Шүүгдэгч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, одоо бусдад төлөх төлбөргүй байна.

       Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

       Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

       Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Хэдийгээр урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдэх талаар санаа бодол урьдаас төрдөг, гэмт хэрэг үйлдэх арга, хохирогч нарыг сонгон авч гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг залилах гэмт хэрэг байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Иймд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

       Шүүгдэгч Н.Б өмгөөлөгч Г.Мөнхцэцэгийн хүсэлтийн дагуу шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг зарлан хуралдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1., 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгийн 6.6 дахь заалтыг тус тус үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, прокурор болон яллагдагч Н.Б нарын хооронд эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсоныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэж, шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

       Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт эд мөр баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч  Н.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Н.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Н.Бд сануулсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР