Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 459

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Хас банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 8-25 тоотод оршин суух, Монголжин овгийн Нацагдоржийн Бямбадулам,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 8-25 тоотод оршин суух, Боржигон овгийн Цогтбаярын Золнэмэх нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болох 2109407,60 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нараас гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкыг төлөөлж Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Бямбадулам нь тус банкнаас 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1110010203 дугаар зээлийн гэрээгээр 3500000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар 1.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Н.Бямбадулам, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Золнэмэх нар нь зээлийн гэрээний хавсралтанд заасан зээлийн эргэн төлөх хувиаарийг зөрчин зээлийн төлөх хугацааг сар бүр хэтрүүлэн төлж байгаа бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй 496 хоног хугацаа хэтрээд байна. Банкны зүгээс зээлдэгч Н.Бямбадуламыг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж удаа дараа шаардаж байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй зээлийн гэрээний үүргээ төлөх санаачлага гаргахгүй байна. Иймд Н.Бямбадулам, Ц.Золнэмэх нараас үндсэн зээл 1555555,60 төгрөг, хүү 506494 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47358 төгрөг нийт 2109407,60 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Бямбадулам, Ц.Золнэмэх нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Золнэмэх, Н.Бямбадулам бид Өвөрхангай аймаг дахь Хас банкны нэхэмжилсэн 2109407,60 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь Ц.Золнэмэх, Н.Бямбадулам нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 2109407,60 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.Золнэмэх, Н.Бямбадулам нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох2109407,60 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох 2109407,60 төгрөгийг хариуцагч Ц.Золнэмэх, Н.Бямбадулам нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 24350,26 төгрөг, орон нутгийн 5540607728 тоот данснаас 24350,26 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48700,52төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА