| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2019/0098/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/94 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/94
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Батдорж,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-н Г-д холбогдох эрүүгийн 1917001640089 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 03-нд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, Ш-д операторчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Г аймгийн Ш сум, дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-н Г, /РД: ЗБ/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 9 дүгээр байрны 51 тоотод байх гэртээ хохирогч Д.У-тай “машинаа өгсөнгүй" гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохих, толгойн тус газар нь сандлаар цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 9 дүгээр байрны 51 тоотод байх гэртээ хохирогч Д.У-тай “машинаа өгсөнгүй" гэж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохих, толгойн тус газар нь сандлаар цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.
1.2. Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр найз Б-н хамт хөдөө яваад айлаас мал худалдаж авчихаад Шивээговь суманд орой 16 цагийн орчим ирээд хамт нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уучихаад гэртээ харьсан. Тухайн үед би гэр лүү очиж мал хийх гээд хутга авах гээд очсон юм. тэгээд гэр лүү орсон чинь хүргэн ах У гэрт ирчихсэн байхаар нь таны машинтай гэр байр луу яваад ганц мал янзалчихаад ирье гэсэн чинь би согтуу хүнтэй хамт явахгүй, чамд машинаа өгөхгүй гэхээр нь би та урьд нь намайг машинтай байхад надаас гуйж авдаг байсан биз дээ хүн ганц гуйж байхад юун сүртэй юм. Миний машиныг та эвдчихээд хүртэл авчирч өгч байсан биз дээ гэсэн чинь би чиний машиныг эвдээгүй эгч чинь эвдсэн, би ер нь гуйж байгаагүй гээд урдаас дайраад байхаар нь би нүүр лүү нь цохиод авсан. Тэгсэн чинь намайг боож унагаад газар дараад авсан. Тэгээд манай эгч Г манай эхнэр Ү нар бид хоёрыг салгасан. Тэгээд У ах эхнэр хүүхдээ аваад гэрээс гарах гэж байхдаа бацаан чинь уусан идсэнээ шингээж чадахгүй гэх зэргээр үглээд байхаар нь уур хүрээд хажууд байсан жижиг модон сандлыг аваад шидчихсэн чинь У ахын толгойны ар хэсэгт оночихсон. Тэгээд У ах гэрээс гараад явсан. Би найз С-г дуудаад зүүн гэр байранд очиж хөдөөнөөс авчирсан малаа янзалж авчирсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
1.3. Хохирогч Д.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2019 оны 09 дүгээр сарын 22-ны орой 17-18 цагийн хооронд Шивээговь сумын 1-р баг, 9-р байранд байх хадам ээж С гэрт эхнэр хүүхдийн хамт орсон юм. Тэгээд гэрт нь байж байсан чинь гаднаас манай эхнэрийн дүү Г нилээн согтуу орж ирсэн. Тэгээд намайг машинаа өгчих, гэр байр орчихоод ирье гэхээр нь би согтуу хүнд машин өгөхгүй гэсэн чинь чи муу надаас машинаа харамлалаа, урьд нь чи миний машиныг гуйдаг байсан биз дээ гээд намайг барьж аваад баруун нүд орчимд цохисон. Тэгэхээр нь би боогоод унагасан. Тэгээд Г-н эхнэр манай эхнэр, хадам ээж нар бид хоёрыг салгасан. Тэгээд манай эхнэр хүүхдүүд хувцсаа өмсөөд бид нар хадмын гэрээс гарах гэж байгаад би Г-д чи согтуу байж машин тэрэг авч яах гээд байгаа юм бэ гэсэн чинь Г миний араас ирээд толгойны баруун хойд хэсэгт сандлаар цохиод авсан. Тэгээд би хадмын гэрээс гараад эмнэлэг орж оёдол хийлгэчихээд гэртээ харьсан...
Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар гомдол гаргасан.... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/
1.4. Гэрч Б.Ү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Тухайн өдөр манай нөхөр хөдөө явж мал авчирана гээд өдөр 12 цагийн орчим явсан. Тэгээд өдөр 16 цагийн үед гаднаас малаа авчраад гэр байранд үлдээчихлээ хутга аваачиж янзалчихаад ирье гээд ирсэн. Тухайн үед гэрт Г-н эгч Г нөхөр хүүхдийнхээ хамт ирчихсэн байсан юм. Тэгээд хутгаа аваад хүргэн ах У-г машинтай чинь яваад мал янзалчихаад ирье гэсэн чинь нөгөөх нь машинаа өгөхгүй, согтуу хүнтэй хамт явахгүй гэсэн чинь Г юун сүртэй юм бэ? би таныг гуйхад машин тэргээ өгдөг байсан биз дээ гэсэн чинь би чиний машиныг гуйж байгаагүй, танай эгч л гуйдаг байсан гээд хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгсэн чинь Г У ахын нүүр лүү цохиод авсан. Тэгтэл У ах Г цааш нь түлхээд боож унагаагаад дээр нь дараад чи чинь яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд Г эгч, ээж С бид гурав нийлээд салгасан. Тэгээд У ах эхнэр хүүхэдтэйгээ гарах гээд хувцсаа өмсөж байхдаа архи уучихаад машин тэрэг барих гээд чи чинь хүний үгэнд орохгүй гээд Г зэмлэсэн чинь Г жижиг модон сандал аваад У ахын толгой руу цохичихсон. Тэгээд У ах эхнэр хүүхэдтэйгээ хамт гараад явсан. Тэд нарын араас Г мал янзалж ирнэ гээд гараад явахаар нь би гэрээ цэвэрлэж байгаад Г У ахыг цохисон сандал нь цус болчихсон байхаар нь сэжиг хүрээд гэрээсээ гаргаад хогийн цэг дээр аваачаад хаячихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/
1.5. Гэрч Ц.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Тухайн өдөр манай бага хүү Г хөдөө явж мал хийж ирнэ гээд гэрээсээ гарсан юм. Тэгээд үдээс хойш 16 цагийн үед гаднаас орж ирсэн. Тухайн үед манай охин Г нөхөр хүүхдийнхээ хамт ирчихсэн байсан юм. Тэгээд Г орж ирээд гэрээс мал янзлах хутга авах гэж байна гээд хүргэн У-г машинтай чинь яваад мал янзалчихаад ирье гэсэн чинь нөгөөх нь машинаа өгөхгүй гээд хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд гэнэт хоорондоо учиргүй шуугилдаад унахаар нь би том өрөөнөөс гараад ирсэн чинь У Г боогоод унагачихсан байж байсан. Тэгээд Г, бэр Ү бид нар салгаад Г нөхрөө дагуулаад явах гэж байтал Г У хоёр дахиж маргалдаад Г жижиг сандал аваад толгой дундуур нь цохичихсон. Тэгээд У гараад явсан. Г араас нь малаа төхөөрч ирнэ гээд гарсан. Манай бэр Ү гэрээ цэвэрлээд Г-н У-г цохисон сандлыг гаргаад хаячихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
1.6. Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би нөхөр У хүүхдийн хамт ээж Ц.С-тэй уулзахаар 15 цаг өнгөрч байхад гэрт нь очсон. Тэгээд 16 цаг өнгөрч байхад гаднаас манай дүү Г халамцуу ороод ирсэн. Тэгээд гэр байр луу явж мал хийх гэж байна гээд хутга аваад манай нөхөр У-г машинтай чинь яваад мал янзалчихаад ирье гэсэн чинь нөгөөх нь машинаа өгөхгүй, согтуу хүнтэй хамт явахгүй гэсэн чинь Г юун сүртэй юм бэ, би таныг гуйхад машин тэргээ өгдөг байсан биз дээ гэсэн чинь би чиний машиныг гуйж байгаагүй, танай эгч л гуйдаг байсан гээд хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгсэн чинь Г та нар ийм арчаагүй ш дээ гээд У-н нүүр лүү цохиод авсан. Тэгтэл У Г цааш түлхээд боож унагаагаад дээр нь дараад чи чинь яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд ээж С, манай бэр Ү бид гурав нийлээд салгасан. Тэгээд У гарах гээд хувцсаа өмсөж байхдаа архи уучихаад машин тэрэг барих гээд чи чинь хүний үгэнд орохгүй гээд Г зэмлэсэн чинь Г жижиг модон сандал аваад У толгой руу цохичихсон. Тэгээд би У-г аваад гэрээс нь гарч яваад толгойд нь оёдол тавиулчихаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/
1.7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 230 дугаартай дүгнэлтэд:
- Д.У-н биед толгойн оройд язарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл учирчээ.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2019.09.22-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Толгойн оройн язарсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Нурууны зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 24 дүгээр хуудас/
1.8. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 292 дугаартай дүгнэлтэд:
- Б.Г-н биед зүүн нүдний зовхинд цус хуралт, дагзны зүүн талаар зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2019.09.22-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 28 дугаар хуудас/
1.9. Хохирогч Д.У-н түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 51-52 дугаар хуудас/
1.10. Хохирогч Д.У-н Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын цагдаагийн хэсэгт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/
1.11. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Г-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааг зохистой хэрэглээгүйгээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Ц.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Б.Г манай бага хүүхэд байгаа юм. Айлын бага хүүхэд учраас багаасаа их эрх танхи өссөн юм. Миний хүү чинь 10 жилийн сургуулиа төгсөөд л Шивээ-Овоо ХК-д ажилд орж намайг авч явж байгаа юм. Миний хүү хүнд их тусархуу, бусадтай их эвтэй харьцдаг хүүхэд байгаа юм. Хамт ажилладаг хамт олон нь ч гэсэн их ам сайтай байдаг юм. Уг нь их архи дарс уугаал хүнтэй маргалдаж муудалцдаггүй юм. Хөдөө гарлаа гээд л архи уучихаад ирсэн байх гэж би бодож байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/
2.2. Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Манай дүү их дураараа өссөн. Их өөрийнхөөрөө хүүхэд. Уул нь их зөөлөн сэтгэлтэй бусадтай эвтэй харьцдаг хүн байгаа юм. Хамт ажилладаг хүмүүс болон найз нөхөд дундаа их нэр хүндтэй сайн хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/
2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/,
2.4. Хохирогч Д.У-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 55 дугаар хуудас/
2.5. Шүүгдэгч Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Прокуророос шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан байна.
Иймд шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ