Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/97

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-н Г-д холбогдох эрүүгийн 1917000000083 дугаартай хэргийг 2019 оны 11  дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 08-нд Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын -р баг,  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь

Говьсүмбэр аймаг дахь сум дундийн шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-т зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 46 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, /2000 оны/ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн гэх Б овгийн Д-н Г /РД:ЕЙ/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.Г нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Г.Н-н эзэмшлийн “Алтан нутаг” зочид буудалд хууль бусаар нэвтэрч 150 ампертай аккумлятор 1 ширхэг, холбогч утас зэргийг хулгайлж нийт 378 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Г.Н-н эзэмшлийн “Алтан нутаг” зочид буудалд хууль бусаар нэвтэрч 150 ампертай аккумлятор 1 ширхэгийг хулгайлж 360 000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим Н-нд очсон нь үнэн. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний аккумлятор авсан нь үнэн. Түүнийг зараад дараа нь хохирогчид буцааж өгсөн гэв.

 

1.2. Шүүгдэгч Д.Г нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хөдөөнөөс ирээд Сүмбэр сум 2-р баг, Релейнээс хойш байдаг гэртээ очиж хоносон. Тэгээд маргааш нь буюу 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг болох гэж байхад хүргэн Г-н гэрт очиход манай дүү Г, хүргэн Г нар байсан. Тухайн үед Г нь танихгүй залуутай Морьтон нэртэй 0.5 граммын архи уугаад байж байсан. Уг архинаасаа өгсөн. Би 1 хундагыг уусан. Тэгээд 19 цаг болох гэж байхад явлаа гэж хэлээд Сүмбэр сум 1-р баг, Төмөр замын 128 дугаар байранд /”Алтан нутаг” зочид буудлын байр/ Н-тэй уулзаж мөнгө гуйхаар очсон юм. Тэгтэл гэр нь цоожтой байсан. Гэрийнх нь хажууд машины хугарсан нум байхаар нь би цоожийг нь цохиод гэрийнх нь хаалгаар дотогш ороод зүүн гар талд нь байх өрөө рүү нь орсон. Уг өрөөнд 2 ширхэг машины аккумлятор байснаас 1 ширхэг аккумляторыг нь аваад гадаа зүүн талд байх 2 давхар байрны баруун талд тавьчихаад Г-д буцаж очсон. Тэгээд Г-д ахдаа нэг аккумлятор өргөлцөөд өгчих, дугуй засвар дээр аваачиж өгье гэж хэлсэн. Тэгтэл Г-д надаас ямар учиртай аккумлятор вэ гэж асуухаар нь би хүнээс авсан гэж хэлээд 128-р байрны зүүн талд байх 2 давхар байрны баруун талаас аккумлятороо аваад бид хоёр Сүмбэр сум 2-р багт үйл ажиллагаа явуулах төв Андууд дэлгүүрийн хойд талд байх дугуй засвар орсон. Дугуй засварын хүнээс /нэрийг нь мэдэхгүй, танихгүй/ аккумлятор худалдаж авах уу гэхэд авахгүй гэж хэлсэн. Өөр авах хүн байна уу гэхэд энд нэг хүн авч магадгүй асуугаад өгье гэж хэлсэн. Тэгсэн П буюу М, Б-тай хамт ирж миний хулгайлсан аккумляторыг үзээд 80000 төгрөгөөр худалдаж авсан. Уг мөнгөнөөс би хүргэн Ганболдод 40000 төгрөгийг нь өгөөд өөрөө 40000 төгрөгийг нь авсан. Тэгээд Г бид хоёр Андууд дэлгүүр орж Стандарт нэртэй 0.5 литрийн 1 шил архи аваад Сүмбэр сум 1 дүгээр баг, клубын хажууд архиа хувааж уучихаад гэр гэртээ харьцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч Г.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манайх Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 1-р багт байх өөрийн эзэмшлийн 128 дугаар байрандаа “Алтан нутаг” нэртэй зочид буудал ажиллуулдаг байсан юм. Уг буудлыг ажиллуулахаа болиод удаж байна. Бид нар өвөлдөө халаалт ирэхээр уг байрандаа очиж амьдарлаг. Харин урин дулаан цагаар Сүмбэр сум 2-р баг, Ханангийн 135 тоотод амьдардаг юм. 2019 оны 09 дүгээр сард эхнэр хүүхдийн хамт 128 дугаар байрандаа нүүж очсон юм. 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай эхнэр Б.Н 20 цаг өнгөрч байхад зах нь тараад гэр лүүгээ очсон чинь гэрийн хаалга эвдлээд гэрт хулгай орж 150 ампертай 1 ширхэг машины аккумлятор, холбогч /1 ширхэг/ 2-г аваад явсан байна гэж хэлсэн. Би гэртээ очоод гэрийнхээ ойр орчмоор аккумлятор авч яваа хүн харагдах нь уу гээд хайж явахад олдоогүй. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад гэрээсээ эд зүйл алдсан талаах мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүмбэр сум 1-р баг, 128 дугаар байранд байх манай гэрээс 150 ампертай 1 ширхэг аккумлятор, машины 1 ширхэг холбогч алдагдсан асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн үед манай гэрт 2 ширхэг аккумлятор байснаас Д.Г нь 1 ширхэг аккумлятор хулгайлсан ба тухайн үед би аккумлятор машины холбогч алдсан гэж мэдүүлсэн. Гэтэл сая гэрт үлдсэн аккумлятороо хайрцагнаас нь гаргатал хулгайд алдсан гэх машины холбогч маань гарч ирсэн. Д.Г нь надад урчуулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Одоо гомдол байхгүй.

Д.Г нь манайхаас хулгайлсан аккумлятороо шинээр нь буцаан өгсөн. Мөн М-т өгсөн 80000 төгрөг, хаалганы 104 500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Миний хувьд гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

 

1.4. Гэрч Ц.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 10 дугаар сарын 19-ны орой 20 цагийн орчим манай жолооч Г над руу утсаар залгаад би А-н дугуй засвар дээр байна, энд хүмүүс аккумлятор зарна гээд яваад байна та ирээд үзээдхээч гэсэн. Тэгэхээр би яваад очтол үл таних 2 хүн байсан. Нэрийг нь мэдэхгүй зүс болно танина. Тэр 2 хүн цаасан хайрцагтай 150 ампертай шинэ аккумлятор байсан. Тэгээд би 80000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр аккумлятор зарсан 2 хүнийг А гуайн дугуй засвар дээр ажилладаг залуу сайн таньж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

1.5. Гэрч Э.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Сүмбэр сум, 1-р баг Төмөр замын уурын зуухны хойд талд баригдаж байгаа 2 давхар барилгын хашаанд байх гэртээ 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Д.Г болон 2 хүүхдийн хамт байсан юм. Тэгсэн 17 цаг өнгөрч байхад Д.Г ах манайд ганцаараа ирсэн. Хаана явж байгаад ирсэн юм бэ гэж асуухад 2,3 хоног хөдөө ажил хийж байгаад ирлээ гэж хэлсэн. Тухайн үед би Далай гэх залуутай 0.5 литрийн Морьтон нэртэй архи уугаад байж байсан юм. Уг архинаас 1 хундагыг хийж өгсөн. Тэгээд удалгүй гараад явсан. 19 цаг өнгөрч байхад Г ах орж ирээд намайг завтай бол ахдаа юм өргөлцөөд өг гэж хэлэхээр нь хаана байгаа юм бэ гэхэд гадаа ойрхон байгаа гэж хэлсэн. Тэгээд Г ахтай хамт явахад Төмөр замын 2 давхар байрны гадаа /хэддүгээр байр гэдгийг нь хэлж мэдэхгүй байна/ очиход цэнхэр, улаан цаасан хайрцагтай цоо шинэ аккумлятор байсныг бид хоёр өргөөд Дэлгэрэх дэлгүүрийн баруун талд байх засмал зам руу гараад Д.Г ах хоёулаа дийлэхгүй юм байна, такси барья гэж хэлээд Дэлгэрэх дэлгүүрийн гаднаас таксинд суугаад Андууд дэлгүүрийн хойд талын дугуй засвар дээр буусан. Тухайн үед таксиндаа Д.Г ах 5000 төгрөг өгсөн. Хариултыг нь аваагүй. Дугуй засвар луу Г ах бид хоёр аккумлятор авч ороход Г ах аккумлятор худалдаж авах уу гэж хэлэхэд үзчихээд авахгүй гэж хэлсэн. Тэгсэн дугуй засвар дээр П буюу М ирсэн. Тэгээд хэдэд зарах юм бэ гэж асуухад Д.Г ах 100000 төгрөгөөр зарна гэж хэлэхэд М наадах чинь миний машинд таарахгүй ээ, том машинтай хүмүүс л авна, жоохон буулгачих гэж хэлсэн. Тэгсэн Д.Г за тэгвэл 80000 төгрөгөөр ав гэж хэлсэн. П буюу М-н мөнгө нь хүрэхгүй  байна гээд Бааяа руу /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ залгаад том машины аккумлятор байна гэж ярьж байсан. Удалгүй Б дугуй засвар дээр ирээд П-д өгч байсан. Д.Г ах бид хоёр П-д аккумлятор өгчихөөд Дэлгэрэх дэлгүүр ороод 0.5 литрийн стандарт нэртэй архи аваад манай гэрт орж хувааж уусан. Д.Г ах надад 40000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

1.6. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр П буюу М 20 цагийн орчимд над руу залгаад 50000 төгрөг байна уу, аккумлятор худалдаж авах юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би шинэ юм уу, хуучин юм уу гэхэд шинэ гэнээ, хоёулаа очиж үзье гэж хэлээд Андууд дэлгүүрийн хойд талд байх дугуй засвар оръё гээд бид хоёр Бэйбэн Тракийн гадаа уулзаад цуг дугуй засвар дээр очсон. Тухайн үед дугуй засварын залуу болон А /Д.Г/ болон түүний хүргэн гэх залуу /нэрийг нь мэдэхгүй/ байсан. Би очоод зарна гэх аккумляторыг үзэхэд цоо шинэ 150 ампертай, солиут нэртэй аккумлятор байсан. Тэгэхээр нь би та хоёр хаанаас хулгайлсан юм бэ гэхэд хулгай хийгээгүй, хүнээс өрөндөө авсан гэж А /Д.Г/ хэлсэн. Тэгээд П /М/ Г-с солиут нэртэй аккумляторыг 80000 төгрөгөөр худалдаж аваад бид нар гэр гэртээ харьцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

1.7. Гэрч Ө.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Андууд худалдааны төвийн хойно байх дугуй засвар дээр аккумлятор цэнэглүүлсэн юм. Тэгсэн маргааш нь 20 цагийн орчимд дугуй засварын Б ах над руу аккумлятор худалдаж авах уу энд хоёр хүн шинэ аккумлятор хямдхан зарна гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиж үзье гэж хэлчихээд П буюу М утсаар хүн аккумлятор зарна гэж байна үзэх үү гэж хэлсэн. Б ахын дугуй засвар дээр Г нэг танихгүй залуутай байж байсан. Мөн М, Б /Б/ хоёр ирчихсэн байсан. Би Г-н зарах гэж байсан аккумляторыг үзээд шинэ нь шинэ л юм байна, гэхдээ ампер нь бага юм байна би авахгүй гэж хэлсэн. Харин П буюу М аккумляторыг үзээд 80000 төгрөгөөр худалдаж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

 

1.8. Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 10 дугаар сарын 19-ний 17 цаг өнгөрч байхад манай гэрт ганцаараа ирсэн. Тухайн үед хөдөөнөөс Т  гэдэг айлаас ирлээ гэж байсан. Тухайн үед манай нөхөр Э.Г нь гэртээ нэрийг нь мэдэхгүй нэг залуу Морьтон нэртэй 0.5 литрийн архи уугаад байж байсан юм. Тэгээд Д.Г ахад хундганд архи хийж өгсөн. Тэгээд манайд байсан хүн /нэрийг нь мэдэхгүй/ гараад явсан. Харин Г ах манай гэрт байж байгаад удалгүй явлаа гэж хэлээд гарсан. Орой 19 цаг өнгөрч байхад манайд ирээд Г-г ахдаа юм өргөлцөөд өгөөч гээд аваад гарсан. Г ах, Г нар нь 22 цагийн үед ирсэн. Тухайн үед Г ах манай нөхөр Э.Г-д 40000 төгрөг өгсөн байсан. Э.Г нь Г ах 40000 төгрөг өглөө гэж хэлээд надад бэлнээр 38000 төгрөг өгөөд 2000 төгрөгийг нь өөрөө тамхи авна гэж хэлээд авсан. Тухайн үед Ганбат ах Г нар гэрт 0.5 граммын Стандарт нэртэй архи хувааж уусан. Тэгээд Г ах харьж амарлаа гээд явсан. Харин Э.Г нь гэртээ амарсан. Маргааш нь цагдаагаас Д.Г ахыг айлаас хулгай хийсэн болохыг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

 

1.9. Насанд хүрээгүй гэрч Б.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би аав Э.Г, ээж Д.Г, дүү Э /настай/ болон аавын нэг танилын хамт /нэрийг нь мэдэхгүй/ гэртээ байж байтал 16 цаг өнгөрч байх шиг санагдаж байна. /цаг хараагүй болохоор мэдэхгүй байна/ Г ах ганцаараа гэрт ирсэн. Тухайн үед Г ах хөдөөнөөс ирлээ гэж байсан. Тэгээд аав /Э.Г/ танихгүй хүнтэй гэрт ууж байсан Морьтон нэртэй архинаас нь жоохон үлдсэн байснаас Г ахад жижиг хундагаар хийж өгч байсан. Тэгээд аавтай архи ууж байсан ах гараад явсан. Харин Г ах манайд аав ээжтэй юм яриад сууж байгаад явлаа гэж хэлээд ганцаараа гараад явсан. Түүнээс хойш харуй бүрий болчихсон байхад Г ах дахиж гэрт орж ирээд аав Г-г юм өргөлцөөд өгөөч гэж хэлээд аваад гарсан. Тэгээд 1 цаг орчмын дараа байх, аав Г Г ах гэрт орж ирсэн. Тухайн үед Стандарт нэртэй 0.5 литрийн 1 шил архи авчирсан байсан. Тэгээд тэр архиа хувааж уусан. Манай аав ээжид 38000 төгрөг өгсөн. Г ах 40000 төгрөг өгсөн гэж хэлж байсан. Тэгээд ээж бид хоёр дэлгүүр орж хүнсний зүйл авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

1.10. Гэрч Ш.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн 38-68 УНЛ улсын дугаартай Соната-6 маркийн машинтай Дэлгэрэх дэлгүүр орсон юм. Тэгсэн Г ирээд ойрхон юманд яваад өгөөч гэж хэлэхээр нь би явахгүй гэж хэлсэн. Тэгээд дэлгүүр орчихоод гараад иртэл манай машин байхгүй байхаар нь дүү Н рүү залгахад хаана байна гэхэд одоо очиж байна гэсэн. Н-г ирэхээр нь хаашаа явчихаад ирэв гэхэд 5000 төгрөгөөр таксинд явчихаад ирж дээ л гэж бодсон... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

 

1.11. Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19 цаг өнгөрч байхад Ө ахтай хамт Сүмбэр сум 1-р багт үйл ажиллагаа явуулах Дэлгэрэх дэлгүүр орохоор Ө ахын эзэмшлийн 38-68 УНЛ улсын дугаартай Соната-6 маркийн машинтай явсан. Ө ах дэлгүүр лүү орсон. Харин би машинд ганцаараа үлдсэн. Тэгээд машинд байж байтал 40 гаруй насны намхан бор царайтай ах /нэрийг нь мэдэхгүй/ таксинд явах уу гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгтэл 5000 төгрөг өгье, ойрхон хүргээд өгөөч гэж хэлэхээр нь зөвшөөрөөд 40 гаруй насны намхан бордуу царайтай ах болон 40 орчим насны өндөр бор дуу царайтай хүн байсан. Тэр хоёрыг төмөр замын Дэлгэрэх дэлгүүрээс Андууд худалдааны төвийн хойд талд байх дугуй засварт буулгасан. Надаар хүргүүлсэн хоёр хүн цэнхэр хайрцагтай юм барьчихсан байсан. Миний хажууд тэр хоёр хүн юм яриагүй. Машинд суугаад дугуй засвар дээр буугаад л үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

1.12. Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 10 дугаар сарын 19-ний Сүмбэр сум 2 дугаар багт байрлах Өнхрүүш нэртэй дугуй засвар дээр ажлаа хийгээд байж байтал 19 цаг өнгөрч байхад танихгүй 2 залуу орж ирээд аккумлятор авах хүн байна уу гэж асуухаар нь ямар аккумлятор юм үзье гэхэд цаасан хайрцагтай цоо шинэ аккумлятор байсан. Тэгэхээр нь хулгайн аккумлятор биш биздээ гэхэд намхан залуу нь худалдаж авсан юм, хулгайн аккумлятор биш гэж хэлсэн. Манай хамаатны дүү болох Г нь том машин барьдаг учир би дүү рүүгээ залгаж энд хүн цоо шинэ аккумлятор зарна гэж байна, авах уу гэж хэлсэн. Г хүн рүү яриадхая гэж хэлсэн. Тэгээд эргэж залгаад одоо очлоо гэж хэлсэн. Тэгсэн чинь П буюу М, Б хоёр ирсэн. Араас нь Г орж ирсэн. Тэр хоёр танихгүй хоёр залуугийн зарна гэх аккумляторыг үзээд М 80000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр гурав аккумлятор зарж байсан залууг зүс таньдаг юм шиг байсан. 100000 төгрөгөөр зарна гэснийг яриад 80000 төгрөгөөр худалдаж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

 

1.13. Гэрч Т.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Д.Г нь 2019 оны 08 дугаар сараас хойш Сүмбэр сум, 5 дугаар баг, Бооны гол гэх газар байх манай хөдөө гэрт хашаа хороо барих ажил хийж байгаа юм. Д.Г нь 2019 оны 09 дүгээр сарын дундуур 10 хоног Говьсүмбэр аймгийн төв рүү гэр лүүгээ яваад ирсэн. Түүнээс хойш Говьсүмбэр аймгийн төв рүү яваагүй. Хашаа хороо барих ажил хийж байгаад Чойрт байх гэртээ харьчихаад гэрээ эргэчихээд ирье, гэрийн хаалга үүп эвдэрчихсэн гээд байхаар нь 10 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймагт авчирсан юм. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хулгайн хэрэгт холбогдсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

1.14. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

 

1.15. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

1.16. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

1.17. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаартай дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

1.18. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаартай дүгнэлт, /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Г.Н-н эзэмшлийн “Алтан нутаг” зочид буудалд хууль бусаар нэвтэрч 150 ампертай аккумлятор 1 ширхэг, холбогч утас зэргийг хулгайлж нийт 378 000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээс холбогч утас хулгайлсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь:

Хохирогч Г.Н нь мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “...Тухайн үед манай гэрт 2 ширхэг аккумлятор байснаас Д.Г нь 1 ширхэг аккумлятор хулгайлсан ба тухайн үед би аккумлятор машины холбогч алдсан гэж мэдүүлсэн. Гэтэл сая гэрт үлдсэн аккумлятороо хайрцагнаас нь гаргатал хулгайд алдсан гэх машины холбогч маань гарч ирсэн...” гэж мэдүүлдэг ба шүүгдэгч Д.Г нь машины холбогч утас хулгайлсан гэх үйлдэл нь тогтоогдохгүй байх тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Г.Н-н эзэмшлийн “Алтан нутаг” зочид буудалд хууль бусаар нэвтэрч 150 ампертай аккумлятор 1 ширхэгийг хулгайлж 360 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруугийн талаар маргаагүй болно.          

Иймд шүүгдэгч Д.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Т.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Д.Г нь Говьсүмбэр аймгийн харьяат, Чойрт ганцаараа амьдардаг. Д.Г-г 2019 оны 08 дугаар сараас хойш хөдөө хашаа хороо барих ажил хийлгэсэн юм. Д.Г нь амьдралын бололцоо муу, ажил хийж ах, дүү, ээж нартаа тус болдог. Зан байдлын хувьд хүний үгээр, аливаа зүйлд их сэтгэлтэй. Төлөв даруу, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй. Хаяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Гэхдээ агсам согтуу тавиад байдаггүй. Хүнд тусархуу зантай... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

2.2. Гэрч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай хүү Д.Г нь 10 хүүхэдтэй айлын 5 дахь хүүхэд байгаа юм. 1973 оны 01 дүгээр сарын 08-нд Дундговь аймагт төрсөн. Д.Г нь Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Төрийн болон төрийн бус байгууллагад огт ажил хийж байгаагүй. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс болон хөдөө малчдын туслахаар ажиллаж байсан. Одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 5 дугаар багт байх Т, Э гэх хүмүүсийн малыг харж хашаа хороо барих ажил хийж байгаа. Манай хүү ам бүл 1, Говьсүмбэр аймагт амьдардаг. Д.Г нь зан байдлын хувьд хүнд тусархуу, хүний үгээр, цайлган зантай, томоотой, төлөв даруу, ажилд сайн, ажлыг чин сэтгэлээсээ хийдэг, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, эвсэг харилцаатай. Ажил хийж ах, эгч, дүү нарынхаа амьдралд тус нэмэр болдог. Надад бол их тус дэм болдог маш сайн хүүхэд байгаа юм. Яаж явж байгаад хэрэгт орсныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

2.3. Шүүгдэгч Д.Г-н гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/,

 

2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

 

2.5. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-69 дүгээр хуудас/,

 

2.6. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

 

2.7. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

 

2.8. Шүүгдэгч Д.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Б.Б нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Д.Г нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Мөн үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно... Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авах нь зүйтэй байна. Учир нь:

Шүүгдэгч Д.Г урьд нь 4 удаа ял шийтгүүлж байсан боловч хамгийн сүүлд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн ба /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;” бол ялгүйд тооцож болохоор зохицуулсан. Мөн /2015 оны/ Эрүүгийн хуулинд ялтай байдлын талаар зохицуулалт хуульчлагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Г нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Н, иргэний нэхэмжлэгч Ц.М нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-н Г-д холбогдох эрүүгийн 1917000000083 дугаартай хэргээс “холбогч утас хулгайлсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Д-н Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Д.Г-н хорих ял эдлэх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.ЭНХМАНДАХ