Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1653

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар, 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04404 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 295 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн төлөөлөгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  ХХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ХХХХХ-тэй зээлийн гэрээ байгуулж 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл сарын 8 хувийн хүүтэй 1 500 000 төгрөгийг заасан хугацаанд эргүүлэн төлөх үүргийг хүлээх талаар тохиролцон зээлдүүлсэн. Гэтэл гэрээний хугацаа дуусаж эргэн төлөлтөө хийхийг шаардахаар хүлээж байгаач гэсэн. Үндсэн зээл 1 500 000 төгрөг, сарын 120 000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссан тул 0.5 хувийн алданги тооцоход хоногт 7 500 төгрөг, 90 хоногт нийт 675 000 төгрөг, нийт 2 295 000 төгрөг болж байна. Зээлийн хүүнд 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 140 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 45 000 төгрөг төлөлтийг зээлээс хасч тооцохыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ХХХХХ нь ХХХХ-тэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1 500 000 төгрөгийн сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор зээлсэн. ХХХХХ зээлийн гэрээгээр хүлээлгэсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж зээлийн хүүг сар сард нь өгч байсан. 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарыг дуустал үндсэн зээл, хүү, алдангид 2 890 000 төгрөг төлсөн. Иймд зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан, зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХХХ-ээс 75 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХ-д олгож, нэхэмжлэлээс 2 220 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 670 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХХХХ-ээс улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХХ-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч ХХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг зээлийн хүүд 2 140 000 төгрөг төлсөн, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2 890 000 төгрөг төлсөн гэж маргасан. Энэ маргааны 75 000 төгрөгийн зөрүүг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн эрхийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан байна. 

 

Нэхэмжлэгч ХХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 2 295 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ХХХХХ нь зээлдэгч ХХХХ-д 1 500 000 төгрөгийг сарын 8%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн байна.

 

Мөн зохигчид 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр барьцааны гэрээ байгуулан ХХХХХ дүүргийн ХХХ-р хороо, ХХХХ гудамж, ХХХ тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг барьцаалсан байна. / хэргийн 3 дугаар/

 

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүү төлөх үүрэг хүлээнэ. Талууд гэрээнд зээлдэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна.  

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр дууссан, талууд гэрээний хугацаагаа сунгаагүй бах тул нэхэмжлэгч ХХХХХ нь хариуцагч ХХХХХгээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм. 

 

 

Хариуцагчаас үндсэн зээлд 1 500 000 төгрөг, 6 сарын зээлийн хүүд 720 000 төгрөг, 90 хоногийн алдангид 675 000 төгрөг нийт 2 895 000 төгрөг төлөхөөс 2 820 000 төгрөг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх төлөгдөөгүй үлдсэн 75 000 төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болсон байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

                                                                                               Ц.ИЧИНХОРЛОО