Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 639

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Х******* аймгийн Х******* сумын нутагт Ц******* т******* нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан манай өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.т, түүний өмгөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

  “...Манай компани Х******* аймгийн Х******* сумын нутагт Ц******* т******* нэртэй нэртэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаж Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авах тухай өргөдлийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагт бүртгүүлэхээр Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээнд буюу өргөдөл хүлээн авах үүрэг бүхий ажилтанд хандсан боловч Засгийн газрын тогтоол гараагүй гэсэн шалтгаанаар өргөдлийг хүлээн аваагүй юм. Ямар учраас авахгүй байгаа талаар тодруулахад хариулт өгөөгүй болно.

   ... Кадастрын хэлтсийн үндсэн чиг үүргийг Ашигт малтмалын тухай хуулиар тодорхой хуульчилсан ба хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх шийдвэрлэх” мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “... энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан байна.

   Хэдийгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим өргөдлийн дагуу өгдөг практик тогтсон ч гэсэн 2006 оны 07 сарын 08-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулиар өргөдлийг аль ч хэлбэрээр гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтойгоор зохицуулсан гэж ойлгож байна. Энэхүү зохицуулалт нь хүчингүй болоогүй, хуульд цахимаар өргөдөл авах тухай тодорхойлоогүй байна.

... Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж нь сонирхлын дагуу хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авч болох тухай Ашигт малтмалын тухай хуулиар эрх олгосон байна. Гэтэл Төрийн захиргааны байгууллага хуульд заасан үндэслэл, журмаас гадуур иргэд, аж ахуйн нэгжийн өргөдлийг хүлээн авахгүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа, энэ талаар тодорхой тайлбараа амаар болон бичгээр өгөхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй мөн бөгөөд бидний эрх, ашиг сонирхол буюу Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т тусгаж өгсөн хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хуульд заасан чиг үүргийн дагуу өргөдлийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. 

     Иймд, Х******* аймгийн Х******* сумын нутагт Ц******* т******* нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан манай өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. 

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна”, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан. Энэ хуулиар Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүргийг тодорхой зааж өгсөн гэж хариуцагч хэлсэн. Үүнд уг хуулийн 9 дүгээр зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг зааж өгсөн.  9.1.1-д “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах асуудал юм. 

     Төрийн захиргааны төв байгууллагын буюу яамны эрх, үүргийн хувьд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах ажилл*******ы үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох” гэсэн эрхүүдтэй.

     Зарим захиргааны байгууллагын чиг үүрэг буюу Ашигт малтмал, газрын тосны газрын чиг үүрэгт 11 дүгээр зүйлийн 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх” гэж заасан байгаа.

     Ашигт малтмалын өргөдөл авах журмыг 17, 18, 19 дүгээр зүйлүүдэд дэлгэрэнгүй зохицуулсан. Яамдууд гарсан хуулийг илүү боловсронгуй болгох үүднээс захиргааны хэм хэмжээний актуудыг гаргах ёстой. Хуулиар зохицуулсан эрхийг хуулиар хүчингүй болгох эрх нь Улсын Их Хурлын халдашгүй бүрэн эрхэд хамаардаг байтал агентлагийн дарга тушаал гаргаж уг харилцааг зогсоох боломжгүй. Засгийн газар болон Яам, Хэрэгжүүлэгч агентлаг нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актыг гаргаагүй. Уг актын хүрээнд цахимаар олгоно гэсэн асуудлыг шийдсэн бол энэ маргааны асуудал үүсэхгүй байх байсан. 2015 оноос 2017 он хүртэл нийтэд чиглэсэн захиргааны акт гараагүй Яамны бүрэн эрхэд хамаарах үнэ тарифыг 15 дугаар тоот тогтоолоор баталсан.

      Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4, 67 дугаар зүйлийн 67.2, 67.3-т захиргааны хэм хэмжээний актыг хэрхэн батлахыг тодорхой зааж өгсөн байгаа. Ашигт малтмалын өргөдөл хүлээж авах, эс хүлээж авах дээр хэм хэмжээний акт гаргаагүй бөгөөд хуулиас давсан хэм хэмжээний актыг тогтоож, хуулиар зохицуулсан харилцааг хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль тогтоомжийг зөрчиж байна. Бидний зүгээс Засгийн газрын болон эрх бүхий Яам, Хэрэгжүүлэгч агентлагийн зүгээс хуулийн үйлчлэлийг илүү нарийвчлан зохицуулсан хэм хэмжээний акт гаргаагүй учраас үүнийг хууль бус эс үйлдэхүй гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв. 

      Хариуцагч ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

      “...”М” ХХК-ийн гаргасан Х******* аймгийн Х******* сумын нутагт Ц******* т******* нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хариу тайлбар гаргаж байна.

      Нэг. Нэхэмжлэгчийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгож аж ахуйн нэгж байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхийг Ашигт малтмалын тухай хууль болон эрх бүхий байгууллагаас баталсан журамгүйгээр хязгаарлаж байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

      Ашигт малтмалын асуудлаар төрийн холбогдох байгууллагуудын бүрэн эрхийг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заасан байдаг.

   ...Хуулиар олгогдсон дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаал гарсан бөгөөд уг тушаалд “1.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг тус тус хавсралтаар тогтоосугай. 2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газар /Ч.Т/, Ашигт малтмалын газар /Д./-т тус тус үүрэг болгосугай” гэж заасан байна.

    Хоёр. ... Төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын хуралдаанд Уул уурхайн сайдын 2015 оны 1/85 албан бичгээр танилцуулга хүргүүлсний үндсэн дээр шийдвэрлүүлсэн бөгөөд тэдгээрээс хэлэлцэж зөвшөөрсний дагуу Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бодлогын хүрээнд нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр уртрагаас баруун тийших хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн.

    Энэ талаар Уул уурхай яам болон Ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд нээлттэй зарлан мэдээлсэн бөгөөд уг мэдээллийг Ашигт малтмалын газрын вэбсайт /www.mram.gov.mn/-д 2014 оны 09 дүгээр сарын 16, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр болон 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ”, “Ашигт малтмалын газраас мэдээлж байна” нэртэйгээр байршуулж, олон нийтэд мэдээлж сурталчлах ажлыг зохион байгуулсан.

   Эдгээр шийдвэр, мэдээллүүдийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан чиг үүргийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 104 дүгээр уртрагаас баруун хэсгийн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн.

   Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар дээрх ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцээд 104 дүгээр уртрагийн зүүн талд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгон, нутгийн удирдлагатай нь зөвшилцсөний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрлийг зохих хууль тогтоомжийн дагуу олгох арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Р.н даалгасан.

    Засгийн газрын дээрх хуралдааны шийдвэрийн дагуу Ашигт малтмалын газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгохдоо 104 дүгээр уртрагийн баруун талд тусгай зөвшөөрөл олгосон ажлын явцад гарсан аливаа алдаа дутагдлыг давтахгүй байх, техникийн нөхцөлийг сайтар хангуулах ажлыг зохион байгуулсны үндсэн дээр 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цахим дугаарыг олгож, өргөдөл хүлээн авах ажлыг явуулж эхэлсэн.

    Гурав. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16 дахь хэсэгт “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх" чиг үүргийг Кадастрын хэлтэст хамааруулсан тул мөн хуулийн 17, 18, 19 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэхээс гадна Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12. дахь хэсэгт “бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ” заасны дагуу хүлээн авч бүртгэн, дарааллын дагуу шийдвэрлэж байгаа билээ.

     Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаас үзвэл өргөдлийг “дарааллын дагуу шийдв*******э” гэсэн нь Кадастрын хэлтэс дарааллын хэлбэрийг өөрөө тогтоох эрхтэй бөгөөд дугаар олгох төхөөрөмжөөр тасалбар тараан дугаар олгох, очерлуулан/ээлжлэх/ дугаарлах, цахимаар дугаар олгох гэх мэт аливаа хэлбэрийг сонгож болно гэсэн зохицуулалтыг агуулж байна.

     Мөн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны 12.1 дэх хэсэгт “Төрийн бүх байгууллага өргөдөл, гомдол гаргагчийг хүлээн авч уулзах байр, өргөдөл, гомдол хүлээн авах цагийн хуваарийг тогтоож, нийтэд мэдэгдэнэ..” гэж заасны дагуу Ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгохыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэлийн бага хурал хийн мэдээлж, өөрийн цахим хаягт байршуулсан.

      Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

      Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      “М” ХХК нь “Х******* аймгийн Х******* сумын нутагт Ц******* т******* нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

      Нэхэмжлэгч “М” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний ажилтанд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг холбогдох баримтын хамт  гаргасан боловч хүлээж аваагүй гэж тайлбарлаж байх ба хариуцагчаас “цахим хэлбэрээр өргөдлийн дугаар аваагүй бол нэг цэгийн үйлчилгээний ажилтан өргөдлийг хүлээж авах боломжгүй” хэмээн тайлбарлаж “өргөдлийг хүлээн авч бүртгээгүй” тухайд маргахгүй байна. 

      Харин нэхэмжлэгч талаас “хариуцагч нь хуулиас давсан зохицуулалт бий болгож манай байгууллагын өргөдлийг хуульд заагаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байгаа эс үйлдэхүй нь хууль бус” гэж, хариуцагч талаас “нэхэмжлэгч байгууллага нь цахимаар өргөдлийн дугаар аваагүй тул өргөдлийг хүлээж авах боломжгүй” гэж тус тус маргажээ. 

     Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “...өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх”, мөн зүйлийн 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын ... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж заасны дагуу хариуцагч Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь шаардлага хангасан хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй байх бөгөөд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т өргөдлийг “батлагдсан маягт”-ын дагуу гаргахаар зохицуулсан байгаагаас үзвэл “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахад цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох тухай холбогдох хуулиар зохицуулаагүй” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

      Гэвч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар “хуулийн этгээдийн өргөдөл гомдлыг хүлээж авах газар, байр, цагийн хуваарийг тогтоох” асуудал нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарахаар байх бөгөөд Ашигт малтмалын газрын даргын 2015 оны а/07 дугаар тушаалаар баталсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажилл*******ы дотоод заавар”-ын “Гурав” зүйлийн 3.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл бүртгэх асуудал хариуцсан мэргэжилтэн нь цахимаар олгогдсон өргөдлийн дугаарын дагуу, заасан цагт өргөдлийг хүлээн авна” гэж заасан нь “өргөдлийг хүлээж авах дараалал, цагийн хуваарь”-ийг цахимаар олгох  агуулгатай байна.

      Дээрхээс үзвэл, Хууль тогтоогчоос ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх эрх хэмжээг Ашигт малтмалын тухай хуулиар, харин тухайн өргөдлийг хүлээж авах журмыг тогтоох эрх хэмжээг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар тус тус захиргаанд олгосон байх тул хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын газрын даргын 2015 оны а/07 дугаар тушаалаар батлагдсан “...заавар”-ын хүрээнд нэхэмжлэгч байгууллагын өргөдлийг хүлээн авч бүртгээгүйд хариуцагчийг буруутгах боломжгүй байна. 

      Өөрөөр хэлбэл, хариуцагч Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь М-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ерөөсөө хүлээж авахгүй гэж татгалзаагүй байх бөгөөд зөвхөн “та тогтоосон журмын дагуу цахим хэлбэрээр өргөдлийн дугаар аваад өргөдлөө өгөх боломжтой” гэж татгалзсан нь тухайн байгууллагаас иргэд хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлтийг хүлээж авахтай холбоотой тогтоосон дотоод зохион байгуулалтын ажлын хүрээнд хийгдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

      Нөгөө талаас, “.....сайдын эрхлэх асуудлын хүрээнд хууль хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ хүргэх” үндсэн чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болохынхоо хувьд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Агентлаг нь дараахь нийтлэг асуудал эрхэлнэ:”, 7.1.1-д “хууль тогтоомж, ... Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” гэж заасны дагуу дээд шатны төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул сайдын хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа тушаалыг хэрэгжүүлж ажилласанд мөн хариуцагчийг буруутгах боломжгүй юм. Учир нь:

      Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас “...тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох системийг олон нийтэд танилцуулах, сургалт сурталчилгаа зохион байгуулахыг Уул уурхайн сайдад даалгав”  гэж шийдвэрлэсний дагуу Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалаар  “...өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох,... үйлчилгээний хөлсний хэмжээ”-г тогтоосон нь “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авах цагийн хуваарийг цахим хэлбэрээр олгох” гэсэн агуулгатай байх тул нэхэмжлэгч нь бусад хуулийн этгээдийн адил цахим хэлбэрээр өргөдлийн дугаар авсны үндсэн дээр өргөдлөө гаргах боломжтой байна. 

      Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь ийм дугаар аваагүй атлаа “...тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахад цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох тухай холбогдох хуулиар зохицуулаагүй” хэмээн тайлбарлаж салбарын хэмжээнд болон захиргааны байгууллага дотоод үйл ажилл*******даа мөрдлөг болгохоор тогтоосон журмыг мөрдөхгүй байхыг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй.

      Түүнчлэн дээрх тушаал нь Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн сангийн 3515 дугаарт бүртгэгдсэн, уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзах тухай” 415 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн зэргээс үзвэл Уул уурхайн сайдын 2015 оны 15 дугаар тушаалыг хэрэгжүүлж ажилласанд хариуцагчийг буруутгах боломжгүй юм.   

       Иймд, “Мо” ХХК-ийн өргөдлийг хүлээж аваагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй байх тул “М” ХХК-ийн “Х******* аймгийн Х******* сумын нутагт Ц******* т******* нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан манай өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 11.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Х******* аймгийн Х******* сумын нутагт Ц нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан манай өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.МӨНХЗУЛ