Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/00642

 

Ш.Чгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02386 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2595 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ш.Ч

          Хариуцагч: Бнд холбогдох

          Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны  102/ШШ2015/7381 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016 оны  278 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 001/ХТ2016/00641 дүгээр тогтоол иргэний хэрэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа талаар  тус албанаас 2016-09-06-ны өдөр зарлан дуудах хуудас ирүүлсэн тул мэдсэн. 2016-09-13-ны өдөр Б.Сод-Эрдэнэд итгэмжлэл олгож гүйцэтгэлийн ажиллагаанд оролцуулснаар ямар ажиллагаа хийгдэж байгааг мэдсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа зөрчил гаргасан байна.  Шүүхийн шийдвэрт  4 өрөө орон сууц, авто зогсоол, автомашиныг   Ш.Ч үлдээж шийдвэрлэсэн байтал гүйцэтгэх хуудаст  шийдвэрээс илт зөрүүтэй буруу бичигдсэн ч 2016-08- 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн. Хариуцагч алдаатай бичигдсэн гүйцэтгэх хуудсыг засуулж  ажиллагааг үүсгэсэн гэх боловч үүнийг баримтаар нотлоогүйгээс гадна өөрөөр бичигдсэн гүйцэтгэх хуудас байхгүй болсон байна.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11.2-т зааснаар буцаах ёстой байсан ч ийм  тогтоол гараагүй байна. Энэ нь мөн хуулийн 12.2-г зөрчсөн. Үндэслэлгүйгээр үүсгэсэн тогтоолын дагуу 2016-08-15-ны өдрийн 3/5389 дүгээр албан тоотоор миний өмчлөлийн орон сууц, авто зогсоол, тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг хязгаарлах бичиг явуулж, улмаар 2016-09-13-ны өдрийн 208/04, 208/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36.1-д зааснаар битүүмжлэх, барьцаалахад   мэдэгдсэн байх ёстой. Мөн хуулийн 53.1, 53.3-д төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах дарааллыг заасан байдаг. Гэтэл хуульд заасан дарааллыг зөрчиж  шууд бусдын өмчлөлд халдаж шууд битүүмжлэх ажиллагаа хийсэн. Дээрх ажиллагааг эс зөвшөөрч тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад гомдлыг хүлээж авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд Б шийдвэрийг биелүүлэхээр ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн тул миний өмчлөлийн орон сууц, авто зогсоол, тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 2016-08-15-ны өдрийн 3/5389 албан тоот, 2016-09-13-ны өдрийн 208/04, 208/01 дугаар тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2015/7381 дүгээр шийдвэрээр 4 өрөө орон сууц, Б-16 тоот автозогсоол болон 73-33 УНР дугаартай, Ниссан кашка маркийн автомашиныг Ш.Ч өмчлөлд үлдээж, Ш.Ч 166.624.550 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 109 дугаартай гүйцэтгэх хуудсанд заасны дагуу төлбөрийг гаргуулах 2016-09-06-ны өдөр 208/01 дугаартай зарлан дуудах мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлсэн. Ирээгүй тул 2016-09-13-ны өдөр 208/02 дугаар зарлан дуудах мэдэгдэл, 208/03 дугаартай шүүхийн тогтоол, шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг өгч мөн 208/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор орон сууцыг, 208/04 дугаар тогтоолоор  тээврийн хэрэгсэл болон авто зогсоолыг битүүмжилсэн. Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36.1.1, 36.2 хуульд заасны дагуу явагдсан. Хан-уул дүүргийн шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 109 дугаартай гүйцэтгэх хуудас шүүхээс ирэхдээ анх техникийн алдаатай бичигдэж ирсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11.2-т заасны дагуу буцаасан. Улмаар гүйцэтгэх хуудас засварлагдаж ирснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02386 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.3-т заасныг баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2015/7381 дүгээр шийдвэрийг биелүүлэхээр явуулсан, Б 2016-09-13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 208/01, 208/04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс 2016-08- 15-ны өдрийн 3/5389 дүгээр албан тоотыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 181/ШЗ2016/07276 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2595 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02386 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2015/7381 дүгээр шийдвэрийг биелүүлэхээр явуулсан, Бны 2016-08- 15-ны өдрийн 3/5389 албан тоотоор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамж, Оддын хотхоны 37б байрны 16 тоотод байрлах 4 өрөө орон сууц, тус хаягт байрлах 47 дугаар байрны Б-16 тоотод байрлах автомашины зогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг, 2016-09-13-ны өдрийн 208/01 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамж, Оддын хотхоны 37б байрны 16 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн тогтоол, 2016-09- 13-ны өдрийн 208/04 дугаар тогтоолоор 77-33 УНР улсын дугаартай, Ниссан Кашка маркийн автомашин, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамж, Оддын хотхоны 47 дугаар байрны Б-16 тоотод байрлах автомашины зогсоолыг тус тус битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангажээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7381 дугаар шийдвэрээр 4 өрөө орон сууц, автомашины зогсоол,  тээврийн хэрэгсэл зэргийг Ш.Чгийн өмчлөлд үлдээж, Ш.Чгээс 166.624.550 төгрөг гаргуулан Д.Түвшинжаргалд, хариуцагч Д.Түвшинжаргалаас 10.300.000 төгрөгийг гаргуулан Ш.Чд олгохоор тус тус шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу бичигдсэн 109 дугаартай гүйцэтгэх хуудсанд заасан төлбөр гаргуулах ажиллагааг 2016-08-08-ны өдөр ажиллагааг үүсгэн, 2016-09-06-ны өдөр 208/01 дугаартай зарлан дуудах мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлэхэд ирээгүй тул 208/02 дугаартай зарлан мэдэгдэл 208/03 дугаартай төлбөр төлөх мэдэгдэл өгсөн. 208/01 дугаартай дээрх орон сууц, гарааш, 208/04 дугаартай тогтоолоор 73-33 УНР дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Сүхбаатар дүүргийн шүүхэд 109 дүгээр гүйцэтгэх хуудас зөрүүтэй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн нь буруу талаар гомдол гарган ажиллагааг явуулахгүй байхыг даалган, 2016-11- 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар 07276 тоотоор ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны /2002 оны хуулиар хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ дагуу эд хөрөнгийг хөндлөнгийн гэрч оролцуулахгүйгээр битүүмжлэн, тогтоол тэмдэглэл үйлдсэн нь хууль зөрчөөгүй тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

        ХЯНАВАЛ :

       Ш.Ч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг шаардсан байна. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс эд хөрөнгө битүүмжлэх тухай 2016 оны 208/01, 208/04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, 2016 он 3/5389 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, Ш.Чгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/7381 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 001/ХТ2016/00641 дүгээр тогтоолоор  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпын гудамж, Оддын хотхоны 37Б байрны 16 тоот 122 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, 47 дугаар байрны Б-16 тоот автомашины зогсоол, 73-33 УНР дугаартай Ниссан кашка автомашиныг Ш.Чгийн өмчлөлд үлдээж, Ш.Чгээс 166.624.550 төгрөгийг гаргуулж Д.Т, Д.Т 10.300.000 төгрөг гаргуулж Ш.Чд олгохоор шийдвэрлэжээ. 

      Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 109 дугар гүйцэтгэх хуудас бичигдэж /хх 54/ хариуцагч 2016 оны 08 дугаар  сарын 08-ны өдөр 625 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд төлбөрийн асуудлаар Бнд 2016 оны 09 дүгээр сарын 07,14-ны өдөр хүрэлцэн ирэх тухай “зарлан дуудах хуудас”-г 2016 оны 09 дүгээр сарын 06, 13-ны өдөр /хх 7, 63/ төлбөр төлөгчид хүргүүлж, шүүхийн шийдвэрийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр биелүүлэхийг 2019-09-13-ны өдрийн 208/03 дугаар албан бичгээр мэдэгдэж /хх 62/., 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр эд хөрөнгийг битүүмжлэн 208/04, 208/01 дугаар тогтоол /хх 26-27, 60-61/, тэмдэглэл /хх 65/ гаргаж,  орон сууц, автомашины зогсоолыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлүүлэхийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3/5389 албан бичгээр /хх 25/ бүртгэлийн байгууллагад мэдэгдсэн  нь тогтоогдсон  байна.

       Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2015/7381 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2016 оны  001/ХТ2016/00641 дүгээр тогтоолд Ш.Чгээс мөнгө гаргуулахаар заасан байхад хариуцагч төлбөр төлөгчийн эд хөрөнгийн талаар хуульд заасан журмаар мэдээлэл олж авах, төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах данснаас хасалт хийх зэрэг ажиллагааг хийхгүйгээр шууд битүүмжлэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 34, 53 дугаар зүйлийг зөрчжээ. 

        Хариуцагч хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны /хуулийн дагуу явуулаагүй байх тул магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2595 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ