Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/99

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Г-н М-д холбогдох эрүүгийн 1917001900095 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 14-нд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум,  дугаар баг,  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэх Б-н овогт Г-н М-н /РД: ЗВ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Г.М-н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 137 тоот хашааны гадаа хохирогч У.Б-тэй “хоёр хүүхэд авч явах гэлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн гар руу шилэн аягаар цохих, шанаан тус газар нь гараараа цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 137 тоот хашааны гадаа хохирогч У.Б-тэй “хоёр хүүхэд авч явах гэлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний зүүн гар руу шилэн аягаар цохих, шанаан тус газар нь гараараа цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Г.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би эхнэрийн эгчийн хүү Б-г зодсон асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө хүүхдээ эмнэлэгт үзүүлчихээд найз Х-н гэрт хоёр хүүхэдтэйгээ хамт очсон. Х-н гэрт очоод хоол идчихээд нилээн байж байгаад Х-тэй хамт дэлгүүр ороод 0.5 литрийн Соёрхол нэртэй 2 шил архи аваад Х-н гэрт очоод хувааж уусан. Тэгээд би архи уугаад согтсон байсан. Би зарим зүйлийг сайн санахгүй байгаа юм. Маргааш Б-с сонссон. Би эхнэрийн эгчийн хүүхэд Б рүү утсаар яриад би хоёр хүүхэдтэйгээ Ханангийн эгнээнд айлд байна, ирж ав гэж хэлсэн байсан. Би Х-н гэрээс шилэн стакан барьж гарч ирээд тэрийгээ Б зүүн гар луу цохиод зүссэн байсан. Мөн шанаа руу нь гараараа цохисон байсан. Тэгээд Б-тэй зууралдаж байхад нь Х-н эхнэр Ш гарч ирээд намайг салгаж аваад гэртээ оруулсан гэсэн. Би өөрөө сайн санахгүй байгаа юм. Б-н биед учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

1.3. Хохирогч У.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчим Сүмбэр сумын 3 дугаар багт байрлах авто граж дотроо машиндаа юм хийгээд байж байсан чинь манай ээжийн төрсөн дүүтэй суусан М ах над руу утсаар залгаад би хоёр хүүхэдтэйгээ хамт Ханангийн эгнээнд айлд байна, намайг ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тэр айлынх нь гадаа очоод сигнал дарсан чинь М ахын 10, 12 настай хоёр охин нь түрүүлж гарч ирээд машины арын суудал дээр суусан. Тэгтэл М ах араас гарч ирээд миний машины жолооч талын хаалган дээр ирээд хаалгыг өөрөө гаднаас нь онгойлгоод чи манай хүүхдүүдийг хааш нь авч явах гээд байгаа юм бэ гэж хэлээд гартаа барьж явсан өнгөгүй шилэн стаканаараа намайг цохихоор би зүүн гараараа хаасан чинь миний зүүн гарын дунд хурууны гадна хэсэгт цохигдоод хоёр газар зүсэгдсэн. Тэгээд нөгөө аяга нь хагарсан. Би тэр үед машинаас буугаад М ахын аяганы хагархай барьсан гарыг нь сугандаа хавчуулж байгаад гараас нь тэр аяганы хагархай хэсгийг авч хаясан чинь миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиод заамдаад чи миний хоёр охиныг авч явах ёстой юм бэ гээд дахин дахин асуугаад байсан. М над руу дайраад байж байх хооронд М ахын хүүхдүүдтэйгээ байсан айлаас нэг эмэгтэй гарч ирээд болиоч, чи өөрөө наад хүүхдээ дуудсан биз дээ гээд М ахад хандаад хэлсэн. Тэр үед нь би М ахыг газар унагаад дээр нь гараад надаас зуурсан байсан гарыг нь тавиулаад за тэгвэл танай хоёр хүүхдийг авч явахаа болилоо, та өөрөө намайг дуудсан биз дээ гэж хэлээд босоод ирсэн чинь тэр айлаас гарч ирсэн эмэгтэй М ахыг цааш нь татаад явах хооронд нь би машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн. Намайг газраас босоод ирэх үед М ахын хоёр хүүхэд машинаас буугаад ирсэн байсан. Би тэр хэдийг орхиод ганцаараа явж байсан чинь Я эгч над руу утсаар залгаад яасан, явчихсан уу гэж асуухаар нь би үгүй гээд би болсон асуудлыг хэлсэн. Үүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй. Би тэндээсээ хонхорт очоод байж байсан чинь манай Я эгч над руу утсаар ахиж залгаад М ахыг цагдаа дуудаад өгсөн, чам руу цагдаа ярих байх, мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаагаас намайг гэрчийн мэдүүлэг авсан.

М тухайн үед согтуу байсан. Өөрийнхөө гаргаж байгаа үйлдлийг ухамсарлаж чадахгүй байна гэж би дүгнэж байсан. М хаана хэнтэй хэдэн шил архи уусан талаар нь надад мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан.

Надад М-д хандан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

1.4. Гэрч Г.Я мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой гэртээ байж байсан чинь М-н хоёр хүүхэдтэйгээ байсан айлын эмэгтэй над руу мессеж бичээд танай дүү Б-г М зодоод гэсэн утгатай мессеж бичсэн байхаар нь би М-н ээж миний дүү Б рүү утсаар залгаад танай хүүхдийг М зодоод байна гэнэ би очих боломжгүй чи өөрөө очиж арга хэмжээ ав гэж хэлсэн. М тухайн Ханангийн эгнээнд байсан айлдаа өдөржингөө архи уугаад байж байгаа талаараа надад хэлж байсан. Над руу тэр өдөр хэд хэдэн удаа залгаж Солонгос Улсад байгаа эхнэртэйгээ чатаар холбогдож хэрэлдэж маргалдсан талаараа хэлж ярьж байсан. М-н байсан айлын хүнийг Х гэдэг хүн байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

1.5. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой манай хүргэн М хоёр хүүхдээ аваад айлд очсон байна, М өөрөө согтуу байна, танай хүү Б-г М-н хоёр хүүхдийг авах гээд очсон чинь зодсон гэж байна гэж хэлэхээр би шууд 108 дугаарын утсанд дуудлага өгсөн. Тэрнээс хойш нилээн удсаны дараа Я эгчтэй хамт М-н байсан Х-н гэрт очиход манай хүүхэд Б болон М-н хоёр хүүхэд байгаагүй. Цагдаа нар ирчихсэн М-г авч явах гээд байж байсан. Би Х-н эхнэр Ш-с /нэрийг нь мэдэхгүй Ш гэж дууддаг/ юу болсон талаар асуухад М хоёр хүүхдээ явуулахгүй байсан гэж хэлсэн. М өөрөө манай хүү Б рүү залгаж манай хоёр хүүхдийг ирээд ав гэж дуудсан гэж байсан. М манай хүү Б-г хүүхэд авч явах гэлээ хүүхдээ өгч явуулахгүй гэдэг шалтгааны улмаас зодсон юм шиг байгаа юм. Б М-д зодуулаад зүүн гар хоёр зүсэгдсэн харагдсан. Өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Б, М нар урьд өмнө нь хоорондоо маргалдаж муудалцаж байгаагүй. Энэ хоёрын дунд ямар нэгэн өглөг авлага өс хонзонгийн асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

1.6. Гэрч А.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай нөхөр Х, М нар архи уусан гээд хамт байж байсан. Мөн манай хоёр хүүхэд, М-н хоёр хүүхэд хамт байсан. М манай нөхөр Хг нар хамт хоёр шил архи хувааж уусан байсан. Хоёулаа нилээн согтсон байсан. М гэрт байж байхдаа өөрийнхөө эхнэрийн эгчийн хүүхэд Б рүү утсаар залгаад Х-н гэрт ирээд ав гээд дуудаад байсан. Тэгсэн удалгүй Б ирсэн чинь М-н хоёр хүүхэд гэрээс гараад машинд нь суусан байсан. М хоёр хүүхдийнхээ араас гэрээс гарсан. Удалгүй гадаа хүмүүс чанга дуугараад муудалцаад байх шиг болохоор нь гарсан чинь М, Б хоёр хоорондоо муудалцаад барилцаад авчихсан зогсож байхаар нь би салгаад М хоёр хүүхдийнх нь хамт гэртээ оруулсан. М, Б нар миний хажууд бие биенийгээ цохисон  зодсон зүйл байхгүй. М-г хоёр хүүхдийнх нь хамт гэртээ байлгаж байгаад хүүхдүүдийг нь зам дээрээс таксинд суулгаад Я эгчийнхээ гэрт очоод байж бай, аав чинь араас нь очино гэж хэлээд явуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

1.7. Гэрч Д.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн орчим М бид хоёр манай гэрт хоол унд хийж идчихээд манай гэрт бид хоёр 0.5 граммын Соёрхол нэртэй архи авч хувааж уугаад оройхон М, дүү Б-р манай гэрээс авахуулахаар дуудсан юм байна лээ. Би тухайн үед уусан архиндаа нилээн согтсон байсан. Би гэртээ унтах гээд хэвтэж байсан чинь манай гэрт цагдаа нар ирээд намайг цагдаа дээр авч ирж эрүүлжүүлэх байранд хонуулсан. Би тухайн үедээ юу болсон гэдгийг мэдээгүй. Цагдаа дээр ирээд эрүүлжүүлэх байранд хоноод маргааш өглөө нь М-г дүү Б-тэй муудалцсан гэдгийг өөрийнхөө эхнэр Ш-с мэдсэн. М манай гэрээс хэзээ гарсан, гэрээс гарахдаа ямар нэгэн зүйл барьсан эсэхийг мэдээгүй. Миний хувьд М, Б нарыг юунаас болж хоорондоо маргалдсан муудалцсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Дээрх хүмүүс урьд өмнө нь миний хажууд хоорондоо маргалдаж муудалцаж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

1.8. Насанд хүрээгүй гэрч М.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би аав М дүү М хоёрынхоо хамт 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр аавын найз Х ахын гэрт очоод тэндээ байж байхад манай аав М, Х ах нар архи уусан. Үдээс хойш оройхон манай аав Мн согтоод манай ээжийн дүү Б ахыг утсаараа өөрөө дуудаад бид гурав Х ахынд нь байна, ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд Б ах удалгүй машинтайгаа гадаа ирээд сигнал дарсан. Тэгэхээр нь би дүүгээ дагуулаад явах гээд гараад Б ахын машины хойд суудал дээр нь суугаад байж байсан чинь манай аав гарч ирээд Б ах руу чи манай хоёр хүүхдийг авч явах гэлээ гээд муудалцаад байсан. Тэгтэл Х ахын эхнэр Ш эгч гэрээсээ гарч ирээд манай аав, дүү бид гуравыг аваад гэртээ орсон. Тэгээд байж байгаад Ш эгч манай дүү бид хоёрыг таксинд суулгаж өгөөд бид хоёр хонхорт гэртээ ирсэн. Манай аав М, ах Б-тэй муудалцаад хаана нь юугаар цохисон гэдгийг хараагүй. Манай дүү бид хоёр машин дотор сууж байсан. Айгаад тэр хоёр луу харж чадаагүй. Манай аав М, Б ахтай урд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. Б ах бид нарыг авах гэж ирэхдээ биед нь ямар нэгэн шарх харагдаагүй. Б ах тухайн үед манай ааваас өөр хэн нэгэн хүнтэй муудалцаагүй. Манай ээж Н 2019 оны 01 дүгээр сард Солонгос улс руу явсан. Одоо тэндээ ажиллаж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

1.9. Насанд хүрээгүй гэрч М.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай аав М эгч А хоёрынхоо хамт 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр аавынхаа найз Х ахын гэрт очоод тэндээ тоглож байхад манай аав М, Х ах нар архи уусан. Хэдэн шил ямар архи уусан гэдгийг нь мэдэхгүй. Орой 19 цаг өнгөрч байхад манай аав М согтоод манай ээжийн дүү Б ах руу утсаараа залгаад бид гурав Х ахынд нь байна ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд Б ах удалгүй машинтайгаа гадаа ирээд сигнал дарсан. Тэгэхээр нь би эгчтэйгээ хамт гэр лүүгээ явах гээд гараад Б ахын машины хойд суудал дээр нь суугаад байж байсан чинь манай аав гарч ирээд Б ах руу чи манай хоёр хүүхдийг авч явах гээд байна гэж хэлээд муудалцсан. Тэгтэл Х ахын эхнэр Ш эгч гэрээсээ гарч ирээд манай аав, манай эгч бид гурвыг аваад гэртээ оруулсан. Тэгээд гэртээ удалгүй Ш эгч, манай эгч бид хоёрыг зам дээрээс таксинд суулгаж өгөөд бид хоёр хонхорт гэртээ хариад аав тэндээ үлдсэн. Манай аав М ах Б-тэй муудалцаад зодохыг нь хараагүй. Би айгаад харж чадаагүй. Манай аав М, Б ахтай урьд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. Манай ээж Н 2019 оны 01 дүгээр сард Солонгос Улс руу явсан. Одоо тэндээ ажиллаж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

1.10. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 324 дугаартай дүгнэлтэд:

- У.Б-н биед зүүн гарын 3-р хуруунд урагдсан шарх, хүзүү цээжинд цус хуралт гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2019.10.31-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Уг гэмтлүүд нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

1.11. Г.М-н согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.М-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Г.М нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааг зохистой хэрэглээгүйгээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Г.М-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Г.Я мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

М архи уухаа их догшин, ширүүн авиртай. Эрүүл саруул байхдаа архи уусан шигээ авир гаргаад байдаггүй. Одоо М-н хоёр хүүхдийг манай дүү Б тэдний гэрт нь хараад байж байгаа. М Өмнөговь аймагт нүүрс зөөдөг, том машин барьдаг ажил хийдэг. М-н зүгээс хүүхдүүддээ тавих анхаарал халамж сулхан, гэхдээ хаясан, орхисон, үр хүүхдээ дарамталж шахаад зовоогоод байдаг хүн биш... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

2.2. Гэрч А.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би М 2008 оноос хойш танина. Гэр бүлийн найзууд байгаа юм. М-н эхнэр нь одоо Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. М их гайгүй. Найз нөхөд болон гэр бүлдээ их анхаарал халамжтай байдаг. М-н хувьд Өмнөговь аймагт машин барьдаг. Үр хүүхэд эхнэрээсээ хол ажиллаж амьдралын төлөө зүтгэж яваа эр хүн юм. Хүн чанар сайтай... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

2.3. Гэрч Б.Хг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би М-г 2009 оноос хойш мэднэ. Гэр бүлийн найзууд байгаа юм. М эхнэр хоёр хүүхэдтэй. Эхнэр нь одоо Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. М найз нөхдийн дунд төлөв даруу зантай. Архи бага зэрэг уудаг. Архи уухаараа найз нөхдийн дунд ямар нэгэн асуудал гаргадаггүй. Ар гэртээ ч гэсэн ямар нэгэн асуудал гаргалаа гэж дуулдаж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

2.5. Хохирогч У.Б-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

2.6. Шүүгдэгч Г.М-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

2.7. Г.М-н гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

2.8. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-55 дугаар хуудас/,

 

2.9. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-64 дүгээр хуудас/,

 

2.10. Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 67 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Г.М нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн байхад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан нь учир дутагдалтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны заримд нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг бичиж, шүүгдэгч Г.М-д танилцуулж, шүүхэд гаргасан байна.

 

Иймд шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-н М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-нд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ЭНХМАНДАХ