Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/101

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д-н Б-лд холбогдох эрүүгийн 1917002090096 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 15-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дугаар баг,  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

- Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны  05 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор  /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б овогт Д-н Б /РД:ЕЙ/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, Шивээгийн 01 тоотод хамтран амьдрагч Г.А-г бусадтай хардсаны улмаас түүнийг газарт унагаж дэвсэх, өшиглөх, гараараа цохих, зуухны тагаар толгой руу нь цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, Шивээгийн 01 тоотод хамтран амьдрагч Г.А-г бусадтай хардсаны улмаас түүнийг газарт унагаж дэвсэх, өшиглөх, гараараа цохих, зуухны тагаар толгой руу нь цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сарын 24-нд Г.Алтанбаатар бид хоёр Э-ы гэрт очсон. Тэгэхэд Г.А миний хажууд нэг хүүхэн үнсээд хайраа гэсэн. Тэгэхэд нь миний уур хүрээд ийм хэрэг хийсэн гэв.

 

1.2. Шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө А бид хоёр А-н гэр болох Чойрын 15 тоотод хоносон юм. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө 11 цагийн үед А миний Хаан банкны картыг аваад Баян-Уул дэлгүүрээс нэг шил Хараа нэртэй 0.75 граммын архи авчирсан. Тэгээд А-н авчирсан архийг задлаад А бид хоёр жижиг аягаар нэг нэг татаад байж байсан чинь гаднаас Б гэх хүүхэн ороод ирсэн. Тэгээд Б, А бид гурав нөгөө архиа хувааж ууж дуусгаад Б явлаа гээд гараад явсан. Хаашаа явсныг мэдэхгүй. Тэгээд манай хамтран амьдрагч А бид хоёр гэртээ хэсэг байж байгаад Шивээгийн эгнээнд байдаг А-н эгчийн хүүхэд М-нд очиж нохой үзье гэж бодоод гэрээсээ гараад М-нд очиход гэр нь эзгүй байсан. Тэгээд М-н гэрээс гараад явж байтал С, түүний эхнэр Ү хоёртой таарсан. С, Ү хоёр гартаа торонд нэг шил архи хийгээд барьсан явж байсан. Тэгээд С, Ү, А бид дөрөв Шивээгийн 1 тоотод байх Ч-н гэрт очсон. Ч-н гэрт очиход Ч гэртээ ганцаараа согтуу сууж байсан. Тэгээд Ү торонд хийж барьсан байсан Ерөөл нэртэй 0.75 граммын архи гаргаж ирээд бид тав хувааж уусан. Ү архи аягалж байгаад архи дуусчихлаа гээд нөхөр С-тай хамт Ч-н гэрээс гараад явсан. Удалгүй Ү Ч гэрт ганцаараа ороод ирсэн. Түүний араас Б ороод ирсэн. Тэгээд Ч, А, Б, Ү бид тав юм яриад сууж байтал хамтран амьдрагч А Б тэвэрч аваад үнсээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд А-г болиоч намбатай бай гэхэд болихгүй тэвэрч аваад маяглаад байхаар би заамдаж аваад мушгиж унагаад дээрээс нь зүүн талын хавирга хэсэг дээр нь 2 удаа дэвсээд мөн зүүн хавирга руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд босгож ирээд зүүн талын нүд рүү нэг удаа баруун гараа атгаж байгаад цохиод гэрийн гол байсан зуухны дээд талын тагаар толгойн ар хэсэг рүү нь 2 удаа зөөлөн цохисон. Тэгтэд А-н толгойн хэсгээс цус гараад байхаар нь Б гэх хүүхэд айсандаа цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд А-г эмнэлэг рүү авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

Би хамтран амьдрагч А-г зодож биед хөнгөн зэргийг гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...А бид хоёр өөрсдийн хүсэлтээр хоорондоо эвлэрсэн. Би А-н эмчилгээний зардал 250 000 төгрөгийг өгч гомдол саналгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

1.3. Хохирогч Г.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Б бид хоёр манай гэр болох Чойрын 15 тоотод хоносон юм. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө 11 цагийн үед би Б-н Хаан банкны картыг аваад Баян-Уул дэлгүүрээс нэг шил Хараа нэртэй 0.75 граммын архи авчирсан. Тэгээд миний авчирсан архийг задлаад Б бид хоёр жижиг аягаар нэг нэг татаад байж байсан чинь гаднаас Б гэх хүүхэн ороод ирсэн. Тэгээд Б, Б бид гурав нөгөө архиа хувааж ууж дуусгаад Б явлаа гээд гараад явсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй. Тэгээд Б бид хоёр манай гэрт хэсэг байж байгаад Шивээгийн эгнээнд байдаг манай эгч А-н хүүхэд М-нд очиж нохой үзье гэж бодоод гэрээсээ гараад М-д очиход гэр нь эзгүй байсан. Тэгээд М-н гэрээс гараад явж байтал С түүний эхнэр Ү 2-той таарсан. С, Ү хоёр гартаа торонд нэг шил архи хийгээд барьсан явж байсан. Тэгээд С, Ү, Б бид дөрөв Шивээгийн 1 тоотод байх Э-ны гэрт очсон. Э-ны гэрт очиход Э гэртээ ганцаараа согтуу байж байсан. Тэгээд Ү торонд хийж барьсан байсан Ерөөл нэртэй 0.75 граммын архи гаргаж ирээд бид тав хувааж уусан. Ү архи аягалж байгаад архи дуучихлаа гээд нөхөр С-тай хамт Э-ны гэрээс гараад явсан. Удалгүй Ү, Э-ны гэрт ганцаараа ороод ирсэн. Түүний араас Б орж ирсэн. Тэгээд Э, Б, Б, Ү бид 5 юм яриад сууж байсан. Би нилээн согтуу Б-н хажууд суугаад юм яриад мөрөн дээр нь гараа тавиад тоглоомоор хайрыгаа үнсье гэж хэлсэн. Тэгсэн чинь Б намайг Б-тай хардаад намайг заамдаж аваад гэр дотор шалан дээр унагааж байгаад миний цээжний зүүн хавирга хэсэг дээр 1-2 удаа дэвсээд хажуу талаас нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд босгож ирээд миний зүүн нүд рүү баруун гараараа цохисон. Мөн гэрийн зуухны дээд талын тагаар 2 удаа толгой хэсэг рүү цохисон. Тэгээд би босч чадахгүй гэртээ хэвтэж байхад Б цагдаад дуудсан байсан. Би шууд аймгийн Нэгдсэн эмнэлэг орж анхан шатны тусламж авсан.

Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээнд гарах зардал мөнгийг Б бүрэн даасан учир би хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлүүлмээр байна... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

Миний эмчилгээний зардал 250 000 төгрөг болсон. Тэр мөнгийг Б надад өгсөн. Одоо надад Б-с нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Одоо миний бие өвдөж зовиурлах зүйлгүй болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

 

1.4. Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би өнөөдөр орой 15 цаг өнгөрч байхад Ч ахынд очиход А, Б эгч, Ч ах, бас нэг танихгүй хүн нийлээд архи уугаад сууцгааж байсан. Тэгсэн гэнэт Б эгч танихгүй эмэгтэй хүнтэй маргаан хийсэн. Тэгснээ хамтран амьдрагч А-г Б эгч надтай болон танихгүй хамт байсан эмэгтэй хүнтэй хардаад зодож эхэлсэн. Б эгч А-г эхэлж заамдаж авч хөргөгчний дэргэж газар унагаад дээрээс дэвсээд байсан. Тэгснээ зуухны тагийг аваад чиний хүүхэн хардаг нүдийг чинь байхгүй болгоод өгье гээд өшиглөөд эхэлсэн. Тэгэхээр нь би айгаад хүн амины хэрэг гарч магадгүй гэж бодоод цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

 

1.5. Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үдээс хойш санагдаж байна. /цагийг нь мэдэхгүй/ манай гэр болох Шивээгийн 1 тоотод А, Б, С, Ү дөрөв 1 шил Ерөөл нэртэй 0.75 граммын архи авчихсан орж ирсэн. Тэрнээс өмнө би ганцаараа 0.33 граммын Хараа нэртэй архи ганцаараа уусан халамцуу байсан юм. Тэгээд манай гэрт А, Б, С, Ү бид тав Ерөөл нэртэй 0.75 граммын архи хувааж уусан. Архи хувааж ууж дууссаны дараа Ү С хоёр манай гэрээс гараад явсан. Удалгүй гэрийн гаднаас Ц /Ү/ ганцаараа ороод ирсэн. Араас Б гэх хүүхэн бас манай гэрт ороод ирсэн. Тэгээд манай гэрт А, Б, Б, Ү бид тав юм яриад сууж байхад А манай гэрийн баруун талын орон дээр Б тэвэрч аваад үнсээд байсан. Тэгсэн чинь Б хамтран амьдрагч нөхөр А Б-тай хардаад нөхрөө манай гэрийн зүүн талд аваачаад газар унагаж байгаад дээрээс нь 1-2 удаа дэвсээд мөн цээжнийх нь зүүн тал руу өшиглөөд байсан. Дараа нь босгож ирээд зүүн нүд рүү нь гараараа цохисон. Тэгээд Б гэх хүн болиоч гээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Ү, Б, А, Б дөврийг аваад явсан...

...Намайг манай найзууд Ч гэж дууддаг юм. Миний нэрийг сайн мэддэггүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

1.6. Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цагийн үед Ү-н хамт Шивээгийн эгнээнд Ч-тай нэг шил архи хувааж уух санаатай гэрлүү нь явж байхад урдаас А, Б хоёр халамцуу таарсан юм. Тэгээд Ү, А, Б бид дөрөв Шивээгийн 1 тоот Ч-д очиход Ч ганцаараа нилээд халсан согтуу сууж байсан. Тэгээд миний авсан Ерөөл нэртэй 0.75 граммын архийг Ч, А, Б, Ү бид тав хувааж уусан. Тэр архийг хувааж ууж дуусгаад би Ү аваад дүүгийн гэр лүү явах гэсэн чинь ажлаас нүүрс ирчихлээ, буулгах хэрэгтэй байна гээд дуудсан. Тэгээд би ажил руугаа яваад өгсөн. Ү буцаад Ч-н гэр лүү очно гээд явсан. Тэгээд ажил дээрээ нүүрсээ буулгачихаад дүүгийн гэр болох ТБ-105  тоотод очиж хоносон. Тэгээд маргааш өглөө 2019 оны 11 дүгээр сарын 25-нд Ч-нд ирэхэд Ч надад Б өчигдөр орой нөхөр А-г зодоод цагдаад дуудсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

1.7. Гэрч Ц.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Б гэх хүнийг танина. Б бид хоёр 2009 оноос хойш Говьсүмбэр аймагт хамт амьдарч байгаад 2019 оны 07 дугаар сард салсан. Одоо ямар нэгэн хамаатан садангийн холбоо байхгүй. Б бид хоёрт албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёр хамтран амьдарч байхдаа 2002 онд анхны охин Н, 2014 онд А гэдэг хоёр охины аав ээж болсон. Н, А хоёр Б-н нэрээр овоглодог. Хоёр охиныг төрөхөд Б бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй байсан болохоор Б-н нэрээр овоглосон. Одоо Н, А хоёр надтай хамт Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийг 1-121 тоотод амьдарч байгаа.

2019 оны 07 дугаар сард хоёр охин бид гуравыг хаяаад явсан. Одоо А-тай цуг амьдарч байгаа сурагтай байсан. Ааш зан муутай, архи их уудаг эмэгтэй... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

1.8. Гэрч Т.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Ү бол манай төрсөн охин. Сэтгэцийн өвчтэй, уг өвчинөөрөө 50 хувийн группт байдаг. Мэдүүлэг өгөх чадваргүй, ухаан санаа нь орж гараад байдаг юм. Хааяаа гадуур тэнээд байдаг. Надтай цуг Сүмбэр сумын 2 дугаар баг, төгрөгийн 2-231 тоотод амьдардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

1.9. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 346 дугаартай дүгнэлтэд:

- Г.А-н биед зүүн талын 8-р хавирганы хугарал, толгойн оройд, дагзны зүүн талд шарх, зүүн нүдний зовхинд, цээжинд зүүн хөхний орчимд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 25 дугаар хуудас/

 

1.10. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/

 

1.11. Согтуурлын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/

 

1.12. Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Д.Б, хохирогч Г.А нар нь согтууруулах ундааг зохистой хэрэглээгүйгээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Б бага байхдаа их даруухан хүүхэд байсан юм. Миний бодлоор манай найз Б болж бүтэхгүй архи их уудаг хүмүүстэй нийлж нөхөрлөөд байгаа болохоор хэрэгт холбогдоод байдаг байх гэж боддог. Хааяа таархаар инээж хөхрөөд явж байдаг. Их яриа хөөрөөтэй эмэгтэй... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

2.3. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/,

 

2.4. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-48 дугаар хуудас/

 

2.5. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-55 дугаар хуудас/

 

2.6. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2017/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-61 дүгээр хуудас/

 

2.7. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-44 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

          Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-лд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг тухайн төрлийн ялын хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэж заасны дагуу 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоолоо.

 

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ЭНХМАНДАХ