| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00464/И |
| Дугаар | 464 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 464
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Эрч хүч хөгжил ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг, Өлзийт 1-3 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 31 настай, Шоорон овгийн Отгоны Буянжаргалд холбогдох
3189379 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаас гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Эрч хүч хөгжил ХХК-ны захирал В.Самданцоодол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Төгрөг суманд шатахуун түгээх станцийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд түгээч ажлын байранд О.Буянжаргалтай 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр №01 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. О.Буянжаргал нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа борлуулалтын орлогоос дур мэдэн 3339379 төгрөгийг бусдад зээлдүүлсэн нэрийдлээр хувьдаа зарцуулан манай компанийг хохирол учруулж байна. Бидний зүгээс хариуцагч О.Буянжаргалд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хохирлыг барагдуулах 1 сарын хугацааг өгч ажлаас түр чөлөөлсөн боловч тэрээр энэ хугацаанд 150000 төгрөгийг дансаар шилжүүлэн үлдэгдэл 3189379 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүйн дээр худал хэлэн, утсаа авахгүй байх, уулзах гэтэл зугтаах гэх мэт залилангийн шинжтэй үйлдлүүд удаа дараа гаргаж байна. Иймд О.Буянжаргалаас 3189379 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Буянжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Эрч хүч хөгжил ХХК-ны нэхэмжилж байгаа 3189379 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эрч хүч хөгжил ХХК нь О.Буянжаргалд холбогдуулан 3189379 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч О.Буянжаргал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 3189379 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Эрч хүч хөгжил ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага болох 3189379 төгрөгийг хариуцагч О.Буянжаргал төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч О.Буянжаргалаас 32990 төгрөг, орон нутгийн 5540607728 тоот данснаас32990 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Эрч Хүч хөгжил ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65980 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА