Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Х-д холбогдох 1916002520149 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Ж-н Х.

Шүүгдэгч Ж.Х-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 00 дугаар байрны автомашины ил зогсоолд байрлуулсан хохирогч М.М-н өмчлөлийн хөх өнгөтэй, 0-0 ГАА улсын дугаартай, Тоёота приус-30 маркын тээврийн хэрэгслийн зүүн урд крыло, урд салхины шил, хойд хоёр гэрлийг гараараа цохиж хууль бусаар гэмтээж, хохирогч М.М-т 900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэгт хамаарна. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ж.Х нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэв.

Шүүгдэгч Ж.Х-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Би ажлынхаа үүдэнд хэсэг сууж байгаад гэр лүүгээ харих замдаа 0 дугаар байрны гадна зогсоолд байсан хөх өнгөтэй Toyota prius-30 маркын машины салхины шил, хойд 2 гэрэл дохио, зүүн крыло зэргийг гараараа цохисон юм. Тухайн үед архи уусан мөн манай ажил намайг согтуу гээд оруулахгүй байхаар нь уур хүрээд явж байсан юм. Миний буруу ...”  гэсэн мэдүүлэг /ХХ50-51/,

Хохирогч М.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...  Би 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хот явахдаа өөрийн машинаа 0 дугаар байрны гадна ил зогсоолд үлдээгээд явсан юм. Тэгээд би 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хотоос ирсэн бөгөөд ирээд өөрийн машинаа ээжийн гэрийн гаднаас а хөдөлгөөгүй байсан юм. Харин 2019 оны 08 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед манай ээж манай эхнэрийн 99999999 дугаар луу залгаад "машиныг чинь нэг согтуу эвдээд байна, хурдан гараад ир" гэхээр нь би гараад очсон юм. Намайг гэрээс гараад машин дээр очиход манай хүргэн ах Д гарч ирсэн миний машиныг эвдсэн хүнийг бариад зогсож байсан. Би өөрийн машинаа тойроод юу, юуг нь эвдсэн байна гээд шалгахд манай хүргэн ах тэр хүнийг алдсан юм. Тэгээд хүргэн ах бид 2 араас нь хөөж явахдаа цагдаад дуудлага өгөөд, барьж аваад машиныхаа хажууд ирэхэд цагдаа нар ирсэн … Миний тээврийн хэрэгслийн урд салхины шил, хойд тохионы 2 гэрэл, зүүн урд талын крыло дээр хонхойсон ...” гэсэн мэдүүлэг /ХХ23-24/,

Гэрч Ч.Х-н мөрдөн байцаалтад өгсөн “... би гэртээ ганцаараа сууж байтал гадна хүн орилоод байх шиг байсан, тэгээд би  цонхоороо харахад ногоон өнгийн дээлтэй хүн  манай хүү М.М-н машины хажууд зогсоод гараараа цохих шиг болохоор нь би хүргэн Д руу гар утсаар залгаж гадаа согтуу хүн М-н машиныг цохиод байна гэж хэлсэн бөгөөд Д гарч очсон юм. Би гэрийнхээ цонхоор хараад зогсож байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ30-32/,

Гэрч Г.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... манай хадам  ээж Х  над руу залгаад М-н машины хажууд эрэгтэй хүн зогсоод машиныг нь цохиж байна гэж хэлсэн бөгөөд би гэрээсээ гараад М-н машины хажууд очиход ногоон дээлтэй архи уусан бололтой эрэгтэй хүн байхаар нь бариад авахад нөгөө залуу гараараа машины хойд гэрэл рүү нь цохиод авсан. Тэгтэл манай эхнэрийн дүү М гэрээсээ гараад ирсэн ... Тэр эрэгтэй хүн гараараа цохиж байх шиг байсан... ” гэсэн мэдүүлэг /ХХ33-35/,

Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 108 дугаартай үнэлгээний дүгнэлт /ХХ40/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ5/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ6-7/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 0 дугаар байрны автомашины ил зогсоолд байрлуулсан хохирогч М.М-н өмчлөлийн хөх өнгөтэй, 0-0 ГАА улсын дугаартай, Тоёота приус-30 маркын тээврийн хэрэгслийн зүүн урд крыло, урд салхины шил, хойд хоёр гэрлийг гараараа цохиж гэмтээн хохирогч М.М-т 900.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдын эд хөрөнгийг эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс хэмжээг ойлгохоор тус тус хуульчилжээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцэнэ...” гэж хуульчилсан бөгөөд үүнийг мөн хохиролын хэмжээг тооцохдоо адил утгаар хэрэглэгдэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хуульчилан тайлбарлажээ.

“Эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэдэг ойлголтонд шүүгдэгчийн санаатай үйлдлийн улмаас эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал, чанар үр дүн нь алдагдах, ашигтай байдал нь муудах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг хамааруулан ойлгох нь зүйтэй. Гэхдээ дээрх гэмтлийг засвар үйлчилгээ болон бусад аргаар анхны байдалд нь эргүүлэн оруулж болдогоороо “устгах” үйлдээсээ ялгарна. 

Иймээс шүүгдэгч Ж.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ХХ-56/, багийн засаг даргын тодорхойлолт/ХХ-58/, эрүүлжүүлэгдсэн бүртгэл, тэмдэглэлийн хуулбар/ХХ-18-19/, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн талаарх шүүгдэгч болон гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, хохирол төлсөн талаарх хохирогч М.М-н хүсэлт/ХХ-82/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгч Ж.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохиролоо нөхөн төлсөн болох тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахаар байна. Эрүүгийг хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж заасан болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх тус тус дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Ж.Х-д торгох ял  оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ж-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-г 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Х-д шүүхээс оногдуулсан 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 / дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Х-д сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ж.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА