| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/06893/И |
| Дугаар | 102/ШШ2016/05369 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2016/05369
| 2016 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2016/05369 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчид гудамж, 51 байр 59 тоотод оршин суух, Атар овогт Атарбаярын Эрхэсмаа /РД-НТ87122601/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 37 байр, 83 тоотод оршин суух, Боржигон овогт Алтангэрэлийн Нямсүрэн /РД-ТД880911781/-д холбогдох
Хүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Эрхэсмаа, хариуцагч А.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Эрхэсмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Эрхэсмаа нь А.Нямсүрэнтэй 2006 онд танилцаж, хамт амьдрах хугацаанд 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүү Н.Догсом төрсөн. Бид 2007-2011 онуудад АШУҮИС /ЭМШУИС/-ийн 2 дугаар дотуур байранд хамт амьдарч байгаад хүүгээ төрүүлээд А.Нямсүрэнгийн эгчийнд 2013 оныг хүртэл амьдарсан. Энэ хугацаанд бид хоёр мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамт сурч байсан.
А.Нямсүрэн 2014 оны 6 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд хотын нэгдсэн эмнэлэгт томилолтоор 6 сарын хугацаатай ажилласан бөгөөд 2014 оны 12 дугаар сард эргэж ирээд бид хэсэг хугацаанд хамт амьдарсан боловч А.Нямсүрэн нь өөр эмэгтэйтэй дотно харилцаатай болсон гэдгээ хэлж, харилцаагаа таслахгүй байсаар 2015 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон.
Энэ хугацаанд хүүтэйгээ хааяа уулзаж, хүүхдийн тэтгэлэг сар бүр мөнгө өгнө гэсэн боловч өгөлгүй өдийг хүрсэн. 2015, 2016 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн хэрэгслийг авч өгсөн.
Одоо цаашид хамтран амьдрах боломжгүй А.Нямсүрэн нь тэр эмэгтэйтэй гэр бүл болон амьдарч байгаа тул хүү Н.Догсомд эцэг А.Нямсүрэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Нямсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би А.Эрхэсмаатай 2006 онд танилцаж, үерхэж байгаад 2010 онд А.Эрхэсмаагийн хамаатаныд нэг хэсэг амьдарсан. 2011 онд хүү Н.Догсом төрсөн. Бид 2012 онд мэргэжил дээшлүүлэхээр дахин суралцаад, 2013 онд сургуулиа төгссөн.
А.Эрхэсмаа Төв аймгийн Угтаалцайдам руу хүүхдээ аваад явсан. Миний хүү энд цэцэрлэгт явдаг байсан юм. Би хүүхдээ битгий авч яваач гэж гуйсан боловч А.Эрхэсмаа хүүгээ аваад явсан. Би удаа дараа эхнэр хүүхэд дээрээ очиж, гэртээ эргэж ирэхийг хүсч, гуйсан боловч зөвшөөрөөгүй.
Би 2015 оны 6 дугаар сард Дорноговь аймаг руу томилолтоор яваад 12 дугаар сард хотод ирэхэд А.Эрхэсмаа Төв аймагт ажиллаж байсан.
Ингээд бид тусдаа амьдрах шийдвэр гаргасан. Энэ хугацаанд хүүтэйгээ уулзан, хичээлийн хэрэгслийг бэлдэж, хэрэгтэй зүйлсийг нь авч өгдөг байсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу тэтгэлэг тогтооход татгалзах зүйлгүй гэв:
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Эрхэсмаа нь А.Нямсүрэнд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
Учир нь Гэр бүлийн тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлдэг бөгөөд эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хуульчилж өгсөн.
Иймд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Н.Догсомд 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, уг тэтгэлгийг эцэг А.Нямсүрэнгээс гаргуулахаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул А.Эрхэсмааг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Н.Догсомд 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, уг тэтгэлгийг эцэг А.Нямсүрэнгээс гаргуулсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц хувийг нь гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД