| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/05951/И |
| Дугаар | 102/ШШ2016/05371 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2016/05371
2016 оны 10 сарын 11 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05371 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 14 дүгээр гудамж, 88 тоотод оршин суух, Орлой овогт Дашдаваагийн Уянга /РД-УН90060355/-ын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 73 дугаар байрны 94 тоотод оршин байгаа Дайчин мугсу ХХК-д холбогдуулан гаргасан
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 14,262,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Уянга, түүний өмгөөлөгч Э.Билэгсайхан /шүүхэд төлөөлөх эрх-2051/, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулга, иргэдийн төлөөлөгч С.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Уянга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2011 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд Хурд групп ХХК-ийн барилга дээр туслан гүйцэтгэгч Дайчин мугсу ХХК-д дадлага хийхээр тохиролцоод 3 дахь өдрөө ажиллаж байхдаа лифтний хажуугийн арматур зангидах ажил гүйцэтгэж байх үед шалан дээр бэхлэсэн панер цөмөрч хоёр давхраас унасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх тасаг тус хэргийг 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шалгаад Дайчин мугсу ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженер Д.Батсуурьт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар үйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар 21127810 тоот эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Хэрэг бүртгэлтийн явцад тус эрүүгийн хэрэгт гаргасан шинжээчийн 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтэд миний биед учирсан гэмтэл нь бие махбодь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтлээр тогтоогдсон бөгөөд мөн хариуцагч компанийг ажилчдадаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтыг мөн лифтний хонгилыг дохио санамж, анхааруулга, аюулгүй тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарлаж хаагаагүй нь барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм заалтыг тус тус зөрчсөнөөс осол гарсан байна гэсэн байдаг.
Энэ бэртлээсээ болоод дунд чөмөгний яс хугарч, гэмтлийн эмнэлэгт хэвтэж чөмгөө хадуулах мэс засал хийлгэсэн. Намайг эмчлэгч эмч нь чи залуу хүн учраас хурдан эдгэрнэ, цаашдаа дахин нэмэлт эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн учир эмчийн үгэнд итгэсэн учир хариуцагч компаниас гэмтлээс үүдэлтэй баруун дунд чөмөгний хугарлын мэс заслын болон эмчилгээний төлбөрт нийт 3,028,000 төгрөг тооцон авч, эвлэрээд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Гэтэл 2013 оноос хугарал дахин өвдөж эхэлсэн учир эмнэлэгт үзүүлэхэд дунд чөмөгний үхжил явагдаж байна гэсэн учир рашаан сувилалд явж эмчилгээ хийлгэсэн. Мөн түнхний үе солиулах хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай болсон.
Өмнө нь хариуцагч компаниас авсан мөнгийг хагалгааны төлбөр, эм тариа болон сургууль руугаа явах унааны зардалд зориулсан. Би хагалгааны дараа 10 сар гаруй таягтай явдаг байсан учраас автобусанд суух ямар ч боломжгүй байсан.
Мөн мэс заслын дараа би 2 сар гэртээ хэвтрийн дэглэмд байсан бөгөөд гэмтлийг дотроос нь эмчлэхээр эм бэлдмэл авч, эмчилгээний зориулалттай рашаан сувилалд хэвтэн эмчлүүлсэн ба хууль эрх зүйн мэдлэг тааруугаас зарим баримт материалыг гээгдүүлсэн учир нотлох баримтгүй болсон. Одоо өөрт байгаа баримтын дагуу нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хагалгааны төлбөрийг зах зээлийн ханшнаас өндөр байна гэж байна.
Яагаад ийм өндөр төлбөртэй байгаа вэ гэхээр уг хагалгааг хиймэл протез ашиглаж хийх юм. Хиймэл протезийнх нь чанар, хүний биед хэр хугацаанд байх зэргээс шалтгаалан төлбөрийн зөрүүтэй байдаг юм байна. Улсын эмнэлэг нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр хагалгааг хийх боломжтой гэж байгаа ч сайн чанарын протез ашиглан хийнэ гэдэгт итгэл төрөхгүй байгаа. Миний сонгосон газар бол Монголд үйл ажиллагаа явуулдаг Солонгос эмнэлэг юм. Хагалгааг Солонгос эмч нар хийнэ. Хагалгааг маш сайн чанарын протез ашиглан хийнэ гэсэн учраас уг эмнэлгийг сонгосон. Би гадагшаа явж хагалгаа хийлгэж болох байсан. Хэрэв гадаадад хийлгэвэл хагалгааны төлбөр миний нэхэмжилж байгаа төлбөрөөс 3 дахин их өртөгтэй байх юм.
Иймд Дайчин мугсу ХХК-иас эм тарианы зардал 84,240 төгрөг, рашаан сувиллын зардал 1,034,000 төгрөг, баруун түнхний үе солиулах хагалгааны төлбөр 12,490,000 төгрөг, эрүүгийн хэргийн архиваас баримт хуулбарласан зардал 18,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1,000,000 төгрөг, нийт 14,262,240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Дайчин мугсу ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Уянга нь 2011 оны 8 дугаар сард манай компанид арматурын туслан гүйцэтгэгч бригадын ахлагчтай дадлага хийхээр тохиролцон тухайн бригадын ажлыг гүйцэтгэж байгаад 3 дахь хоног дээрээ осолд өртсөн. Бидний зүгээс Д.Уянгатай хөдөлмөрийн болон гэрээний харилцаа үүсээгүй. Д.Уянгад тухайн өдөр хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгсөн байдаг. Уг осол гарсны дараа цагдаагийн байгууллагаас манай компанийн Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан инженер Д.Батсууриас хохиролд 3,028,000 төгрөг авч, гомдол саналгүй гэж тохиролцсоноор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Уг осолд нэхэмжлэгчийн гэм буруу бас байгаа гэж үздэг. Арматурын ажлыг гадна талаас нь хийх ёстой талаар аюулгүй үйлдэл, хайхрамжгүй зангаасаа болж, лифтний хонгилд орсны улмаас панер цөмөрч осол гарсан байдаг. Мөн өөрийн буруутай үйлдлээс болсон гэдгийг эрүүгийн хэрэгт мэдүүлсэн байна.
Бид эм тариа болон рашаан сувиллын зардлын хувьд маргаагүй. Манай компани Д.Уянгад Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу 3,028,000 төгрөгийг өгсөн. Уг мөнгөнөөс түнхний яс хадуулах хагалгааны зардалд 450,000 төгрөгийг зарцуулсан ба нэхэмжлэгч үлдсэн 2,578,000 төгрөгийг ямар зүйлд зарцуулсан нь тодорхой бус байна. Иймд урд төлсөн 2,578,000 төгрөгөөс нэхэмжлэлд дурдсан Хужирт рашаан сувиллын зардал 1,340,000 төгрөг, эм авсан 84,240 төгрөгийг хасч үлдэх төлбөрийг түнхний бүтэн үе солиулах мэс заслын төлбөрт тооцуулан хасуулах хүсэлтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөг бүхий төлбөртэй эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг олгодог байхаар хууль журмаар зохицуулсан байна.
Нэхэмжлэгчийн шаардаж буй хагалгааны төлбөр нь зах зээлийн ижил төрлийн эмнэлгийн үйлчилгээ хийдэг ханшнаас хэт өндөр байна. Дээрх хагалгааг Монгол улсын хэмжээнд чанартай хийдэг болсон байна. Бид улсын 2 эмнэлгээс авсан хагалгааны үнэ тарифийн жагсаалтыг хэрэгт өгсөн байгаа. Тэр жагсаалтаас харахад Гэмтэл согог судлалын үндэсний төвд 1,344,884 төгрөг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 1,782,152 төгрөгийн ханштай байх тул үүнийг харгалзан хагалгааны төлбөрийг өмнөх төлсөн төлбөрөөс хасч тооцож өгнө үү.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 1 сая төгрөг болон баримт бүрдүүлэхээр архиваас хуулбарласан 18,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч, өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал юм. Энэ нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан хохиролд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлүүлэхээр заасан тул өмгөөллийн хөлсийг хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй. Зохигч өөрөө нотлох баримтаа бүрдүүлэх үүрэгтэй гэв.
Шүүх зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Уянга нь Дайчин мугсу ХХК-иас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 14,262,240 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ ... нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, ... Д.Уянгын өөрийн гэм буруутай үйлдэл байсан, ... эрүүгийн хэрэгт эмчилгээний төлбөр авсан, ... уг төлбөрөөс суутгуулах хүсэлтэй ..., ... хагалгааны төлбөр нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдээс хэт өндөр байна ... гэж тайлбарладаг.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас харахад Д.Уянга нь 2011 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Дайчин мугсу ХХК-ийн туслан гүйцэтгэж буй барилга дээр арматур зангидах ажил хийж байхдаа лифтний хонгил руу унаж баруун дунд чөмөгний хүзүү хэсэг хугарч, бие махбодийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл авсан болох нь нотлогдож байна. /хх-1, 6-7 дугаар тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг ослыг нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдлээс болсон, нэхэмжлэгч нь манай компанитай хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж маргадаг боловч уг осолтой холбогдуулан Дайчин мугсу ХХК-ийн хөдөлмөр хамгаалал хариуцсан байцаагч Д.Батсуурьт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг ба тухайн үед шинжээчээр томилогдсон хөдөлмөр хяналтын улсын байцаагчийн 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар дүгнэлтээр хариуцагч компани нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгүй байсан нь, мөн нэхэмжлэгч Д.Уянгатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажил гүйцэтгүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1, 24.3, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.8, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 4.11 дэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс осол гарсан болохыг тогтоосон байдаг төдийгүй хариуцагч Дайчин мугсу ХХК нь уг улсын байцаагчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй байхаас гадна хохирогчтой эвлэрсний улмаас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-8-10, 18-19 дүгээр тал/
Түүнчлэн хариуцагч компани нь тухайн үйл явдал болохын өмнө буюу 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс бригадын ахлагч н.Энхтайваны гуйлтаар Д.Уянгыг ажиллуулж байсан болох нь хэргийн 13 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн болон гэрээний харилцаа үүсээгүй ..., ... нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдлээс болсон гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.
Дайчин мугсу ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянгын нэхэмжилж буй шаардлагаас эм тарианы зардал 84,240 төгрөг, Хужирт рашаан сувиллын зардал 1,034,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг нэхэмжлэгчид өмнө нь өгсөн 3,028,000 төгрөгөөс суутгуулан, үлдэх төлбөрийг түнхний үе солиулах хагалгааны төлбөрт тооцуулахыг хүсч байна.
Маргалдагч талууд эрүүгийн журмаар хэргийг шалгуулж байх үедээ эвлэрэн нэхэмжлэгч Д.Уянгад 3,028,000 төгрөг өгсний улмаас Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2011 оны 614 дүгээр тогтоолоор хохирогчтой эвлэрсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн гэх үндэслэлээс эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг тул уг мөнгийг 2014 оноос хойш гарсан эмчилгээний зардалд тооцох үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Д.Уянга нь дээрх гэмтлийн улмаас түнхний үе солиулах хагалгаа хийлгэх шаардлага бий болж, хагалгааны төлбөрт 12,300,000 төгрөг, үзлэг, рентгений хөлс 190,000 төгрөг, нийт 12,490,000 төгрөгийн зайлшгүй зардал шаардлагатай болсон гэдэг нь Монгол хьюндай эмнэлгийн комиссын шийдвэр, нэхэмжлэх зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн, уг зардлыг хариуцагчаас гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх заалтад нийцэж байна. /хх-23-24 дүгээр тал/
Иймээс Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Дайчин мугсу ХХК-иас эм авсан 84,240 төгрөг, Хужирт рашаан сувиллын эмчилгээний зардалд 1,034,000 төгрөг, хагалгааны төлбөр 12,490,000 төгрөг, нийт 13,526,000 /арван гурван сая таван зуун хорин зургаан мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Уянгад олгох нь зүйтэй гэж үзлээ. /хх-20-21, 23-24 дүгээр тал/
Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1 сая төгрөг, баримт архиваас хуулбарласан зардал 18,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэл байхгүй тул хэрэгсэхгүй болгов.
Учир нь Д.Уянгын өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах зорилгоор гэрээ байгуулж, түүнд төлсөн хөлс болон шүүхэд нэхэмжлэл гаргах үүднээс эрүүгийн хэргийн архиваас баримт хуулбарлахад төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтад хамааруулах боломжгүй юм.
Шүүх нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Дайчин мугсу ХХК-иас 225,580 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Дайчин мугсу ХХК-иас 13,526,000 /арван гурван сая таван зуун хорин зургаан мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Уянгад олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,018,000 /нэг сая арван найман мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасны дагуу нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Дайчин мугсу ХХК-иас 225,580 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Ш.ОЮУНТУУЛ