| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/06694/И |
| Дугаар | 102/ШШ2016/05372 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2016/05372
| 2016 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2016/05372 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 95 дугаар байрны 06 тоотод оршин суух, эмэгтэй, Боржигон овогт Амарсанаагийн Өлзийжаргал /РД-ШВ86092003/-ын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 7 дугаар байрны 06 тоотод оршин суух, эрэгтэй, Боржигон овогт Отгон-Эрдэнийн Эрхэмбаяр /РД-НЮ83011975/-т холбогдуулан гаргасан,
Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансувд, хариуцагч О.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Өлзийжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансувд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: О.Эрхэмбаяр нь манай охин А.Өлзийжаргалаас 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 47,000 ам.доллар зээлийг нэг сарын хугацаатай, хүүгүй зээлж, барьцаанд нь Тоёото Ланд круйзер 200 маркийн 9789УНГ улсын дугаартай автомашиныг барьцаанд тавьсан.
А.Өлзийжаргал нь зээлийн гэрээний дагуу мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч нь өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй.
Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Эрхэмбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд зээлийг мөнгөн дүнгээр барагдуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Анх зээлийн гэрээ байгуулахдаа машиныг барьцаалж, уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж болно гэж байсан.
Иймээс үүргийг гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг шилжүүлэх хүсэлтэй байна.
Уг машин нь компанийн эд хөрөнгө боловч би Политикал экономик социаль технологи компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг бие даан шийдвэр гаргах эрхтэй гэж үзэж байгаа. Манай компанийн дүрэмд эрх, үүргийн хязгаарлалт тогтоож өгөөгүй.
Нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Өлзийжаргал нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан О.Эрхэмбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргадаггүй боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Учир нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэж заажээ.
Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, нэхэмжлэгч А.Өлзийжаргал нь хариуцагч О.Эрхэмбаярт 47,000 ам.долларыг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлж, гэрээнд зээлдэгч нь зээлийн барьцаанд өөрийн компанийн өмчийн 9789УНГ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашиныг барьцаалж байгаа болно. О.Эрхэмбаяр нь Политикал экономик социаль технологи компанийн ерөнхий захирал бөгөөд 51 хувийг эзэмшдэг болно гэж бичжээ./хх-5 дугаар хуудас/
Дээрх гэрээнээс харахад О.Эрхэмбаяр нь зээлийг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хариуцагчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтын дагуу алданги төлүүлэхээр хариуцлага ногдуулахаар тохиролцсоноос, барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангуулах талаар тохиролцоогүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч тал үндсэн үүрэгт хэдэн төгрөг шаардаж, барьцаа хөрөнгийг хэдэн төгрөгөөр, хэрхэн, яаж үнэлэн шаардаж байгаа нь тодорхойгүйн гадна шүүх хуралдааны үеэр уг шаардлагаа тодорхойлж чадахгүй байх тул шүүх нэхэмжлэгчийг Политикал экономик социаль технологи ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, 9789УНГ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй гэж үзлээ.
Нөгөөтэйгүүр, хариуцагч О.Эрхэмбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үндэслэлээ ... би Политикал экономик социаль технологи ХХК-ийн 51 хувьцаа эзэмшдэг, ерөнхий захирал учраас компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах талаар бие даан шийдвэр гаргах эрхтэй гэж тайлбарладаг. /хх-33 дугаар хуудасны ар тал/
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Политикал экономик социаль технологи ХХК нь 8 хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд байна. /хх-16-22 дугаар тал/
Тус компани нь дүрмээрээ О.Эрхэмбаярыг эрх бүхий албан тушаалтанд тооцсон байгаа хэдий ч хариуцагчийн, компанийн өмчлөлийн эд хөрөнгөөр өөрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангуулахаар зөвшөөрч байгаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчиж байна. /хх-19 дүгээр тал/
Иймээс Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Өлзийжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 574,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Өлзийжаргалын, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 574,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||
| |