Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/00641

 

Т.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02832 дугаар шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 103 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Т.Х

          Хариуцагч: “Ш” олон улсын лаборатори сургуульд холбогдох

      Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Т хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л., нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш” сургуульд 2011 оноос нарийн бичгийн ажил хийсэн. 2013 -08- 08-ны өдөр хүү Э.Тэнгис, 2015-06-05-ны өдөр охин Э.Хулан нар төрж, дараалан жирэмсний, амаржсаны амралт, чөлөө авсан. Ажилдаа буцаж орохоор 2017-04-01-ний өдөр сургуулийн захиралд өргөдөл гаргахад захирал чи удаан чөлөөтэй байсан. Архив, бичиг хэрэг, англи хэл, хүний нөөцийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцах хэрэгтэй гэсэн. Би Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академид суралцан төгсөж, 2017-08-10-ны өдрөөс хойш удаа дараа сургууль дээр очиход захирал амралттай, ажилдаа ороогүй байсан. 2017-08- 16-ны өдөр уулзахад нарийн бичгээр ажиллуулах боломжгүй, багш бол гэхэд нь багшийн ажил хийж чадахгүй, хүүхдүүд нялх, бэлтгэлгүй байгаа гэж тайлбарлахад орон тоо байхгүй гэсэн. Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд миний ажлын байрыг хадгалах хуультай байхад  өөр ажил хий гэж тулгаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн захирал намайг ажлаас халах тушаал гаргаагүй, ажлыг маань хийлгэхгүй гэж 2017-08- 16-ны өдөр мэдэгдсэн. Би ажилдаа орж чадаагүй байгаа тул ажлаас халсантай адилтган үзэх үндэстэй байна. Иймд Ш олон улсын лаборатори сургуулийн нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоож, 2017-01- 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Т.Х 2011-09- 11-ний өдрөөс “Ш” сургуульд нарийн бичгээр ажиллаж эхэлсэн. 2013-08- 08-ны өдөр, 2015-06- 05-ны өдөр хүүхэд асрах чөлөө 2 удаа авсан. Т.Хын хүүхэд асрах чөлөөний хугацаагаа дуусгаж ажилдаа орох хүсэлт гаргасан бөгөөд сургуулийн захиргаанаас 2 удаа дараалан амаржиж, сургуулийн ажлаас их хөндийрсөн байж магадгүй тул , архив, бичиг хэрэг, англи хэл, хүний нөөц гэсэн чиглэлээр 3 сарын хугацаанд өөрийгөө хөгжүүлэх чиглэл өгсөн. Сургуулийн захиргаанаас Т.Хыг 2017 оны 08 дугаар сард ирж уулзахад англи хэлний багшаар ажиллах санал болгоход боломжгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс Т.Хыг 2017 оны 08 дугаар сард өгсөн үүрэг чиглэлийн дагуу нарийн бичгийн ажилд хэрхэн өөрийгөө бэлдсэн талаар тодруулж шалгахаар дуудсан боловч ирээгүй, сургуулийн зүгээс нарийн бичгээр ажиллуулахаас татгалзсан хариу өгөөгүй. “Ш” сургуулийн захиргаанаас Т.Хын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шийдвэр, үйл ажиллагаа гаргаагүй. Т.Хын эрх зөрчигдөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд Т.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02832 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар Т.Хыг “Ш” сургуулийн нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Ш” олон улсын лаборатори сургуулиас 6 456 060 төгрөгийг гаргуулж Т.Ход олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Т.Хын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг “Ш” сургуульд даалгаж шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 103 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02832 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “6 456 060” гэснийг “1 778 612” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Т.Х чөлөө 2017 оны 4-р сараас эхлэн ажилдаа орох” хүсэлтээ сургуулийн захиргаанд гаргасан. Гэтэл сургалтанд сурч өөрийгөө боловсруулаад 8-р сард ирж уулзаад ажилдаа ор гэсэн байдаг. Т.Х хэлсэн сургалтанд нь сууж, намар ажилдаа орохоор ирэхэд  англи хэлний багш бол  эсвэл чиний орон тоо байхгүй гэж мэдэгдсэн. Энэ үйл баримт нэхэмжлэгчийн болон хариуцагчийн өөрийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогддог. Давж заалдах шатны шүүх  хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т ажлаас буруу халагдсан  гомдлоо  нэг сарын дотор шүүхэд гаргана гэж  заасан. 2017.08.16-ны өдөр захирлын зүгээс ажилд авахгүй гэж мэдэгдсэнээс хойш ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж нэг сарын дотор гомдлоо гаргасан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Харин ажилгүй байсан хугацааг тооцох явдал нь гомдол гаргах хугацаатай холбоогүй бөгөөд ажилд нь эгүүлэн томилсноос үүсэх үр дагаврыг шийдвэрлэх, учирсан хохирлыг арилгахтай холбоотой ойлголт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт “ажилтныг ажил албанд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ... олговрыг олгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, эхэлж ажилд нь эгүүлэн тогтоосон бол дараа ажилгүй байсан бүх хугацааг тооцох бөгөөд энэ нь үндэслэлгүй халагдсан талаар гомдол гаргах хугацаатай холбоогүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2 дахь хэсэгт “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэсэн заалтыг сургуулийн захирал зөрчин Т.Хыг “чи ажлаас хөндийрсөн байж магадгүй тул 3 сарын хугацаанд сургалтанд сууж өөрийгөө хөгжүүлэн, 08 сарын 10-ны үеэр хэр түвшинд байгаагаа шалгуулж баталгаажуулан эргэж ажилдаа орох” гэсэн үүрэг өгч хуурч мэхлэн явуулсан. Улмаар уг хууль бус үүргийг нь биелүүлээд ирэхэд нь хуучин ажилд нь эргүүлэн авахгүй гэж мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй байж хохирсон хугацаагаа 2017 оны 04 сараас гэж тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж ажилгүй байсан хугацааг бодитойгоор тооцсон гэж үзэж байна. Иймд  магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож,  шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

      Т.Х нь “Ш” олон улсын лаборатори сургуульд холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргаж, нарийн бичгийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулах шаардлага тавьжээ. 

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ажлаас халах тушаал гараагүй, ярилцлагад ирж уулзахыг хэлсэн ч уулзаагүй гэж маргасан байна.

       Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоож, олговрыг 2017-04-01-ний өдрөөс тооцон 156 хоногийн цалин, хөлсний хэмжээгээр тооцож олгохоор шийдвэрлэжээ.

       Давж заалдах шатны шүүх олговрыг 2017-08-16-ны өдрөөс 2017-10-26-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож  шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.     

       Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах бөгөөд хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй юм.

      Т.Х нь “Ш” олон улсын лаборатори сургуульд 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн нарийн бичгээр ажиллаж байгаад 2013 оны 08 дугаар сарын 08 болон 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүүхэд төрүүлсэн, сургуулийн захирлын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/09 дугаар тушаалаар, Т.Ход 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд жирэмсний амралтын чөлөө олгосон, 2017-04-01-ний өдрөөс ажилдаа орох хүсэлтээ ажил олгогчид 2017-01-25-ны өдөр гаргасан үйл баримт нотлогджээ. 

      Хариуцагч нь ажилтны хүсэлтийг хангасан буюу ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй байгаа үйлдлийг ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй адилтган үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.  

       Иймд шүүх Т.Хыг “Ш” олон улсын лаборатори сургуулийн нарийн бичгийн ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35, 106 дугаар зүйлд нийцсэн гэж үзэв.  

       Давж заалдах шатны шүүх ажилтны  ажилгүй байсан хугацааг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс тооцсон нь үндэслэл бүхий болжээ.      

        Т.Х нь “сургалтанд суугаад ажилдаа орох” ажил олгогчийн саналыг зөвшөөрсөн байх тул 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс өмнөх үеийг түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хугацаанд хамааруулах үндэслэлгүй, энэ тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна. 

       Иймд ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл  хугацаагаар тооцосон нь зөв болжээ. 

       Дээр дудсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 103 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ