Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 115/2020/0004/з |
Дугаар | 221/МА2020/0516 |
Огноо | 2020-09-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2020/0516
А.Б нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, А.Б нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч А.Б 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:
“Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар орон тоо нь цөөрсөн албан хаагчдаас шалгаруулж аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, мөн хуулийн 62 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар ажлын байраар хангахыг даалгах, тус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2,284,118 төгрөгийг тус тус гаргуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан орон тоо нь цөөрсөн албан хаагчдаас шалгаруулж авах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, энэхүү шалгаруулж авах үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгаж,
Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар ажлын байраар хангуулах, хариуцагчийн шалгаруулалт явуулж, ажлын байраар хангаагүй эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2,284,118 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч А.Б дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...1.Анхан шатны шүүхийн шийдвэрээр хууль бусаар ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгосон. Гэвч хариуцагч Ж.Н хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, төрийн албан хаагч миний эрхийг зөрчиж өнөөдрийг хүртэл ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй байгааг, миний нэхэмжлэлийн ажлын байраар хангуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үл зөвшөөрч байна.
2.Хариуцагч Ж.Н намайг ажлаас халсан тушаал гаргаагүй байхад албан үүргээ гүйцэтгээгүй байгаа гэх үндэслэл байхгүй тул миний нэхэмжлэлийн цалин хөлс авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үл зөвшөөрч байна” гэжээ.
Дөрөв. Хариуцагч Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Н мөн дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан “...сонгон шалгаруулалт” хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлагыг хангаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэжээ.
Үүнээс үзвэл хариуцагчийн үйлдлийг хууль бус эс үйлдэхүй гэж тодорхойлохын тулд эхлээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн үзэж буй асуудлаараа хариуцагч захиргааны байгууллагад хандан зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо сэргээлэхээр “өргөдөл, гомдол” гаргасан байхыг шаардана. Улмаар уг өргөдөл гомдлыг хариуцагч нь хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, орхигдуулсан бол түүнийг “хууль бус эс үйлдэхүй” гэж үздэг.
Мөн А.Б 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Төрийн албаны зөвлөлд гаргасан өргөдлөөс үзэхэд хариуцагчийг шалгаруулалт хийхгүй байгаа нь хууль бус болох тухай огт дурдаагүй, энэ талаар гомдол гаргаагүй, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь уг асуудлаар хариуцагчид хандан өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул “хууль бус эс үйлдэхүй” гэж үзэхгүй.
2.Тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Төрийг албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан шалгаруулалт хийх эсэхийг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэхээр байна. Уг асуудлыг яаж шийдвэрлэх нь эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийн асуудал. Орон тоо цөөрсөнтэй холбогдуулан авах арга хэмжээ нь нэгэнт эрх бүхий албан тушаалтны хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа...” гэх зэргээр дүгнэлт хийжээ.
“Жижиг дунд үйлдвэр, хөнгөн хоршоо, аж ахуй үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн”-ийн ТЗ-5-д хамаарах, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар “гүйцэтгэх” албан тушаал юм. Тиймээс тус албан тушаалд шалгаруулж авах эрх бүхий этгээд нь хариуцагч Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болно.
Нэхэмжлэгч нь мөн асуудлаар урьдчилан хариуцагчид хандаагүй, шууд шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь төрийн захиргааны байгууллагын “хүний нөөц”-ийн эрх хэмжээнд халдсан асуудал болно.
3.Нэхэмжлэгчээс “шалгаруулалт явуулахыг даалгах” шаардлага гаргаагүй байхад шүүх өөрөө санаачлан хариуцагчид “шалгаруулалт явуулахыг даалгаж” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн болно.
Нэгэнт нэхэмжлэгчээс тухайн шаардлагыг гаргаагүй байхад шүүхээс “шийдвэрийн эрх зүй үр дагавар, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашиг” гэх зэрэг тайлбар хийж, нэхэмжлэлд дурдаагүй, нэхэмжлэгч этгээдээс шүүхээр шийдвэрлүүлэхийг “хүсээгүй” асуудлыг өөрийн санаачлагаар шийдвэрлэсэн нь ноцтой зөрчил болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
А.Б “…орон тоо цөөрсөнтэй холбогдуулан албан хаагчдаас шалгаруулан авах үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж нэхэмжлэгчийн хүсээгүй нөхцөл байдлыг үүсгэх байдлаар маргааныг шийдвэрлэснийг, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснийг, мөн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь харилцан уялдаагүй байгаа зэргийг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн дүгнэх боломжгүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
А.Б нь 2019 оны 5 дугаар сард амаржсан тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны нэг болох “…хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах”, эсхүл Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсний чухам алинаар нь өөрийн зөрчигдсөн гэх эрхээ тодорхойлж буй нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл эдгээр зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлага бүрт тус тусад нь хамааруулсан байгааг шүүхээс зайлшгүй тодруулах шаардлагатай.
Учир нь “цөөрсөн орон тоонд албан хаагчдаас шалгаруулж аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн, харин “ажлын байраар хангахыг даалгах” шаардлагын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтаар тайлбарлаж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд эдгээр 2 шаардлага хоорондоо ямар ч шалтгаант холбоогүй байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А-209 дүгээр тушаалын 8 дугаар хавсралтаар Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц, орон тоог батлахдаа өмнө нь 4 орон тоотой ажиллаж байсан Үйлдвэр, худалдаа үйлчилгээний албаны орон тоог 3 болгон цөөрүүлсэнтэй холбогдуулан хэрэв “…Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу албан хаагчдаас сонгон шалгаруулалт явуулах үүргээ биелүүлээгүй…” гэж хариуцагчийг буруутгах тохиолдолд энэхүү үүргээ хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэхийг даалгах шаардлагыг давхар гаргах боломжтойгоос бус шалгаруулалт явуулаагүй хариуцагчийн эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгон, улмаар бага насны хүүхэдтэй гэдэг үндэслэлээр шууд ажлын байраар хангуулахыг Хөдөлмөрийн тухай хуулиар шаардаж буй нь ойлгомжгүй.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ажлын байраар хангуулах гэдгийг хэрхэн ойлгох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хуулийн энэхүү зохицуулалт нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг тодорхой тохиолдлоос бусад үед ажлаас халахыг хориглосноос бус ажлын байраар хангуулах эрх олгосон зохицуулалт биш болно.
Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх үр дагавартай байхын тулд үндэслэл нь тодорхой хууль ёсны бөгөөд хэрэгжих бодит боломжтой байх ёстой. Гэтэл “ажлын байраар хангахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь эдгээр шаардлагад хэрхэн нийцэх эсэхэд шүүх анхаарах ёстой.
Ямар ажлын байраар хангуулахыг хүсч байгаа болох, магадгүй өмнө ажиллаж байсан буюу цөөрсөн орон тоонд ажиллахаар бол энэ нь дээр дүгнэсэнчлэн шалгаруулж авах шаардлагатай хэрхэн уялдах, эсхүл өмнө ажиллаж байсантай дүйцэхүйц ажлын байраар хангуулахыг хүсч байгаа бол тэр нь ямар албан тушаал болохыг нэхэмжлэгчээс тодруулах шаардлагатай,
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н зөрчилдөөнт нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуульд хамаарах нэхэмжлэлийн шаардлагаа илүүтэй дэмжин, шалгаруулалт явуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгоход гомдолгүй гэсэн тайлбар гаргасан нь ч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй болохын нотолгоо болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН