| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00710/И |
| Дугаар | 763 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 763
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 8-2 тоотод байрлах, 4005597 регистрийн дугаартай, “Уранхөхий” ХХК-д холбогдох,
Татварын өр 356.352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн дарга Н.Түмэннасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Газар тариалан мал амьтны ашиг шимийг авах үйл ажиллагаа, ресторан, хүнсний явуулын үйлчилгээ эрхэлдэг, татвар төлөгчийн 4005597 тоот регистрийн дугаартай “Уран хөхий” ХХК-ийн 2015 оны хугацаандаа төлөөгүй Үл хөдлөх эд хөрөнгийн татварын 45.000 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 13.762 төгрөг, цалингийн ашгийн татварын 171.000 төгрөг, тайлант оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 60.590 төгрөг, цалингийн ашгийн татварын 66.000 төгрөг, нийт 356.352 төгрөгийн өрийг барагдуулаагүй байна. 2015 оны өрийг барагдуулахаар татвар төлөгчид 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр мэдэгдэх хуудас гардуулсан боловч өнөөдрийн байдлаар барагдуулаагүй байна. Мөн 2016 оны 2 дугаар улирлын байдлаар 126.590 төгрөгийн татварын өрийг барагдуулаагүй байна. Татварын хэлтсийн зүгээс татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуульд заасан татварын өр барагдуулах шат дараалсан арга хэмжээг цаг хугацаанд нь авч, зохих шаардлагыг тухай бүр тавьж ирсэн. Тус хэлтсээс Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 “Татварын алба нь шүүхэд дараах асуудлаар нэхэмжлэл гаргана” гэсэн заалтын 28.2.6-д заасан “Хууль тогтоомжид заасан бусад асуудлаар” гэсэн заалтыг удирдлага болгон Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хугацаандаа төлөөгүй татварын өрийг хураах шат дараалсан арга хэмжээний дагуу татварын өрийг барагдуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргав. Иймд “Уранхөхий” ХХК-аас 2015 оны Үл хөдлөх эд хөрөнгийн татварын 45.000 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын оны эхний дутуу 13.762 төгрөг, цалингийн ашгийн татварын 171.000 төгрөг, тайлант оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 60.590 төгрөг, цалингийн ашгийн татварын 66.000 төгрөг, нийт 356.352 төгрөгийн татварын өрийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Уранхөхий” ХХК-ийн захирал Д.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “Уранхөхий” ХХК-аас татварын өр 356.352 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Уранхөхий” ХХК нь нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох татварын өр 356.352 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч “Уранхөхий” ХХК-ийн захирал Д.Энхтуяагийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч “Уранхөхий” ХХК нь нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 356.352 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 11.341 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч “Уранхөхий” ХХК-аас 5.671 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын өр 356.352 /гурван зуун тавин зургаан мянга гурван зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Уранхөхий” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Уранхөхий” ХХК-аас 5.671 /таван мянга зургаан зуун далан нэг/ төгрөг гаргуулан төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ