| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/06672/И |
| Дугаар | 102/ШШ2016/05376 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2016/05376
2016 оны 10 сарын 11 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05376 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Ориент центр 1 дүгээр давхарт оршин байгаа Арвиссистемс ХХК /РД-2818434/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 1 дүгээр гудамж, 21 тоотод оршин суух, Боржигон овогт Тогтохжаргалын Мэнд-Амар /РД-ХО85061077/-т холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,110,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Арвиссистемс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Мэнд-Амар нь 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Арвиссистемс ХХК-тай 13-1101 дугаартай зээлийн гэрээ байгуулж 18,000,000 төгрөг зээлж авсан.
Арвиссистемс ХХК нь зээлийн хөрөнгийг зээлдэгчид гэрээ байгуулсан өдрөө бэлнээр олгож, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.
Зээлийн гэрээ байгуулах үед Т.Мэнд-Амар нь тус компанид ажиллаж байсан бөгөөд боломжтой болмогцоо эргүүлэн төлнө гэж байсан тул гэрээнд зээлийн эргүүлэн төлөх хугацааг тодорхой заагаагүй байсан юм.
Гэтэл Т.Мэнд-Амар нь компаниас авсан зээлээ төлөхгүй хугацаа алдаж байсан тул Т.Мэнд-Амарын компанид өгөх өгөлгүүдийг нарийвчлан тооцсоны үндсэн дээр 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 14-0501 дугаартай зээлийн гэрээг түүнтэй дахин байгуулж, нийт 15,110,000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон.
Т.Мэнд-Амар нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд энэ үеэс эхлэн компанийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
Иймд Т.Мэнд-Амараас 15,110,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Мэнд-Амар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Арвиссистемс ХХК-иас 15,110,000 төгрөг авсан нь үнэн бөгөөд тус 15,110,000 төгрөгийг зургаан сарын дотор буюу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор хувааж төлөх болно гэжээ.
Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Арвиссистемс ХХК нь хариуцагч Т.Мэнд-Амараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,110,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Мэнд-Амар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 15,110,000 /арван таван сая нэг зуун арван мянган/ төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар болсон байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Т.Мэнд-Амарын нэхэмжлэлийн шаардлага болох 15,110,000 /арван таван сая нэг зуун арван мянган/ төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Арвиссистемс ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 116,750 төгрөг, хариуцагч Т.Мэнд-Амараас 116,750 төгрөгийг тус тус гаргуулан Арвиссистемс ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Арвиссистемс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Мэнд-Амарт холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 15,110,000 /арван таван сая нэг зуун арван мянган/ төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор Арвиссистемс ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 116,750 төгрөг, хариуцагч Т.Мэнд-Амараас 116,750 төгрөгийг тус тус гаргуулан Арвиссистемс ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |