Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/109

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904002140115 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                              З.Ганцоож

Улсын яллагч                                               Ж.Бүрэнжаргал

Хохирогч                                                  Д.М-

Шүүгдэгч                                                  Д.Г- нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ....аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой,  эх баригч бага эмч мэргэжилтэй,  ......... ажилладаг, ам бүл .., нөхөр .. хүүхдийн хамт ... тоот хашаанд оршин суух  С-овгийн  Д-ийн Г- /РД:.........../

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд: Д.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 22 цаг 30 минутын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тоотод оршин суух Б.Д-гийн гэрт иргэн Д.М-ыг “О-ын бөөлжсийг чи цэвэрлэ” гэсэн үгнээс болж маргалдан, улмаар ширээн дээр байсан Н.О-ын гар утсыг авч Д.М-ын нүүрэн тус газарт нь шидсэний улмаас түүний биед зүүн хацарт ташуу чиглэлтэй 4х0.3 см мэс заслын 3 ширхэг оёдолтой шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажилллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ч- над руу залгаад манай ажлынхан төрөх тасгийн шав тавьсан гээд бөөнөөрөө уулзаж байна та хүрээд ирээч гэж ярьсан. Би орой 21 цаг өнгөрч байхад .................тоот хашаанд байрлах Д-гийнд очиход тогоо тасдуулчихсан гээд лаа асаачихсан байсан. Д-гийн гэрт Ч-, Б-, Э-, У-, О-, М- нар  байсан ба нэлээд согтчихсон байсан. Харин Б- жирэмсэн, Ч- ээж ирчихсэн гээд архи уугаагүй байсан. Бид юм яриад сууцгааж байхад О- согтоод газар унаад бөөлжөөд байсан тэгэхэд нь би Ч-тай хамт бөөлжсөндөө хахчихаж магадгүй гээд цэвэрлэсэн. О- дахиад бөөлжихөд миний хажууд М- ирчихсэн зогсож байхаар нь би “М-аа эгчийн дүү О-ын бөөлжсийг цэвэрлэчих, эгч нь түрүүн цэвэрлэсэн юм” гэхэд надруу би яахаараа цэвэрлэдэг юм, даварчихсан авгай гэхээр нь би “эгчийн дүү ямар сонин юм бэ” адилхан ууж идсэн хүмүүс байж, эгч нь цэвэрлэж чадна шүү дээ гэхэд” М- намайг Ш-ын бууны нохой байнга ахлахаар явах  юм шиг гээд эдэвээр хэлээд дунд хуруугаа гаргаад байхаар нь би О-ын гар утас газар байхаар нь аваад шидсэн чинь М-ын нүүрэнд нь оносон тэгэхэд цус гарсан. Ажлынхан цэвэрлэж өгөөд байж байтал эмнэлэг, цагдаа ирсэн. Хохирогчид 130 000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24, 47-48-р хуудас/   

Шүүгдэгч Д.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай үйлчлэгч бөөлжөөд байхаар нь би М-ыг бөөлжисийг нь цэвэрлэчихээч гэсэн чинь чадахгүй авгай минь гэснээс болж бид хоёр маргалдсан, би хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогчийн нэхэмжилсэн 130.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

         Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажилллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 29-ний өглөө ажлаасаа буусан. Манай ээлжнийхэн утсаар залгаад “хүрээд ир бид нар жоохон сууж байна” гэсэн. Би эгчийн хүүхдийг харж байсан болохоор орой 20 цаг өнгөрч байхад дэлгүүрээс 1 шил архи болон ойр зуурын зүйл аваад Д- эгчийнд очсон. Намайг ороход тэд нэг шил виски тойруулаад, өдрөөс хойш уусан болохоор нэлээд халамцуу байсан. Г- эгчийг дуудаад 21 цаг өнгөрч байхад ирсэн. Г- эгч бид хоёр урьд ажил дээрээ таарамжгүй харьцаатай байсан болохоор надад уураа гаргасан байх гэж бодож байна. Г- эгч над руу уурлаад юм аваад шидсэн. Би архины шил шидчихлээ гэж бодсон. Тэгээд би нүүрээ дараад цусаа арчаад доошоо суусан. Жаахан сууж байгаад уур хүрээд уурандаа ширээн дээр аяга байсныг аваад Г- эгч рүү шидсэн гэхдээ оноогүй. Миний хацарны дээд хэсгээс цус гарсан. Намайг эмнэлэг явах гэтэл өөрсдөө эмнэлэгт ажилладаг байж яах юм бэ гэсэн. Би эгч рүүгээ залгаад эгч Оюунтунгалаг ирж эмнэлэг авч явж 3 оёдол тавиулсан. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

              Гэрч Б.Ч-ын мөрдөн шалгах ажилллагааны үед өгсөн “...Г- М-ыг гаднаас орж ирэхэд “О-ын бөөлжсийг баахан цэвэрлэлээ чи нэг цэвэрлэ” гэтэл М- уурлаад Г- эгчийг Эмнэлгийн дарга Шинээгийн бууны нохой, баруун гар нь нь, би цэвэрлэж чадахгүй гээд хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Тухайн үед Г- эгч М-ын нүүр лүү юм шидчихсэн. Тэр үед М-ын зүүн талын хацарнаас цус гарч эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-р хуудас/

              Гэрч Т.Б-гийн мөрдөн шалгах ажилллагааны үед өгсөн “...Г- эгч М-д хандаж   “О-ын бөөлжсийг баахан цэвэрлэлээ чи нэг цэвэрлээдэх” гэтэл М- уурлаад Г- эгчийг “Шинээ пялдага авгайн бууны нохой” гэх мэтээр хэлсэн. Тэр хоёр ширээний хоёр талаас хэрэлдэж байгаад Г- эгч О-ын гар утсыг аваад М-ын нүүр лүү шидсэн. Төд удалгүй М-ын нүүрнээс цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-р хуудас/

              Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажилллагааны үед өгсөн “...Д-гийн том охин надад манай гэрт 2 эгч зодолдоод нэг нь аяга авч шидээд байсан. Нэг эгчийн хацарнаас нь цус гарч байсан гэж хэлсэн. Ажил дээрээ очоод болсон зүйлийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31р хуудас/

              Д.Г-ийн согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт /хх 04 р хуудас/

              Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09шэ/247 дугаартай “М-ын биед зүүн хацарт оёдолтой шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 33-р хуудас/

  Шүүгдэгч  Д.Г-ийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 52-р хуудас/

  Иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа  /хх-н 53-56-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс “...Би гэм буруугаа хүлээж байна. Ял шийтгэлийн хувьд тохиролцсон торгуулийн 450.000 төгрөгийг төлнө...“ гэжээ.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Д.Г-  нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 22 цаг 30 минутын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 8 дугаар гудамжны 4 тоот хашаанд оршин суух Б.Д-гийн гэрт иргэн Д.М-ыг “О-ын бөөлжсийг чи цэвэрлэ” гэсэн үгнээс болж маргалдан, улмаар ширээн дээр байсан Н.О-ын гар утсыг авч Д.М-ын нүүрэн тус газарт нь шидсэний улмаас түүний биед зүүн хацарт ташуу чиглэлтэй 4х0.3 см шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Д.Г- нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…Д.М-ын  биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 012 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Г-ийн үйлдэл нь иргэн Д.Мөнзулын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.

              Шүүгдэгч Д.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эмчилгээний зардалд 130.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Г-т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Шүүгдэгч, хохирогч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасаныг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С-овгийн Д-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С-овгийн Д-ийн Г-ийг дарван зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Д.Г-т мэдэгдсүгэй
  4. Хохирогч Д.М- нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Д.Г-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ