Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 59

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Улсын яллагч Г.Мөнхболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д холбогдох эрүүгийн 1940001550085 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, улсаас авсан гавьяа, шагналгүй, ял шийтгэлгүй, А.Д

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Амгалан овогтой А.Д нь 2019 оны 08 дугаар сард иргэн Т.Э эзэмшлийн буурал зүсмийн зоосон тамгатай 1 тооны сувай гүүг бусдын эзэмшил, өмчлөлд байгаа болохыг мэдсээр байж завшиж, иргэн Т.Э нийт 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                      Т О Д О Р Х О Й Л О Х нь:

  1. Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт “2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр цасан шуурга шуурсан. Тэгээд мал уруудаж ирсэн. Тэр үед нэг цагаан гүү цасанд дарагдчихсан байсан. Би цагаан гүүг цаснаас татаж гаргасан. Миний хүрэн азаргатай адуунд хэд хоногийн дараа нийлчихсэн байсан. Түүнээс хойш зун хүртэл манайд байсан. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр даага бариад, морь сэлгээд, адуу хашиж байхад цагаан буурал гүү хашаан дээгүүр харайх гэж байгаад хашааны төмрөнд гэдсээ урчихсан. Тэгээд цагаан буурал гүү үхэх гээд байхаар нь ганцаараа хийгээд явуулчихсан. Би хүнд нь хэлье гэхээр гар утсыг нь мэдэхгүй байсан” гэв.
  2. Шүүгдэгч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай нутгаар цасан шуурга болсон. Тэгэхэд Галшар сумын 2 дугаар багийн нутаг Их Уул гэх газрын энгэр хэсэгт байх жалганд нэг тооны цагаан буурал зүсмийн гүү цасанд зоогдсон байдалтай байхыг нь би ганцаараа малд явж байхдаа хараад очиж цаснаас татаж гаргаад хөдөө орхисон. Тухайн үед цагаан буурал гүү их ядарсан, явахааргүй байсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа манай өөрийн хүрэн азаргатай адуунд нийлчихсэн байсан. Цаснаас татаж гаргасан цагаан буурал гүү манай хүрэн азаргатай нийлснээс хойш бүтэн зун буюу 2019 оны 08 дугаар сарын 28-ныг хүртэл манай адуунд байсан. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр унаж байсан морио солих гээд, мөн нэг даага барьж нядлаад Хэнтий аймаг руу явах гээд адуугаа хурааж хаваржааны хашаан дээрээ хашсан. Адуу хашаад солих морио барих гэж байхад цагаан буурал гүү хаваржааны хашааны зүүн хойд хэсгээс хашаан дээгүүр давж харайгаад хашааны төмөрт гэдэснийхээ зөв талын доод хэсэгт урчихсан. Тухайн үед гэдэс нь урагдсан хэсгээр доторх гэдэс нь доошоо цувах гээд байхаар нь цагаан буурал гүүг барьж аваад ганцаараа хаваржааны хашаан дээрээ нядалсан    ...Сү  эгчийг манай хаваржаан дээр ирэхээр нь машин дээр нь эхнэр бид 3 нийлж адууны махаа, арьстай нь хамт ачаад аймаг руу манай эхнэр, Сү  эгч хоёр явсан” гэх мэдүүлэг /хх-н 37-38 хуу/
  3. Хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай адуу 2019 оны 05 дугаар сарын 11-ээс 12-ны өдрийн цасан шуурганд уруудсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр манай гэрээс баруун урд зүгт 40 км орчим зайд Галшар сумын 1-р баг Баруун арвин гэх газар хээр азаргатай 27 тооны адуу бүрэн байсан. Тэгээд би адууны эрэлд явж байсан тул тухайн газар гэрийн зүг дарж орхиод цааш явсан бөгөөд 2019 оны 05 сарын 14-нөөс 15-ны хооронд шороон шуурганаар тухайн адуугаа дахиж алдаад Галшар сумын 1-р баг Доной гэх газраас олоход /өмнө дарж орхисон газраас 5 орчим км зайтай газар/ хээр азаргатай 27 тооны адуунаас хоёр сувай гүү дутаж, 25 тооны адуу байхаар нь татаж авчирсан. Дутсан хоёр сувай гүү нь гэвэл цагаан хязаалан сувай гүү, буурал хавчиг сувай гүү алдагдсан байсан. Түүнээс хойш хоёр гүүгээ эрээд олохгүй байсан ба уг өдрөөс 10 гаран хоногийн дараа буюу 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Галшар сумын 2-р баг Гэдээ хочтой А  адуунд хоёр гүү маань байна гэсэн сураг дуулсан. Түүнээс хойш ажил төрөл амжихгүй байж байгаад 2019 оны 7-р сарын эхээр Галшар сумын 2-р багт байрлах Галшар уулын зүүн урд хэсэгт хүрэн азаргатай адуунд миний буурал зүсмийн зоосон тамгатай адуу байхыг би өөрийн нүдээр харсан бөгөөд нөгөө нэг цагаан гүү байхгүй байсан ба түүнээс хойш эрээд олохгүй байж байгаад 2019 оны 08 сарын 31-ний өдөр Галшар сумын 3-р баг Их арт уулын урд хэсэгт өөр хүний азарган хээр ороонд хураалгаж байхаар нь цагаан гүүгээ олоод хээр азаргатай адуунд нийлүүлсэн. Миний нөгөө алдсан гүү аймагт бойнд нядлагдсан талаар цагдаа мэдэгдэж тамга болон арьсны зургийг харахад мөн байсан. Нутгийн хүмүүсээс сонсоход А  А.Д миний буурал зүсмийн зоосон тамгатай гүүг ажиллаж зараад цагдаад баригдсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 11-13 хуу/
  4. Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 08 сарын 28-ны өдрийн 17 цагийн үед Галшар сумын малчин Сү  гэдэг хүн 1 тооны адууны мах, цайвар өнгийн арьсны хамт зарсан. Ариун цэвэрийн бичиг баталгаажуулсан байсан тул шалгаж үзэлгүй авсан бөгөөд тэр орой буюу 21 цагийн үед цагдаа нар ирж тухайн адууны арьсыг ирж үзэхэд тамгатай хэсгийн арьс нь байхгүй байна, тусд нь тавиарай гэж байсан бөгөөд тухайн арьсыг өөрийн нүдээр үзээгүй. Сүүлд сонсоход буурал саарал зүсмийн адууны арьсны зүүн талын тамгатай хэсгийг тасдсан байсан ба тасархай арьсыг нийлүүлж үзэхэд тамга нь нийлж байсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 14 хуу/
  5. Гэрч Б.Сү гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 08 дугаар сарын 27-ны 15 цагийн үед Д  эхнэр Жакаа бүтэн нэрийг нь мэдэхгүй байна залган та машинтайгаа манай гэрээс ядарсан даага ачаад аймагт заралцаад өгөөч бид нар бензин тосны мөнгөгүй болчихлоо, биеэ үзүүлж эм тариа авах гэсэн юм гэхээр нь за тэгье, маргааш өглөө очъё гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед Галшар сумын 2 дугаар баг Их уулын өвөр гэх газар очиход Д түүний эхнэр Жакаа нар байсан бөгөөд надад хандан манай нөгөө ядарсан даага олдохгүй байна, өөр адуу ачихаар болсон гээд гэрээс зүүн хойд зүгт 5 км байрлах хаваржаа руу нь очиход хашааныхаа зүүн урд хэсэгт адуугаа ажиллаад махаа бэлдсэн байсан тэгээд тэндээс тарган адууны мах, цайвар зүсмийн адууны арьс ачиж өөрийн гэрээрээ дайраад 1 хонины гулууз нэмж аваад аймаг руу явсан. Аймагт 16 цагийн орчимд ирээд нөгөө хоёр, мал махны гарал үүслийн бичиг авч цагдаагаар баталгаажуулаад адууны мах, хонины махаа Чингис хотын цахилгаан бойнд очиж ченж Ганаа гэдэг хүнд зарсан...” гэх мэдүүлэг /хх-н 16 хуу/
  6. Шүүгдэгч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “Хавар буюу 2019 оны 05 дугаар сарын 12-ны шуурганаар Галшар сумын 2 дугаар баг Галшар уулын баруун урд жалганд цасанд суучихсан байдалтай байхад нь гаргаж авсан. Цагаан буурал зүсмийн дугуй дотор дөрвөлжин дүрстэй тамгатай гүү байхаар нь би ганцаараа татаж гаргаад орхисон. Тэгээд хэд хоногийн дараа азаргатай 12 тооны адуунд нийлээд бэлчиж байсан бөгөөд өдийг хүртэл буюу 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн үед Галшар сумын 2 дугаар баг Галшар уулын Цагаан ам гэх газар буюу тус уулын зүүн урд аманд байдаг хаваржааны хашаандаа хашиж байгаад адуу барих гэж байтал цагаан буурал зүсмийн дугуй дөрвөлжин дүрстэй тамгатай адуу ертөнцийн зүгээр хашааны зүүн хойд талд байдаг шургааг тогтоож зоосон төмөртэй хэсгээр хариаж гарах гэж байгаад гэдэснийхээ зөв талынхаа доод хэсэгт уг төмрөөр ураад цус гараад доошоо гэдэс нь цувах гээд байхаар нь ганцаараа барьж аваад уг хашааны зүүн урд хэсэгт ажиллахад эхнэр З.Б хажууд хараад байж байсан ба гэдэс, толгой шийрийг нь тухайн ажилласан газартаа үлдээгээд өөрийн 98339726 дугаартай утсаар бэр эгч Бибишийн Сү гийн 98989238 дугаарын утас руу залгаж мал мах ачаад өгөөч, ажиллачихаад байна гялс хүрээд ирээчээ гээд гуйхад за гээд 14 цагийн үед манай хаваржаан дээр ирээд манай эхнэр болон Сү  эгчийн хамт бид 3 мах, арьсаа ачсан. Тэгээд манай эхнэр, Сү  эгчийн хамт аймаг руу махаа зарахаар явсан” гэх мэдүүлэг /хх-н 19-21 хуу/
  7. Гэрч З.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “Би нөхөр Д  2013 онд танилцаж 2014 онд гэрлэлтээ баталгаажуулан хамт амьдарч одоо бид хоёр хүүхэдтэй Галшар сумын 2 дугаар багт нутагладаг айл юм. Би 2019 оны 08 дугаар сарын 28-ны үдийн өмнө цайвар бор зүсмийн /би малын зүс мэдэхгүй гэв/ адуу манай нөхөр Галшар сумын 2 дугаар баг Галшар уулын зүүн өвөр хэсэгт байх хаваржааны хашааны урд хэсэгт ажилласны дараа манай нөхрийн бэр эгч Сү  эгчийг дуудаж адууны арьс, махаа ачаад Сү  эгчийн хамт тухайн өдөртөө үдээс хойш Хэнтий аймгийн Чингис хотын цахилгаан бойнд Ганаа гэдэг ченжид мах, арьсаа зарахад, хэдэн төгрөг болсныг сайн санахгүй байна. Мөнгөө бэлнээр аваад тоололгүй цааш нь хийсэн. Манай нөхөр адуунаасаа барьж ажилласан болохоор манай адуу гэж бодож байна. Би адуу мал сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 22-23 хуу/
  8. Гэрч З.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн “...Би Д  2013 онд гэр бүл болж нэг гэрт хамт амьдарсан. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Зан байдлын хувьд их дуугүй, хүнтэй юм яриад байхгүй, тохитой, томоотой хүн. Манай нөхөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургуульд 5 дугаар анги хүртлээ сураад сургуулиас гарсан. Бичиг үсгийн боловсрол тааруу хүн. Манай нөхөр эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн алба хаагаагүй, нэг талын нүд нь юм хардаггүй юм. Одоо Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар багт мал маллаж амьдарч байна. Манайх А дансандаа 500 гаран толгой малтай. Архи согтууруулах ундаа ерөөсөө уудаггүй, тамхи татдаггүй. Архаг хууч өвчин гэвэл нэг нүд нь юм хардаггүй. Сэтгэцийн хувьд эрүүл саруул ухаантай хүн. Хамт олон, нутгийн хүмүүс дундаа нэр хүндтэй. Улсаас авсан гавьяа шагнал гэвэл Галшар сумын залуу сайн малчин болж байсан. Ял шийтгэл байхгүй. Манай нөхөр багаасаа өдийг хүртэл мал дээр байгаа” гэх мэдүүлэг /хх-н 41 хуу/
  9. Гэрч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Д  ээжийн төрсөн эгчийн хүүхэд. А.Д бид хоёр үеэлүүд юм. А.Д бага байхаасаа аав, ээж дээрээ хөдөө мал дээр өсөж хүмүүжсэн. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хан Хэнтий цогцолбор буюу 2 дугаар сургуульд сурч байгаад бага ангиасаа сургуулиас гараад хөдөө мал дээр гарсан. Зан байдлын хувьд төлөв, даруу, томоотой, илүү дутуу зан байхгүй, нэг л зангаараа байдаг. А.Д эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн алба хааж байгаагүй. Одоо Хэнтий аймгийн Галшар суманд мал маллаж амьдарч байгаа. Хамт олон, хамаатан садан дундаа нэр хүнд сайтай” гэх мэдүүлэг /хх-н 42 хуу/
  10. Вендо ХХК-ийн №ХЦ19-41 дугаартай эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт /хх-н 25-26 хуу/
  11.  Хохирогч Т.Э эхнэр Б.У “А.Д хохирлын мөнгө 1.500.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 43 хуу/
  12. Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн засаг дарга Н.Г “Тавьд овогт А  А.Д нь тус багийн байнгийн оршин суугч мөн ба 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу-53, үхэр-19, хонь-335, ямаа-130, нийт 537 толгой мал тоолуулсан нь үнэн болно. Ам бүл 4 эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг” гэх тодорхойлолт /хх-н 44 хуу/
  13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46 хуу/, цагаан буурал зүсмийн адууны арьсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 8 хуу/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудаас шүүгдэгч А.Д гэрчээр авсан мэдүүлэг /хх-н 19-21 хуу/, шүүгдэгчийн эхнэр З.Б 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрчээр авсан мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-д заасан “гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д заасан “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэх заалтуудыг тус тус зөрчжээ.

Бусад нотлох баримтуудын хувьд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. 

 

Шүүхээс шүүгдэгч А.Д гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Д нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг, Галшар уулын “Цагаан ам” гэх газарт Х.Эрдэнэбилэгийн өмчлөлийн алдуул мал болох буурал зүсмийн зоосон тамгатай нэг тооны гүүг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 850.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч Т.Э “...Миний нөгөө алдсан гүү аймагт бойнд нядлагдсан талаар цагдаа мэдэгдэж, тамга болон арьсны зургийг харахад мөн байсан. Нутгийн хүмүүсээс сонсоход А  А.Д миний буурал зүсмийн зоосон тамгатай гүүг ажиллаж зараад цагдаад баригдсан гэж байсан...” гэх мэдүүлэг

Гэрч Б.Сү гийн “...Д түүний эхнэр Жакаа нар байсан бөгөөд надад хандан манай нөгөө ядарсан даага олдохгүй байна, өөр адуу ачихаар болсон гээд гэрээс зүүн хойд зүгт 5 км байрлах хаваржаа руу нь очиход хашааныхаа зүүн урд хэсэгт адуугаа ажиллаад махаа бэлдсэн байсан тэгээд тэндээс тарган адууны мах, цайвар зүсмийн адууны арьс ачиж өөрийн гэрээрээ дайраад 1 хонины гулууз нэмж аваад аймаг руу явсан...” гэх мэдүүлэг

 Гэрч С.Г “...2019 оны 08 сарын 28-ны өдрийн 17 цагийн үед Галшар сумын малчин Сү  гэдэг хүн 1 тооны адууны мах, цайвар өнгийн арьсны хамт зарсан...” гэх мэдүүлэг

Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилго, хохирогчийн зүгээс өөрийн малдаа хараа хяналт сул тавьсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд шүүгдэгч нь 1.500.000 төгрөгийг хохирогчид бэлнээр өгч учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч А.Д бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүхээс шүүгдэгч А.Д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

          Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

          Шүүгдэгч нь прокурорын санал болгосон 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан нь хуульд нийцсэн тул торгох ял оногдуулав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

          Т О Г Т О О Х нь:

  1. Шүүгдэгч А.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл А.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР