| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00059/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул
Улсын яллагч Г.Мөнхболд
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.У холбогдох 1940001410092 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хангай суманд төрсөн, яс үндэс халх, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.У
Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Прокурорын 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 54 дугаартай яллах дүгнэлтэд: Яллагдагч Б.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай гэжээ. /хх-50-52/
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Б.Б 2019 оны 08-р сарын 01-ний өдөр өгсөн: “Би 2019 оны 07 сарын 24-ний өдөр 20 цаг 40 минутын үед ажлаасаа бууж хамт ажилладаг ах нар болох Ч , Э нарын хамтаар 49 дүгээр байрны ард байх автомашины гражид 0.5 литрийн архи хувааж уучихаад тэр 2-оос салаад Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” клуб руу явсан. Тэгсэн “М” клубын гадаа өмнө нь хамт ажилладаг байсан. Ж болон 2 залуугийн хамтаар явж байсан. Тэгсэн баар руу орж явахад баарны үүдэнд нойлын дэргэд хамт ажиллаж байсан Б.У тааралдахад Б.У нь надаас ганц ширхэг пиво аваад өг” гэхээр нь би “Би чамд авлага өглөг байхгүй, чадахгүй” гэж хэлээд баар руу орсон. Тухайн үед Б.У нь ганцаараа байсан. Ингээд бид бааранд сууж байгаад баар хаахад нь буюу 23 цаг 50 минутын үед гараад бид хэд машинд нь суухад Ж хүнтэй уулзахаар эмнэлгийн хойд хэсэгт “Шар” дэлгүүрийн арын гудамжинд очиж зогссон. Ингээд Ж О 2 хүнтэй уулзахаар буусан. Тэгсэн Б.У нь хойноос 2 найзынхаа хамтаар ирж Б.У нь миний сууж байсан машинд орж суусан. Тухайн үед би машины арын суудал дээр сууж байсан. Тэгсэн Б.У нь “Чи ганц пиво авч чадахгүй юу” гэхээр нь “Би чамд авч өгөх алба байхгүй” гэж хэлсэнээр бид 2-ын дунд маргаан үүссэн. Тэгсэн Б.У миний нүүрэн тус газар буюу нүд рүү цохихоор нь би өөдөөс нь үсдээд авсан юм. Энэ үед Ж ирээд “Битгий машин дотор зодолдоод бай буугаач” гэж хэлээд миний хацар руу алгадсан. Тэгсэн Б.У нь эхэлж машинаас буугаад намайг татаж буулгасан. Намайг машинаас татаж буулгахад Ж зөрөөд машиндаа суусан. Ингээд Б.У машинаас буугаад маргалдаж байтал Ж О нар нь хөдлөөд яваад өгсөн. Тэгсэн Б.У намайг газар унагаагаад дахин миний нүүрэн тус газар цохьсон. Тэгсэн Б.У хамт явж байсан залуу нь салгаж намайг босгоход нь би зугтаагаад цагдаагийн байгууллагад ирж мэдэгдсэн. Тэгсэн миний зүүн нүд хөхөрч хавдан улайсан байсан. Ингээд би тэр өдрөө эмчид үзүүлж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
-Гэрч Б.Б 2019 оны 07-р сарын 25-ны өдөр өгсөн: “Би 2019 оны 07 сарын 24-ний өдөр 20 цаг 40 минутын үед ажлаа тараад ажлын ах нар болох Э, Ч нарын хамтаар 49 дүгээр байранд байх Э ахын авто гражид 0.5 литрийн архи нэг шилийг хувааж уугаад би гэртээ харих замдаа Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” клуб руу орж ганц 2 ширхэг пиво уухаар орсон. Тэгсэн намайг баар руу орж байх үед өмнө нь хамт ажиллаж байсан Б.У гэх залуу нилээн согтсон байдалтай тааралдаад намайг баарны нойлын өрөө рүү дагуулж ороод надад “Пиво аваад өг” гэж дарамталсан өнгө аястай хэлэхээр нь би Б.У т хандаж “Би чамд өргүй, чамд пиво авч өгөх албагүй” гэж хэлчихээд баарны заал руу орсон. Ингээд би бааранд орж 0.5 литрийн пивоноос 2 ширхгийг уугаад баар хаах үед баарнаас гарч гэр рүүгээ ертөнцийн зүгээр баруун зүгт явж байтал Б.У миний араас 3-4 залуугийн хамтаар хүрээд ирсэн. Би тухайн үед Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн баруун хойд хэсэгт байх шар дэлгүүрийн хойд талын эгнээнд явж байхад Б.У нь танихгүй залуучуудын хамт ирсэн. Ингээд Б.У нь ирээд “Чи новшийн гар юм аа, ганц 2 пиво аваад өгч чадахгүй” гэж хэлэхээр нь би авч өгөх ёсгүй учир энэ байдлаа хэлэхэд над руу уурлаж миний зүүн талын нүд рүү 2 удаа цохьсон. Харин би Б.У ын өмнөөс цохиогүй, харин үснээс зуурч байгаад цохихоо болихоор нь цагдаагийн хэлтсийн зүг зугтаачихсан юм. Ингээд би цагдаагийн байгууллагад энэ талаар гомдол гаргаад цагдаагийн алба хаагч болох Өлзийдүүрэнтэй хамт Б.У ын хойноос очиход Б.У нь мөн л гудамжид хүмүүстэй муудалцаад зодолдож байсан. Ингээд Б.У ыг цагдаа дээр авчирсаны дараа би эмнэлгийн байгууллагад очиж эмчид үзүүлэхэд эмч Улаанбаатар хот явах шаардлагатай байна гэж хэлээд надад тухайн үед тодорхойлолт бичиж өгсөн юм. Би Цагдаагийн байгууллагад Бор-Өндөр сумын харьяат Б.У гэх залууд зодуулсан талаараа гомдол гаргаж хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
-Гэрч Ө.Ж гийн 2019 оны 09-р сарын 05-ны өдөр өгсөн: “Би тэр өдөр буюу 2019 оны 07 сарын 24-ний өдөр найз М болон туслах ажилтан Түмэн-Учрал нарын хамтаар ажлаа тараад оройн 22 цагийн орчимд “М” гэх нэртэй бааранд орох гээд явж байтал баарны гадаа өмнө нь хамт ажилладаг байсан Б тааралдсан. Тухайн үед Б нь бага зэрэг архи уусан бололтой халамцуу явж байсан. Ингээд бид 4 бааранд орж суухаар болоод баар руу орж явахад Б нь Б.У гэдэг залуутай уулзаад үүдэнд үлдсэн. Ингээд бид баар хаах үед баарнаас гараад миний машинд бүгд суугаад эмнэлгийн баруун хойд хэсэгт байх “Шар” дэлгүүрийн хойд эгнээнд хүнтэй уулзахаар явсан. Ингээд “Шар” дэлгүүрийн хойд эгнээнд очиж хүнтэй уулзахаар би Мөнх-Оргилын хамтаар машинаас буухад Б.У нь найзынхаа хамтаар бидэн дээр ирсэн. Би Б.У ыг ирэхэд нь муудалцана гэж бодоогүй. Учир нь бид бүгд өмнө нь хамт ажиллаж байсан юм. Ингээд Б.У нь миний машины арын суудал руу орж суусан. Тэгсэн удалгүй машин дотор түжигнээд эхлэхээр нь юу болоод байгаа юм бол гээд машины арын хаалгыг онгойлгож харахад Б Б.У нар нь бие биенээ үсдэлцээд сууж байсан. Тэгэхээр нь “Битгий машин дотор зодолдож ноцолдоод бай бууцгаа” гэж хэлэхэд тоохгүй ноцолдоод байхаар нь ойр байсанаар нь Б ахын үүднээс “Бууцгаа гэж хэлээд хацар руу нь зөөлөн алгадсан. Тэгсэн Б.У нь үсдэлцэхээ болиод машинаас буугаад Б татаж чангаад машинаас буулгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 25-ны өдрийн №37 тоот:
1.Б.Б биед зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13/,
-Яллагдагч Б.У 2019 оны 10-р сарын 10-ны өдөр өгсөн: “Би 2019 оны 07 сарын 24-ний өдөр ажлаасаа 20 цаг өнгөрөөөж буугаад гэртээ очиж хувцсаа солиод найз Энхсайхантай уулзаж 21 цаг өнгөрч байх үед Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явууудаг “М” гэх нэртэй бааранд орсон юм. Бид 2 бааранд ороод хүний нэг нэг пиво захиалаад ширээнд сууж бүжиглэж байгаа хүмүүсийг харж байгаад пиво дуусахаар нь Энхсайханы хамтаар нойл орохоор баарны дотор заалнаас гараад явж байтал үүдэнд өмнө нь хамт ажиллаж байсан Б.Б тай тааралдсан. Б нь тухайн үед ганцаараа явж байгаа бололтой халамцуу явж байсан. Тэгэхээр нь би Б өмнө нь хамт ажилладаг, бие биенээ мэддэг учир би Б мэнд мэдчихээд ганц 2 пиво аваад өгчих гэж гуйсан чинь Б “Үгүй, чамд ямар авч өгөх өр авлагатай биш чадахгүй” гэсэн. Тэгэхээр нь би тэр үед ч айхтар юм хэлээгүй. Энэ үед Э гэр рүүгээ явчихсан бололтой харагдахгүй байсан. Тэгэхээр нь би нойлд орж бие засчихаад буцаж баар руу орж өмнө нь сууж байсан ширээ нь дээрээ сууж байтал баар хаах цаг болоод баарны хүмүүс гарч эхэлсэн. Энэ үед нь би хүмүүстэй хамт гадаа гарч зогсож байгаад гэртээ харихаар эмнэлгийн баруун хойд хэсэгт байх “Шар” гэх дэлгүүрийн хойд талын гудамжаар ороод явж байтал тэнд нэг машин зогсож байсан. Тэгэхээр нь яваад очиход машин дотор Б , харин миний таних Ж хүнтэй уулзаад зогсож байгаа бололтой 3-уулаа машины гадаа зогсож байхаар нь би Б уулзах гэж машин руу нь суухад жолоочийн суудал дээр нэг танихгүй залуу байсан. Ингээд би Б т хандаж “Чи ямар сүртэй юм бэ? ганц пиво аваад өгчихгүй” гэхэд Б албатай юм уу гээд уурлаад намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд ноцолдож байхад Ж машинд зодолдож ноцолдлоо, бууцгаа гээд бид 2-ыг салгасан. Тэгэхээр нь би хойд талын хаалгаар Б татаж чангааж гаргаад машины хойно аваачиж байгаад газар угзарч унагаад дээрээс нь буюу нүүр рүү нь 1 удаа гараа зангидаж байгаад цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
-Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Б.Б ыг цохьсон нь үнэн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
-Хохирогч Б.Б өгсөн: “...Б.У миний нүүрэн тус газар буюу нүд рүү цохихоор нь би өөдөөс нь үсдээд авсан юм. Б.У намайг газар унагаагаад дахин миний нүүрэн тус газар цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
-Гэрч Б.Б өгсөн: “...би авч өгөх ёсгүй учир энэ байдлаа хэлэхэд над руу уурлаж миний зүүн талын нүд рүү 2 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
-Гэрч Ө.Ж гийн өгсөн: “...Тэгсэн удалгүй машин дотор түжигнээд эхлэхээр нь юу болоод байгаа юм бол гээд машины арын хаалгыг онгойлгож харахад Б Б.У нар нь бие биенээ үсдэлцээд сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
-Яллагдагч Б.У өгсөн: “...би хойд талын хаалгаар Б татаж чангааж гаргаад машины хойно аваачиж байгаад газар угзарч унагаад дээрээс нь буюу нүүр рүү нь 1 удаа гараа зангидаж байгаад цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 25-ны өдрийн №37 тоот шинжээчийн дүгнэлт,
-Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч Б.У нь 2019 оны 07 сарын 24-ний орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Шар” дэлгүүрийн хойд талын гудамжинд хохирогч Б.Б тай марган улмаар түүний нүүрэн тус газар цохиж, хохирогч Б.Б биед зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн Б.Б бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.
Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 25-ны өдрийн №37 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б биед зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдсон байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.У т холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Б.У нь архидан согтуурсан, зүй бус үйлдэл, хохирогч Б.Б архидан согтуурсан нөхцөл байдал нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.У нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл, шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.У нь 2019 оны 07 сарын 24-ний өдөр ямар ч шалтгаангүйгээр хохирогч Б.Б ыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Б нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Б.У нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.У т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.У нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Б.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.У т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.У эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 6, 7, 8, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5
дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ