| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00061/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2019-10-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул
Улсын яллагч Г.Мөнхболд
Шүүгдэгч У.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч У.Э өд холбогдох 1940001600093 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, У.Э.
Шүүгдэгч У.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Прокурорын 2019 оны 10 сарын 17-ны өдрийн 58 дугаартай яллах дүгнэлтэд: Яллагдагч У.Э ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай гэжээ. /хх-50-52/
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Насанд хүрээгүй хохирогч Б.Б 2019 оны 09-р сарын 12-ны өдөр өгсөн: “Би Бор-Өндөр сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 3 дугаар курсын оюутан юм. Би ээж Б болон хойд эцэг У.Э нараас тусдаа амьдардаг юм. Би 2019 оны 09 сарын 01-ний өдөр өглөө 07 цагийн үед Улаанбаатар хотоос ирээд Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх ээжийнхээ гэрт хувцсаа тавихаар очиход манай хойд эцэг У.Э нь нэг найзынхаа хамт болон манай 2 дүүгийн хамтаар унтаж байсан. Хойд эцэг болох У.Э нь архи уусан бололтой архины шил байсан. Харин манай ээж гэртээ байгаагүй айл руу явчихсан байсан. Ингээд би хувцсаа оруулж тавьчихаад дотуур байрандаа байж байгаад эргэж 12 цагт ирэхэд манай ээж гэртээ ирчихсэн харин хойд эцэг У.Э нь найзынхаа хамтаар архи уугаад сууж байсан. Тэгсэн намайг гэрт ороход ээж маань дэлгүүр явъя гээд намайг аваад гарсан. Ингээд би ээжтэйгээ дэлгүүрүүдээр явж гутал хувцас авахуулаад эргээд 19 цагийн үед ирэхэд хойд эцэг унтчихсан байсан. Тэгсэн тэр үед манай бага дүүгийн чих нь өвдөөд би ээжийн хамтаар дүүгээ аваад эмнэлэг дээр ирж үзүүлж эмчилгээ хийлгэчихээд эргээд 20 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай хойд эцэг У.Э нь сэрчихсэн байсан. Ингээд би дотуур байр руугаа явахаар хувцсаа зөөлгөхөөр найзууд болох С А нарын хамтаар гэртээ дагуулж ирээд тэр 2-ыг хашааныхаа гадаа хүлээлгэж байгаад гэрт орж хувцсаа цүнхлээд байж байтал манай хойд эцэг У.Э нь “Чи яагаад дүүгийнхээ утсыг барьж байгаа юм, өөрийнхөө утсыг яасан юм” гэхээр нь би өөрийнхөө утсыг хаясан талаараа хэлж дүүгээсээ түр барьж байхаар гуйж авсанаа хэлэхэд У.Э нь “хүүхдийн утас өгөөч, чи өөрийнхөө утсыг ломбарданд тавиад архи уучихсан юм уу” гэхээр нь би “Юу гэсэн ч үгийн” гээд жаахан ууртай хэлэхэд У.Э нь гэнэт ширээн дээр байсан сэнжтэй шаазан аяга аваад “Юу гээд хуцаад байгаан” гэж хэлээд над руу шидэхэд миний толгойн тус газар оноод хагалчихсан. Энэ үед манай ээж зурагт үзээд сууж байсан. Тэгсэн ээж дундуур орж намайг гэрээс авч гараад эмнэлэгт хүргэж өгч эмчид үзүүлэхэд миний толгойн зүүн дээд хэсэгт хагарсан байсан. Ингээд эмч миний толгойнд 3 оёдол тавьж өгсөн. Ингээд би ээжийн хамтаар энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 сарын 09-ний өдрийн №48 тоот:
1.”Б.Б биед толгойн зулай хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 дуаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/,
-Яллагдагч У.Э 2019 оны 10-р сарын 10-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдардаг юм. Би эхнэр Б-тэй 2007 онд анх гэр бүл болж байсан юм. Тэр үед Б нь Б гэдэг 5 настай охинтой байсан юм. Б нь миний дагавар охин юм. Б нь одоо Бор-Өндөр сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа. 2019 оны 07 сарын дундуур Улаанбаатар хот руу явж ажил хөдөлмөр эрхэлж мөнгө төгрөг олоод хичээлийн хэрэгсэл болон өөртөө хувцсаа бэлдэнэ гээд явсан юм. Тэгсэн 2019 оны 09 сарын 01-ний өдөр ирэхдээ ямарч мөнгө төгрөггүй, 2018 онд авч өгч байсан хавтгай дэлгэцтэй утсаа хүртэл хаяад ирчихсэн байсан. Б нь багаасаа намайг аав гэж дууддаг, ааваа гэж боддог болохоор би эцэг хүний хувьд Б т хэдэн ширүүн үг хэлэхэд Б нь миний өөдөөс “Танд ямар хамаатай юм” гээд хэрэлдсэн. Тэгэхээр нь би уурандаа ширээн дээр байсан аягыг авч айлгах зорилгоор шидсэн боловч Б ийн толгойн тус газар нь онож толгойг нь хагалчихсан юм. Мөн миний уурлах болсон шалтгаан нь Б нь өөрийнхөө утсыг хаячихаад дүүгийнхээ утсыг бидэнд хэлэлгүй аваад барьчихсан, 2 дугаарт ээжийнх нь бие эрүүл мэнд муу мөнгө төгрөгний хэрэгцээ их байх үед Улаанбаатар хот руу ажил хийнэ гэж худлаа ярьж яваад хоосон мөнгө төгрөггүй ирсэн болохоор энэ байдлаа хэлээд уурласан. Би гэхдээ Б ийн толгойг хагалсандаа гэмшиж байна. Энэ миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
-Шүүгдэгч У.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
-Насанд хүрээгүй хохирогч Б.Б 2019 оны 09-р сарын 12-ны өдөр өгсөн: “...У.Э нь гэнэт ширээн дээр байсан сэнжтэй шаазан аяга аваад “Юу гээд хуцаад байгаан” гэж хэлээд над руу шидэхэд миний толгойн тус газар оноод хагалчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
-Шүүгдэгч У.Э ийн 2019 оны 10-р сарын 10-ны өдөр өгсөн: “...би уурандаа ширээн дээр байсан аягыг авч айлгах зорилгоор шидсэн боловч Б ийн толгой тус газар нь онож толгойг нь хагалчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 сарын 09-ний өдрийн №48 тоот шинжээчийн дүгнэлт,
-Шүүгдэгч У.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч У.Э нь 2019 оны 09 сарын 01-ний орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт байх гэртээ өөрийн дагавар охин болох хохирогч Б.Б тэй марган улмаар түүний толгойн тус газар руу аяга шидэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Б.Б биед толгойн зулай хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бтэй 2007 оноос эхлэн хамтран амьдарч, хоёр хүүхэд төрүүлж өсгөн бойжуулсан, улмаар гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч одоог хүртэл хамтран амьдарч байгаа болох нь, мөн 2002 онд төрсөн дагавар охин болох хохирогч Б.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бийн төрсөн охин мөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б, хохирогч Б.Б , шүүгдэгч У.Э нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн Б.Б бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.
Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 сарын 09-ний өдрийн №48 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б биед толгойн зулай хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У.Э өд холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч У.Э ийн хууль бус үйлдэл нь нөлөөлсөн байна.
Иймд шүүгдэгч У.Э нь 2019 оны 09 сарын 01-ний өдөр ямар ч шалтгаангүйгээр дагавар охин Б.Б рүү аяга шидэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээр дурьдсан баримтаар тогтоогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, насанд хүрээгүй хохирогч Б.Б , хууль ёсны төлөөлөгч П.Б нар нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч У.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч У.Э холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.Э нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч У.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч У.Э өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч У.Э өд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч У.Э ийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 6, 7, 8, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч У.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч У.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5
дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ