| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/06941/И |
| Дугаар | 102/ШШ2016/05418 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2016/05418
2016 оны 10 сарын 14 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05418 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзайн 208 тоотод оршин суух, эрэгтэй, Борлууд овогт Аюушийн Дэндэв /РД-ХЙ66092211/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 72а-гийн 15 тоотод оршин суух, эрэгтэй, Боржигон овогт Болдын Энх-Учрал /РД-УШ89112099/-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Чулуунцэцэг, гэрч А.Машбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Дэндэв, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 6 дугаар сарын сүүлчээр хариуцагч Б.Энх-Учрал нь А.Дэндэвээс Япон Улсад үйлдвэрлэсэн, суудлын зориулалттай мөнгөлөг саарал өнгийн 9381 УБГ улсын дугаартай, Мазда демио маркийн тээврийн хэрэгслийг 1,200,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, урьдчилгаа 200,000 төгрөгийг өгсөн байна. Тухайн үед А.Дэндэв нь машинаа 1,500,000 төгрөгөөр зарах санал гаргасан боловч машины хроп эвдрэлтэй байгаа гэдгээ мэдэгдэж, засуулах мөнгийг нь хасаад 1,200,000 төгрөгөөр зарсан байдаг.
Үүнээс хойш үлдэгдэл 1 сая төгрөгийг өгөөгүй учир А.Дэндэв ах А.Машбатын хамт хариуцагчийнд очиход автомашиныг задалчихсан байсан бөгөөд мөнгөө авахыг шаардахад Б.Энх-Учрал нь хэсэг хугацаа өгөхийг хүсч, 8 дугаар сарын 08-ны өдөр өгөхөөр тохиролцож, нотариат дээр очиж худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.
Гэрээний төлбөр төлөх хугацаа өнгөрсөн тул хариуцагч Б.Энх-Учралаас 1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Чулуунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүргэн н.Мөнхзаяагийн найз А.Дэндэв гэдэг хүнд Мазда демио маркийн 1998 оны машин байна, хропны гүйлгэх араа солиод засагдана, өөр засваргүй юм гэж хүү Б.Энх-Учрал надад хэлсэн. Би А.Дэндэвтэй уулзаж, оёдлын ажилдаа хэрэглэнэ, урьдчилгаа 200,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг 8 дугаар сарын 06-ны өдөр группээ сунгуулаад өгье гэсэн. Автомашиныг задалж үзэхэд эвдрэл ихтэй байсан. Манай нөхөр ийм автомашиныг 600,000 төгрөгөөр л авах юм байна гэсэн учраас би А.Дэндэвт уг саналаа олон удаа хэлж байсан. Бид автомашиныг задлаад эвдрэлийг шалгаж байтал А.Дэндэв ахтайгаа орж ирсэн. Ах нь бид нарыг машиныг дүүгээс нь дураараа авсан байна гэхээр нь манай нөхөр машиныг буцаагаад аваад яв гэж хэлсэн байсан.
Гэтэл А.Дэндэв, А.Машбат нар манай хүүг бараг айлган сүрдүүлж байгаад худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байсан. Яагаад манай хүүтэй гэрээ байгуулсаныг ойлгохгүй байгаан. Уг нь надтай л гэрээ байгуулах ёстой юм. Надад А.Дэндэвт өгсөн 200,000 төгрөгөө аваад, машиныг буцаад өгөх саналтай байна.
Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Дэндэв нь хариуцагч Б.Энх-Учралаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,000,000 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч тал уг шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ... машин эвдрэлтэй байсан, ... манай хүүг айлган сүрдүүлж гэрээ хийсэн байсан, уг нь надтай гэрээ байгуулах ёстой, ...өгсөн мөнгөө авч, машиныг буцаан өгөх хүсэлтэй гэж тайлбарладаг. /хх-21-22 дугаар хуудас/
Шүүх, хариуцагч талыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Учир нь хариуцагч Б.Энх-Учрал нь А.Дэндэвээс 2016 оны 6 дугаар сард түүний өмчлөлийн Япон Улсад үйлдвэрлэсэн, суудлын зориулалттай мөнгөлөг саарал өнгийн 9381 УБГ улсын дугаартай, Мазда демио маркийн тээврийн хэрэгслийг 1,200,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцон, урьдчилгаанд 200,000 төгрөг өгч автомашиныг авч явсан байдаг бөгөөд талууд дээрх аман гэрээгээ 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр бичгийн хэлбэрт оруулан, баталгаажуулжээ. /хх-1,4, 12, 21 дүгээр хуудас/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Чулуунцэцэг нь нэхэмжлэгчийг хүү Б.Энх-Учралтай худалдах-худалдан авах гэрээг айлган сүрдүүлж хийсэн гэх үйл баримтаа баримтаар нотлоогүйн гадна Б.Энх-Учрал нь насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байна.
Иймээс шүүх, нэхэмжлэгч А.Дэндэв, хариуцагч Б.Энх-Учрал нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзлээ.
Хариуцагч Б.Энх-Учралын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрээний зүйл болох автомашиныг эвдрэл ихтэй байсан гэж мэтгэлцэн, гэрээг цуцалж, машины үнэд төлсөн 200,000 төгрөгөө буцаан авахыг хүсдэг.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлын улмаас гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй хэдий ч мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг цуцлах шаардлага гаргах эрхээ алддаг байна.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас харахад худалдан авч буй автомашины хроп эвдрэлтэй гэдгийг мэдсэн байдаг төдийгүй хариуцагч нь автомашиныг анхны хэлж байсан доголдлоос илүү их эвдрэл байсан гэдгээ нотлоогүйн гадна энэ талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй учир хариуцагчийг, эд хөрөнгө хүлээж авах үедээ автомашины доголдлын талаар мэдсэн гэж үзнэ.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч А.Дэндэв нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Энх-Учралаас худалдан авсан автомашины үнийг шаардах эрхтэй байх тул түүнээс 1,000,000 /нэг сая төгрөг/ гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Энх-Учралаас 1,000,000 /нэг сая төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч А.Дэндэвт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энх-Учралаас 28,550 төгрөг гаргуулан А.Дэндэвт буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д зааснаар хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |