| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00062/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2019-10-29 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч Г.Мөнхболд
Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Т холбогдох 1940001500087 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.Т. Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Прокурорын 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 57 дугаартай яллах дүгнэлтэд: Яллагдагч Ц.Т “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай гэжээ. /хх-48-49/
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Ц.А 2019 оны 07-р сарын 24-ний өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрт дотоод хяналтын мэргэжилтэн ажилтай. Би хувьдаа приус 20 маркийн .......улсын дугаартай цэнхэр өнгийн автомашинтай. Би 2019 оны 07 сарын 19-ний орой ажлаа тараад гэрийнхээ гадаа зогсоол дээр машинаа тавьчихаад гэртээ орсон. Тэгээд би 2019 оны 07 сарын 21-ний өдөр гэрээсээ гараад машиндаа суух гэтэл машины 3 дугуй нь хагарсан байсан. Тэгэхээр нь тойроод хартал хутгаар юм уу сайн мэдэхгүй байна. Нилээн том том зүссэн байдалтай салхины шил нь баруун талд нь цуурсан байдалтай байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Надад өс хонзонгийн сэдэлтэй хүн бол байхгүй. Миний машиныг урьд нь 2 дугуйнд нь шруп зоосон 2 удаа шүргэсэн байдалтай байсан. Би тэр үед нь цагдаад мэдэгдээгүй байсан. Энэ удаа мэдэгдэхгүй бол болохгүй санагдсан. Нэг хүн хорлоод байна гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
-Хохирогч Ц.А 2019 оны 09-р сарын 01-ний өдөр дахин өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрт дотоод хяналтын мэргэжилтнээр ажилладаг. Би приус 20 маркийн .......улсын дугаартай цэнхэр өнгийн автомашиныг 2 жил орчмын өмнө худалдан авч байсан. Би 2019 оны 07 сарын 19-ний орой гэрийнхээ гадна 36-р байрны зогсоол дээр машинаа тавьчихаад гэртээ орсон. Тэгээд би 2019 оны 07 сарын 21-ний өдөр гэртээ байхад манай хүүхдүүд маань орж ирэхдээ таны автомашины дугуй хагарсан байна гэж хэлсэн. Тэгээд би гараад харахад миний автомашины 3 дугуй хагарсан, автомашины урд талын салхины шил жолооч талдаа буюу баруун талдаа цуурсан байсан ба тухайн үед зогсоолоосоо огт хөдлөөгүй байсан. Миний автомашины жолооч талын дугуй бүтэн байсан ба бусад 3-ыг хагалсан байдалтай юмаар зүссэн байдалтай байсан. Мөн миний машины салхины шилний жолооч талын гол хэсэгт юмаар цохиж цуурсан байдалтай болсон байсан. Тэгээд би цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
-Гэрч З.З 2019 оны 09-р сарын 27-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 43-39 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Би 2019 оны 07 дугаар сард би Бор-Өндөр сумын Мэдээлэл холбооны сүлжээнд ажиллаж байсан. Би 2019 оны 07 сарын 19-ний өдөр өөрийн гэртээ Ц.Т хамт 0.5 литрийн нэг шил архи хувааж уусан. Тэрнээс өмнө би тэр өдрөө архи уучихсан байсан. Би энэ оны 07 сард гэртээ ганцаараа эхнэр хүүхэд Дорнод, Сүхбаатар аймаг руу амраад явсан байсан болохоор би архи нэлээд хэдэн өдөр уусан байсан. Тэгээд 2019 оны 07 сарын 19-нөөс 2019 оны 07 сарын 20-ны шилжих шөнө 00 цагт цагаа харахад гэртээ Ц.Т ахтай архи ууж байсан. Тэгээд би Ц.Т ахтай хамт 2019 оны 07 сарын 20-ны 01 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд бид Бор-Өндөр сумын 1-р баг 36-р байр руу усан оргилуурын хажуугаар Ц.Т ахтай хамт явж байсан. Яг яах гэж гарснаа сайн санахгүй байна. Тэгээд явж байгаад 36 дугаар байр руу очоод Ц.Т ах энэ машины дугуйг хагална гэж хэлээд 36 дугаар байрны зогсоолын урд талын шороон дээр 36-р байрны орц руу зүүнээс баруун тийш харуулж тавьсан байсан зогсож байсан цэнхэр өнгийн приус 20 маркийн Уулын баяжуулах үйлдвэрт дотоод хяналтад ажилладаг А автомашин руу очсон. Тэгэхээр нь би хүн харчихна би хажууд чинь байж чадахгүй гэж хэлээд би 36 дугаар байрны 1 дүгээр орц буюу ертөнцийн зүгээр хамгийн урд талын орц руу очоод дотор нь 5 минут орчим зогссон. Тэгээд Ц.Т ах машины хажууд талд дугуйны хажууд талаас босохгүй суугаад байсан. Тэгэхээр нь би яагаад босохгүй удаад байгаа юм бол гэж бодоод очтол Ц.Т ах А приус 20 маркийн автомашины дугуйг хагалсан байсан. Юугаар хагалсныг би мэдээгүй, хараагүй. Тэгээд би Ц.Т ахын хажууд дөнгөж очоод байж байтал ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй 36 дугаар байрны зүүн талын замаар 1 автомашин явж өнгөрсөн. Тэгэхээр нь би намайг таньдаг хүн хараад буруугаар бодох байх гэж бодоод машины ард хэсэгт очиж зогссон. Тэр үед Ц.Т мөн миний хажууд очиж зогссон. Тэгээд би одоо боль явъя гэж хэлээд Ц.Т ахын хамт 36 дугаар байрнаас 1-р багт байрнуудын дунд байх усан оргилуур руу явдаг шатаар доош буугаад усан оргилуур, Бор-Өндөр цогцолбор сургуулийн хойд хашааны голоор 42 дугаар байр руу чиглээд явсан ба тэгээд шууд Ц.Т ахтай хамт гэртээ орж унтсан. Тэгээд өглөө босоход Ц.Т ах байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
-Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний 2019 оны 09 сарын 02-
ны өдрийн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 20/
-Шүүгдэгч Ц.Т 2019 оны 10-р сарын 01-ний өдөр өгсөн: “Би 2019 оны 07 сарын 19-ний өдөр З гэрээр очоод Золжаргалтай хамт архи ууж байснаа мэдэж байна. З гэрт очихоос өмнө хэдэн өдөр архи уусан байсан болохоор архи уухаараа амархан согтож байсан. Би З гэрээс хоолны мах авах гэж очсон чинь Золжаргал гэртээ ганцаараа байсан. Тэгээд Золжаргалтай ярьж байгаад нэг шил архи авч, хувааж ууцгаасан. Тэгээд уусан архиндаа согтоод унтсан юм уу яасан юм юу болсныг мэдэхгүй байгаа. Ямар ч байсан 2019 оны 07 сарын 20-ны өглөө гэртээ сэрсэн. З гэрээс хэзээ гарсанаа мэдэхгүй байна. Мөн З гэрээс гараад 36 дyraap байрны гадаа зогсоол дээр байсан машины дугуйнуудыг хагалсан, салхины шилийг хагалсанаа мэдэхгүй байна, гэхдээ би согтуу байхдаа энэ үйлдлийг хийсэн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32/
-Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хохирогч Ц.А машины дугуй, салхины шилийг хагалсан нь үнэн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
-Хохирогч Ц.А өгсөн: “...2019 оны 07 сарын 21-ний өдөр гэрээсээ гараад машиндаа суух гэтэл машины 3 дугуй нь хагарсан байсан. Тэгэхээр нь тойроод хартал хутгаар юм уу сайн мэдэхгүй байна. Нилээн том том зүссэн байдалтай салхины шил нь баруун талд нь цуурсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
-Хохирогч Ц.А дахин өгсөн: “...Тэгээд би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байхад манай хүүхдүүд маань орж ирэхдээ таны автомашины дугуй хагарсан байна гэж хэлсэн. Тэгээд би гараад харахад миний автомашины 3 дугуй хагарсан, автомашины урд талын салхины шил жолооч талдаа буюу баруун талдаа цуурсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
-Гэрч З.З өгсөн: “...Ц.Т ах машины хажууд талд дугуйны хажууд талаас босохгүй суугаад байсан. Тэгэхээр нь би яагаад босохгүй удаад байгаа юм бол гэж бодоод очтол Ц.Т ах А приус 20 маркийн автомашины дугуйг хагалсан байсан. Юугаар хагалсныг би мэдээгүй, хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
-Шүүгдэгч Ц.Т өгсөн: “...З гэрээс гараад 36 дyraap байрны гадаа зогсоол дээр байсан машины дугуйнуудыг хагалсан, салхины шилийг хагалсанаа мэдэхгүй байна, гэхдээ би согтуу байхдаа энэ үйлдлийг хийсэн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32/
- Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний 2019 оны 09 сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт,
-Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 07 сарын 20-ны шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 36 дугаар байрны гадна зогсоолд байсан хохирогч Ц.А эзэмшлийн Приус-20 маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил болон 3 ширхэг дугуйг хагалан бусдад нийт 310000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Т холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Т “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Хохирогчид учруулсан 310000 төгрөгний хохирлыг шүүгдэгч Ц.Т нь төлж барагдуулсан болох нь хохирогч Ц.А “гомдол, саналгүй” гэх хүсэлт, шүүгдэгч Ц.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Т нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Ц.Т нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Ц.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Т нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 43/
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Т Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох
ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг шүүгдэгчид оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Т 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг шүүх хүлээж авах боломжгүй байна гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч Ц.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал, 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Т эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,
36.2 дугаар зүйлийн 4, 36.4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Ц.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 310000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Анчин овогт Цэцэгсүрэнгийн Түвшинжаргалыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т оногдуулсан торгох ялыг 05 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ