Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/00640

 

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03277 дугаар шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 59 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “В” ХХК

          Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох

          Нийт  2.286.760.781 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, Б.Б, Д.Д, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

      Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Э” ХХК-тай 2012-05- 23-ны өдөр,  2013-07- 31-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, 1,146,777,404.92 төгрөг болон 1,071,000,420.50 төгрөгийн үнийн дүнтэй нийт 6 ширхэг тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр харилцан тохирсон юм. Талууд эдгээр гэрээнд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, үндсэн төлбөр болон хүүг төлөх хугацааг сунгаж, 2015-07-08-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан. Гэтэл хариуцагч  гэрээний хугацаанд удаа дараагийн хүсэлтээр ийнхүү үндсэн төлбөр, хүү төлөх хугацааг сунгаж, тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй. Иргэний хуулийн 312.1-т зааснаар түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөр болон хүүг хугацаандаа төлөх үүрэгтэй байтал хариуцагч  түрээсийн зүйлийг доголдолтой хэмээн үндэслэлгүйгээр төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж, 2012 оноос хойш тоног төхөөрөмжүүдийг ашигласаар ирсэн. Бидний хооронд байгуулсан гэрээгээр түрээслэгч тал түрээсийн зүйлийн үнэ, хүүг зохих ёсоор төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар заасан ба гэрээний хугацаанд “Аmity air dril” загварын 460456 тоот сериал дугаартай 359,928,411.63 төгрөгийн үнэтэй үрлэгчийг буцаахаар шийдвэрлэж, уг тоног төхөөрөмжид урьдчилан төлсөн 85,694,700 төгрөгийг бусад тоног төхөөрөмжийн төлбөрт суутгасан. Санхүүгийн түрээсийн үйлчилгээ нь гэрээний зүйлийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээс гадна санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг тул хүү мөн адил тооцогддог, манай компани эдгээр тоног төхөөрөмжийг бусдаас худалдан авч, үнийг нь төлсөн бөгөөд хариуцагчаас өнгөрсөн хугацаанд гэрээнд заасан үндсэн төлбөр, хүүг зохих ёсоор авч чадаагүйгээс улбаалан санхүүгийн хувьд хохирч, нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн өмнө хүлээсэн үүргээ зөрчихөд хүрч байна. Түрээслүүлэгчийн хувьд санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг болох санхүүжилт үзүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн ба эд хөрөнгийн доголдлын хувьд үрлэгч машин доголдолтой байсныг буцааж авсан. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч талын зүгээс удаа дараа төлбөрийг төлнө, үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байсныг түрээслүүлэгч тал тухай бүр хүлээн авсан байтал түрээслэгч нь одоо үндэслэлгүйгээр төлбөр төлөхөөс татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах арга хэрэглэсээр өдий хүрсэн. Иргэний хуулийн 206.1, 208.1- р үүрэг гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэх ёстой. Гэтэл хариуцагч тал үндсэн төлбөр, хүүг хугацаандаа төлдөггүй, “В” ХХК-иас засвар, үйлчилгээ үзүүлэхээр очиход нэвтрүүлдэггүй гэх зэргээр хүндрэл учруулсан, түүнчлэн тоног төхөөрөмжид дур мэдэн өөрчлөлт оруулсан ба тэдгээрийг гэрээний оролцогч биш “Э” ХХК-д эзэмшүүлж, ашиглуулсан гэх зөрчлийг гаргасан. Үндсэн төлбөрийн үлдэгдэл, түүнд бодогдсон хүү, мөн алдангийн талаарх тооцооллыг тодорхой хавсаргасан ба хариуцагчийн 400,000,000 гаруй төгрөгийг үндэслэлгүй илүү нэхэмжилсэн гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй.  Хариуцагчийн зүгээс тоног төхөөрөмжийн доголдолтой холбоотой маргааныг байнга ярьдаг, гэтэл энэ нь санхүүгийн түрээсийн гэрээний асуудал, тоног төхөөрөмжийг мөнгөө төлсөн тохиолдолд өмчлөлд шилжүүлж авах үндсэн нөхцөлтэй ба нэхэмжлэгчийн хувьд шаардлагатай мөнгийг олж, хариуцагчийн нэрийн өмнөөс "В" ХХК-д өгсөн тул энэхүү харилцаанд мөнгө ашиглагдаж байгаа гэсэн үг. Иймд, тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 1 304 964 481.13 төгрөг, хүү 398 443 352.34 төгрөг, алданги 560 879 702.34 төгрөг, засвар, үйлчилгээний зардал 22 473 246 төгрөг, нийт 2 286 760 781.81 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

       Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гаргасан хариу тайлбартаа: Манай компани нэхэмжлэгч талтай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, гэрээнд заасан тоног төхөөрөмжийг хүлээн авсан үйл баримтын хувьд маргахгүй, гэвч Санхүүгийн түрээсийн тухай хууль, Иргэний хуульд зааснаар түрээслүүлэгчийн үндсэн үүрэг болох зориулалтын дагуу ашиглах боломжтой доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөнөөс шалтгаалан төлөвлөсөн ургацаа хурааж чадаагүй. Энэ талаар Монголын үндэсний ба олон улсын арбитрт “В” ХХК-д холбогдуулан доголдолтой тоног төхөөрөмж нийлүүлснээс учирсан хохирол болон гэрээнээс татгалзахтай холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэрэгт санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох тоног төхөөрөмжүүд доголдолтой эсэхийг тогтоохоор шинжээч томилогдсон. Гэтэл нэхэмжлэгч тал иргэний хэргийн шүүхэд тоног төхөөрөмжүүдийн үлдэгдэл үнэ, түүний хүү, алдангийг нэхэмжлэхдээ гэрээний зүйлийн доголдлыг уг хэрэгт хамааралгүй, нийлүүлсэн компанид хамааралтай мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд түрээслүүлэгчийн хүлээх үүрэгт доголдолгүй эд хөрөнгө шилжүүлнэ гэсэн байгаагаас үзвэл доголдлыг тогтоох арбитрын ажиллагааг хүлээх ёстой, мөн бид гэрээнээс татгалзаж, өмнө төлсөн төлбөрийг буцаан авах шаардлага гаргасан бөгөөд “Э” ХХК болон “В” ХХК-иудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах хамтран ажиллах ерөнхий гэрээнд зааснаар энэхүү гэрээний салшгүй хэсэг нь санхүүгийн түрээсийн гэрээ байхаар зохицуулсан. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасныг зөрчиж иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэрэг маргааныг арбитрын шийдвэр гарахаас өмнө шийдвэрлүүлэх гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд авагдсан үндсэн төлбөр, түүний хүү, алдангийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй, өнгөрсөн хугацаанд эд хөрөнгийн доголдлын улмаас ямар нэгэн ургац тариалалт явуулаагүй, нэхэмжлэгчийн харилцан хамааралтай компаниудын ажилтнууд ирж тоног төхөөрөмжийн компьютер дэх чипийг авч явснаас улбаалан цаашид ашиглагдах боломжгүй байснаас гадна засвар, үйлчилгээг хийж чаддаггүй байсан. Гэрчийн мэдүүлж байгаагаар бүхий л тоног төхөөрөмжийг ажиллагаанд оруулдаг, чирж, гулдарч явдаг трактор нь ажилладаггүй гэж байна, маргааны гол нөхцөл төлбөр мөнгө төлөөгүй, үүнээс болоод шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэх асуудал ярьж байна. Гэтэл үүний шалтгаан нь чанаргүй бараа нийлүүлсэн, доголдолтой байснаас болоод "Э" ХХК болон “э” ХХК-иуд төлбөр төлөх нөхцөлөө бий болгож чадаагүй. Газар тариалангийн үйл ажиллагаа явуулаад түүнээс олсон ашгаас төлбөр төлөх ёстой, гэвч анхнаасаа 2012 онд нийлүүлсэн үрлэгч машин ажиллаагүй учир үрсэлгээ хийгдээгүй учир ургац ургахгүй, ургац ургаагүй учир ашиг олохгүй тул төлбөр төлөх боломжгүй болж байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, хариуцагчийн зүгээс гаргасан зарим хүсэлтүүдийг хангаагүй, төлбөртэй холбоотойгоор талууд хамтран тооцоо нийлэх, шинжээч томилох үр дагавар үүсч байгаагаас гадна тооцоо буруу хийгдсэн. Иймд, бидний гаргаж буй тайлбар, хэрэгт авагдсан баримтыг судлаад шинжээч томилох, дахин хэргийг түдгэлзүүлэх нөхцөл байдал байгааг анхаарч үзэхийг хүсч байна гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03277 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч “Э” ХХК-иас 2 264 287 535.02 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “В” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22 473 246 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 749 704.46 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 11 479 388 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 59 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Магадлалд “Нэхэмжлэгч “В” ХХК-ийн “Э” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн татгалзлын үндэслэл буюу санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээсэлсэн тоног төхөөрөмж доголдолтой эсэх талаарх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ. “В” ХХК нь 2012 оны 05-р сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ, 2013 оны 07-р сарын 31-ны өдрийн СТГ/12- 389 тоот Санхүүгийн түрээсийн гэрээг тус тус байгуулсан юм. Тус гэрээнүүдээр нийт 2,7 тэрбум төгрөгийг “Э” ХХК-д түрээслүүлсэн буюу “Э” ХХК-ийн “В” ХХК-с худалдан авсан тоног төхөөрөмжүүдийнх нь үнэнд хариуцагчийн өмнөөс төлсөн. Ийнхүү “В” ХХК санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байдаг. Нотлох баримтуудаар компаниуд хоорондын мөнгөн төлбөрийн гүйлгээний баримтыг анхан шатны шүүх хуралдаан дээр тал бүрээс нь шинжлэн судалж, дүгнэлт хийн “В” ХХК-ийн хариуцагчийн өмнө санхүүгийн түрээсийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлснийг тогтоосон. Анхан шатны шүүхэд энэхүү хэрэг 10 сар гаруй удаашран шийдвэрлэгдсэн бөгөөд хэргийн оролцогч нар маргааны талаар хүсэлтүүдээ гаргаж эцэслэн шийдвэрлүүлсэн. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс“...хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй...” гэж дүгнэсэн нь бодит үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд санхүүжилтээ хийсэн мөнгөө, хүү, алдангийн хамт нэхэмжилсэн бөгөөд тоног төхөөрөмжийн доголдлын талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Ийм ч учраас тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой “Э” ХХК болон “В” ХХК-ийн хоорондын маргаан Арбитрын журмаар хянан шийдвэрлэгдэж байгаа. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03-р сарын 09-ний өдрийн 00108 дугаар тогтоол, 2017 оны 04-р сарын 18-ны өдрийн 00167 дугаар тогтоол мөн 2017 оны 05-р сарын 23-ны өдрийн 00213 дугаар тогтоолоор тус тус “Э” ХХК болон “В” ХХК-н хоорондох арбитрын маргаанаас шалтгаалан энэхүү хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй талаар эцсийн шийдвэрүүдийг гаргасан. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай магадлалдаа ганцхан үндэслэл заасан нь тоног төхөөрөмжийн доголдлын талаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэсэн дүгнэлт юм. “В” ХХК нь 2012, 2013 онуудад санхүүгийн түрээсийн гэрээгээр “Э” ХХК-ийн худалдан авч буй тоног төхөөрөмжүүдийн үнийг худалдагч талд тус компаний өмнөөс төлсөн. “Э” ХХК-ийн зүгээс санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө барагдуулах тухай амлалт өгсөн албан бичгүүдийг удаа дараа өгч хугацаа авч байсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдана. Улмаар нэхэмжлэгч талаас санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг шүүхээр шийдвэрлүүлэх, нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн өөрсдийн 4-5 жил ашигласан тоног төхөөрөмжүүдээ доголдолтой байсан гэх үнэмшилгүй зүйл зохион бичиж, ярьж эхэлсэн. Бодит байдал дээр тоног төхөөрөмжүүдийн баталгаат засварын хугацаа дууссан төдийгүй доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийнээ өнгөрсөн байдаг. Магадлалын хуулийн үндэслэлийн талаар: Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг буюу “Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно” гэсний “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэснийг үндэслэсэн юм. Тухайн хуулийн заалт нь шүүх өөр хуулийг эсхүл хуулийг буруу тайлбарлан хэрэглэн шийдвэр гаргасан ба тэрхүү шийдвэрийг өөрчлөх боломжгүй үед давж заалдах шатны шүүхээс гаргах магадлалын хуулийн үндэслэл билээ. Гэтэл магадлалд анхан шатны шүүх чухам ямар өөр хуулийг хэрэглэсэн эсхүл аль хуулийн ямар зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд түүнийг шүүхээс залруулах боломжгүй тухайгаа огт заагаагүй, дүгнэлт хийлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ. ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгоход доорх угтвар нөхцөл бүрдсэн байхыг шаарддаг. Үүнд: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх, шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх, өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх, өөр хуулийг хэрэглэсэн гэдэгт хүчингүй эсвэл хүчин төгөлдөр болоогүй хуулийг хэрэглэсэн байхыг ойлгодог. “Э” ХХК-ийн арбитрт гаргасан нэхэмжлэл нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй хамааралгүй асуудал юм. Үүнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болохыг анхан шатны шүүхэд эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд тогтоол, захирамжууд нь хүчин төгөлдөр байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

      В ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Э ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,304,964,481.13 төгрөг, хүү 398,443,352 төгрөг, алданги 560,879,702 төгрөг, засвар үйлчилгээний зардал 22,473,246 төгрөг нийт 2,286,760,781 төгрөг шаарджээ.

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна. 

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдол гаргахдаа “...хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй талаарх магадлалын дүгнэлт үндэслэлгүй байна...нэхэмжлэгч тоног төхөөрөмжийн доголдлын талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй... анхан шатны шүүхийн 2017 оны 00108, 00167, 00213 дугаар тогтоолоор хэргийг түдгэлзүүлэх үндэслэлгүй талаар эцсийн шийдвэр гарсан...хариуцагч 4-5 жил ашигласан тоног төхөөрөмжүүдээ доголдолтой байсан гэх боловч тоног төхөөрөмжүүдийн баталгаат засварын хугацаа дууссан төдийгүй доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийнээ өнгөрсөн... давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 168.1.1-г буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШТ2017/00108, 101/ШТ2017/00167, 101/ШТ2017/00213 дугаар тогтоол  магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна. 

      а/. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 101/ШЗ2017/02268 дугаар захирамж /хх 2-н 1-2/ гаргаж, “... арбитрын маргааныг шийдвэрлэхээс өмнө энэ нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй ... тул ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэсэн дүгнэлт хийснийг мөн шүүх 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШТ2017/00108 дугаар тогтоолоор /хх 2-н 20-23/ хүчингүй болгосон байна.

      Шүүх 2017 оны 101/ШТ2017/00108 дугаар тогтоолыг гаргахдаа арбитраар шийдвэрлэгдэж буй маргааны талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй тул уг тогтоол нь магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.

       б/. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 101/ШЗ2017/05649 дугаар захирамж /хх 2-н  51-52/ гаргаж,   “...арбитрын маргаан шийдвэрлэгдэх хүртэл хэргийг түдгэлзүүлэх... хүсэлт баримтаар тогтоогдоогүй...” гэж  хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон, уг захирамжийн гомдол гаргах эрхийн талаарх заалтад 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2017/06282 дугаар захирамжаар /хх 2-н 57/ өөрчлөлт оруулжээ. 

       Хариуцагч 2017 оны 101/ШЗ2017/06282 дугаар захирамжид гаргасан гомдлоосоо татгалзсаныг баталгаажуулж 2017 оны 04 дүгээр сарын 18-ны  өдрийн 101/ШТ2017/00167   дугаар тогтоол /хх 2-н 180-181/ гарснаар шүүгчийн 2017 оны 101/ШЗ2017/05649 дугаар захирамж хэвээр үлдсэн байна. 

       Анхан шатны шүүхийн “...арбитрын маргаан шийдвэрлэгдэх хүртэл хэргийг түдгэлзүүлэх...” тухай хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо “...хүсэлтийн үндэслэл баримтаар тогтоогдоогүй...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн тул шүүгчийн 2017 оны 101/ШЗ2017/05649 дугаар захирамж гомдлыг хангах нөхцөл болохгүй юм.

       в/. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017 оны 05 дугаар  сарын 01-ний өдөр 101/ШЗ2017/07781 дугаар захирамж /хх 2-н  198-201/ гаргаж,  “...Э ХХК, Э ХХК-ийн В ХХК-д холбогдох арбитрын маргаан шийдвэрлэгдэх хүртэл Э ХХК-д холбогдох В ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн боловч уг захирамжийг  мөн шүүхийн  2017 оны 05 дугаар  сарын 23-ны  өдрийн 101/ШТ2017/00213   дугаар тогтоолоор /хх 2-н  223-227/ хүчингүй болгожээ.

      Анхан шатны шүүх 2017 оны 101/ШТ2017/00213 дугаар тогтоолыг гаргахдаа 2017 101/ШЗ2017/07781 дугаар захирамжийг хүчингүй болгосон үндэслэлээ заагаагүй тул уг тогтоол нь магадлалыг хүчингүй болгох нөхцөлд хамаарахгүй байна.   

        2. “...тоног төхөөрөмжүүдийн баталгаат засварын хугацаа дууссан... гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн...” гэх гомдол шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй юм. 

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч эд хөрөнгийн доголдолтой холбоотой сөрөг нэхэмжлэл гаргасан /хх 3-н 36-40., 73-76/ боловч шүүх хүлээн авахаас татгалзсан /хх 3-н 64-67., 90-92/ буюу сөрөг нэхэмжлэлийн талаар шийдвэр гаргаагүй тул  эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотой үндэслэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 161 дүгээр зүйлийн 161.4-т нийцэхгүй байна. 

       3. Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргийг хуулиар хүлээдэг.

        В ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээг шаардлагынхаа үндэслэл болгосон тул “...тоног төхөөрөмжийн доголдлын талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй ...” гэх нэхэмжлэгчийн гомдлоор магадлалыг хүчингүй болгох боломжгүй байна.

        Шүүх эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотой сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл, Иргэний хуулийн 317 дугаар зүйл, 288 дугаар зүйлийн 288.1.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй тул “...хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй...” талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

        Дээр дурдсан үндэслэлээр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 59 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 11.479.388 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ