Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 547

 

 

З.Болдбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.Ундраххэрлэн,

Хохирогч Г.Сонинтогтох,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 308 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Г.Сонинтогтохын гаргасан давж заалдах гомдлоор З.Болдбаатарт холбогдох 201725011518 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шунхлай овогт Золбингийн Болдбаатар, 1965 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тэнүүн Огоо” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Тэц 2-ын, 1 гудамжны, 14 тоотод оршин суух,

1987 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн а, 63 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1988 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ЙС65011011/,

Шүүгдэгч З.Болдбаатар нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө 09 цаг 40 минутад Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнүүн-Огоо” ХХК-ийн үүдэнд иргэн Г.Сонинтогтохтой хоорондын зүй бус харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт өшиглөж биед “тархи доргилт, хамар ясны хугарал, хамар, зүүн доод зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул дотор салстын язрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас З.Болдбаатарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.Болдбаатарын үйлдлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.Болдбаатарт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар З.Болдбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, З.Болдбаатар нь хохиролд 120.000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Сонинтогтох нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Болдбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Сонинтогтох давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Г.Сонинтогтох миний бие “Тэнүүн Огоо” ХХК-ийн үүдэнд З.Болдбаатарт зодуулсны улмаас хөнгөн гэмтэл учирсан болно.

Шийтгэх тогтоолын 3 дахь талд “шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь тогтоогдсон байна” гэжээ.

Гэтэл З.Болдбаатар нь шүүх бүрэлдэхүүний өмнө хамрын ясыг засуулах эмчилгээг хийлгэнэ, гэм хорыг арилгахад туслана гэж амласан боловч амлалтаа зөрчин өдийг хүртэл тусалсангүй. Миний биед учруулсан гэмтлийн гэм хор арилаагүйгээр барахгүй хамрын гэмтлээсээ болж нойргүйдэх цаашлаад их хэмжээний эмчилгээ хийлгэх шаардлагатайг мэргэжлийн эмч зөвлөж байна. Иймд З.Болдбаатарыг учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож ялаас чөлөөлсөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 308 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Болдбаатарт хуулиар тогтоосон ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэв.   

Прокурор Б.Ундраххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч албан ёсоор эвлэрч байгаагаа хэлээгүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, З.Болдбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. З.Болдбаатар шүүх хуралдааны явцад “хохирогчийн хамрыг эмчлүүлнэ” гээд хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэхээр заасан...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүхэд бичгээр гаргасан нотлох баримтаар нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

            Учир нь хохирогч Г.Сонинтогтох анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...Гомдолтой байна, хамраа янзлуулмаар байна, эвлэрэх эсэх нь энэ хүнээс өөрөөс нь шалтгаална...” гэж мэдүүлсэн байх ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг бүрэн арилаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан ...бол гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ...таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй байна.

            Иймд хохирогч Г.Сонинтогтохын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, З.Болдбаатарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Түүнчлэн ял шалгах хуудаст З.Болдбаатарыг 1987 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэсэн алдаатай баримт авагдсаныг тэмдэглэж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Болдбаатарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч З.Болдбаатараар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй. 

 

                                               

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.МЯГМАРЖАВ

 

                      ШҮҮГЧИД                                                             Ц.ОЧ

 

                                                                                                      Н.БАТСАЙХАН