| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2202000560159 |
| Дугаар | 2025/ХШТ/128 |
| Огноо | 2025-12-17 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2025/ХШТ/128
Э.Б, Х.Г, Б.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Ж.Гантулга, шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч О.Сайнгэрэл, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1800 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ДШМ/1145 дугаартай магадлалтай, Э.Б, Х.Г, Б.М, нарт холбогдох 2202000560159 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Ж.Гантулгын гомдлоор 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Э.Б, 1980 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр **** аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт **** аймгийн **** сумын **** дугаар баг, **** гудамжны **** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо **** хот, **** дүүргийн **** дугаар хороо, **** тоотод оршин суудаг гэх, /РД: ****/, урьд:
Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөлөөр суллагдсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2 жил 4 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дээрх 2 жил 4 сар 19 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн,
2. Х.Г, 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдөр **** төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 3, хүүхдүүдийн хамт **** дүүргийн **** дугаар хороо, **** байрны **** тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус дүүргийн **** дугаар хороо, **** дугаар байрны **** тоотод оршин суудаг гэх, /РД: ****/, урьд:
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 877 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 3 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
3. Б.М, 1994 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр **** аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эх, эмэг эх, дүү нарын хамт **** дүүргийн **** дугаар хороо, **** гудамжны **** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ****/, урьд:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/1665 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "****” зочид буудлын 302 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай "Мөс" гэх нэршилтэй уутны хамт 0.4820 грамм, цэвэр жин 0.0305 жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Мөн өдөр **** улсын дугаартай Бенз загварын тээврийн хэрэгсэлд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Х.Г-ээс 3,100,000 төгрөгөөр худалдан авсан гялгар ууттай жин 0.4524 грамм, цэвэр жин нь 0.1845 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б.М-оос 8,000,000 төгрөгөөр худалдан авсан гялгар уутны хамт 7.6372 грамм, цэвэр жин нь 5.1306 грамм жинтэй 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, "мөс” гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр олж авч, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Э.Б-д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, "****” худалдааны төвийн орчим түүнээс 8,000,000 төгрөг авч, дээрх мөнгөний хариуд мөн өдөр тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн баруун талд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 5.1306 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Х.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Э.Б-д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт түүнээс 1,500,000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.8 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэгт,
мөн өдөр үргэлжилсэн үйлдлээр **** дүүргийн **** дугаар хороо, **** дугаар хорооллын нутаг дэвсгэрт түүнээс 1,500,000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэр **** дүүргийн ****-ын зүүн талд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.1845 грамм цэвэр жинтэй "мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Э.Б-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.Г, Б.М нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 3 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г, Б.М нарыг 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 12 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 8 сар 12 хоногоор тогтоож, шүүгдэгч Э.Б, Х.Г, Б.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 292 хоног, шүүгдэгч Э.Б-ын цагдан хоригдсон 497 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцож, хасаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 6,955,197 төгрөгийг шүүгдэгч Э.Б-аас гаргуулж, улсын орлогод оруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “****” зочид буудлын 302 тоот өрөөнд хийсэн үзлэгээр хураагдсан “1” гэж дугаарлагдсан гялгар уутны хамт 0.4 грамм “мөс” гэх бодис /бодисын цэвэр жин 0.0305 грамм, дээж авч үлдсэн жин нь 0.0096 грамм/, “2” гэж дугаарлагдсан тарианы шил, “3” гэж дугаарлагдсан саарал өнгийн жин, “4” гэж дугаарлагдсан “Вазелин 5г" гэх бичиглэлтэй цагаан тосорхог зүйл, **** улсын дугаартай, “Бенз” загварын тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураагдсан “1” гэж дугаарлаж хураан авсан, уутны хамт 7.5 грамм жинтэй “мөс” гэх бодис /бодисын цэвэр жин 5.1306 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 5.0418 грамм/, “2” гэж дугаарласан, уутны хамт 0,003 грамм жинтэй “мөс” гэх бодис /цэвэр жин нь 00.1845 грамм байсныг шинжилгээнд дээж авч 11485/, “3” гэж дугаарласан уутанд хийсэн цагаан өнгийн хуванцар гуурс, гялгар уут, “4” гэж дугаарласан зиплок түгжээтэй уут, “5” гэж дугаарлагдсан саарал өнгийн гар жин, “6’ гэж дугаарлагдсан хар өнгийн жин зэргийг зохих журмын дагуу устгахыг, Монгол Улсын “АҮ87117323” серийн дугаартай, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Х.Г-ийн хүүхдүүд болох хүү Г.Б /РД: ****, 7 настай/, Г.М /РД: ****, 7 настай/ нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1800 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Х.Г-ийг 3 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.М-ыг 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй. …” гэснийг “…шүүгдэгч Х.Г-ийг 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.М-ыг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй. …” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн зохицуулалттай. Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шүүгдэгч Э.Б-д шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан гэх үндэслэлээр давж заалдах шатын гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүгдэгч Э.Б нь гэм буруугийн талаар маргадаггүй боловч урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож хорих ялаар шийтгүүлж байсан. Энэ үйлдэлдээ дүгнэлт хийлгүй дахин мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанарыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан. Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг биелүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо гэм буруугаа хүлээсэн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэлгүй шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү..” гэв.
Шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа:“…Шүүгдэгч Х.Г болон түүний өмгөөлөгч нарын зүгээс Х.Г-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн 7 настай ихэр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн...” гэв.
Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч О.Сайнгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа:“...Өмгөөлөгч Э.Мөнхзолбоотой ижил саналтай байна. Шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалын Б.М-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ:“...Шүүгдэгч Э.Б нь “мөс” гэх нэршилтэй метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан, шүүгдэгч Х.Г нь “мөс” гэх нэршилтэй метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Б-д 3,100,000 төгрөгөөр, шүүгдэгч Б.М нь “мөс” гэх нэршилтэй метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Б-д 8,000,000 төгрөгөөр тус тус худалдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. Хэргийн материалыг уншиж танилцахад хууль хэрэглээ болон хууль зүйн дүгнэлт хийсэн талаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэгдүгээрт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй” гэх агуулга бүхий гомдолд дүгнэлт хийхэд, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх шаардлага хангагдаагүй гэж үзэхээр байна. Хэдийгээр Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хамтран ажиллах этгээдээр тогтоогдох хүсэлт гаргаж, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн талаар мэдүүлэг өгч, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, орон зайг зааж өгсөн хэдий ч мэдүүлгээ байнга өөрчилсөн. Урьд оногдуулсан ялыг эдэлж дуусгавар болгосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл болохгүй ч шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийх үндэслэл болно. Шүүх нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой бөгөөд тус хуулийн зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон биш, эрх олгосон зохицуулалт юм.
Хоёрдугаарт, шүүгдэгч нарын ашигласан “мөс” гэх нэршилтэй бодис нь хүний төв мэдрэлийн системийг сэдээгч, нийгмийн хор аюул ихтэйд тооцогддог.
Гуравдугаарт, давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Б-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буюу тухайн сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байсан тээврийн хэрэгслийн үнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гаргуулж, улсын орлогод шилжүүлэн шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эсхүл гэмт хэргийн хохиролтой тэнцэх хөрөнгө орлогыг хураах гэсэн хоёр өөр зорилгод үндэслэн хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж заасан ба шүүгдэгч Э.Б-ын тээврийн хэрэгсэл нь энэ ойлголтод багтах бөгөөд албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Х.Г, Б.М нар нь сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад 3,100,000, 8,000,000 төгрөгөөр тус тус худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг дээрх хуулийн заалтын дагуу хураан авч, улсын орлого болгох талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.
Дөрөвдүгээрт, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс Х.Г, Б.М нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг тодорхой бус үндэслэлээр хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг эш татан “шүүгдэгч Б.М, Х.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, шүүгдэгчийн Х.Г-ийн хувьд хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд харгалзан үзэж тэдгээрт оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн 2 жил болгон өөрчлөх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохироогүй, 2 шүүгдэгчийн хэн аль нь энэ төрлийн гэмт хэрэгт урьд ял шийтгэгдэж байсан зэрэг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Прокурорын байгууллагаас хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Х.Г, Б.М нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураах тухай санал гаргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарна. Шүүгдэгч нарт албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдгээрийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөр байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах асуудлаар шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэснийг Эрүүгийн хуулийн эрх зүйн хэм хэмжээний бүтэц дэх урьдчилсан нөхцөл буюу бүрэлдэхүүн хэсгүүдийг задлан шинжилж, түүнийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг магадлан судлах замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд хянадаг.
Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн нэг зүйл, заалтыг, эсхүл эрүүгийн эрх зүйн онол, шүүхийн практикт тогтсон ойлголт, тодорхойлолт, нэр томьёог өөрөөр тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, эсхүл хууль хэрэглээний талаар хоёр шатны шүүх зөрүүтэй байдлаар шийдвэрлэснийг ойлгоно.
3.Хуулийг тайлбарлан хэрэглэх арга зүй нь хуулийн заалт, хэм хэмжээг тодорхой хэргийг хянан шийдвэрлэхэд иш үндэс болгон хэрэгжүүлж буй процесс ажиллагаа тул шийдвэрийг гаргах үндэслэлээ бусад эрх зүйн хэм хэмжээний утга, агуулгад нийцүүлэн ашиглаж, түүнээс ишлэн эрх зүйн гипотез, диспозици, санкцийн агуулгыг нээн илрүүлэхэд чиглэгдэх хэдий ч хууль тогтоогчийн үзэл баримтлал, хуулийн зорилго, агуулгад нийцүүлж үндэслэлтэйгээр тайлбарлан нэг мөр ойлгосноор хууль ёсны зарчим хангагдах юм.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасан хуулиар тогтоосон энэхүү бүрэн эрхийн хүрээнд давж заалдах шатны шүүх хууль хэрэглээ, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэхийг хянаснаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй тогтоосон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар эрх зүйн дүгнэлт хийж, шийдэл гаргах боломжтой болно.
5.Хоёр шатны шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Э.Б-ыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, шүүгдэгч Х.Г, Б.М нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх замаар тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М, Х.Г нарын хувийн болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргасан, гэмт хэрэгт оролцсон оролцоо, ар гэрийн байдлыг /шүүгдэгч Х.Г-ийн бага насны 2 хүүхэдтэй/ зэргийг харгалзан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г, Б.М нарт тус бүр 3 жилийн хорих ял оногдуулсан байна.
Давж заалдах шатны шүүх “…шүүгдэгч Б.М, Х.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, шүүгдэгч Х.Г-ийн хувьд хүүхдийн эрх ашгийг харгалзан тэдгээрт анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн тус бүр 2 жил болгон өөрчлөх нь зүйтэй…” гэх товч дүгнэлт хийснээс өөрөөр ял хөнгөрүүлэх ямар нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоосон талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэхээр заасан нь давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээг олгосон заалт юм.
Энэхүү заалтыг анхан шатны шүүхийн алдааг засах /зүйлчлэл буруу/, ял хүндэдсэн гэсэн хоёр чухал үүргийг хэрэгжүүлэх боломжийг олгодог бөгөөд хууль зүйн онол, практикийн хувьд дараах байдлаар хоёр үндсэн хэсэгт хувааж тайлбарлан, хэрэглэдэг.
Анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ алдаа гаргасан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, эсхүл гэмт үйлдлийн шинж чанар нь хөнгөн зүйл ангид тохирч байвал давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөх үүрэгтэй.
Хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх нь анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилсэн боловч оногдуулсан ял шийтгэл шударга ёсны зарчимд нийцээгүй, хэт хүндэдсэн гэж үзвэл хэрэглэх зохицуулалт юм.
Хуульд "ялыг хөнгөрүүлж болно" гэж заасан нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн бус, харин давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэх эрх олгосон заалт болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ялын зөв, зохистой төрөл хэмжээг сонгон оногдуулах, түүний үндэслэлийг шийдвэртээ тодорхой тусгах нь хуулийг тайлбарлан хэрэглэх үйл ажиллагааны салшгүй чухал хэсэг мөн.
Үүний нэгэн адил дээд шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялд дүгнэлт хийхдээ доод шатны шүүхийн үндэслэлийг няцааж буй шалтгаан, хууль хэрэглээний алдааг тодорхой тайлбарлах шаардлагатай.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд шинээр тогтоогдсон, анхан шатны шүүх харгалзаж үзээгүй нөхцөл байдал илэрсэн, давж заалдах шатны шүүх хурлаас өмнө хохирлыг бүрэн барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд нийцүүлэхүйц замаар хэрэглэдэг шударга ёсны зарчмын залруулга гэж ойлгодог.
7.Зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхийн оноосон ялыг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэхдээ тодорхой үндэслэл, хууль зүйн дүгнэлтээ бичээгүй, эсхүл бичсэн үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Давж заалдах шатны шүүхийн шүүгдэгч Б.М, Х.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх үндэслэл болсон нь тодорхой бус, ерөнхий байдлаар дүгнэснийг хяналтын шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байна.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг шүүх хэрэглэх, удирдлага болговол зохих нийтлэг шинжээр нь эрх олгосон, үүрэг болгосон, хориглосон гэж ангилан үздэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг …гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж хуульчилсан.
Шүүхээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шүүгдэгч Б.М, Х.Г нар Э.Б-д худалдсан гэм буруутайд тооцсон боловч шүүхэд үүрэг болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх эсэхэд давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан хууль хэрэглээний алдааг гаргажээ.
9.Давж заалдах шатны шүүхээс Э.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ учруулж болох хор уршгийн хэмжээг ихэсгэх, үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор, мөн нуувч байдлаар тээврийн хэрэгслийг зориудаар ашигласан үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэн, тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Э.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүйн улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
10.Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1145 дугаартай магадлалыг хүчингүй болгохоор тогтов.
Иймд шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Ж.Гантулгын “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, …Э.Б-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” агуулга бүхий гомдолд хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Магадлалыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Э.Б, Х.Г, Б.М нарт шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн 1145 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
2.Шүүгдэгч Э.Б, Х.Г, Б.М нарт шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР