Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 517

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: А.Б

Хариуцагч: Худ зд

Нэхэмжлэлийн шаардлага: 

1. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулах

2. Хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох

3. Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох

4. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж олгуулах

5. Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэж баталгаажуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, түүний өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... А.Б миний бие Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргаар томилогдон ажиллаж байсан билээ.

Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дүүргийн Засаг дарга “А.Б ******* дугаар хорооны Засаг даргын албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/12 тоот захирамж гаргаж уг захирамжийн 2-р заалтаар томилогдсон ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр миний ажлыг авч Ц.*******од хүлээлгэн өгсөн болно.

Энэхүү дүүргийн Засаг дарга Б/12 тоот захирамжийг хууль бусаар гаргаж намайг ажлаас хууль бусаар халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Уг захирамжид намайг албан тушаалаас чөлөөлөх болсон үндэслэлээ:

1.Тус дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон,

2.Хорооны 2016 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ хийсэн үнэлгээгээр “хангалтгүй” дүгнэгдсэн,

3.2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн чөлөөлсүгэй гэсэн байсан болно.

Миний бие дээрх 3 үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

1... Миний хувьд 2013 оны 03 дугаар сард хуралдсан ******* дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлаас олонхийн санал авч, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор нэр дэвшин хорооны Засаг даргаар 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр томилогдсон. Иймд Иргэний хуулийн 71-р зүйл /Хугацааг тодорхойлох/, 72-р зүйл /Хугацаа тоолох журам/, 73-р зүйл /Хугацаа тоолж дуусах/-д зааснаар бол хорооны Засаг даргын бүрэн эрхийн 4 жилийн хугацаа дуусгавар болоогүй байгаа болно.

2.Хорооны 2016 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ хийсэн үнэлгээгээр “хангалтгүй” дүгнэгдсэн гэсэн нь хууль зөрчсөн. Дүүргийн Засаг даргын Б/12 тоот захирамжийн үндэслэх хэсэгт <Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1146 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмын 9.1.3, дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Ажил дүгнэх” журмын 6.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн гэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зүйлийн 26 дугаар зүйлийн 26.8, 26.9 дэх хэсгийг тус тус зөрчсөн. Тус хуулийн 26.8 дахь хэсэгт “.. баг, хорооны Засаг дарга тухайн Хурлын болон дээд шатны Засаг даргын өмнө . . . ажлаа хариуцна.” 26.9 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлаа тухайн Хуралд, баг, хорооны Засаг дарга иргэдэд тус тус жил бүр тайлагнана” гэж заасан нь хорооны Засаг даргын ажлыг дан ганц дүүргийн Засаг дарга үнэлж дүгнэхгүй, өөрөөр хэлбэл төрийн удирдлага болон нутгийн удирдлагын бүрэн эрхийг заавал хамтад нь хослуулан хэрэглэсний үндсэн дээр Хорооны засаг даргын саналыг үнэлж дүгнэх учиртай.

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан . . . баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, хуулийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж тус тус хуулиар хатуу тогтоож нарийвчлан зохицуулж өгсөн. Миний хувьд *******-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдаад Хорооны Засаг даргад Ц.Ч нэрийг олонхи нь нэр дэвшүүлээд Ц.Ч Засаг даргаар томилоод тэгээд намайг чөлөөлсөн бол гомдолгүй байлаа. Иймд намайг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн Хорооны Засаг даргын албан тушаалаас чөлөөлөх нь хууль зөрчсөн, буруу халсан үйлдэл гэж үзэж байна” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч А.Б ******* дугаар хорооны Засаг даргаас чөлөөлөх тухай Б/12 тоот захирамжийн үндэслэх хэсэг дээр Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасныг үндэслэсэн байгаа юм. 

Уг зүйл заалтад “баг, хорооны Засаг даргын тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх” гэж заасан байна. Тэгэхээр энэ нь баг хорооны хурлын бүрэн эрх. Хурлын чөлөөт цагт баг хорооны хурлын тэргүүлэгчдийн эдэлж болох бүрэн эрх. Гэтэл дүүргийн Засаг даргын захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасныг үндэслэж хууль зөрчсөн гэж байгаа юм. ...

... Мөн захирамж дээрээ  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т заасан дүүргийн Засаг даргын бүрэн эрх, үүн дээр “баг, хорооны Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах” гэж заасныг баримталсан.

Баг хорооны Засаг дарга чиглүүлэн удирдана гэдэг бүрэн эрх бол баг хорооны Засаг даргын албан тушаалаас нь чөлөөлнө гэсэн бүрэн эрх олгосон заалт биш. Энэ нь хуулийг буруу тайлбарлаж, ойлгож хэрэглэсэн асуудал юм. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг үндэслэсэн нь буруу. Энэ нь аймаг, нийслэл, баг хорооны хуралд бүрэн эрх олгосон заалт байгаа юм. Энэ заалтын дагуу Засаг дарга  саналаа гаргаж тухайн хуралд хүргүүлэх ёстой байсан. 

...Тэгэхдээ энд тодруулж хэлэхэд А.Б Засаг даргын албан тушаалаас огцруулаагүй чөлөөлсөн байгаа юм. Чөлөөлнө гэдгийг мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэж заасан байгаа юм. Дүүргийн Засаг даргын захирамжийн үндэслэх хэсэгт орсон 32 дугаар зүйлийн 32.4, 32.8-т заасан зохицуулалтууд Засаг даргыг огцруулахтай холбоотой харилцаа. Тэгэхээр энэ нь огцруулахтай холбоотой харилцаа яригдаагүй чөлөөлөхтэй холбоотой асуудал яригдаж байгаа. Тэгэхдээ дүүргийн Засаг дарга захирамжийнхаа үндэслэх хэсэгт огцруулахтай холбоотой заалт баримталсан байна. Энэ нь хууль зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хууль зүйн үндэслэл нь хууль тогтоомжид нийцээгүй байна гэдгийг нотолсон үйлдэл гэж үзэж байна.  

Дүүргийн Засаг даргын захирамжийн үндэслэх хэсэгт Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1146 тоот захирамжаар батлагдсан Нийслэлийн хотын захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журмын 9.1-т “Нутгийн захиргааны байгууллага, нэгжүүдийн тухайн жилийн үйл ажиллагаанд хийсэн үр дүнд суурилсан, нэгтгэн дүгнэх үнэлгээний дүнг үндэслэн зохион байгуулах ажлын хэсгээс дараах шийдвэрийн төслийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасан. Мөн журмын 9.1.3-т “тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнгээр хангалтгүй буюу 69.9%-иас бага оноо авсан бол тухайн байгууллагын нэгжийн удирдлагад ажлаас чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах” тухай заасан байна. Нэгж гэдэгт хороо орж байгаа. Гэхдээ дүнг үндэслэн шийдвэрийн саналыг Нийслэлийн нутгийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ гэсэн байгаа. Мэдээж Нийслэлийн нутгийн удирдлагын зөвлөлийн хуралдаан дээр хорооны Засаг даргын үйл ажиллагааг ярихгүй нь тодорхой. Үүнтэй холбогдуулж дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ажил өгөх журмын 6.1-т “хяналт шинжилгээний ажлын хэсэг хороодын үйл ажиллагааг үндэслэсний дараа дүүргийн Засаг даргын тамгын газрын даргад илтгэх хуудсаар танилцуулна гэж байгаа мөн 6.1.3-т “үйл ажиллагааны үр дүнгээр хангалтгүй буюу 69.9%-иас бага оноо авсан эсвэл энэ үнэлгээ давтагдсан бол тухайн хорооны Засаг даргыг ажлаас чөлөөлөх” гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ бол санал, түүнээс шууд хангалтгүй дүгнэгдсэнийх нь төлөө тамгын газрын дарга илтгэх хуудастай танилцаж, дүүргийн Засаг даргад саналаа оруулж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгээд дүүргийн Засаг дарга 01 дүгээр сарын 05-ны өдрийн үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр 62.1 %-иар дүгнэсэн. 62.1 %-иар дүгнэсэн байж болно үгүйсгэхгүй. Хамгийн гол нь дүүргийн Засаг дарга 62.1 %-иар дүгнэгдсэн бол энэ захирамжаа гаргахаас өмнө саналаа заавал хуралтай зөвшилцөнө. Өөрөөр хэлбэл хурлаас чөлөөлөх үндэслэл байхгүй бол огцруулах асуудал яригдах байсан. Хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас А.Б огцруулах санал гаргах байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ агуулгад хэлснээр тухайн хурал жилд 1 удаа А.Б ажлыг дүгнэж, үнэлэлт дүгнэлт өгнө гэж 17.1.4-т заасан байгаа. Засаг дарга огцруулах саналаа хүргүүлсэн бол 15 хоногийн дотор хурал хэлэлцэж хариуг нь Засаг даргад уламжлах ёстой. Энэ хуулийн харилцаа хэрэглэгдээгүй. 

Монгол Улсын Үндсэн хуулийн  59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэдэг нь бүх шатны Засаг даргад хамааралтай асуудал. Өөрөөр хэлбэл өнөөдөр Засаг даргыг ямар ч тохиолдолд дээд шатны Засаг дарга шууд чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй. Заавал тухайн шатны хуралд саналаа хүргүүлж байж, хурлын саналыг хүлээж авсны үндсэн дээр огцруулах тухай асуудал яригдана. Чөлөөлөх тухай асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар “зөвхөн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол” гэж байгаа. Тэгэхээр энэ асуудлаар А.Б өөрөө хүсэлт гаргаагүй. Эрүүл мэндийн хувьд энэ албан тушаалд тэнцэхгүй болох нь тогтоогдоогүй учраас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй юм. 

А.Б ******* дугаар хорооны Засаг даргаар томилсон 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/23 тоот захирамжийн нэг дэх заалтаар 04 дүгээр сарын 11-ний өдөр томилогдсон гэж ярьж байгаа. Үүн дээр хугацаа тоолох асуудал яригдаж байгаа учраас 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дүүргийн Засаг дарга томилсон нь 13 хоногийн зөрүүтэй асуудал байгаа гэдгийг хэлэх байна. Мөн хугацаа тоолох асуудал дээр хариуцагч өөрөө зөвшөөрч байх шиг байна. Хугацаа тоолох нийтлэг зохицуулалтаар бол хугацаа тоолно гэдэг нь жилээр тогтоосон хугацаа байгаа. Жилээр тогтоосон хугацаа бол Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар “уг хугацаа дуусах сарын өмнө өдөр дуусна” гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл А.Б хувьд хорооны Засаг даргын 4 жилийн бүрэн эрхийн хугацаа бол 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болох байсан. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль болж өнгөрсөн. Сонгуулийн үр дүнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, дүүргийн харьяа газар, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, компаниуд, хорооны Засаг даргыг хууль бусаар чөлөөлсөн. 

Улс төрийн  сонгуульд Монгол Ардын нам ялсан гэдэг утгаараа чөлөөлж болно. Тэгэхдээ хорооны Засаг дарга бол хорооны Иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшиж томилогдож, чөлөөлөгддөг. Энэ онцгой субъектийг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон эсвэл ямар нэгэн байдлаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах талаар санаачлага гаргаж, хуралдуулж А.Б бүрэн эрх дуусаж шинэ хүн нэр дэвшиж томилогдох бүрэн бололцоо байсан. 

...Өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй. А.Б чөлөөлөх, огцруулах асуудал хэлэлцэгдээгүй. Мөн н.*******ыг ******* дугаар хорооны Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх асуудлаар хэлэлцээгүй болох нь дарга н.Б ирүүлсэн албан бичгээр тодорхой нотлогдож байна. Иймээс нэхэмжлэлийн н.Ч томилсон захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж, бусад шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн А.Б 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу хорооны Засаг даргын ажлыг шалгасан ажлын хэсгийн үнэлэлт дүгнэлтээр “Хангалтгүй” дүгнэгдсэн тул А.Б******* дугаар хорооны Засаг даргын албан тушаалаас чөлөөлөх тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12 дугаар захирамж гарсан бөгөөд энэхүү захирамж гарсантай холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажил хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн А.Ббайлцуулан ******* дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Ч ажлыг хүлээлцүүлсэн болно.

... 2016 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үйлдвэрийн үнэлгээ хийсэн тайланг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 62,1 %-ийн үнэлгээтэй гэж дүгнэсэн байдаг. Үнэлгээний тайланг тухайн үед Төрийн захиргаа удирдлагын хэлтэст ахлах мэргэжилтэн хийж байсан н.******* гаргаж нэгтгэсэн байгаа. Энэ тайлан гарын үсэг зурж албан ёсоор баталгаажсан. Гэтэл тайланг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд устгасан байгаа юм. Ер нь шинэ бүтэц батлагдаж үйл ажиллагаа явуулснаас хойш дүүргийн Засаг даргын Тамгын газар дээр ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүд чөлөөлөгдсөн албан хаагчидтай холбоотой бичиг баримтуудыг устгах, файлыг нь устгах гэсэн зохисгүй үйлдлүүд их гаргаж байна. Мөн энэ тайлан одоо болтол олдохгүй хэн гаргаж өгөх нь мэдэгдэхгүй, хэн хариуцах нь мэдэгдэхгүй байгаа юм. Асуудлыг хариуцлагаас зайлсхийж бие бие руугаа чихсэн байдал харагдаж байгааг хэлэх нь зүйтэй байна. 

Энэхүү үнэлгээ үнэлэгдсэний дараа “хангалтгүй үнэлэгдсэн” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаал гарсан. 4 жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гэдэг нь 4 жилийн хугацаа нь томилогдсон өдрөөрөө дуусгавар болох учраас хугацаа тоолох тал дээр алдаа гарсан байгаа.

Иймд А.Б гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч А.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

А.Б нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэж баталгаажуулах, Ц.Ч ******* дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь “Ц.Ч ******* дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах” гэж тодруулсан хүрээнд хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс,

- Хорооны Засаг даргын ажлыг дүүргийн Засаг дарга дангаараа үнэлж дүгнэх эрхгүй бөгөөд хорооны иргэдийн нийтийн Хурлаас санал авалгүйгээр шийдвэр гаргасан, 

- Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад чөлөөлсөн,

- Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хорооны Засаг даргыг чөлөөлөх зохицуулалт байхгүй бөгөөд, хуулийн буруу зүйл заалтыг хэрэглэж маргаан бүхий актыг гаргасан нь тус тус хууль бус гэж маргажээ. 

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар  А.Бтус дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргаар томилж, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12  дугаар захирамжаар А.Б“4 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, хорооны 2016 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ хийсэн үнэлгээгээр “хангалтгүй” дүгнэгдсэн” гэсэн үндэслэлээр чөлөөлж шийдвэрлэжээ. 

Хариуцагчаас Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргаа ажиллаж байсан А.Б ажилд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн гэх боловч “...ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчид ажлын баримт бичгүүд, хэрэгцээт файлуудыг устгасан” хэмээн тайлбарлаж хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан болон холбогдох бусад баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. 

Мөн хорооны Засаг дарга нь төрийн удирдлагыг орон нутагт хэрэгжүүлэгч субьект болохынхоо хувьд дээд шатны Засаг даргын өмнө ажлаа хариуцахаар хуульд заасан боловч Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Дээд шатны Засаг дарга ...энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгөх ”-өөр зохицуулсан байна

Гэтэл хариуцагч нь А.Б ажилд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн гэх боловч уг үнэлгээний дүнг А.Бд танилцуулалгүйгээр, Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны Иргэдийн нийтийн хуралд хүргүүлж шийдвэрлүүлэлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...иргэдийн нийтийн хурлаас санал авалгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

Зүй нь хорооны Засаг дарга нь үүрэгт ажлаа хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзвэл дүүргийн Засаг даргаас түүнийг огцруулах тухай саналыг Иргэдийн нийтийн хуралд хүргүүлж хэлэлцүүлсний үндсэн дээр Хурлын саналыг үндэслэн шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байхад хариуцагч энэ ажиллагааг хэрэгжүүлээгүй нь буруу болжээ.  

Мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “А.Б бүрэн эрхийн хугацаа 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болох ёстой байсан, Засаг даргыг чөлөөлөх хуулийн зохицуулалт  хэмээн тайлбарлан маргаж байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ хугацааны тухайд алдаа гарсныг хүлээн зөвшөөрч маргахгүй байна. 

А.Б******* дугаар хорооны Засаг даргаас чөлөөлж, Ц.Ч томилох асуудлыг тус хорооны Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцээгүй тухай тодорхойлолтыг   Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлснээс үзвэл ******* дугаар хорооны Засаг дарга А.Б бүрэн эрхийн хугацаа дуусаагүй гэж үзэхээр байна. 

Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох”-оор, 26.3-т “26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, ... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох, нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй”, 28 дугаар зүйлийн 28,4-т “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулах”-оор тус тус зохицуулсан байна. 

Хуулийн дээрх зохицуулалтуудын хоорондын уялдаа холбоог нэгтгэн авч үзвэл, Хорооны Засаг даргыг томилуулахаар санал болгох эрх нь хорооны Иргэдийн нийтийн хуралд хадгалагдаж байх бөгөөд тухайн Засаг даргын бүрэн эрхийн 4 жилийн хугацаа нь түүнийг томилогдсоноор эхэлж, дараагийн Засаг даргыг томилсноор дуусгавар болохоор байх тул тус хорооны Иргэдийн нийтийн хурлаас шинэ Засаг даргыг томилуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлээгүй, томилох эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүлээгүй байгаа нөхцөлд өмнөх Засаг даргын бүрэн эрх үргэлжлэхээр байна.

Дээрхээс дүгнэн үзвэл, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д төрийн үйл ажиллагаанд “хууль дээдлэх” зарчмын үндсэн дээр гараагүй байх тул хүчингүй болгож, А.БХан-Уул дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна. 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.Б ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ээс 2017 оны 06 дугаар сарын 29-нийг хүртэлх 4 сар 29 хоногийг цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******6 дугаар зүйлийн *******6.1, *******6.3.1, *******6.3.4, *******6.3.12-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Б Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан А.Б ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлснөөс зохих татвар суутгалыг хийж тэтгэмжид олгосон 3 678 924 төгрөгийг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж А.Б олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.МӨНХЗУЛ