Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 1640

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 323 дугаар шийдвэртэй,

                       

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ цэцэрлэгт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                     ХХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч                                                 ХХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                      Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Миний бие 2012 онд ХХХ дүгээр цэцэрлэгт зарласан сонгон шалгаруулалтанд тэнцэж тус цэцэрлэгт нярваар орж ажилласан. Цэцэрлэгийн эрхлэгч ХХХХХХ, нябо ХХХХХХ нартай 3 жил хамтран ажиллахад туйлын бэрхшээлтэй байсан. Орлогод авсан, зарлагад авсан бараа материал дээр хоол хүнсний төлбөр тооцоо хийгдэхдээ нябо 2-р гарын үсэг, эрхлэгчийн 1-р гарын үсгээр хийгддэг байтал удаа дараа хоол хүнс болон бараа материал дээр хий орлого авч мөнгө шилжүүлдэг, цалингийн цэсийг засаж ажилчдын цалин дээр илүү цалин бичиж хувьдаа ашигладаг, өөрсдөө хүнсний материал авч ирж цэцэрлэгт нийлүүлэх зэрэг санхүүгийн зөрчлийг удаа дараа гаргаж байсан. 2014 оны 12 дугаар сард нябо ХХХХХХын хий орлогодож авсан мах хүнсний бүтээгдэхүүний 13 065 890 төгрөгийн дутагдлыг миний гомдлоор шалгаж илрүүлсэн боловч тухайн үйл явдалд ямар ч хамаагүй, миний эрх хэмжээний бус асуудалд 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 6/10 тушаалаар ХХХХХХтай хувааж төлөх үүрэг өгч байсан. 2015 оны 9 дүгээр сард Дотоод аудитын шалгалтаар над дээр гарсан зөрчлүүд нь эрхлэгч, нягтлан нартай холбоотой зөрчлүүд байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1, 7.1, 7.7, 19.1.4, 20.1.6, Төсвийн байгууллагын мөнгөн кассын журмын 3.8 дахь хэсэг, Дотоод Аудитын хорооны А/01 тогтоол, хөдөлмөрийн гэрээний 3.4, 12.4, 3.12 дахь хэсгийг тус тус үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр б/92 тоот тушаал гаргаж намайг эрхэлсэн ажлаас чөлөөлсөн тул эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэгдсэн тайланд санхүүгийн баримтуудыг үдэхдээ тайланг засварлах, дутуу орхигдуулсантай шууд холбоотой бөгөөд нягтлан хянаж гарын үсгээ зураагүй байхад эрхлэгч гарын үсгээ зурсан байна. Мөн Хөдөлмөрийн хуулийн дагуу сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1 964 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч ХХХХХХ нь 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ХХХХ цэцэрлэгт нярвын ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Багануур дүүргийн дотоод аудитын хорооны тогтоолын дагуу 2014 оны санхүүгийн аж ахуйн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийгдсэн байна. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 6/92 тоот ХХХХХХг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан байна. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг талууд хөдөлмөрийн гэрээндээ зайлшгүй тусгасан байх ёстой. Холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэдэг энэ заалт нь өөрөө хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш гэж үзэж байна. Талууд хөдөлмөрийн гэрээндээ холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж оруулснаараа ажилтан ямар ч хууль тогтоомжийг зөрчсөн ажлаас халах үндэслэлийг бий болгож байна. Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг авч үзвэл 2015 оны 11 дүгээр 16-ны өдрийн ХХХХ цэцэрлэгт Дотоод аудит хийсэн тухай тушаал байгаа бөгөөд энэ тушаалын дагуу ажлаас халсан байгаа нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн ХХХ дүгээр зүйлийн 131.2 дэх хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл гаргасан зөрчил нь 2014 онд гарсан зөрчил байгаа юм. Ийм учраас хууль зүйн үндэслэлгүй ажлаас халсан тул нэхэмжлэгч ХХХХХХг нярвын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийлгэхийг ХХХ дүгээр цэцэрлэгт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХХХХг 2014 оны бүтэн жилийн санхүүгийн баримтыг шалгасны үндсэн дээр ажлаас халсан. Мөн аудитын хорооны тогтоолыг үндэслэн хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан цэцэрлэгийн орон байр , хоол хүнсний эд хогшлыг хадгалах хамгаалах үүргээ биелүүлээгүй, нийтийн аж ахуйн хоол хүнсний тайлан мэдээг үнэн зөв гаргаж данс бүртгэлд тусган хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй хаяг хийсэн байх гэх мэт хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан үүргүүдээ биелүүлж ажиллаагүй, агуулахын бүртгэл бүртгээгүй, тооллогын бүртгэлийн тайлан байхгүй, эцэг эхийн хандиваар өгсөн өнгөт болон техник тоног төхөөрөмжүүдийг санхүүгийн тайлангийн анхан шатны баримтуудыг бүрдүүлээгүй, нийт 12.579.000 төгрөгийн бараа материалын орлого аваагүй, тайлант хугацааны махны орлого зарлагын 62.000.00 төгрөгийн анхан шатны баримт байхгүй зэрэг зөрчил гаргасан.  ХХХХ-ийн буруутай үйл ажиллагаанаас болж 2015 онд би өөрөө цалингийн 20 хувиар арга хэмжээ авахуулсан. Манай байгууллага дээр нягтлан, нярвын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил гараад байгааг би 2014 оны 12 дугаар сарын сүүлээр мэдсэн. Гэвч ХХХХХХд ямар нэгэн сахилгын арга хэмжээ авч байгаагүй, энэ хамт олныг тэр чигээр нь авч үлдэхийг тулд явж байсан боловч ХХХХХХ нь үнэхээр нярав хүний ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн үйлдэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ХХХХ овогт ХХХХХХг ХХХХХ дүүргийн ХХХХ дүгээр цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 602 030 төгрөгийг ХХХХХ дүүргийн ХХХХ дүгээр цэцэрлэгээс гаргуулж нэхэмжлэгч ХХХХХХд олгож, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг ХХХХ цэцэрлэгт үүрэг болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56 582 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...ХХХХХХ нь цэцэрлэгийн нярвын ажлыг гүйцэтгэхдээ ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийн удаа дараа зөрчиж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар анхан шатны баримт бүртгэлийг бүртгэхгүй, санхүүгийн тайлан тооцоог удаа дараа гаргахгүй, орлого зарлагыг байнга зөрүүлэх, эд хөрөнгийг бүртгэлд дансанд авахгүй гээд тоолохооргүй их зөрчлүүдийг удаан хугацаанд үргэлжлүүлэн гаргаж байсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээний 3.4 дэх хэсэгт "Цэцэрлэгийн орон байр, эд, хогшил, тоног төхөөрөмж, хоол хүнсний зүйлийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтыг хариуцан ажиллах" үүргээ биелүүлээгүй байдал, мөн гэрээний 3.5 дахь хэсэгт “эд аж ахуй, хоол хүнсний тайлан мэдээг үнэн зөв гаргаж, данс бүртгэлд тусган хөдөлгөөнтэй хөдөлгөөнгүй хаяг хийсэн байх" үүргүүдийг биелүүлээгүй зөрчил гаргасан. Бэлнээр зарцуулсан зардлын бэлэн мөнгө олгосон жагсаалт байхгүй, 4-р улирлын кассын тайланг гаргаагүй, анхан шатны баримтын хөтлөлт хангалтгүй нь сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан "Төсвийн байгууллагын мөнгөн кассын журам"-ын 3.8 дахь хэсэг "мөнгөн кассын нярав нь анхан шатны орлого, зарлагын баримтыг үндэслэн мөнгөн кассын гүйлгээг хийнэ" гэснийг зөрчсөн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, ТБОНӨТухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 72 дугаар зүйлүүдийг зөрчсөн. Эцэг эхийн хандиваар өгсөн өнгөт болон 3 үйлдэлт принтерийн нийт 670,0 мянган төгрөгийн хөрөнгийн анхан шатны баримт, хөрөнгө хүлээн авсан акт байхгүй зэрэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг зөрчсөн. 12579,0 мянган төгрөгийн бараа материалыг зориулалтын дансанд орлого аваагүй ба зарцуулахдаа зарлагын баримт үйлдээгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Тайлант хугацааны махны орлого, зарлагын баримтыг түүвэрлэн шалгахад 62448,3 мянган төгрөгийн хүнсний материалд орлогын баримт байхгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийг зөрчсөн. 700,5 мянган төгрөгийн шатахуун, 216.0 мянган төгрөгийн эм, 2354,0 мянган төгрөгийн гүүрс нийт 3270,5 мянган төгрөгийн бараа материалыг тооцооны дансаар дамжуулаагүй шууд зардалд бүртгэж орлого, зарлагын баримт, жолоочийн тооцооны хуудас, эмийн зарцуулалтын тайлан зэрэг бусад анхан шатны баримтыг хөтлөөгүй Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн. Мөн ажлын байрны тодорхойлолтын гол үйл ажиллагааны хэсгийг 2-р үндсэн зорилтын хүрээнд хүнс материалыг эрүүл ахуйн шаардлагын хэмжээнд хадгалах, складыг эмх цэгцтэй байлгах үүрэг, ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд хүнс материалын тайлан тооцоо, өдөр тутмыг үнэн зөв гаргаж ажиллах үүргүүдээ тус тус биелүүлээгүй. Цэцэрлэгийн нярвын хувьд ажлын байрны тодорхойлолтод зааснаар архивын ажлыг гүйцэтгэх байсан, энэ үүргийг огт биелүүлээгүй байсан. Нярвын нэг удаагийн үйлдэлд бус, удаа дараагийн хариуцлагагүй үйлдэлд арга хэмжээ авагдсан. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Шүүхээс дүгнэсэн шиг ХХХХ-ийн зөрчил дутагдал зөвхөн 2014 онд байгаагүй. аудит 2014 оны санхүүгийн баримтад шалгалт хийгдэж зөрчил илрүүлсэн, дүгнэлтийг ирүүлснээс хойш засан сайжруулах хугацаатай даалгаврыг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгөөд ч гүйцэтгээгүй, ажиллаж байх хугацаандаа заавал байх баримт материаллыг бүрдүүлээгүй учраас хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өөр замгүй болсон. Зөрчил 2014 онд гараад зогсчихоогүй, түүний үргэлжилсэн үйлдэлд арга хэмжээ авагдсан. Түүний зөрчил гаргасан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсоор байхад үргэлжлүүлэн ажиллуулж, төрийн ажлыг цалгардуулж, хохироосоор байх байсан гэж үү. Цэцэрлэгийн эрхлэгч миний ажлаас халсан тушаал ХХХХ-ийн гаргасан зөрчил, үйл баримтад нь тохирсон арга хэмжээ тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, ХХХХХХг ажлаас халсан тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

           

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна .

 

            Нэхэмжлэгч ХХХХХХ хариуцагч ХХХХ цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргасан байна.

           

Ажил олгогч ХХХХ дүүргийн ХХХХ дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 6/92 тоот тушаалаар нярав ХХХХХХг ажлаас нь халсан байх бөгөөд уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг үндэслэжээ. /хэргийн 11 дугаар тал/                                                                                                                                                                                               

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ХХХХХ дүүргийн Засаг даргын тамгын газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Б/02 тоот албан бичгээс үзэхэд тус байгууллага бараа матриалын агуулахын бүртгэл хөтлөөгүй 49680.8 мянган төгрөгийн зөрчил байсан байх бөгөөд дээрх зөрчлийг бүрэн арилган хариу мэдэгдэж 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг дүүрэг, нийслэлд нэгтгүүлэх, аудитын зөрчилгүй шалгуулахыг үүрэг болгож байсан байна. /хэргийн 109 дүгээр тал/

 

Мөн хэрэгт ХХХ дүгээр цэцэрлэгийн 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд явцын аудит хийсэн ажлын тайлан авагдсан байх бөгөөд уг тайлангаар ХХОАТ-ын тайланд цалингийн санг илүү тусгасан, үр дүнгийн урамшууллыг хавтгайруулан олгосон, бэлэн мөнгөний зарцуулалтын тайланг 4 дүгээр улиралд гаргаагүй, үндсэн хөрөнгийг дутуу тоолсон, худалдан авсан бараа материалыг орлого авахдаа зориулалтын дансанд аваагүй зэрэг зөрчлийг гаргасан гэсэн үйл баримтууд тогтоогдсон байна. /хэргийн 29-39/  

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажлаас халахдаа ХХХХХХ “хөдөлмөрийн гэрээнд тусгасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэл заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д заасны дагуу ажил олгогч нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд захиргааны санаачилгаар ажлаас халах боломжтой. 

 

Талууд хөдөлмөрийн гэрээний 4.3 дахь хэсэгт “холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнийг ноцтой зөрчил”-д тооцохоор заасан байх бөгөөд анхан шатны шүүх ажилтан ямар зөрчил гаргавал ноцтой зөрчилд тооцох талаар нэг бүрчлэн дурьдаж заагүй байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Ажил олгогчийн зүгээс 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийсэн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн тайлан тус цэцэрлэгт 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр ирснээр нэхэмжлэгчийн зөрчлийг мэдсэн гэсэн тайлбар гаргаж, бичгийн баримт ирүүлсэн байгаа боловч тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 6/10 тоот тушаалаар  нэхэмжлэгч ХХХХХХд гаргасан зөрчил дутагдлыг арилгах талаар үүрэг өгч, Багануур дүүргийн Засаг даргын тамгын газраас 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус цэцэрлэгт ирүүлсэн зөрчил арилгах талаарх Б/02 тоот албан бичиг болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч байгуллага ажилтан ХХХХ-ийн зөрчлийн талаар аудитийн дүгнэлтээс өмнө мэдэж байсан гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүх ажил олгогч байгууллага нэхэмжлэгч ХХХХХХг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчил гаргасан гэдгийг аудитийн тайлангаас өмнө мэдсэн байх бөгөөд хуульд заасан сахилгын арга хэмжээ авах хугацааг өнгөрсний дараа ажлаас нь халсан нь Хөдөлмөрийн хуулийн ХХХ дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч ХХХХХХг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх  заалттай нийцжээ.

 

                  Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацаанд бодож нийт 2 602 030 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Энэ талаар давж заалдсан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн  323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч ХХХХХ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Багануур дүүргийн ХХХ дүгээр цэцэрлэгээс давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлөх 56 582 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

                  ШҮҮГЧИД                              Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                 Ц.ИЧИНХОРЛОО