Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 64

 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул

            Улсын яллагч Г.Мөнхболд

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах

            Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Н.Г холбогдох 1940001770096 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бульдюзерчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 08 сарын 28-ны өдрийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Н.Г

              Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт  хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Прокурорын 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 60 дугаартай яллах дүгнэлтэд: Яллагдагч Н.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай гэжээ. /хх-50-52/

 Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Б.З 2019 оны 10-р сарын 17-ны өдөр өгсөн: “Би 2019 оны 10 сарын 03-ны орой 18 цаг өнгөрч байхад мах худалдаж авах гээд гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг С  махны дэлгүүрээс мах авахаар ирээд захын хажууд талд байдаг Пүрдэм худалдааны төвийн үүдэнд ирж зогссон. Тэгээд машинаасаа буутал зүс таних Н.Г ах тааралдахаар нь уулзаад мэнд мэдэж юм ярьж байгаад хамт С  махны дэлгүүр рүү орсон. Би С  махны дэлгүүрт ороод нэг хонины гулууз мах худалдаж аваад С  нөхрөөр худалдаж авсан хонины гулууз махаа машиндаа хийлгүүлэхээр гаргасан. Ингээд худалдаж авсан махныхаа падааныг бичүүлж авах гээд зогсож байтал надтай хамт махны дэлгүүрт орсон Н.Г  ах намайг янз бүрээр ярьж, хэл амаар доромжилсон. Би тэр болгонд нь дуугай байсан, өөдөөс нь ямар ч хэрүүл маргаан хийгээгүй, Н.Г  ах тухайн үед согтуу байсан болохоор “та согтуу байна, одоо харьж амар, уусан идсэн юм бол архиа шингээ, ярих юм байвал эрүүл дээрээ надтай яриарай” гэж хэлээд махны дэлгүүрээс гарах гэтэл миний өмсөж явсан куртикны халааснаас татахаар нь эргээд Н.Г  ах руу хартал миний шанаа руу нэг удаа гараараа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд Н.Г  ахыг нэг удаа зөөлөн цохьтол Н.Г  хөл алдаад шалан дээр ойчсон. Н.Г  ах газар унаад босож байх шиг болохоор нь юм бодоогүй зогсож байтал миний зүүн хөл рүү гэнэт хутгалчихсан байсан. Би хөлөндөө хутгалуулж байгаагаа тухайн үедээ мэдрээгүй. Н.Г  ахыг боссоны дараа зүүн хөл нэг сонин байхаар нь хартал миний зүүн хөлийн гуяны урд хэсгээс цус гарч байсан. Тэгэхээр нь Н.Г  ах руу хартал нэг гартаа цагаан иштэй хутга барьчихсан байхаар нь Н.Г  ахыг газар унагаад хутга барьсан гар дээр нь гишгэж байгаад хутгыг нь гарнаас нь салгаж аваад хутгыг нь холдуулж шидсэн. Тэгээд босож ирээд шархаа гараараа дарж байгаад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

-Гэрч Б.З 2019 оны 10-р сарын 03-ны өдөр өгсөн: “Н.Г  намайг янз бүрээр яриад, хэл амаар доромжилсон. Би эхлээд дуугай байсан, өөдөөс нь хэрүүл хийгээгүй, Н.Г  ах та согтуу байна, одоо харь, уусан идсэн юм бол архиа шингээ, ярих юм байвал эрүүл дээрээ надтай яриарай гэж хэлээд махны дэлгүүрээс гараад явах гэтэл миний өмсөж явсан куртикны халааснаас татахаар нь эргээд хартал миний шанаа руу нэг удаа гараараа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа зөөлөн цохьтол Н.Г  хөл алдаад шалан дээр ойчсон. Тэгээд газар унаад босоод ирэх шиг болохоор нь юм бодоогүй байтал миний зүүн хөл рүү хутгалчихсан байсан. Би хөлөндөө хутгалуулж байгаагаа тухайн үед мэдрээгүй. Н.Г ийг боссоны дараа зүүн хөл нэг сонин байхаар нь хартал миний зүүн хөлийн гуяны урд хэсгээс цус гарч байхаар нь Н.Г  руу хартал нэг гартаа цагаан иштэй хутга барьчихсан байхаар нь дахиж унагаад хутга барьсан гар дээр нь гишгэж байгаад хутгыг нь гарнаас нь салгаж аваад холдуулж шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/

-Гэрч М.С  2019 оны 10-р сарын 03-ны өдөр өгсөн: “2019 оны 10 сарын 03-ны орой 18 цаг өнгөрч байхад манай дэлгүүрт найз З , Н.Г  2 хамт орж ирсэн. Н.Г  нь архи уусан бололтой согтуу байсан. Тэр 2 манай дэлгүүрт орж ирээд хоорондоо хэрэлдэж маргалдаагүй, зүгээр юм яриад байх шиг байсан, би надад хамаагүй зүйл болохоор анзаараагүй. З  манай дэлгүүрээс нэг хонины гулууз мах худалдаж авсан. Тэгэхэд Н.Г  З г хэл амаар доромжлоод байсан, нэг жоншны газрын талаар хэлээд байсан, тэгэхэд З  өөдөөс нь юм хэлээгүй, дуугай сонсоод байсан. Тэгж байгаад намайг махны падаан бичиж байхад гэнэт З , Н.Г  2 хоорондоо муудаад Н.Г  шалан дээр уначихсан байсан, тэгэхээр нь лангууны араас босоод өнгийгөөд харсан чинь Н.Г  хагас суучихсан гартаа нэг хутга барьчихсан байхаар нь би хүүе ээ наадах чинь хутгатай байна шдээ гэж хэлтэл З  намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгсэнээ Н.Г ийг газар унагааж ноцолдож байгаад гар дээр гишгэж байгаад Н.Г ийн гарт байсан хутгыг булааж аваад холдуулж шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

-Гэрч Д.С 2019 оны 10-р сарын 16-ны өдөр өгсөн: “2019 оны 10 сарын 03-ны орой ажлаа тарчихаад, хүүхдүүдээ аваад гэртээ үлдээгээд эхнэртээ туслаж махыг нь эвдэж өгөх гээд ажил дээр нь ирчихсэн байсан юм. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна, би цаг хараагүй. Намайг мах эвдэж байхад махны дэлгүүрт гаднаас З  ганцаараа орж ирсэн, түүний араас Н.Г  ах нилээн согтуу орж ирсэн. З  махны дэлгүүрт орж ирээд нэг хонины гулууз мах авъя гээд жинлүүлсэн. З г мах авах гэж байхад Н.Г  ах согтуу агсраад байх шиг байсан. Тэгээд эргээд махны дэлгүүрт ортол манай эхнэр Н.Г  ах хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Эхнэрийг нь дуудаарай гэж байсан. Бас цагдаад дуудлага өгөөрэй гэж хэлж байсан. З  хөлнийхөө гуя орчимд гараараа дараад байсан, би шархыг нь хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 04-ний өдрийн №59 тоот: 

1.Б.З биед зүүн гуяны урд дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12/,

            -Шүүгдэгч Н.Г ийн 2019 оны 10-р сарын 14-ний өдөр өгсөн: “Би 2019 оны 10 сарын 03-ны өдөр Бор-Өндөр сумын 2 дугаар баг 49 дүгээр байрны гадаа байдаг өөрийнхөө эзэмшлийн гражид машинаа янзалж байсан. Миний машин 2019 оны 06 сарын 03-ны өдрөөс хойш асахгүй тавиатай байсан. Би машинаа янзалж байхдаа 0.33 литрийн архи ганцаараа уусан. Тэгж байгаад машин янзлахад цахилгааны лент хэрэгтэй болоод эхнэрээсээ мөнгө авах гээд зах руу явсан. Тухайн үед надад мөнгө байгаагүй, манай эхнэр зах дээр мах зардаг болохоор эхнэрээс мөнгө авах гээд явсан. Тэгээд С  махны дэлгүүрийн үүдэнд З тай тааралдаад ойр зуурын юм ярьж байгаад маргалдсан. Би хамгийн сүүлд З гийн жоншийг машинаараа тээвэрлэж байгаад машинаа эвдсэн болохоор тэрэндээ бухимдаж маргалдсан. Би З тай маргалдаж байгаад С  махны дэлгүүрт орсон. З  махны дэпгүүрт ороод мах худалдаж авсан, тэгээд дэлгүүрээс гарах гэж байхад нь куртикнээс нь татсан чинь эргэж хараад миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохиход би газар унасан, тэгэхээр нь бие өмсөж явсан гуталны түрийнд байсан жижиг хутгаа гаргаж ирээд айлгах гээд З  руу чичилтэл зүүн хөлийн гуяны орчимд нь хатгачихсан байсан. Тэгтэл З  намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь айгаад өөрөө махны дэлгүүрээс гараад цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19/

            -Хохирогч Б.З “Н.Г аас нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй” гэх хүсэлт, /хх-ийн 48/  

            -Шүүгдэгч Н.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Б.З г  хутгалсан нь үнэн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.З д эмчилгээний зардал 1 сая төгрөг өгсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

-Хохирогч Б.З өгсөн: “...миний өмсөж явсан куртикны халааснаас татахаар нь эргээд Н.Г  ах руу хартал миний шанаа руу нэг удаа гараараа цохьсон. Н.Г  ах газар унаад босож байх шиг болохоор нь юм бодоогүй зогсож байтал миний зүүн хөл рүү гэнэт хутгалчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

-Гэрч Б.З өгсөн: “...миний шанаа руу нэг удаа гараараа цохьсон. Тэгээд газар унаад босоод ирэх шиг болохоор нь юм бодоогүй байтал миний зүүн хөл рүү хутгалчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/

-Гэрч М.С  өгсөн: “...тэгэхээр нь лангууны араас босоод өнгийгөөд харсан чинь Н.Г  хагас суучихсан гартаа нэг хутга барьчихсан байхаар нь би хүүе ээ наадах чинь хутгатай байна шдээ гэж хэлтэл З  намайг хутгалчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

            -Яллагдагч Д.С өгсөн: “...Тэгээд эргээд махны дэлгүүрт ортол манай эхнэр Н.Г  ах хүн хутгалчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 04-ний өдрийн №59 тоот шинжээчийн дүгнэлт,

-Шүүгдэгч Н.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

  Тухайлбал шүүгдэгч Н.Г нь 2019 оны 10 сарын 03-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг махны дэлгүүрт хохирогч Б.З биед халдан түүний гуян тус газарт хутгаар хутгалж, хохирогч Б.З биед зүүн гуяны урд дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.  

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн Б.З бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 04-ний өдрийн №59 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.З биед зүүн гуяны урд дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдсон байна. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Г т холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Н.Г нь архидан согтуурсан, түүний хууль бус, зүй бус үйлдэл нь нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Н.Г нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Г ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.З , гэрч М.Сарангэрэл нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Г нь 2019 оны 10 сарын 03-ны өдөр ямар ч шалтгаангүйгээр хохирогч Б.З г хутгалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.З  нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Н.Г нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Хохирогч Б.З д эмчилгээний зардалд 1 сая төгрөгийг шүүгдэгч Н.Г нь төлсөн болох нь 1 сая төгрөг шилжүүлсэн дансны хуулга, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Г т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Н.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Г нь Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 08 сарын 28-ны өдрийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан боловч одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулиар ялтай байдал гэх ойлголт байхгүй тул түүнийг анх удаа ял шийтгүүлж байгаа гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.Г т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Г ийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар цагаан иштэй 23 см урт ажлын хэсэг нь 12.7 см урт хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар

зүйлийн 1, 6, 7, 8,  36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7,

36.8, 36.10, 38.1,38.2 дугаар зүйлд тус тус заасныг

 удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

         1.Шүүгдэгч Н.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Орлой овогт Нямаагийн Н.Г ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1 сая төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8

дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар цагаан иштэй 23 см урт ажлын хэсэг нь 12.7 см урт хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭНХМАНДАХ