Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2016/05441

 

2016 оны 10 сарын 17 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05441

Улаанбаатар хот

 

       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9-т оршин байгаа Жи мобайл ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхон 6 дугаар гудамж, 15 тоотод оршин суух Боржгин овогт Ёндонгийн Амарбаясгалан /РД-ЦЖ59082837/-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ё.Амарбаясгалан нь манай компанитай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1188986 тоот төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан.

Гэвч Ё.Амарбаясгалан нь гэрээний зээл төлөлтийн хуваарь дахь 2015 оны 9-12 дугаар саруудад төлөх 80,000 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна.

Иймд Ё.Амарбаясгалангаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 80,000 төгрөг, гэрээний 5.3-т заасны дагуу 327 хоногийн алданги 40,000 төгрөг, нийт 120,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ё.Амарбаясгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ё.Амарбаясгалангаас Жи мобайл ХХК-ийн нэхэмжилсэн 120,000 төгрөгийн 20,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн.

Одоо үлдэгдэл 100,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Ё.Амарбаясгалангаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 120,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ё.Амарбаясгалан нь нэхэмжлэлийн шаардлага 120,000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийн хүлээн зөвшөөрч 20,000 /хорин мянган/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн байх бөгөөд үлдэгдэл 100,000 /нэг зуун мянган/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар болсон байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Ё.Амарбаясгалангийн нэхэмжлэлийн шаардлага болох 120,000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийн 20,000 /хорин мянган/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлж, үлдэгдэл 100,000 /нэг зуун мянган/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг, хариуцагч Ё.Амарбаясгалангаас 2,275 төгрөгийг тус тус гаргуулан Жи мобайл ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ё.Амарбаясгаланд холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 120,000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийн үлдэх төлбөр болох 100,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Жи мобайл ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг, хариуцагч Ё.Амарбаясгалангаас 2,275 төгрөгийг тус тус гаргуулан Жи мобайл ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД