Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 66

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул

            Улсын яллагч Н.Амаржаргал

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг

            Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Э.М холбогдох 1940001950101 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 11 сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э.М             Шүүгдэгч Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт  хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Прокурорын 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 62 дугаартай яллах дүгнэлтэд: Яллагдагч Э.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай гэжээ. /хх-66-67/

 Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Ч.Г 2019 оны 10-р сарын 29-ний өдөр өгсөн: “Би 2019 оны 10 сарын 22-ны өдөр хүргэн Э.М түүний ээж П.О гэрт 0.75 литрийн савлагаатай “Ерөөл” нэртэй архи хувааж уусан ба 21 цагийн үед жижиг зүйлээс болоод хүргэн Э.М маргалдаж байтал хүргэн Э.М миний уруулын дээд хэсэгт баруун гараараа цохиход миний дээд үүдэн шүд оочоод өгсөн ба миний унасан 2 шүдний нэгэн урьд нь хөдөлгөөнтэй байсан шүд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 6/

-Хохирогч Ч.Г 2019 оны 10-р сарын 30-ны өдөр дахин өгсөн: “Намайг цохьсон хүргэн Э.М нь хиймэл шүд хийлгэж өгөхөөр болсон тул гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8/

-Хохирогч Ч.Г 2019 оны 11-р сарын 04-ний өдөр дахин өгсөн: “Э.М нь надаас уучлалт гуйж миний үүдэн 2 шүдийг хийж өгнө амлаж надад 1000000 төгрөг өгөхөөр болсон. Иймд Э.М надад өгч хохирол барагдуулах 1000000 төгрөгийг өгчихвөл надад цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Улаанбаатар хотоос хүнээс асууж сураглахад 2 шүд хийлгэхэд багцаагаар 1000000 төгрөг болно гэсэн болохоор бид хоёр энэ мөнгийг өгч авалцахаар болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 9/

-Гэрч У.Х 2019 оны 10-р сарын 23-ны өдөр өгсөн: “Манай хойд аав Ч.Г нь 2019 оны 10 сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас хөдөө гэрээс мотоцикль нь эвдэрсэн гээд ирсэн. Тэгээд манай нөхөр Э.М хамт орой 21 цагийн орчимд архи ууж байсан. Тэгээд тэр оройдоо хоорондоо маргалдаж манай нөхөр Э.М нь миний хойд аав болох Ч.Г үүдэн хоёр шүдийг цохиж унагаасан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

-Гэрч Ч.Г 2019 оны 10-р сарын 23-ны өдөр өгсөн: “Би 2019 оны 10 сарын 22-ны өдөр хүргэн Э.М түүний ээж П.О гэрт 0.75 литрийн савлагаатай “Ерөөл” нэртэй архи хувааж уусан ба 21 цагийн үед жижиг зүйлээс болоод хүргэн Э.М маргалдаж байтал хүргэн Э.М миний уруулын дээд хэсэгт баруун гараараа цохиход миний дээд үүдэн 2 шүд оочоод өгсөн ба миний унасан 2 шүдний нэг нь урьд нь хөдөлгөөнтэй байсан шүд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 31-ний өдрийн №67 тоот: 

1.Ч.Г биед дээд үүдэн баруун 1, дээд үүдэн зүүн 1-р шүднүүдийн булгаралт, буйлны хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын 10 хувь алдагдуулна.

            5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/,

            -Шүүгдэгч Э.М 2019 оны 11-р сарын 01-ний өдөр өгсөн: “Би 2019 оны 10 сарын 22-ны өдөр хадам аав болох Ч.Г хамтаар Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багт оршин суух Ц  гэх айлд 20-30 орчим тооны хонь ямаа янзалж өгчихөөд ажлын хөлс гэж дундаа 30.000 төгрөг авсан юм. Бид 2 Ц  гэгчийн хонь ямаа янзалж байгаад оройн 21 цагийн орчимд дууссан юм. Ингээд бид 2 ажлаа дуусгачихаад мөнгөө авчихаад хоорондоо ярилцаж тохиролцож байгаад ганц шил архи хувааж уух болсон юм. Ингээд бид 2 дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай “Ерөөл” архинаас 1 шилийг аваад гэртээ харьсан. Би ээж П.О тай 1 хашаанд хамт амьдардаг юм. Ингээд бид 2 манай хашаанд ирж манай ээжийнх рүү орсон юм. Тэгсэн манай эхнэр Х ээж П.О  нар нь хоол хийгээд байж байсан. Ингээд ээжийн гэрт ороод хоол болтол хадам аав бид 2 дэлгүүрээс авсан архиа задалж ууж эхэлсэн. Ингээд бид 2 архи уугаад эхлээд удаагүй байхад хоол болоход ээж П.О  болон манай эхнэр У.Х нар нь өвөөг эргэж ирнэ гээд гарахаасаа өмнө бид 2-т хоол аягалж өгөөд гарсан юм. Тэгсэн хадам аав хоолоо идэхгүй архи уугаад байхаар нь “Та хоолоо идчихээ тэгээд уу” гэхэд хадам аав “Үгүй, хоол идэхгүй, архи ууна” гээд байсан. Тэгэхээр нь би “тэгвэл 2 уулаа манай гэрт ороод ууя” гэхэд “Үгүй би худындаа архи уумаар байна” гээд орилж хашгираад босоод ирэхээр нь миний уур хүрч хадам аавыг дуугүй суу гэж хэлээд нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохичихсон чинь хадам аавын амнаас их хэмжээгээр цус гарсан. Тэгсэн хадам аавын үүдэн 2 шүд нь уначихсан. Тухайн үед бид хоёр 0.75 литрийн савлагаатай архийг хувааж уусан болохоор нилээн согтсон байсан. Ингээд бид 2 маргалдаад байж байх үед манай эхнэр гаднаас орж ирээд “Манай аавыг зодсон байна” гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 34/  

            -Хохирогч Ч.Г “Э.М нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй” гэх хүсэлт, /хх-ийн 60/ 

            -Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Ч.Г цохьсон нь үнэн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ч.Г эмчилгээний зардал 1 сая төгрөг өгсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

-Хохирогч Ч.Г 2019 оны 10-р сарын 29-ний өдөр өгсөн: “... хүргэн Э.М маргалдаж байтал хүргэн Э.М миний уруулын дээд хэсэгт баруун гараараа цохиход миний дээд үүдэн шүд оочоод өгсөн ба миний унасан 2 шүдний нэгэн урьд нь хөдөлгөөнтэй байсан шүд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 6/

-Хохирогч Ч.Г 2019 оны 10-р сарын 30-ны өдөр дахин өгсөн: “Намайг цохьсон хүргэн Э.М нь хиймэл шүд хийлгэж өгөхөөр болсон тул гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8/

-Хохирогч Ч.Г 2019 оны 11-р сарын 04-ний өдөр дахин өгсөн: “...Улаанбаатар хотоос хүнээс асууж сураглахад 2 шүд хийлгэхэд багцаагаар 1000000 төгрөг болно гэсэн болохоор бид хоёр энэ мөнгийг өгч авалцахаар болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 9/

-Гэрч У.Х 2019 оны 10-р сарын 23-ны өдөр өгсөн: “...манай нөхөр Э.М нь миний хойд аав болох Ч.Г үүдэн хоёр шүдийг цохиж унагаасан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

-Гэрч Ч.Г 2019 оны 10-р сарын 23-ны өдөр өгсөн: “...Э.М миний уруулын дээд хэсэгт баруун гараараа цохиход миний дээд үүдэн 2 шүд оочоод өгсөн ба миний унасан 2 шүдний нэг нь урьд нь хөдөлгөөнтэй байсан шүд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 31-ний өдрийн №67 тоот дүгнэлт, 

-Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

  Тухайлбал шүүгдэгч Э.М нь согтуугаар 2019 оны 10 сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын төвд иргэн Ч.Г маргалдаж, улмаар баруун гараараа түүний уруулын дээд хэсэгт цохисноос дээд үүдэн 2 шүд унаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.  

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн Ч.Г бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 31-ний өдрийн №67 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Г биед дээд үүдэн баруун 1, дээд үүдэн зүүн 1-р шүднүүдийн булгаралт, буйлны хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдсон байна. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.М холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Э.М хохирогч Ч.Г нарын архидан согтуурсан, түүний хууль бус, зүй бус үйлдэл нь нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Э.М нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.Г гэрч У.Х нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.М нь 2019 оны 10 сарын 22-ны өдөр хоорондоо маргалдаж хохирогч Ч.Г цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Ч.Г нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Э.М нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Хохирогч Ч.Г эмчилгээний зардалд 1 сая төгрөгийг шүүгдэгч Э.М нь төлсөн болох нь 1 сая төгрөг өгсөн болох нь хохирогч Ч.Г мэдүүлэг болон хүсэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.М холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Э.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.М эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар цагаан иштэй 23 см урт ажлын хэсэг нь 12.7 см урт хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар

зүйлийн 1, 6, 7, 8,  36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7,

36.8, 36.10, 38.1,38.2 дугаар зүйлд тус тус заасныг

 удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

         1.Шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цахар овогт Эрдэнэ-Очирын Манлайбаатарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1 сая төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭНХМАНДАХ