| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2019/00007/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул
Улсын яллагч Г.Мөнхболд
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Ганбадрах
Шүүгдэгч Б.Э, Т.Н нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э, Т.Н нарт холбогдох эрүүгийн 1840000990063 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 27 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Э
Монгол Улсын иргэн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 01 сарын 29-ний өдрийн 19 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан Т.Н.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Б.Э, Т.Н нар нь бүлэглэн 2018 оны 10 сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын харьяат иргэн С.Б эзэмшлийн олон тооны малыг буюу 11 тооны адууг Хэнтий аймгийн Галшар сумын “Оч” багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт байх бэлчээрээс тээврийн хэрэгсэл буюу Даюун маркийн мотоцикль ашиглан хулгайлж, бусдад нийт 15.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э, Т.Н “Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Т.Н ах дээр очсон. Тухайн үед миний мотоцикль эвдэрсэн байсан. Би Т.Н ахад “манайх хойно үлдээсэн гурван бяруугаа олохгүй байгаа юм, таны мотоциклиор явж олж ирэх гэсэн юм” гэтэл Т.Н “би чамд мотоциклио өгч явуулаад яахав, би унаад явъя” гээд бид хоёр хамт явсан юм. Бид хоёр хойд уулуудаар ороод, Цайдамаас буцаад явж байхад дунд Эрээний урд талын тогтоол усан дээр 11 тооны саарал азаргатай таарсан. Тэгээд би тухайн үед Т.Н ахад “2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үүгээр явж байхад байсан адуу байна, хүн авдаггүй юм байх даа” гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад туугаад явсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н “Намайг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад Э манайд ирээд “би гурван бяруугаа хайгаад ирье, мотоциклио түр хэрэглүүлээч” гэсэн тул би өөрөө мотоциклио бариад Э тай хамт явсан. Би газар усны нэр сайн мэдэхгүй тул замдаа 2, 3 айлаар орж бярууг сурсан. Тэгээд Цайдамаас буцаж явах замд буюу нэг том уулын урд нуур байсан. Уг нуурын хажууд арваад тооны саарал азаргатай адуу байсан. Тухайн үед Э надад “намайг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уг газраар явж байхад байсан азарга байна” гэж хэлж байсан. Уг газрын ойр орчим айл нутаглаж байгаа зүйл ажиглагдаагүй тул бид хоёр ярилцаж байгаад адууг туусан юм” гэв.
Хохирогч С.Б 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Галшар сумын Оч багийн Цагаан толгой гэх газраас 11 тооны адуу алдсан. Манай адууг Цагаан толгой гэх газраас урагшаа Галшар сумын Оч багийн нутаг Ханан гэх газар байсан гэж хэлсэн. Ханан гэх газар нь Цагаан толгой гэх газраас урагшаа 4-5 км зайд байдаг. Манай адуу Цагаан толгой, Ханан, Эрээн, Данжаан нуруу, Ихэр гээд эргэн тойрны бүх газраар бэлчдэг. Адуу хайж байхдаа Ханан гэх газраар явж хайсан. Ханан гэх газар нь жалга, судаг ихтэй болохоор харагдаагүй байж болно. 2018 оны 09-р сарын 10-даар бүртгэхэд бүрэн байсан. Тэгээд 2019 оны 09-р сарын 21-ний өдөр адуугаа хураахад саарал азаргатай 11 тооны адуу дутсан. Манай адууг 2018 оны 09-р сарын 25-ны өдөр дурандахад манай адуу бүрэн байсан гэсэн. Тэгэхээр манай 11 тооны адуу 2018 оны 09-р сарын 25-наас хойш алдагдсан. Миний өөрийн адуу Эрээн уул, Салхит, Данжаан нуруу, Үнэгт, Тосонгийн гол гээд эргэн тойрны газраар бэлчдэг. Мөн Цагаан толгой, Ханан нь бэлчээрийн нутаг. Бид мал буюу адуугаа гэрийнхээ байгаа газраас 20 км гаран газар явж бэлчээрлэдэг. Цагаан толгой газраас Цагаан элгэн хүртэл ойролцоогоор 60-70 км байдаг. Манай адуу урагшаа Иххэт сумын нутаг руу бэлчдэггүй” гэх мэдүүлэг /2-р хх-н 162-164 хуу/
Хохирогч С.Б 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манайх Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар багийн нутаг “Хөлийн цагаан толгой” гэх газар нутаглаж байгаа. Манай гэр Галшар сум, Баянмөнх сумын нутгийн яг зааг газарт байдаг юм. Баянмөнх сумын нутагт байна ч гэж ойлгож болно. Манай адуу Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан толгой” гэх газраар бэлчдэг. Миний өөрийн “А” дансны 400 тооны адуу байдаг юм. Би 2018 оны 09 сарын 10-даар өөрийнхөө адуугаа бүртгэхэд бүрэн байсан. Тэгээд Хэнтий аймаг руу ажил явдал гэж яваад 2018 оны 09 сарын 21-ний өдөр ирээд адуугаа хураагаад бүртгэхэд 1 азаргатай 11 тооны адуу дутсан байсан. Тэгээд адуугаа бэлчдэг газраар эрж хайгаад олоогүй. Би алга болсон нэг азаргатай адуугаа 2018 оны 09 сарын 21-ний өдрөөс хойш сураг гаргах гэж хайж байгаад 2018 оны 10 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг 2 дугаар багийн нутагт явж байгаад миний саарал зүсмийн азарга Батбаяр гэдэг айлын хашаанд уясан байгааг нь олж мэдсэн. Тэгээд айлын хашаанд уяатай байгаа сураг гарахаар нь хуулийн байгууллагынхантай очъё гэж бодоод 2018 оны 10 сарын 08-ны өдөр дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нартай хамт Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг миний азарга уясан байсан айл дээр очиход Иххэт сумын Э буюу Энхүүш гэдэг залуу аваад явсан гэж байсан. Ингээд Энхүүшийн гэрт очоод тэдний хаваржаан дээрээс өөрийнхөө саарал зүсмийн азаргыг олж авсан. Миний уядаг саарал зүсмийн 9 настай гурван хөлтэй ширээтэй гал тамгатай азаргатай 11 тооны адуу алдсан. Эдгээр адуунаас содон шинж тэмдэг байхгүй. Мөн 11 тооны адуунаас чихэндээ имтэй адуу байхгүй. Би адуугаа орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлнэ. Миний хулгайд алдсан адуунууд Баянмөнх сумын 3 дугаар багийн нутгаас гарахгүй, адуунуудаасаа салж тусдаа явж байсан удаа байхгүй. Миний уядаг азарга байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21 хуу/
Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 09 сарын 25-ны өдөр малдаа явж байгаад гэрийнхээ урд байдаг Төмөрт гэх нэртэй толгой дээрээс дурандаж байхад С.Б ахын саарал азаргатай 11 тооны адуу Ханан гэх газар бэлчиж байсан. Галшар сумын Оч багийн нутаг Ханан гэх газарт байсан. Б ахын саарал азаргатай 11 тооны адуу бүрэн байсан. Дурангаар харж тоолж үзэхэд бүрэн байсан. Тэгээд би Б ахад адууг нь Ханан гэх газарт бэлчиж байна лээ гэж хэлсэн. Би 2018 оны 09 сарын 11-ний өдөр Бор-Өндөр суманд Ганбадрах өмгөөлөгчтэй уулзаад байхдаа хар халзан азаргатай адуу алга болсон олдохгүй байгаа, өргөдөл бичиж өгнө гэж ярьж байсан юм. Манай хар халзан азаргатай адуунд нийт 14 тооны адуу байсан. Тэгээд би адуугаа хайж байгаад 2018 оны 09 сарын дундуур өргөдөл өгснөөс хойш 2-3 хоногийн дараа Эргэцэг гэх газраас бүрэн олж авсан. Би өмгөөлөгч Г уулзаж байхдаа саарал азаргатай адуу алга болсон гэж хэлээгүй. Б ахын адуунууд манай адуунд нутагладаг бэлчдэг бүх газраар явдаг. Б ахын адуунууд. Манайхаас гарсан адуунууд. Эрээн уулаас Цагаан толгой хүртэл 16-17 км зайтай. Энэ нь бод мал буюу адууны бэлчээр болно” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 165-166 хуу/
Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манайх Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар баг “Улаан худаг” гэх газар нутагладаг. Манайх 3 азарга адуутай. Манай адуунд 3 хоногийн өмнө саарал зүсмийн азарга, хонгор халзан даага хаанаас ирж нийлснийг мэдэхгүй. Манай адуунд нийлсэн байсан. Тэгээд саарал азарга 2, 3 гүү тасдаж хураагаад байхаар нь 2018 оны 10 сарын 07-нд барьж аваад гэрийнхээ гадаа хашаанаас уясан юм. Даагыг барьж чадаагүй юм. Намайг хөрзөн хураагаад орой гэртээ ирэхэд уяатай байсан саарал азарга байхгүй байсан. Э орой ирээд гэрийн чинь гадаа уяатай байсан саарал үрээгээ авсан шүү гэсэн. Э ад саарал зүсмийн үрээ байдаг болохоор санаанд ороогүй юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24 хуу/
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай гэрт Б ирээд миний машиныг гуйж авсан. Манай хүү хүүхдийн үсний найранд мал ажиллаж Улаанбаатар хот руу явж зарах гэж байгаа машинаа өгөөч гэхээр нь би өөрийнхөө машиныг өгч явуулсан. Б машин авахдаа 8 тооны адуу, 20 тооны хонь ачна гэж машин авсан. Би хүүхэд болох Э ыг мах ачиж явах гэж байгаа гэхээр нь машинаа өгсөн. Б машиныг нь барьж явна гэж байсан. Тэгээд би махаа ачсан хойно нь Иххэт сумын төвд очоод машиныхаа дугуйг янзалж өгсөн. Би ачаан дээр хичнээн тооны адууны мах байсныг нь хараагүй. Өөрсдөө 8 тооны адуу, 20 тооны хонины махтай яваа гэж байсан. Би Э , Б хоёрыг мах ачиж байхыг хараагүй. Э ын бүх мал тусдаа байдаг болохоор ямар ямар мал ажилласныг нь хараагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26 хуу/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1-р хх-н 1 хуу/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /1-р хх-н 2 хуу/, Мал хураан авсан, хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл, саарал азарганы гэрэл зураг /1-р хх-н 5-7 хуу/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд хавсаргасан гэрэл зураг /1-р хх-н 18 хуу/, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-иас гаргасан “11 тооны адууг 15250000 төгрөгийн үнэтэй болохыг үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 79 хуу/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 107-108 хуу/, Хохирогч С.Б “шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлт /1-р хх-н 123 хуу/, хохирол барагдуулсан талаарх банкны баримт /1-р хх-н 122, 215 хуу/, .......улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар .......улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ, Даюун маркийн улсын дугааргүй, улаан ягаан өнгийн мотоцикль битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 5/02 тоот тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 52-58 хуу/, Хохирогчийн адуу бэлчдэг болон адуу хулгайлсан, тууж очсон газруудыг харуулсан газрын зураг /2-р хх-ийн 167 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс Б.Э ыг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр байцаасан мэдүүлэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13, 16.14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн тул нотлох баримтаар тооцохгүй байх саналыг гаргасан нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Б.Э аас гэрчээр авсан мэдүүлэг нь /1-р хх-н 28-30 хуу/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-д заасан “гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэх хуулийг заалтыг хэрэгжүүлээгүй, эрхийг нь эдлүүлээгүй нь дээрх мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл болж байна.
Бусад шинжлэн судлагдсан нотлох баримтуудын хувьд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Э, Т.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э, Т.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс Б.Э, Т.Н нарын үйлдэл нь мал хулгайлах бус алдуул мал завших гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх талаарх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч, Т.Н нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн нутаг Цагаан толгой гэх газраас хохирогч С.Б саарал зүсмийн азаргатай 11 тооны адуу буюу олон тооны малыг Даюун маркийн мотоцикль ашиглан хулгайлсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа таван хошуу малыг ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор нууцаар буюу өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэхгүйгээр далд аргаар авч буй идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр мэтгэлцэж буй алдуул мал завших гэмт хэрэг нь бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс дараах шинжээрээ ялгагдана. Үүнд: гэм буруутай этгээд нь бусдын эд хөрөнгийг /малыг/ урдаас төлөвлөж тооцоолсон идэвхитэй үйлдлээр олж аваагүй, мал завших санаа, зорилго нь түүнийг олж авсан буюу ирсний дараа үүсдэг сэтгэхүйн хандлагаараа ялгаатай юм.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нар өөр аймаг, сумын нутагт бэлчиж буй малыг /адууг/ 60-70 км газар тууж өөрийн амьдарч буй аймаг, сумын нутагт авчирч, авчирсан даруй нядалж, бусдад борлуулж байгаа идэвхтэй үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг /бүрэлдэхүүнийг/ хангасан гэж үзэхээр байна. Үүнээс гадна хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний өөрийн адуу Эрээн уул, Салхит, Данжаан нуруу, Үнэгт, Тосонгийн гол гээд эргэн тойрны газраар бэлчдэг. Мөн Цагаан толгой, Ханан нь бэлчээрийн нутаг. Бид мал буюу адуугаа гэрийнхээ байгаа газраас 20 км гаран газар явж бэлчээрлэдэг. Цагаан толгой газраас Цагаан элгэн хүртэл ойролцоогоор 60-70 км байдаг. Манай адуу урагшаа Иххэт сумын нутаг руу бэлчдэггүй...” гэх мэдүүлэг, гэрч С.О “Би 2018 оны 09 сарын 25-ны өдөр малдаа явж байгаад гэрийнхээ урд байдаг Төмөрт гэх нэртэй толгой дээрээс дурандаж байхад С.Б ахын саарал азаргатай 11 тооны адуу Ханан гэх газар бэлчиж байсан. Галшар сумын Оч багийн нутаг Ханан гэх газарт байсан. Б ахын саарал азаргатай 11 тооны адуу бүрэн байсан. Дурангаар харж тоолж үзэхэд бүрэн байсан. Тэгээд би Б ахад адууг нь Ханан гэх газарт бэлчиж байна лээ гэж хэлсэн ... Эрээн уулаас Цагаан толгой хүртэл 16-17 км зайтай. Энэ нь бод мал буюу адууны бэлчээр болно...” гэх мэдүүлгүүдээр дээрх адуунуудыг алдуул мал гэж үзэх боломжгүй болохыг нотолж байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч С.Б хулгайд алдагдсан 11 тооны адууг нас, хүйсээр нь ялгавал 9 настай азарга 1, 5-аас 9 насны гүү 5, 3 настай үрээ 1, 3 настай байдас 1, охин даага 3 байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба малыг нас, хүйсээр нь ялгаж тус бүрийн үнэлгээг гаргасан Фэйр Валуэшн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 141 дугаартай үнэлгээний тодорхойлолтыг үндэслэн тооцоход 15.250.000 төгрөгөөр үнэлэгдэж байх тул энэ гэмт хэргийн улмаас 15.250.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэв.
Хохирогч нь шүүгдэгч нараас азарга, даага хоёроо зүсээр нь буцаан авсан үлдэх 9 тооны адууны үнийг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг тааруу байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл эрмэлзэлтэй холбоотой байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Э, Т.Н нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “шүүгдэгч нарт тус бүрт 2 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгч нарын цагдан хоригдсон 104 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан .......улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ч.Б буцаан олгох, битүүмжлэгдсэн .......улсын дугаартай Бонго-3 маркийн автомашиныг өмчлөгч Ч.Б буцаан олгох, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох саналтай байна” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Ганбадрах нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тус бүр 1 жилийн хорих ялыг шүүгдэгч нарт оногдуулж тухайн эдлэх ялаас цагдан хоригдсон 104 хоногийг хасаж өгнө үү” гэх саналыг гаргав.
Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Өмгөөлөгч Г.Г шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр нэг жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх гол нөхцөл нь яллагдагч, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх явдал юм. Шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж мэтгэлцэж байх тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх нөхцөл хангагдаагүй гэж үзнэ.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ Т.Н ийн өмчлөлийн Даюун маркийн мотоциклийг ашигласан нь тогтоогдсон тул дээрх мотоциклийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн Киа Бонго-3 маркийн .......улсын дугаартай автомашиныг шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа хулгайлсан малын махаа тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэх боломжгүй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ч.Б буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын нийт цагдан хоригдсон 104 хоногийг эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй болно. Шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул тэдэнд өмнө авсан хязгааралт тогтоох болон, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР