| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00148/И |
| Дугаар | 134/ШШ2016/00152 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 134/ШШ2016/00152
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1963 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Зараагийн 3 тоотод оршин суух, Их гал овогт Найдангийн Эрдэнэчимэг /РД: ЕЙ63090607, утас: 85050090/-ийн хүсэлттэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд илгээлтийн хуваарийн дагуу Дорноговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа Чойр дахь ахуйн үйлчилгээний төвд Догосүрэнгийн дагалдангаар нормчиноор 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажилласан. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт оёдолчин байхад эх тушаалд нормчин гэсэн байгаа тул албан тушаалын нэр зөрж байна. Мөн ажилласан хугацаагаараа шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн. Нормчин, оёдолчин гэдэг нь нэг л албан тушаал юм. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1985 оны 02 сарын 13-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн бичилтийн тушаалын огноо засвартай байна гэхээр архиваас ажлаас чөлөөлсөн тушаалыг хайж шүүлгэсэн боловч олдохгүй, байхгүй байна. Харин 1984 оны 04 сарын 14-ний өдрийн 29 тоот тушаалаар 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан тушаалын эх хувийг олсон. Үүнээс хойш хүүхэд асрах цалингүй чөлөө хүсч чөлөөтэй байж байгаад 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс Улаанбаатар төмөр замын Худалдааны 5 дугаар конторт худалдагчаар, мөн 1994 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс үйлчлэгчээр ажиллаж байгаад 1995 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан болно.
Иймд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа Чойр дахь ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор, 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар төмөр замын худалдааны 5 дугаар конторт худалдагч, үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Эрдэнэчимэг нь Дорноговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа Чойр дахь ахуйн үйлчилгээний төвд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл оёдолчноор,
Улаанбаатар төмөр замын Худалдааны 5 дугаар конторт 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл худалдагч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх Н.Эрдэнэчимэгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
1. Тэрээр Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа Чойр дахь ахуйн үйлчилгээний төвд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нормчноор томилогдож, үргэлжлүүлэн оёдолчноор ажиллаж байсан болох нь түүний тайлбар, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа Чойр дахь ахуйн үйлчилгээний төвийн 1982 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Илгээлтийн хүүхдийг ажилд авах тухай” 69 дугаартай тушаал, 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Зарим ажилчдад ээлжийн амралт олгох тухай” 40 дугаартай тушаал, 1984 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дугаартай тушаал, гэрч Д.Алтанцэцэг, Ц.Намбаржамаа нарын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна. Харин 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан талаарх холбогдох баримт хэрэгт авагдаагүй, 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт /эх хувь/ “1985 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн хүсэлтийг харгалзан ажлаас чөлөөлж, худалдааны 5 дугаар конторт шилжүүлэв” гэсэн боловч он нь засвартайгаас гадна түүнийг оёдолчны ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байх тул хөдөлмөрийн дэвтрийн энэ бичилттэй хэсгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Иймд 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нярай хүүхэд асрах цалинтай чөлөө олгох тухай 1984 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дугаартай тушаалыг үндэслэн 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нормчин, оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
2.1985 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл худалдагч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан үзэхэд Улаанбаатар төмөр замын Худалдааны 5 дугаар конторт 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдагч, ногоочноор,
Худалдаа нийтийн хоолны 3 дугаар конторт 1994 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Улаанбаатар төмөр замын худалдааны 5 дугаар конторын даргын 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 24 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын Худалдаа нийтийн хоолны 3 дугаар конторын даргын 1994 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Ажилд томилох тухай” 54 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын худалдааны 5 дугаар конторын 1985, 1986, 1987, 1988 оны цалингийн карт, Улаанбаатар төмөр замын Худалдаа нийтийн хоолны 3 дугаар конторын 1989, 1990 оны цалингийн карт, 1994 оны 06-12 дугаар сарын эрүүл мэндийн даатгалын баримт, Улаанбаатар төмөр замын Худалдаа нийтийн хоолны 3 дугаар конторын даргын 1995 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” 60 дугаартай тушаал, гэрч Д.Сарантуяа, Г.Цэцэгмаа нарын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Харин 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй. Гэсэн хэдий ч холбогдох нотлох баримт олдвол шүүхэд дахин хандах эрхтэй бөгөөд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэдийгээр хүсэлт гаргагч Н.Эрдэнэчимэг нь 1995 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Худалдаа нийтийн хоолны 3 дугаар конторт үйлчлэгчээр ажиллаж байсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэсэн тул түүний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.
Иймд Н.Эрдэнэчимэгийг Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа Чойр дахь ахуйн үйлчилгээний төвд 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдагч, ногоочноор,
Худалдаа нийтийн хоолны 3 дугаар конторт 1994 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Их гал овогт Найдангийн Эрдэнэчимэгийг Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа Чойр дахь ахуйн үйлчилгээний төвд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нормчин, оёдолчноор,
Улаанбаатар төмөр замын Худалдааны 5 дугаар конторт 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдагч, ногоочноор,
Худалдаа нийтийн хоолны 3 дугаар конторт 1994 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Н.Эрдэнэчимэг нь Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа Чойр дахь ахуйн үйлчилгээний төвд 1984 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл оёдолчноор, Улаанбаатар төмөр замын Худалдааны 5 дугаар конторт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл худалдагч, ногоочноор тус тус ажиллаж байсан байдлаа холбогдох баримтаа бүрдүүлэн дахин тогтоолгох эрхтэй болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Эрдэнэчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ