Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 68

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул

Улсын яллагч Н.Амаржаргал

Иргэний хариуцагч Ц.А

Шүүгдэгч А.Е нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт Алтангэрэлийн А.Е өд холбогдох эрүүгийн 1940000400090 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 51 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, тракторын слесарь мэргэжилтэй, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, А.Е.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

А.Е нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт конвейерийн мөс цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасныг зөрчсөний улмаас Ө.О баруун гарыг лантуугаар цохиж, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

 Т О Д О Р Х О Й Л О Х нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Е нь “2019 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 8 цагт ажилд гарсан. Тухайн үед манайх засвартай байсан. Тэр өдөр мөс хагалах конвейерийн ойр орчмыг цэвэрлэх наряд авсан байсан. Тухайн орчин гэрэлтүүлэг муутай байсан. Бид гурав лантуугаар ээлжилж цохиж байсан. Тэгээд Ө.О лоомоо бариулаад ах нь цохьё гээд лантууг аваад цохиж байсан. Тэгээд халтираад баруун гарынх нь дунд хурууг цохисон” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ц.А  нь “Манай байгууллагаас хохирогчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой нэхэмжилсэн зүйл байхгүй. Хохирогчийн эх гэх хүн үйлдвэр дээр явж байсан. Өмнө нь манай Хөдөлмөр аюулгүй байдлын инженер ямар нэгэн байдлаар эмчилгээний зардал нэхэмжилж байгаа тохиолдолд өргөдлөө бичээд эмчилгээ хийлгэсэн баримтаа авчирч, уг баримтын дагуу тодорхой мөнгийг цохож өгнө гэх хариу өгсөн боловч хохирогч ажлаасаа гарснаас хойш дахин үйлдвэр дээр ирээгүй. Осолтой холбоотойгоор тусдаа мөнгө төлөөгүй. Листтэй байх хугацааны мөнгийг 100 хувь тооцож, 3.100.000 төгрөгийг олгосон байгаа” гэв.                                                                                        

              Шүүгдэгч А.Е мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би тухайн үед Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн баяжуулах фабрикийн бутлах цехэд конвейерийн машинистаар ажилладаг байсан. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 08 цагт ажилдаа очиж наряд, үүрэг авахад У О бид гурвыг хамт хөлдүүс, мөс цэвэрлэх наряд, үүрэг өгч, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан. У О бид 3 өгсөн нарядын дагуу ажлаа хийж гүйцэтгэх гээд КМД-ийн хойд талын хөлдүүсийг цэвэрлэхээр ажлаа хийж эхэлсэн. О У  бид 3 ярилцаж лоом, лантуугаар мөсөө хагалж цэвэрлэхээр болсон юм. Тэгээд лоом болон лантуу авчраад цэвэрлэх мөсийг цохиж хагалж байсан. Ингэхдээ О лоомыг бариад би лоомон дээр лантуугаар цохиж байсан юм. Харин У  бид 2-ын хажууд хагалсан мөсийг хүрзээр холдуулж байсан юм. Намайг О барьж байсан лоомон дээр цохиж байтал О суларсан, хагарсан мөсийг холдуулах гэж байгаад лоом барьсан гараа бага зэрэг хөдөлгөөд өөрчилсөн байсан би тэрийг нь мэдэлгүй лантуугаараа далайгаад цохих гэж байгаад хараад лантууны хүчээ сааруулаад гар дээр нь цохисон. Тэгээд би уул нь цохиж байгаа лантууны хүчээ сааруулсан ч гэсэн О баруун гар дээр нь цохьчихсон. О хагарсан мөс холдуулах үедээ намайг байж бай гэж хэлээгүй. Тэгтэл О гарнаас цус гараад Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн эмч рүү дагуулаад очиж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-н 155-156-р хуу/

Хохирогч Ө.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн баяжуулах фабрикт конвейерийн машинистаар 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 07 цаг 40 минутад ажилдаа очиход ээлжийн мастер Эрдэнэчимэг нь конвейеруудаа цэвэрлээд, мөсийг усаар буудаж; шүршиж цэвэрлэх наряд буюу ажлын үүрэг өгсен. Тухайн өдөр их засвар хийгдээд үйлдвэрийн ажил зогссон байсан тул цэвэрлэгээний наряд өгсөн. Ингээд А.Е  ах, У  ах бид 3 хамт конвейерийн мөс цэвэрлэх ажилд гарсан. Мөс, хөлдүүс их байсан, усаар буудаж цэвэрлэхэд хугацаа их зарцуулаад удах юм шиг байхаар нь лоомоор цохиж мөсөө хагалж эхэлсэн. Тэгээд би лоомыг нь бариад А.Е  ах лантуугаар лоомон дээр цохиж мөсөө хагалсан юм. Тэгтэл А.Е  ах лоомон дээр лантуугаар цохихдоо хальт цохиод миний баруун гарын дунд хурууг цохьчихсон. Миний баруун гарын дунд хуруунаас тухайн үед цус гарч байсан, мөн үеэрээ хөдөлж байсан. Тэгээд шууд Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн эмнэлэгт очиж үйлдвэрийн эмчид үзүүлсэн. Тэгэхэд миний баруун гарын дунд хурууны яс хугарсан байна, яаралтай эмнэлэг явах шаардлагатай гээд Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт авчирч үзүүлсэн. Нэгдсэн эмнэлэгт ирээд хурууны зургаа авахуулсан чинь баруун гарын дунд хурууны яс няцралттай байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр миний гарыг гипсдэж боосон. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ээлжийн мастер Г.Э үүрэг зааварчилгаа, наряд авсан. А.Е  ах, У  ах бид гурвыг нарядаа аваад ажилдаа гарах үед ээлжийн мастер аюулгүй зааварчилгааг өгсөн. Бид нарыг мөсөө цзвэрлэхдээ даралттай хүйтэн усаар шүршиж, буудаж хөндийрүүлээд цэвэрлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь А.Е  ах, У  ах бид 3 ярилцаж шууд лоом, лантуугаар цохиод хагалаад цэвэрлэе гэж ярилцсан. Тэгээд лоомыг нь би гараараа бариад А.Е  ах лантуугаар цохиж байгаад миний баруун гарын дунд хуруун дээр цохьсон. Ээлжийн мастер бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхдөө лоом, лантуугаар цохиж хагалах талаар зааварчилгаа өгөөгүй.” гэх мэдүүлэг   /хх-н 16-17-р хуу/

Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн баяжуулах фабрикийн бутлах хэсгийн ээлжийн мастер хийдэг. Миний ажил нь өөрийн хариуцсан ээлжийн ажилчдад ахлах мастерийн үүрэг даалгаврыг гүйцэтгүүлэхээр даалгавар болгон өгдөг. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө ажилдаа гарахаар очиход ээлжийн ахлах Б.Амартүвшин надад бутлах хэсэгт байрлах туузан дамжуулагч 5 дугаар конвейерийн ойролцоох талбайн канав, рам, шат, шатны ойролцоо байх мөс арилгаж цэвэрлэх даалгаврыг өгсөн. Үүний дагуу би конвейерийн машинист У О А.Е  нарт туузан дамжуулагч 5 дугаар конвейерийн ойролцоох талбайн канав, рам, шат, шатны ойролцоо байх мөс арилгаж цэвэрлэх наряд даалгаврыг өгч аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн. Энэ үед бутлах хэсэгт засварын ажил хийж байсан болохоор үйл ажиллагаа явуулаагүй зогссон байсан. Тийм учраас конвейерийн машинистуудыг хамтад нь цуг хийлгэх гэж үүрэг даалгавар өгсөн. Тэгтэл үдээс өмнө 10 цаг 10 минутын үед үйлдвэрийн эмнэлгээс ХАБ-ын инженер Чинсүрэн над руу утсаар ярьж танай ажилтан О гараа гэмтээгээд ирсэн байна гэж хэлэхээр яаралтай үйлдвэрийн эмнэлэгт ирэхэд О баруун гарын ар хэсгээр цус болсон байсан, үйлдвэрийн эмч Амартуяа боолт тавьж байсан. О гарыг боож дуусаад үйлдвэрийн эмч Амартуяа, ахлах мастер Амартүвшин нар Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-н 22-р хуу/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай

  1. Ө.О биед баруун гарын 3 дугаар хурууны шивнүүр ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дотор хэсгийн няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 33 хуу/ 

              Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б Б.Б Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Б нарын бүрэлдэхүүнтэй 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №05-092/25 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3 дугаарт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, “Туузан дамжуулагчийн машинчийн Ажлын байрны тодорхойлолтоор ХАБЭА-г хангаж ажлын байрны аюулгүй ажиллагааны заавар зааварчилгааг мөрдөж ажиллах” гэж тус тус заасан тул машинист Ө.О А.Е нар нь дээрх заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлт /хх-н 51-52 хуу/

              Шүүгдэгч А.Е Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 183 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

               

Шүүхээс шүүгдэгч А.Е  ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Е нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт конвейерийн мөс цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэх үүрэг болгосон хуулийн заалтыг биелүүлээгүйн улмаас лантуугаар Ө.О баруун гарын дунд хурууг /III-р хуруу/ цохиж, шивнүүр ясны хугарал бүхий гэмтэл учруулж, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэдэгт хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч А.Е үйлдэл дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч А.Е нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хүсээгүй буюу мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны үед шүүгдэгч А.Е нь гэмт хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч А.Е  ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                Шүүхийн шатанд хохирогч Ө.О нь шүүгдэгч А.Е болон Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул шүүгдэгч А.Е  ийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь хууль, тогтоомжоор хүлээлгэсэн үүргийг сахин биелүүлээгүйгээс үүдэлтэй байна.

            Шүүхээс шүүгдэгч А.Е -өд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Е нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан лантууг Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт буцаан олгуулах саналтай байна” гэжээ.

          Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж “450.000 төгрөгийг төлөхөд хэцүү байна. Манай эхнэр байнгын асаргаанд байдаг тул сард 300.000-400.000 төгрөг зарцуулдаг. Манай амьдралын бололцоо тааруу тул үүнийг харгалзан үзнэ үү“ гэжээ.

          Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших, шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е  ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон хэмээн дүгнэв.

          Шүүгдэгч нь арван гурваас 02 насны гурван хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй эхнэрийн хамт амьдардаг, гэр бүлдээ ганцаар хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан А.Е  өд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар

зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч А.Е ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е  ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е  өд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн лантууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.
  6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл А.Е  өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР