Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2016/05452

 

2016 оны 10 сарын 18 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05452

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 дүгээр байр, 25 тоотод оршин суух, Гомбодорж овогт Нацагдоржийн Шархүү /РД-ШЗ43121370/-гийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-1-ийн 35 тоотод оршин суух, Гомбодорж овогт Гомбо-Ичингийн Үнэнцэцэг /РД-ХИ69041509/-т холбогдох,

Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Шархүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Үнэнцэцэг нь миний охин Ш.Анармаа бид хоёрын 19 дүгээр хорооллын 40-10 тоот байрыг сарын 520,000 төгрөгөөр түрээсэлж, гэр бүлийнхээ хамт 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай суухаар гэрээ хийсэн.

Гэтэл тэрээр эл байранд сүүлийн 25 сар байхдаа эхний 6 сарын төлбөрөө хийгээд худал хуурсаар сүүлийн 19 сарын төлбөрөө одоо болтол төлөөгүйн зэрэгцээ 2 өрөөнийхөө нэгийг өөр айлд түрээслээд байрыг чөлөөлж өгөхгүй байсаар байна.

Иймд Г.Үнэнцэцэгээс байрны сүүлийн 19 сарын түрээсийн төлбөр 9,880,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Үнэнцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие миний аавын төрсөн ах Н.Шархүүгийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 40 байрны 10 тоот байрыг хөлслөн сууж байсан нь үнэн.

Н.Шархүүгийн байрны түрээсийн төлбөр 9,880,000 төгрөгийг 18 хоногт, буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна.

Түрээсийн байр болох Хан-Уул дүүргийн 40 дүгээр байрын 10 тоот байрыг орох байраа 21 хоногийн дотор олж, суллаж өгнө. Эд хогшлоо хураах газар учир 21 хоногийг зөвшөөрнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Шархүү нь хариуцагч Г.Үнэнцэцэгээс орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,880,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Үнэнцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 9,880,000 /есөн сая найман зуун наян мянган/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулж, түрээсийн байрыг 21 хоногийн дотор чөлөөлж өгөхөөр болсон байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Үнэнцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болох 9,880,000 /есөн сая найман зуун наян мянган/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Н.Шархүүд төлж барагдуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 86,515 төгрөг, хариуцагч Г.Үнэнцэцэгээс 86,515 төгрөгийг тус тус гаргуулан Н.Шархүүд буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Н.Шархүүгийн нэхэмжлэлтэй, Г.Үнэнцэцэгт холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 9,880,000 /есөн сая найман зуун наян мянган/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Н.Шархүүд төлж, түрээсийн байр болох Хан-Уул 19 дүгээр хорооллын 40-10 тоот байрыг 21 хоногийн дотор чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 86,515 төгрөг, хариуцагч Г.Үнэнцэцэгээс 86,515 төгрөгийг тус тус гаргуулан Н.Шархүүд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД