Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1886

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр, 

улсын яллагч А.Ариунаа,

Хохирогч М.Азбаяр,

шүүгдэгч Н.С, Т.Х нар /өөрөө өөрсдийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.С, Т.Х нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06602 2585 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Н.С, 1999 оны  7 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сүлжээний техникч мэргэжилтэй, “Зэвсэгт хүчний 350 дугаар ангид сүлжээний техникч, ам бүл 6, эцэг, эхийн хамт, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 40-1-18 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Т.Х, 1996 оны  8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 хэсэг Их Дарь-Эх 17 дугаар гудамж 559 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

 Шүүгдэгч Н.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шунхлай шатахуун түгээх станцын хажууд хохирогч М.Азбаяртай маргалдаж толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Т.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шунхлай шатахуун түгээх станцын хажууд иргэн Ц.Уранчимэгтэй маргалдаж толгойн тус газарт нь гараараа үсдэж эрүүл мэндэд хөнгөн  хохирол  учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тэр өдөр М.Азбаярт гэмтэл учруулсан нь үнэн. Гэхдээ М.Азбаярын цагдаад өгсөн мэдүүлэгт нэг зүйл буруу байсан. Би М.Азбаярыг түрүүлж биш. М.Азбаяр нь өөрөө надтай хэрүүл үүсгэж, маргалдсан. Хохирогчийн хохиролд 429.200 төгрөгийг шүүх хуралдаанд бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Т.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хохирогч Ц.Уранчимэг зүгээр зөрөөд явах гэж байхад учир зүггүй машинаасаа буууж ирээд, утас алга болчихлоо гэсэн. Би тухайн үед согтууруулах ундаа тийм их хэмжээгээр хэрэглээгүй байсан. Ц.Уранчимэг бол согтуу байсан. Тэгээд би “Юу яриад байгаа юм бэ? Би утсыг чинь аваагүй” гээд цүнхээ ойртуулах гэсэн боловч Ц.Уранчимэг намайг түрүүлж үсдэхэд харилцан түүнийг гэмтээсэн. Тэр үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирол төлбөрт 580.000 төгрөгийг шүүх хуралдаанд төлж барагдуулсан” гэв.

Хохирогч М.Азбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр жолооч дуудчихсан машиндаа хүлээгээд сууж байсан. Тэгээд гараад тамхи татаад зогсч байхад анх асуудал үүссэн байдаг. Учир шалтгаангүйгээр намайг цохиж, нүдсэн байгаа. Тухайн үед найз маань цагдаа дуудаад, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа нар ирж, бүгдийг нь хэлтэс рүү аваад явсан. Тэгээд тэндээс бичиг хийлгүүлэн шүүх эмнэлэг рүү явж гэмтлийн зэрэг тогтоолгосон. Эмч “MRI хийлгэ, түүний дараа ямар шалтгаантай, ямар эмчилгээ хийгдэх үү гэдэг нь тогтоогдоно” гэсэн. Ийм болохоор өнөөдөр гарсан зардлаас гадна дахиад зардал гарч болзошгүй тул энэ зардлыг Иргэний шүүхээр нэхэмжилж, авах хүсэлтэй байгаа. Иймд уг эрхийг тогтоолд тусгаж өгнө үү” гэв.

Хохирогч М.Азбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд Урнаа Буяннэмэхийн машинд суугаад би гадаа машиных нь хажууд тамхи татаад зогсоод хүлээж байсан юм. Тэгтэл Буяннэмэх төв зам дээрээс дуудлагын жолоочоо тосч авах гээд хүлээж байсан юм. Тэгтэл миний хажуугаар хэдэн залуучууд зөрөхдөө намайг үгийн зөрүүгүй зодсон. Тэр үед манай найз Буяннэмэх цагдаад дуудлага өгсөн байсан. Урнаа машин дотроос гарч ирээд тэдгээр залуучуудыг салгах гэтэл тэдгээр залуучуудтай хамт явж байсан эмэгтэйчүүд Урнааг бас зодсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Хохирогч Ц.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Шунхлай ШТС-ын дэргэд дуудлагын жолооч дуудаад хүлээж байх хугацаанд М.Азбаяр тамхи татах гээд машинаас буусан бөгөөд нэг мэдэхэд олон залуучууд манай найз Азбаярыг дундаа оруулаад зодож байхад нь би салгах гээд машинаас буухад тэр залуучуудтай хамт явж байгаа бололтой үл таних 4-5 эмэгтэй хүмүүс ямар ч шалтгаангүйгээр миний үснээс зулгаасан толгой хэсэг мөн нүүрэн хэсэгт бас маажсан тэр үед найз Буяннэмэх ирээд цагдаад дуудлага өгсөн удалгүй цагдаа нар ирээд тэр зодсон хүмүүсийг бид нартай хамт авч явсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч С.Ууганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр үед хохирогч болох залуутай зөвхөн С маргалдаж тэр залуугийн нүүрэн хэсэгт гараараа цохисон бөгөөд өөр хэн нэгэн цохиж зодоогүй. Х-г тэр гар утсаа гэх эмэгтэй нэгжүүл гээд байхаар нь Х очиход тэр хоёр хэрэлдэж байгаад үсдэлцсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч Г.Очгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С тэр залуутай маргалдаж байгаад цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 30/,

Яллагдагч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...тэр үед би тус эмэгтэй рүү ойртоод цүнхээ нэгжүүлэх гээд очтол намайг үсдээд авахад нь би бас үсдсэн тэр эмэгтэй намайг унагасан бөгөөд удаагүй манай найзууд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/,

Яллагдагч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Хохирогч М.Азбаярын биед дух, зүүн чихний дэлбэн, хамар, нуруун, зүүн хөлийн шагайд зулгаралт, цус хуралт, хавантай гэх гэмтлүүд нь намайг цохих үед учирсан гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13390 тоот дүгнэлтэд: 

1. М.Азбаярын биед дух, зүүн чихний дэлбэн, хамар, нуруун, зүүн хөлийн шагайд зулгаралт, цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13364 тоот дүгнэлтэд: 

1. Ц.Уранчимэгийн биед дух, зүүн шанаа, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад “дух, зүүн шанаа, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт” гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

7. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 37/,

хохирогч М.Азбаярын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл /хх-ийн 2/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8/, хохирогч М.Азбаяраас гаргаж өгсөн эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ийн 35/, хохирогч Ц.Уранчимэгээс гаргаж өгсөн эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ийн 40/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61, 59/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 62/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58, 60/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

                 Шүүгдэгч С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шунхлай шатахуун түгээх станцын хажууд хохирогч М.Азбаяртай маргалдаж толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч М.Азбаярын: “...Тэгтэл миний хажуугаар хэдэн залуучууд зөрөхдөө намайг үгийн зөрүүгүй зодсон. Тэр үед манай найз Буяннэмэх цагдаад дуудлага өгсөн байсан. Урнаа машин дотроос гарч ирээд тэдгээр залуучуудыг салгах гэтэл тэдгээр залуучуудтай хамт явж байсан эмэгтэйчүүд Урнааг бас зодсон..." гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Ууганцэцэгийн: “...Тэр үед хохирогч болох залуутай зөвхөн С маргалдаж тэр залуугийн нүүрэн хэсэгт гараараа цохисон бөгөөд өөр хэн нэгэн цохиж зодоогүй.” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,

Шүүгдэгч Т.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шунхлай шатахуун түгээх станцын хажууд иргэн Ц.Уранчимэгтэй маргалдаж толгойн тус газарт нь гараараа үсдэж эрүүл мэндэд хөнгөн  хохирол  учруулсан болох нь

Хохирогч Ц.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Шунхлай ШТС-ын дэргэд дуудлагын жолооч дуудаад хүлээж байх хугацаанд М.Азбаяр тамхи татах гээд машинаас буусан бөгөөд нэг мэдэхэд олон залуучууд манай найз Азбаярыг дундаа оруулаад зодож байхад нь би салгах гээд машинаас буухад тэр залуучуудтай хамт явж байгаа бололтой үл таних 4-5 эмэгтэй хүмүүс ямар ч шалтгаангүйгээр миний үснээс зулгаасан толгой хэсэг мөн нүүрэн хэсэгт бас маажсан тэр үед найз Буяннэмэх ирээд цагдаад дуудлага өгсөн удалгүй цагдаа нар ирээд тэр зодсон хүмүүсийг бид нартай хамт авч явсан ..." гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Ууганцэцэгийн: “...Х-г тэр гар утсаа гэх эмэгтэй нэгжүүл гээд байхаар нь Х очиход тэр хоёр хэрэлдэж байгаад үсдэлцсэн...гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Н.С, Т.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.С, Т.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.С нь хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлогдсон хохирогч М.Азбаярын хохирол төлбөрт 429.200 төгрөг,

шүүгдэгч Т.Х нь хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлогдсон хохирогч Ц.Уранчимэгийн хохирол төлбөрт 580.000 төгрөгийг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч М.Азбаяр, Ц.Уранчимэг нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.С, Т.Х нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Н.С, Т.Х нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н.С, Т.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С, Т.Х нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.С, Т.Х нар нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.С, Т.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.С нь хохирогч М.Азбаярт 429.200 төгрөг, Т.Х нь хохирогч Ц.Уранчимэгт 580.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

5. Хохирогч М.Азбаяр, Ц.Уранчимэг нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.С, Т.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР