Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 102/2016/06912/И |
Дугаар | 102/ШШ2016/05459 |
Огноо | 2016-10-17 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2016/05459
2016 оны 10 сарын 18 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05459 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан, Могул тауны 96-907 тоотод оршин байгаа Азийн алтан суврага Хадгаламж зээлийн хоршоо /цаашид ХЗХ гэх/-ны,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 25 дугаар байрны 42 тоотод оршин суух, Мөргөл овогт Гончигдоржийн Өлгийд холбогдуулан гаргасан,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 66,074,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхцэцэг, хариуцагч Г.Өлгий, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Азийн алтан суврага ХЗХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус ХЗХ нь Г.Өлгийд 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ-110911 тоот зээлийн гэрээ байгуулан, 26 сая төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж, зээлийг мөн оны 10 сарын 11-ний өдөр үндсэн зээл, хүүгийн хамт 27,300,000 төгрөгийг буцаан төлөхөөр тохиролцсон боловч Г.Өлгий нь уг хугацаандаа төлөөгүй.
Хариуцагчаас зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан ба нэг удаагийн уулзалтаар Г.Өлгий нь өрөмдлөгийн ажил олсон., сайн мөнгө олдог учир хамтран ажиллая гэсэн тул захирал Ц.Басбаяр нь Солонгос компаниас хайгуулын өрөмдлөгийн машин худалдан авахаар болсон.
Уг машиныг авахад гааль, тээврийн зардал дутсан учир Г.Өлгийгөөс 22,445,000 төгрөг авч төлсөн бөгөөд түүний төлбөл зохих зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасч тооцохоор харилцан тохиролцсон.
Тухайн үед хариуцагчийн зээлд төлөх төлбөр 38, 792,000 төгрөг байсан тул 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцон зээлийн хүүд 10,660,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,132,000 төгрөг, үндсэн зээлд 9,653,000 төгрөгийг төлснөөр тооцож, Г.Өлгий нь 16,347,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй болсон боловч төлөөгүй байна.
Иймээс 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, хариуцагчаас үндсэн зээл 16,347,000 төгрөг, зээлийн хүү 41,439,645 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,287,925 төгрөг, бүгд 66,074,570 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Өлгий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би тус ХЗХ-ноос 26 сая төгрөг зээлсэн нь үнэн. Би нэхэмжлэгчид ажил орж өгөөд 22,445,000 төгрөг төлж тооцоогоо дарсан гэж ойлгосон. Өдий олон жил болоход надад ерөөсөө хандаж байгаагүй. Одоо манай компани болох Сүлд Ус ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа зогссон, би бүх байр, эд хөрөнгөө барьцаанд тавиад алдсан, төлбөрийн чадварүй болсон.
Тухайн үед би Ц.Басбаярт 22,445,000 төгрөгөөс гадна өрөмдлөгийн ажлын дагуу 23,805,000 төгрөг өгсөн бөгөөд надад тусалсан учир би хариу тусалж байсан.
Иймээс би зээлд 3,555,000 төгрөг төлөх ёстой гэж үзэж байгаа. Уг мөнгийг төлөхийг зөвшөөрнө. Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Азийн алтан суврага ХЗХ нь Г.Өлгийгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 66,074,570 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ ... зээлийн тооцоо дууссан гэж ойлгосон, ... олон жил өнгөрөхөд надад нэг ч удаа хандаж байгаагүй ... гэж тайлбарладаг.
Шүүх нэхэмжлэлийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн буюу хариуцагч Г.Өлгий, нэхэмжлэгч Азийн алтан суврага ХЗХ-ноос 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 26 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлсэн, хариуцагч нь зээлийн гэрээ дууссанаас хойш 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 22,445,000 төгрөг төлсөн талаарх үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй. /хх-1, 7-8, 41-42 дугаар хуудас/
Хариуцагч Г.Өлгийгийн ... би ажил олж өгөөд, 22,445,000 төгрөг төлснөөр тооцоо дуусгавар болсон гэж ойлгосон гэх тайлбар нь түүнийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгийг өөрөөр хэлбэл хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээл, зээлийн хүүгээ төлөөгүй, хугацаа дууссанаас хойш 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зээлээс 22,445,000 төгрөг төлж байсныг нотолж байна. /хх-24, 42 дугаар тал/
Иймээс нэхэмжлэгч талын, хариуцагчаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардаж буй нь үндэслэлтэй боловч гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрсний улмаас Г.Өлгий нь мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрх үүсчээ.
Учир нь талууд гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан бөгөөд нэхэмжлэгч талын шаардах эрх нь хугацаа дууссан үеэс буюу 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлсэн тул энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг зээлээ төлнө гэж залилан мэхэлсэн гэх боловч энэ талаар холбогдох байгууллагад хандан шалгуулж байсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Азийн алтан суврага ХЗХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 488,322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Г.Өлгий нь шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талд 3,555,000 төгрөг төлж эвлэрэх хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн хүсэлтийг хүлээн аваагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Азийн алтан суврага ХЗХ-ны, Г.Өлгийгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 66,074,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 488,322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|