| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 102/2016/04126/И |
| Дугаар | 1601 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 1601
ХХХХ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00320 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч “ХХХХ” ХХК-нд холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 341 649 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
ХХХХ миний бие нь “ХХХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/55 дугаар тушаалаар өөрийн эрхэлж буй ажлаас хууль зүйн үндэслэлгүй халагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр “ХХХХ” ХХК-ийн нярвын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 419 200 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагч “ХХХХ” ХХК-д даатгаж шийдвэрлэсэн. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд миний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт холбогдох нөхөн бичилтийг хийгээгүй, баталгаажуулаагүй төдийгүй энэ хугацааны цалин хөлсийг ч өгөхөөс татгалзаж намайг хохироож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 сарын цалинг ажил олгогчийн зүгээс нэмж олгохгүй байгаа нь хууль бусаар халагдсаны улмаас ажилгүй байгаа, энэ хугацаанд ямар ч орлогогүй байгаа нь миний эрхийг дахин хохироож байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаал “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “...дундаж цалин хөлсөөр” гэж тодорхойлсны дагуу 3 сарын цалин хөлсний нийлбэр дүнг 2 341 649 төгрөгөөр тодруулан нэхэмжилж байгаа бөгөөд нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч “ХХХХ” ХХК-д даалгуулахаар тодруулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэр гарснаас хойш 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны буюу 3 сарын цалин, хөлсийг нэхэмжилж байна. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн тушаал хэрэгт авагдсан байгаа. “ХХХХ” ХХК дээр очиж хэд хэдэн удаа уулзсан ч ажилд эгүүлэн аваагүй, мөнгө төгрөгийг ч өгөөгүй. Энэтэй уулз, тэрэнтэй уулз гээд явуулаад байдаг. Хариуцагч шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй. Хууль ёсны дагуу надтай биш ажлаас халсан хүнтэйгээ харилцах ёстой. Ажилд эгүүлэн авахгүй байсан тул арга ядахдаа тохиролцсон гэрээ байгуулж, ажилгүй байсан хугацааны цалингаа авсан. ХХХХ огт ажилгүй, цалин хөлсгүй байхад хүндрэлтэй учир хашаа манаад авсан хөлсөөрөө нийгмийн даатгалаа төлж байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн гэдэг ч Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас ирсэн баримтаар “ХХХХ” ХХК нь ХХХХ-ын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир цалингүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Манай компани нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/07537 дугаар шийдвэр буюу ХХХХыг ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдаагүй ба ХХХХыг ажиллуулахад бэлэн байсан. Гэтэл ХХХХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч ХХХХ нь ХХХХ цаашид энэ компанид ажиллахгүй гэсэн хариу бидэнд өгсөн ба энэ тухайгаа албан ёсоор бичгээр баталгаажуулж өгье гэж тохиролцсон. Тухайн үеийн шүүхийн шийдвэр гарснаас хойш өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн зүгээс ирж ажилдаа орох талаар ирж уулзаагүй байж байгаад 1 сард өмгөөлөгч ХХХХ ирж уулзсан. Тухайн үед шүүхээс төлөхөөр шийдвэрлэсэн цалин мөнгөө авмаар байна, манай хүн цаашид энд ажиллахгүй ээ гэдгээ дахин хэлсэн. “Манай компанийн зүгээс мөнгө төгрөгийн бололцоо муу байна, хэсэг хугацаа өгөөч” гэсэн хүсэлт тавьж 2016 оны 2 сард багтаан олгохоор хоорондоо тохиролцсон. Тэгээд ч бид шүүхээс төл гэж заасан төлбөрийг бүрэн барагдуулсан тул цаашид төлбөр төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Тухайн үед ХХХХ өмгөөлөгч ХХХХ ажилдаа буцаж орохгүй, тиймээс мөнгөө аваад тохиролцъё гэсэн бөгөөд мөнгө төгрөгийг өгч авах үед хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож цуцалсан тухай гэрээг байгуулъя гэсэн. 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ХХХХ өмгөөлөгчид 1 987 552 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу өгсөн. Ингээд талууд тохиролцсоны дагуу харилцан тохиролцож, ажлаас чөлөөлсөн гэдэг үндэслэлээр гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. ХХХХ-ын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөд тайланд оруулаад төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ХХХХ өмгөөлөгчийн хэлсний дагуу бид тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай гэрээгээ байгуулсан. Гэтэл танай компани мөнгөө өгөхгүй байгаа юм чинь нийгмийн даатгалыг төл гэсэн. Бид ямар нэг шийдвэргүйгээр төлж чадахгүй гэхэд энэ асуудлыг шүүхээр шийдүүлнэ дээ гэсэн. Залуу хүн байж ингэж худлаа ярьж байгаад гайхаж байна. Хэрвээ манай байгууллагыг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзсэн бол энэ асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албадан гүйцэтгүүлэхээр хандсан асуудал байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “ХХХХ” ХХК-иас 1 979 320 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 362 329 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч ХХХХ-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “ХХХХ” ХХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46 619 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Энэ шийдвэр гарах үеэр өмгөөлөгч ХХХХ ХХХХыг цаашид манай компанид ажиллахгүй, хамт олны уур амьсгал ч гэсэн эвгүй байгаа байх, тиймээс харилцан тохиролцсон гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай ярьж байсан. Ингээд өмгөөлөгч ХХХХ уг шийдвэр гарснаас хойш cap гаруйн дараа буюу 2016 оны 1 сард өмнөх шийдвэрийн дагуух цалин хөлсөө авах талаар ирж уулзсан. Бид санхүүгийн хувьд боломжгүй байгаа талаараа дурьдаж 2 сард багтаан өгөхөөр ярьж, тохиролцсон. Мөн дээр дурьдсан гэрээ харилцан тохиролцсон гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг 2 сард шийдвэрийн дагуух цалин хөлсөө авах үедээ бичгээр өгөхөөр ярьж тохироод явсан. Энэ тохиролцооны дагуу 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ХХХХ өмгөөлөгч ирж манайхаас өмнөх шүүхийн шийдвэрийн дагуух цалин хөлсийг бүрэн авсан. Ингээд ярьж байсанчлан хөдөлмөрийн гэрээг 2 тал харилцан тохиролцсон үндэслэлээр дуусгавар болгох гэрээг үйлдсэн байдаг. Гэвч ХХХХ өмгөөлөгч cap гаруйхан хугацааны дараа хэлсэн ярьснаасаа буцаж, анхнаасаа манайхыг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ХХХХыг ажилд нь эргүүлэн томилоогүй 2,3 cap болсон гэх зүйлийг зохиож 2016 оны 4 сард манай компанитай холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу шүүх хуралдаан болж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь бодитойгоор хянан үзээгүй, зөвхөн нэхэмжлэгч талын хүсэл сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргасан гэж бид үзэж байна. Нэхэмжлэгч талд өмнөх шүүхийн шийдвэр гарснаас хойшхи 2-3 сарын хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай болон гүйцэтгэх хуудас бичүүлэх зэргээр шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх боломж бололцоо хангалттай байсан боловч энэ алхамыг хийгээгүй нь ХХХХ нь манай компанид ажиллах ямар ч хүсэл эрмэлзэл байгаагүйг илтгэж байсан.Энэ тухай шүүх хурал дээр хангалттай ярьсан боловч шүүх үүнийг харгалзаж үзсэнгүй. Мөн ХХХХ нь дээрх ажилгүй байсан гэх хугацаанд ажил эрхэлж байсан нь Нийгмийн даатгалын лавлагаагаар нотлогдсон ба энэ нь түүнийг манай компанид ажиллах хүсэл сонирхол байгаагүй гэдгийг давхар нотолж буй юм. Гэтэл үүнийг нь шүүх үнэлээгүй. Мөн ХХХХ-ын өмгөөлөгч ХХХХ 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээг үйлдсэн. Гэтэл энэ гэрээг өмнөх шүүхийн шийдвэр гарснаас хойш хийхээр тохиролцсон байсан. Гэвч өмгөөлөгч ХХХХ өмнөх цалин хөлсөө бүрэн авсны дараа энэ гэрээг хийнэ гэдгээр шалтаглан 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүргэсэн. Хэрвээ ХХХХ нь үнэхээр ажилдаа эргэн орохыг үнэхээр хүсэж байсан бол уг гэрээ тэр өдөр хийгдэхгүй байсан шүү дээ. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр ХХХХ нь анхнаасаа энэ ажилд буцаж орох хүсэлгүй байсан, үүнийг нь дээрх гэрээгээр зохицуулж ажлаас чөлөөлүүлнэ гэж түүний өмгөөлөгч бидэнд итгүүлэн цаг хугацаа хожиж манай байгууллагаас дахин мөнгө нэхэх давхар санаа агуулж байжээ гэдэг нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч ХХХХ хариуцагч “ХХХХ” ХХК-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 341 649 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ цаашид манай компанид ХХХХыг ажиллахгүй талаар мэдэгдэж, энэ тухайгаа албан ёсоор баталгаажуулж өгсөн” гэж маргажээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/ 07537 дугаар шийдвэрээр ХХХХыг “ХХХХ” ХХК-ийн няравын ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байна. /хэргийн 7-9 дүгээр тал/
Нэхэмжлэгч ХХХХ ажилгүй байсан хугацааны цалин хөлс авах хугацаагаа анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны 3 сараар тодорхойлсон байна.
Хэргийн баримтад “ХХХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/15 тоот тушаалаар нэхэмжлэгчийг архины шилний няраваар мөн өдрөөс ажиллуулахаар томилсон тушаал авагдсан байна. /хэргийн 11 дүгээр тал/
Ажил олгогч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд ХХХХыг өмнө нь эрхэлж байсан “ХХХХ” ХХК-ийн няравын ажилд эгүүлэн тогтоогоогүй байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар “Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтаныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй байна гэж үзнэ.
Хариуцагч “ХХХХ” ХХК нь шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсны дараа биелүүлсэн гэсэн байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон, нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар чөлөөлөгдсөн ажилтны ажилд нь эгүүлж тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг төлөх үүрэг ажил олгогч хүлээдэг. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн өмнөх шийдвэр гарсан өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн авах тушаал гарсан өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхйолох журам”-ын 7-д зааснаар “… ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацаанд бодож нийт 1 979 320 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.
Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “…Нэхэмжлэгч талд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлүүлэх хугацаа байсан, өмгөөлөгчтэй нь харилцан тохирсоноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон” гэсэн үндэслэлүүдийг заасан байна.
Ажил олгогчийн зүгээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоход ажилтныг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй хийсэн гэх “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” /хх 67/ гэсэн тохиролцооноос үзэхэд нэхэмжлэгчийг биечлэн байлцуулж, түүний хүсэл зоригийг бүрэн тусгаж хийсэн тохиролцоо гэж үзэх боломжгүйгээс гадна 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн байх тул дээрхи үндэслэлээр давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “ХХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “ХХХХ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 619 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ц.ИЧИНХОРЛОО