Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 569

 

 

     Л.Лхамжавт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ш.Хосбаяр,

Хохирогч Г.Нарантуяа,

Ялтан Л.Лхамжавын өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Л.Лхамжав, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлуудаар, Л.Лхамжавт холбогдох эрүүгийн 201201051408 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Их монгол овогт Лхагваагийн Лхамжав, 1972 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Цагаан чулуут суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9Б-40 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 14 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 13.303.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, /РД:ФМ72042841/,

Л.Лхамжав нь хуурч мэхлэх болон итгэл эвдэх аргаар, давтан үйлдлээр:

1. 2012 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 4-ний хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Ганданбалжираас 1.880.000 төгрөг, Г.Нарантуяагаас 1.240.000 төгрөгийг “зуслангийн газар авч өгнө” гэж нийт 3.120.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

2. 2012 оны 5 дугаар сарын 15-ны орчим иргэн Б.Мөнхбаяраас 250.000 төгрөг, Н.Ганбаатараас 300.000 төгрөгийг “Хаан банкнаас зээл гаргаж өгнө” гэж нийт 550.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

3. 2012 онд хохирогч Б.Оюунаас “Хаан банкнаас нэг хувийн хүүтэй зээл гаргаж өгнө” гэж 4.000.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан,

4. 2013 оны 3 дугаар сард О.Дүүрэнжаргалаас “хавдсан хамрын гажигийг янзлуулж өгнө” гэж 2.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан, 

5. 2013 оны 4 дүгээр сарын 19-нд О.Мөнхчимэгээс “ажилд оруулж өгнө” гэж 600.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

6. 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ш.Мөнхсайханаас “нэг тэрбум төгрөгийн төслийн зээл гаргаж өгнө” гэж худал хэлж хуурч мэхлэх аргаар 9.300.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

7. 2014 оны 9, 10 дугаар саруудад Н.Цэцэгээгээс “Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл, зээл гаргаж өгнө” гэж худал хэлж хуурч мэхлэх аргаар 4.200.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

8. 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Отгоннэргүйгээс “хүүхдийг нь Орос 3 дугаар сургуульд оруулж өгнө, зам өрдөг тендер авч өгнө” хэмээн худал хэлж хуурч мэхлэх аргаар 13.020.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

9. 2015 оны 9 дүгээр сарын 2-ноос 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд иргэн С.Баянзулд “гурилын үйлдвэрийн лиценз авч өгнө” хэмээн итгэл төрүүлж, хуурч мэхлэх аргаар 2.500.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

10. 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Б.Урангоод “хүүхэд сургуульд оруулна” гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар 704.000 төгрөгийг залилан мэхлэж авч бусдад нийт 39.862.000 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Лхамжавт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Лхамжавыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хуурч мэхлэн, залилж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Л.Лхамжавыг 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Лхамжавд оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 559 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хохирогч Н.Ганбаатар нь өөрт учирсан хохирол болох 300.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, нэхэмжлэхээс татгалзсан болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л.Лхамжаваас 39.694.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Ганданбалжирт 1.880.000 төгрөг, хохирогч Г.Нарантуяад 1.240.000 төгрөг, хохирогч Д.Мөнхбаярт 250.000 төгрөг, хохирогч Б.Оюунд 4.000.000 төгрөг, хохирогч О.Дүүрэнжаргалд 2.000.000 төгрөг, хохирогч О.Мөнхчимэгт 600.000 төгрөг, хохирогч Ш.Мөнхсайханд 9.300.000 төгрөг, хохирогч Н.Цэцэгээд 4.200.000 төгрөг, хохирогч Д.Отгоннэргүйд 13.020.000 төгрөг, хохирогч С.Баянзулд 2.500.000 төгрөг, хохирогч Б.Урангоод 704.000 төгрөг тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар Л.Лхамжавын 2009 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн 7 настай Арзайсан овогт Ё.Ганзоригийн Итгэлийн /РД:УО09271854/ асрамжийг Гэр бүлийн тухай хуулинд зааснаар шийдвэрлэтэл түүний төрсөн эгч Лхамжавын Мандухайн асрамжинд үлдээж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Лхамжавд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шйидвэрлэжээ.

Ялтан Л.Лхамжав гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие ямар ч ор үндэслэлгүйгээр хохирогч нарыг хохироогоогүй юм. 2007 онд Ё.Ганзоригтой танилцаж, 2009 онд хүүтэй болсон. Энэ хугацаанд бид нэг гэрт орж тогтвортой хамт амьдраагүй. Ё.Ганзориг “чи зуучил, би эгчтэйгээ ярина, хүмүүст газар авч өгье” гэсэн болохоор таньдаг хүмүүстээ хэлж мөнгийг нь авч өгдөг байсан. Эхэндээ хэд хэдэн хүнд газар авч өгсөн. Түүний эгч Энхээ нь Нийслэлийн газрын албанд ажилладаг, өмнө нь Сүхбаатар дүүргийн газрын албаны даргаар ажиллаж байсан. Би эгчтэй нь уулзаж байгаагүй, Ё.Ганзориг уулздаг байсан. Газар авч өгөхөөр Ц.Ганданбалжир, Г.Нарантуяа нарын мөнгийг авснаас хойш Ё.Ганзориг гэнэт алга болсон. Тухайн үед хохирогч Г.Нарантуяагаас авсан 250.000 төгрөгийг буцааж өгсөн. Мөн түүнээс эд бараа, үнэртэй ус, гутал зэргийг мөрдөн байцаагчаар дамжуулан буцаан өгсөн бөгөөд түүний хувьд учруулсан хохирол байхгүй байхад юу нэхээд байгааг ойлгохгүй байна.

Хохирогч Б.Оюуны хувьд миний багш байсан. Намайг гэртээ хүүхдээ хараад байж байхад “Сибирийн эрүүл мэнд” гэх сүлжээнд орж хамтарч ажиллая гэх санал тавьсан. Хэд хоногийн дараа гэрээ хийж хамтарч ажилласан. Бид хоёрын дунд сүлжээний бараа бүтээгдэхүүний тооцоо байдаг. Би түүнээс 1.800.000 төгрөгийн барааг нь авч зарж өгсөн. Гэтэл хугацаа удаасан гэх шалтгаанаар хүүг нь тооцож, 4.000.000 төгрөг нэхэмжилдэг. Эхлээд ямар ч үндэслэлгүйгээр 15.000.000 төгрөг нэхсэн.

Хохирогч Н.Цэцэгээтэй хамт оёдлын цехэд ажилладаг байсан ба нэг өдөр манай ажил дээр ирээд “чи миний хуурай дүү Ш.Мөнхсайхан уулз, чамайг миний авга ахын охин гээд танилцуулсан байгаа, эгч нь өрөнд ороод гэртээ харьж чадахгүй явна. Ш.Мөнхсайханаас мөнгө авах гэсэн юм, чи хамт очоод аваад өгөөч, удахгүй хүү Гантулгаараа зээл авахуулж төлнө” гэсэн. Ш.Мөнхсайхан төрсөн дүү Эрдэнэцэцэгтэй ирсэн байсан. Н.Цэцэгээ өмнө нь тэдэнд зээл гаргаж өгье гэж ярьсан байсан юм билээ. Тэнд очоод манай ахын охин надад төсөл бичиж өгнө гээд 9.000.000 төгрөг авсан. Намайг зээлийн гэрээ хийгээд авчих гэсэн. Би гэрээг нь хийж авсан, утсаа өөрчилж бичээрэй гэсэн. Мөнгийг нь аваад “Хаан банк”-н дээр очоод хүү Гантулгадаа зээл гаргуулахаар надаар 3.200.000 төгрөгийг өгүүлсэн. Тэгэхэд түүний төрсөн хүү Гантулга төв “Хаан банк”-ны өр барагдуулах албанд ажилладаг болохыг мэдсэн. Дараа нь  удаа дараа очиж уулзаж байсан боловч зээлийг гаргаж өгөөгүй худал хэлж зугтдаг болсон. Миний хувьд Н.Цэцэгээд өгөх төлбөр байхгүй. Авах авлагатай. Н.Цэцэгээ нь хүүхдийнхээ нэрийг барьж зээл гаргаж өгнө гэж хүмүүсээс мөнгө авч явдаг. Би энэ хүнд итгэж багш Б.Оюунд зээл гаргаж өгнө гэж хэлсэн. Шүүх хуралдаанд Ш.Мөнхсайхан, Н.Цэцэгээ нарыг оруулцах хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч оролцуулалгүй шүүх хуралдаан хийсэнд гомдолтой байна.

Хохирогч Ганбаатар, Мөнхбаяр нарын хувьд Б.Оюуны дүү нар. Тэд нараас мөнгө аваагүй. 

Хохирогч Д.Отгоннэргүйн хувьд хүүхдээ Орос 3 дугаар сургуульд оруулмаар байна гэхээр нь Боловсрол шинжлэх ухааны яаманд ажилладаг С.Баянзулд хэлэхэд зөвшөөрөөд хандив болон төлбөрийн мөнгө гэх 9.000.000 төгрөг авъя гэхээр нь би авч өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд С.Баянзулд мөнгийг нь буцаагаад өгчих гэж удаа дараа хэлж байсан боловч өгөөгүй. Мөн Д.Отгоннэргүйн 4.000.000 төгрөгийг би “Мандахчулуут” ХХК-ийн нэр дээр явган зам тавих тендэр авах гэж авсан ч буцааж өгч чадаагүй.

Хохирогч С.Баянзулын хувьд Оросоос Баян-Өлгий аймгаар дамжуулан Улаанбаатар хотод гурил оруулж ирэх лиценз авч өгөхөөр Хүнс хөдөө аж ахуйн яаманд ажилладаг Оюунд 2.400.000 төгрөгийг өгүүлсэн юм. Улмаар лиценз нь бүтэхгүй байна, мөнгийг нь буцааж өгнө гэсэн ч өгөөгүй.

Хохирогч Б.Урангоотой хоорондын зээл л байсан. Би түүнээс 704.000 төгрөг зээлж авсан байсан ч өгч чадаагүй.

Хохирогч О.Мөнхчимэг, О.Дүүрэнжаргал нарын хувьд өөрийн буруугаас болж тэднийг хохироосон. Хэлсэн амласан ажлаа хийж өгч чадаагүй, хохирлыг нь ч барагдуулаагүй. Энэ хэрэгт өөрийн буруугаас болж бусдын хохироосон үйлдлүүд ч байгаа, маш их гэмшиж байна. Хохирогч нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйсан. Хөнгөн, анхаарал, болгоомжгүй байдлаасаа болж хувийн амьдралаа ч алдаж, олон хүмүүсийг хохироосон. Иймээс Ё.Ганзориг, түүний эгч Ё.Энхээ, С.Баянзул, Б.Оюун нарыг шалгуулж, хэргийн үнэнийг олж өгнө үү.

Мөн хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтоогоогүй, 2012-2015 оны хооронд үйлдсэн энэ гэмт хэргүүдээс гадна хохирогч Жаргал, Отгонгэрэл нарын гомдол Чингэлтэй, Баянгол дүүргүүдэд шалгагдаж байгаа боловч нэгтгэж шалгаагүй тул энэ хэрэгт нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Энэ хугацаанд гэм буруугаа чин сэтгэлээсээ ойлгон ухаарч байна. Дахин ийм гэмт хэрэг хийхгүй, үнэнч шударга хөдөлмөрлөж, хохирогч нарын хохирлыг барагдуулна гэдгээ амлаж байна. Иймд хохирлоо төлөх боломж олгоно уу. Би өрх толгойлсон эмэгтэй, бага насны /7 нас/ хүүхэдтэйгээ амьдардаг. Хүүхдэд маань асран хамгаалагч тогтоогоогүй, айл, айлын дунд амьдарч байгаа, хүү маань өвчтэй байгаа учир энэ бүх байдлыг минь харгалзан үзэж, үнэн зөвийг олж өгч тусална уу...” гэжээ.

Ялтан Л.Лхамжавын өмгөөлөгч Б.Цэрэндолгор гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Лхамжавт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад огт ажиллагаа хийгээгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгээгүй гэж бодоход шүүх хуралдаанд Оюун, Цэцгээ Мөнхсайхан нарыг заавал биечлэн оролцуулна гээд шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан байтал тухайн хүмүүс шүүх хуралдаанд биечлэн ирээгүй. Л.Лхамжав “би энэ хүмүүсээс ийм их хэмжээний мөнгө аваагүй. Энэ хүмүүс хүүтэй нь нэмж хэлж байна” гэдэг. Цэцгээ, Мөнхсайхан нар зээл дамжуулж авахдаа хүүгээ дагуулж очоод Гантулга гэх хүнд 3.000.000 орчим төгрөгийг өгсөн. Ийм учраас энэ хэргийг мөрдөн байцаалтад буцааж тодорхой шалгуулж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Хохирлын тооцоо дутуу хийгдсэн байсан. Л.Лхамжав нь эх, 8 настай хүүхдийн хамт амьдардаг байсан. Эх нь 10 дугаар сард нас барсан. Өв залгамжлах эрх нь 10 дугаар сард нээгдэх учраас хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулна гэж хэлдэг. Л.Лхамжавын ах дүү нар нь түүнийг ийм зүйл хийж гэмт хэрэгт холбогдсоныг нь мэдээгүй байсан. Шүүхээс 19 настай Мандухайд Л.Лхамжавын 8 настай хүүхдийн асрамжлах эрхийг тогтоосон нь буруу гэж үзэж байна. Учир нь Мандухай нь 19 настай, Ховд аймгийн Анагаах ухааны дээд сургуульд сурдаг учраас асран хамгаалах боломжгүй. Одоо 8 настай хүүхэд нь айл, айл дамжаад явж байгаа. Хохирлын хэмжээ нь улсын яллагчийн үзсэнээр 39.694.000 төгрөгийг болсон. Л.Лхамжавын хэлснээр Цэцгээ, Оюун, Мөнхсайхан нарын хохирлын хэмжээ хасагдана. Ганбаатар, Мөнхбаяр хохирол төлбөргүй талаараа шүүхийн шатанд хэлсэн байтал энэ 2 хүний хохирлын хэмжээ тооцоонд орчихсон байсан...” гэв.

Хохирогч Ц.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ асуудал нь 5-6 жил үргэлжилж байгаа өр авлагын асуудал байгаа. Би тухайн үед Л.Лхамжавт чамаас 100.000 төгрөгөөр нь авахгүй, 20.000 төгрөгөөр сар бүр өгчих. Би 50 хувийг нь авчихбал асуудал багатай гэж гуйсан ч огт засралгүй нэмж олон хүнийг залилж өр тавьсан. Гэртээ эх болон хүүхэдтэйгээ хоёулаа амьдарч байсан гэдэг нь худлаа гэж бодож байна. Яагаад гэвэл түүний төрсөн дүү Тамир гэх эмэгтэй хамт байсан. Тамир Л.Лхамжавыг 461 дүгээр ангид 6 сарын хугацаатай хоригдож байхад хүүхдийг нь асарч байсан. Өнөөдөр тэр Тамир гэх эмэгтэй хаана байна. Эхийнхээ нэр дээр байгаа хашаа байшинг зарж борлуулаад бид нарыг хохиролгүй болголоо гэхэд тэр хүн 10 гаруй хүний хохирлыг барагдуулж чадахгүй байх. Л.Лхамжав тухайн үед яагаад хүүхдээ бодоогүй вэ. Ганзориг гэдэг хүн хамтран амьдарч байгаагүй. Бид 2 хоорондоо уулзаж байгаад хүүхэдтэй болсон. Гэхдээ би хүүхдээ өөр дээрээ аваад асарч чадна. Хамгийн гол нь Л.Лхамжав надад хүүхдээ өгдөггүй болохоос би өөрөө хүүхдээ авбал өсгөж, хүмүүжүүлж чадна гэж хэлж байсан...” гэв.

Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нөхцөл байдалтай байгаа. Дээрх заалтыг хэрэглэх боломжтой гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон нөхцөл байдал байгааг харгалзаж үзээд дээрх байдлаар зүйлчилж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. Мөн хохирогч Оюуны талаар яриад байна. 2015 онд намайг энэ хэрэгт хяналт тавьж, анхан шатны шүүхэд улсын яллагчаар оролцож байсан. Энэ хугацаанд хохирогч Оюуны хувьд ялтан Л.Лхамжавын 10 жилийн сургуулийнх нь багш. Энэ мөнгөөрөө дүнгээрээ зөрүүтэй байдаг боловч хохирогч нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ дэмжиж хохирлын хэмжээнд 1 байр суурьтай оролцдог. Хохирогч нарын мэдүүлэг, бусад гэрч нарын мэдүүлэг дансны гүйлгээний лавлагаа зэргээр нотлогддог. Хашаа байшингаа зараад өр төлбөрөө барагдуулах талаар давж заалдах гомдолдоо бичсэн байсан. Энэ талаар 2 жилийн өмнө намайг энэ хэрэгт хяналт тавьж байхад яригдаж байсан асуудал. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, зохих зүйл, хэсгээр зүйлчилж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Л.Лхамжав нь:

1. 2012 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 4-ний хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Ганданбалжираас 1.880.000 төгрөг, Г.Нарантуяагаас 1.240.000 төгрөгийг “зуслангийн газар авч өгнө” гэж нийт 3.120.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Ц.Ганданбалжирын “...Манай холын хамаатан Г.Нарантуяа “...Л.Лхамжав зуслангийн газар 500.000 төгрөгөөр авч өгье гэж байна” гэхээр нь “2 газар авъя” гээд түүнтэй уулзахад “манай хадам эгч Энхээ Нийслэлийн газрын албанд ажилладаг, түүнтэй мөнгөө хувааж авдаг, одоо мөнгөө өгчих” гэхээр нь би 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2 газрын мөнгө болох 1.000.000 төгрөг өгсөн. Л.Лхамжав эгчтэйгээ мөнгөө хувааж авна гээд Нийслэлийн захирагчийн алба руу орсон. Маргааш нь Л.Лхамжав, Г.Нарантуяад дахин 1 газар байна гэж хэлсэн гэхээр нь авъя гээд 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдөр “Минж плаза”-ийн үүдэнд 800.000 төгрөг өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа бичиг баримт бүрдүүлэхэд 80.000 төгрөг хэрэгтэй байна гээд авсан. Удахгүй газрын гэрчилгээ гарна гэсэн боловч хааяа л утсаар яриад байдаг байсан. 2012 оны 6 дугаар сарын дунд үед Г.Нарантуяа бид хоёрыг “Сүхбаатар дүүргийн газрын албан дээр өглөө эрт хүрээд ир, гэрчилгээ чинь гарчихсан” гэхээр нь очсон боловч өөрөө ирээгүй, утсаар ярихаар удахгүй, манай эгч Энхээгийн танил Дөлгөөн, Бадамгарав гэж 2 хүн одоо гэрчилгээг чинь гаргана” гэхээр нь өдөржингөө хүлээгээд аргаа бараад дотогшоо орж Дөлгөөн, Бадамгарав гэж хүмүүс байдаг эсэхийг асуухад ажилладаггүй  гэсэн учир түүнээс дахин асуухад гэрчилгээ чинь гарчихсан байгаа, Нийслэлийн засаг дарга батлахгүй байна гэх мэтээр худлаа хэлээд байхаар нь бид түүнтэй иргэд хоорондын гэрээ хийж авсан. Энхээ гэдэг хүн нь газрын албанд ажилладаг нь үнэн гэсэн. Нарантуяа нэг удаа уулзахаар очиход надад хамаагүй би мэдэхгүй гэж хэлсэн гэсэн...” /1-р хх-36/,

Хохирогч Г.Нарантуяагийн “...Содномжамц гуай Бэлхэд байх газраа 700.000 төгрөгөөр өрөндөө өгөөд нэрээ шилжүүлэлгүй нүүгээд явсан. Нэрээ шилжүүлж  чадалгүй явсаар Содномжамц гуай нас барчихсан. Энэ тухай хамт ажилладаг байсан Л.Лхамжавт хэлэхэд “нэрийг чинь шилжүүлээд өгье” гээд 2012 оны 5 дугаар сард 94.000 төгрөг авсан. Тэгээд газрын албанаас захирамж гарахаар үл хөдлөх хөрөнгийн газар ороод бичиг баримт нь гарах юм байна гэсэн. Тэгээд 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдөр газрын гэрчилгээ чинь маргааш гарна, та дахиад газар авах уу, хямдхан газар байна гэхээр нь хамаатны дүү Ц.Ганданбалжирт санал болгоод Л.Лхамжавтай уулзсан. Бид 3 ярилцаад Ц.Ганданбалжир 2 газар авахаар болж 1.000.000 төгрөг 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн захирагчийн албаны гадаа өгсөн. Мөн зуслангийн газрын 250.000 төгрөг өгсөн. Хэд хоногийн дараа газрын гэрчилгээ гарсан гэж хэлээд “Та Ц.Ганданбалжирт битгий хэлээрэй, би танд зуслангийн 3 айлын газар авч өгөхөөр Энхээ эгчтэй ярьчихлаа” гэхээр нь би 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 50 дугаар дэлгүүрийн хажууд байдаг дүүгийнхээ дэлгүүрээс 735.000 төгрөгийн бэлэн хувцас авч өгсөн. Дараа нь 6 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкаар Лхамжавын дансруу нь 280.000 мянган төгрөг шилжүүлсэн. Хамгийн сүүлд 800.000 төгрөгөөр Яргайтын зусланд газар авч өгнө гэж хэлээд 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 3, 4 дүгээр хорооллын “Минж палаза” дэлгүүрийн үүдэнд бид 2 хамт аваачиж өгсөн. Үүнээс хойш гэрчилгээ чинь гарчихсан, хүлээж бай гэж хэлээд л яваад байсан. Тэгээд энэ мэтчилэн хуурсаар нэг өдөр Сүхбаатар дүүрэг дээр өдөржингөө хүлээлгээд ирээгүй. Газрын албаны Дөлгөөн, Бадамгэрэл гэдэг 2 хүн байгаа Энхээ эгчийн найзууд нь байгаа юм гэхээр нь газрын албанаас асуухад тийм хүн ажилладаггүй гэсэн учир бид залилуулсанаа мэдсэн…” /1-р хх-39/,

 

Л.Лхамжавын сэжигтнээр өгсөн: “...Би Ц.Ганданбалжир ахаас 1.880.000 төгрөг, Нарантуяа эгчээс бэлэн 530.000 төгрөг, 735.000 төгрөгийн бараа зээлж авсан...” /1-р хх-67-68/ гэх мэдүүлгүүд, орлогын мэдүүлэг /1-р хх-30/, иргэд хоорондын гэрээ /1-р хх-31/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-229/ зэрэг нотлох баримтуудаар,

2. 2012 оны 5 дугаар сарын 15-ны орчим иргэн Б.Мөнхбаяраас 250.000 төгрөг, Н.Ганбаатараас 300.000 төгрөгийг “Хаан банкнаас зээл гаргаж өгнө” гэж нийт 550.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Б.Мөнхбаярын “...Манай эгч Б.Оюун “шавь Л.Лхамжав их хэмжээний зээл хөөцөлдөж байгаа, мөнгө нь илүү гарна гэсэн, чи илүү гарсан мөнгийг нь авах уу” гэхээр нь би тэгье гээд биднийг “Түшиг” их дэлгүүрийн Хаан банканд дуудаад “та нар бичиг баримтаа өгчих, би материалтайгаа хавсаргаад өгье, тэгээд зээл энэ 7 хоногтоо гарна” гээд миний иргэний үнэмлэхийг аваад үлдсэн. Маргааш нь Б.Оюун эгч орчуулга нотариатын мөнгө авдаг дансанд мөнгө байрлуулах ёстой гээд байна гээд надаас 2012 оны 5 дугаар сарын 15-ны орчим 250.000 төгрөг аваад Л.Лхамжавт өгсөн. Л.Лхамжаваас “зээл юу болж байна” гэж асуухаар “одоо гарах гэж байна, 11 цаг гэхэд “Түшиг” дээр хүрч ирээд чимээгүйхэн шиг мөнгөө аваад явчихаарай” гэж хэлдэг байсан, мөн банкны нягтлангууд гар хараад байна 1.000.000 төгрөг өгчих тэгвэл наадмаас өмнө гаргаад өгнө гэхээр нь худлаа ярьж байна гэж бодоод өгөөгүй. Түүнээс хойш би мөнгөө буцааж авъя гэхээр зээл одоо гарна гэж хэлсээр өдий хүрсэн...” /1-р хх-41-42/,

Хохирогч Н.Ганбаатарын “...2012 оны 5 дугаар сард эхнэрийн эгч Б.Оюун “манай шавь Л.Лхамжав их хэмжээний зээл Хаан банкнаас авах гэж байна гэсэн, чи авах уу” гэхээр нь Б.Оюун эгчтэй хамт Л.Лхамжав гэх эмэгтэйтэй уулзахад 200.000 долларын зээл авах гэж байгаа монгол мөнгөнд шилжүүлэхэд 220 гаран сая болж байгаа би 100 саяыг нь Б.Оюун эгчид өгөх гэж байгаа, үлдсэн 100 сая төгрөгийг дүү нартаа хувааж өгөх гэж байгаа “20 орчим сая төгрөгийг та авах уу” гэхээр нь би хөрөнгийн баталгааг хэн гаргах юм бэ гэхэд манай нөхөр “Орчлон Констракшины охин компанид ажилладаг тэдний компани хөрөнгийн баталгааг нь гаргаж өгнө, зээл нь Хаан банкин дээр батлагдчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд 1 дансны дугаар өгөөд 140.000 төгрөг байршуул гэсэн гээд надаас мөнгө аваад өөрөө очерлож байгаад тушаачихаад гарч ирсэн маргааш нь гадаадын төслийн зээл учраас бүх юмыг монгол хэл дээр орчуулах шаардлагатай гэж надаас 160.000 төгрөгийг авсан. Түүнээс хойш одоо ирж мөнгөө ав гээд уг банкин дээр дуудаад очихоор бүтэхээ байсан гэж хойшлуулсаар өдий хүрсэн. Тэгээд 7 дугаар сард 1.000.000 төгрөг хэрэгтэй байна, зээлийн эдийн засагчийг хахууль өгөх хэрэгтэй байна гэхэд худлаа хэлээд залилаад байна гэдгийг мэдээд больсон. Дараа нь манай эхнэр Б.Мөнхбаяраас надаас авсан шигээ 250.000 төгрөг авсан байсныг сая мэдсэн...” /1-р хх-44-46/,

Л.Лхамжавын сэжигтнээр өгсөн: “...Н.Ганбаатарт 217.000 төгрөг өгөх нь үнэн...” /1-р хх-76/ зэрэг нотлох баримтуудаар,

3. 2012 онд хохирогч Б.Оюунаас “Хаан банкнаас нэг хувийн хүүтэй зээл гаргаж өгнө” гэж 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Б.Оюуны “...2011 онд ирж уулзаад манай Сибирийн эрүүл мэндийн төвд миний доор элсэн орсон. Гэхдээ юу ч хийгээгүй Замын-Үүдээс хүн элсүүлнэ, бараа захиалж авна гэх мэтээр худлаа хэлээд байдаг байсан. 2011 оны 5 дугаар сард “Орчлон констракшн”-ы гааль дээр байгаа барааг оруулж ирэх гэсэн юм, 3 хоногийн хугацаатай мөнгө хэрэг болоод байна буцаагаад нугалаад өгье гэхэд нь тухайн үед надад мөнгө байхгүй өөрсдөө тэр компани нь төлдөггүй юмуу гэхэд, манай дүү Замын-Үүдэд байдаг, гаалийнх нь барааг татваргүй оруулах гэж ингэж байгаа юм гээд гуйгаад байхаар нь өөрт байсан 50.000 рублийг солиулж 2.000.000 гаран төгрөг дээр өөрийн нэр дээр байсан мөнгийг нэмээд 3.000.000 орчим төгрөг өгсөн. Л.Лхамжав нь Орчлон компанийн охин компани Мандах чулуут компаниас 3 хоногийн хугацаатай өгсөн 3 сая төгрөгийг гаргуулах хүсэлт маягийн юм бичүүлж авсан. Ингээд төлөх хугацаа өнгөрөөд худлаа үнэн зүйл ярьж эхэлсэн. Дараа нь их дэлгүүрийн өмнөх ХААН банкин дээр намайг дуудаад очиход энд Орчлонгийн нягтлан байна, нөгөө мөнгийг чинь өгөх гээд хүнтэй яриад байна, хүлээж бай гээд суулгасан дахиад нөгөө хүн нь явчихсан байна гэсэн. Ингээд таг чиг болохоор нь мөнгөө нэхэхэд Хаан банкнаас 1 хувийн хүүтэй төслийн зээл олгоод байгаа юм байна, таны мөнгийг удаасан юм чинь 100 сая төгрөгийн зээл хөөцөлдөөд өгье. Нэг өдөр Л.Лхамжав манай дүү Б.Мөнхбаяр, хүргэн Н.Ганбаатар, хүү Х.Мөнх-Очир нарыг зээл авах асуудлаар хүрээд ирээч гээд Түшиг дэлгүүрийн Хаан банкны төв дээр дуудсан, удахгүй мөнгө гадаадаас орж ирнэ гээд бүх хүний үнэмлэхийг авсан, мөн нотариат, орчуулгын мөнгө гэж 250.000 төгрөг аваад нэг хэсэг алга болсон. 2011 оны 7 дугаар сард “дугаар авдаг юм байна, урдуур нь оруулаад өгвөл 3.000.000 төгрөг хэрэгтэй гэж байна” гэхээр нь гэрийнхнээсээ нуугаад ээмэг, бөгжөө ламбарданд тавиад 1.000.000 төгрөг өгсөн. Та 100.000.000 төгрөгөө 250.000.000 болгочих гэхээр нь нээрээ тэгдэг юм билүү гэж бодогдсон, дахиад юм бүрдүүлнэ гээд хэсэг алга болсон. Ингээд 2012 он гарахын өмнөхөн намайг дуудаад нөхөр Ё.Ганзориг 150.000.000 төгрөгийг юаниар Хаан банкнаас аваад барилгын материалд явтал Хаан банк төгрөгөөр өгөх зээлийг юаниар өгчихсөн гээд зээл олгож байгаа хүнд торгууль ногдсон гэнээ, түүнийг нь төлөхгүй бол зээл чинь гарахгүй юм байна, миний зээлийг хаачихлаа гээд уйлаад суусан. Торгуулийг нь төлөх гэж 2.000.000 төгрөг өгсөн Манай хүү Х.Мөнх-Очир намайг мөнгө өгсөнийг мэдээд уурлаад Хаан банк руу Л.Лхамжавтай хамт хуулийн зөвлөхтэй нь уулзахад манайд Мөнхбаяр, Алтанцэцэг, Бадамханд гэдэг эдийн засагч нар байхгүй, хууль цагдаагийн байгууллагаар асуудлаа шийд гээд гаргасан…” /1-р хх-48-50, 197/,

 

Гэрч Х.Мөнх-Очирын “...Л.Лхамжав надтай ярихдаа урьдчилгаа мөнгө, барьцаа хөрөнгө шаардахгүй мөнгөө авсны дараа 10.000.000 төгрөг банкны ажилтан Мөнхбаярт өгнө гэхээр нь итгэл төрөөд хөөцөлдөөд үзье гэж эхдээ хэлсэн. Хэд хоногийн дараа биднийг Хаан банкин дээр хүрээд ир, зээл гарах гээд байна, гарын үсэгний баталгаа хэрэгтэй байна гэхээр очиход гарын үсэгний баталгаа, зээлийн маягт бөглүүлсэн. Тэгээд энэ асуудлаа нотариатаар орно нэг хүнээс 190.000 төгрөг хэрэгтэй гэсэн. Мөн зээлийн 0.1 хувийн шимтгэл хэрэгтэй гэсэн. Үдээс хойш зээл гарна гэсэн боловч маргааш болчихлоо гэсэн. Маргааш нь залгахад маргааш, нөгөөдөр гэж хүлээлгэж байгаад биднийг нэг өдөр дуудаад зээлийн графикийг хойшлуулсан байна, урагшлуулна гэвэл зээлийн эдийн засагч Мөнхбаяр, Алтанцэцэг нарт 3.000.000 төгрөг өгөх хэрэгтэй байна гэсэн. Тухайн үед хүргэн ах, эгч бид нар ярилцаад худлаа яриад байна, залилан юм байна гээд энэ асуудлыг орхисон...” /1-р хх-55-56/,

Л.Лхамжавын сэжигтнээр өгсөн: “...Б.Оюун багшид зээл гаргаж өгнө гээд 4.000.000 гаран төгрөг авсан...” /1-р хх-67-68/ зэрэг нотлох баримтуудаар,

4. 2013 оны 3 дугаар сард О.Дүүрэнжаргалаас “хавдсан хамрын гажигийг янзлуулж өгнө” гэж 1.404.900 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч О.Дүүрэнжаргалын “...2013 оны 2 дугаар сард манай хажуу өрөөг Л.Лхамжав нь түрээслэж амьдарч эхэлсэн юм. Тэгээд би 2013 оны 2 дугаар сард нүүрэн дээрээ IPad-аа унагааж миний нүүр хавдаад янзлуулах гэж байтал Л.Лхамжав “манай найз Батчимэг, Оюун эмчтэй танил, би чиний нүүрийг янзлуулж өгнө” гээд надаас 500 доллар авсан юм тэгээд намайг арьс гоо заслын "ферфект" эмнэлгийн гадаа 2 cap хүлээлгээд би үзүүлж чадаагүй юм. Бас Лхамжав нь хаалга цонхны үйлдвэрт ажилладаг гээд манай байрны цонх хаалгыг сольж өгнө гээд 5 дугаар сарын 15-нд 700.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн юм. Би үзүүлж чадаагүй болохоор "Ферфект" эмнэлгийн эмч Оюунтай уулзахад би Батчимэг гэдэг хүнийг танихгүй надтай уулзаагүй гэсэн юм. Тэгээд л Л.Лхамжавтай уулзаад би Оюун эмчтэй уулзлаа, Батчимэг гэдэг хүнийг танихгүй гэж байна гэж хэлээд л би Лхамжаваас мөнгөө нэхсэн юм, тэгтэл намайг байж бай гээд л одоо болтол миний мөнгийг өгөхгүй байгаа...” /1-р хх-180, 218/,

Л.Лхамжавын сэжигтнээр өгсөн: “...Би О.Дүүрэнжаргалаас 2.000.000 төгрөг залилан мэхлэж авсан нь үнэн...” /1-р хх-183-184/ зэрэг нотлох баримтуудаар, 

5. 2013 оны 4 дүгээр сарын 19-нд О.Мөнхчимэгээс “ажилд оруулж өгнө” гэж 600.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч О.Мөнхчимэгийн “...Л.Лхамжав манай байрны нэг өрөөг түрээслэн сууж байхдаа 2013 оны 4 дүгээр сарын эхээр “таньдаг найздаа хэлээд ажилд оруулж өгье, хажуугаар нь мөнгөө өсгөх боломжтой юм байна” гэж хэлсэн. Би түүний энэ ярианд итгээд 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бэлнээр 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг өгсөн…” /1-р хх-219-221/,

Хохирогч О.Дүүрэнжаргалын “...Манай эгчээс мөн худлаа хэлээд 600.000 төгрөг авсан байсан...” /1-р хх-180, 218/ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

6. 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ш.Мөнхсайханаас “нэг тэрбум төгрөгийн төслийн зээл гаргаж өгнө” гэж худал хэлж хуурч мэхлэх аргаар 9.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Ш.Мөнхсайханы “...Л.Лхамжав өөрийнхөө авч өгөх төслийн зээлийн талаар ярихдаа хөдөлмөрийн яаманд ирсэн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн зээл буцах гээд байгаа юм аа, сонирхож байвал урьдчилгаа мөнгө төлөөд орох уу гэсэн санал тавьсан, урьдчилгаа нь 6.000.000 төгрөг төлнө, нийт төслийн зээлийн хэмжээ 1 тэрбум гэсэн. ...Л.Лхамжавын ярианд бүрэн итгэж төслийн зээлийг алдахгүйн тулд дүү Л.Эрдэнэцэцэгийн Голомт банкин дахь 2205025106 тоот данснаас 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 6.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгээд 19 цагийн үед Л.Эрдэнэцэцэг, Н.Цэцэгээ нарын хамт байлцаж Л.Лхамжавт өгсөн. 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Л.Лхамжав бичиг хэргийн зардал хэрэгтэй байна гэхээр нь бэлнээр 100.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5020179747 тоот данснаас зарлагын гүйлгээ хийж бэлнээр Л.Лхамжавт өгсөн. ...Л.Лхамжав зээл чинь одоо ингээд гарах гэж байгаа, бэлнээр гаргах гэж байгаа учраас шимтгэл төлнө, таны зээл Капитал банкнаас гарна, орой юмуу маргааш гэрээнд гарын үсэг зурж зээлээ авна гэж итгүүлж байсан. Тухайн үед Л.Энхзолбоогийн Голомт банкин дахь 1709162607 тоот данснаас 3.200.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж Л.Лхамжавт хүлээлгэн өгсөн. Энэ мөнгөн дүнд Н.Цэцэгийн зээлийн шимтгэлийн 627.000 төгрөгийг би өөрөөсөө гаргаж өгсөн. Л.Лхамжавын хэлсэн ярьсан зүйлд итгэж түүнд нийтдээ 9.300.000 төгрөгийн залилуулж алдсан…” /2-р хх-227/,

Гэрч Л.Эрдэнэцэцэгийн “...Ш.Мөнхсайхан ах жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг. Л.Лхамжав “жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гаргаж өгнө” гээд Ш.Мөнхсайхан ахаас 6.000.000 авсан...” /2-р хх-230/,

Гэрч Л.Энхзолбоогийн “...2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Ш.Мөнхсайхан ах надтай уулзаад “зээлийн шимтгэлийн мөнгө тушаах гэсэн юм” гэхээр 3.200.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” /2-р хх-231/ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

7. 2014 оны 9, 10 дугаар саруудад Н.Цэцэгээгээс “Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл, зээл гаргаж өгнө” гэж худал хэлж хуурч мэхлэх аргаар 4.200.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг  үйлдсэн нь:

Хохирогч Н.Цэцэгээгийн “...Л.Лхамжав би өөрөөсөө хөрөнгийн баталгаа гаргадаг, надад найдаж болно, цаад хүмүүс нь зээл гаргасны төлбөр, хувь авдаг гээд миний материалыг аваад 1 дэх өдөр танд хариу хэлье гээд салсан. Л.Лхамжав хэлснийхээ дагуу даваа гарагт уулзаад “таны төсөл шилжүүлэхэд 4.000.000-5.000.000 төгрөг хэрэгтэй байна, ингэж авдаг юм, таны ажил ингээд бүтнэ” гэсэн.  Гэтэл үдээс хойш нь над руу “Бэлэн бичигдээд зээл нь батлагдсан төслийн зээлийг тан руу шилжүүлэх гээд байна, та яаралтай мөнгөө олоод ирээч” гээд яриад байхаар нь 3.250.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Л.Лхамжавт 2014 оны 9 дүгээр сард 800.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сард 150.000 төгрөг өгсөн. Нийт 4.200.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” /2-р хх-230/ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

8. 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Отгоннэргүйгээс “хүүхдийг нь Орос 3 дугаар сургуульд оруулж өгнө, зам өрдөг тендер авч өгнө” хэмээн худал хэлж хуурч мэхлэх аргаар 13.020.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Д.Отгоннэргүйгийн “...Хандивын ангид хүүхэд оруулахад төлбөрөөсөө гадна 5.000.000 төгрөг болно гэж байна гэхээр нь зөвшөөрөөд хүүхдээ хандивын ангид оруулахаар болсон. Тэгээд 2015 оны 5 дугаар сарын 9-нд 5.000.000 төгрөг бэлнээр аваад буухдаа та хоёр гэртээ хариад байж бай би уулзчихаад орой утсаар хариуг чинь өгнө гэж хэлсэн. Тэгтэл орой залгахгүй болохоор нь маргааш нь ярихад санаа зоволтгүй хүүхэд чинь асуудалгүй орно гэсэн. 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Л.Лхамжав залгаад танай хүүхдийг 5.000.000 төгрөг биш, 3.500.000 төгрөгөөр оруулахаар болсон. Одоо 1.500.000 төгрөг нь байгаа, 2.700.000 төгрөг өгөөд сургалтын төлбөр нь бүрдэх юм байна гэсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр баярлаад ээжийнхээ байшин барих гэж байсан мөнгөнөөс нь 2.700.000 төгрөг зээлээд Л.Лхамжавт Боловсролын яаман дотор өгсөн. Тэгээд нөхөр бид хоёроор хүүхдээ 3.500.000 төгрөгөөр орос 3 дугаар сургуульд оруулахыг зөвшөөрч байна гэсэн утгатай өргөдөл бичүүлж аваад үлдсэн. Ингэж уулзаж байхдаа Л.Лхамжав нь нөхөр бид хоёрт хандаж явган хүний зам хийх тендер авчихсан бөгөөд хамтран ажиллах хүмүүс хэрэгтэй байна та хоёр ажиллахгүй юм уу гэхээр нь тодруулж асуухад нийт хийсэн ажлын 25-30 хувь шууд ашиг болно. Та хоёр надаас ажил авмаар байвал худалдан авах гэрээ хийгээд 3.000.000 төгрөг өгчих гэхээр нь 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 1.500.000 төгрөг бэлнээр өгөөд ямар нэгэн гэрээ хийгээгүй. Тэгээд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 1.500.000 төгрөгийг нэмж өгөхөд энэ ажил 2015 оны 7 дугаар сарын 7-ноос эхлэнэ гэхээр нь бид хоёр бас итгээд хүлээж байтал танай нөхөр вакум цонх хийдэг гэсэн үү “вакум цонх хийх ажил байна” гэхээр нь “ямар учиртай ажил байгаа юм бэ” гэхэд “Макс группын эмнэлгийн цонх хийх ажил байгаа” ажлын гэрээг худалдан авахад 3.500.000 төгрөг болно. Ажил эхлэх хүртэл дансанд 1.100.000 төгрөг байршуулна гэж байна энэ мөнгийг ажил эхлэхээр буцаан олгоно гэхээр нь итгээд дансаар 1.100.000 төгрөг шилжүүлэхэд хэд хоногийн дараа бичиг баримт бүрдүүлэхэд 205.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь бас дансаар нь явуулахад 2015 оны 9 дүгээр сард ажил эхлэнэ гэсэн. Л.Лхамжав хэлэхдээ боловсролын яамнаас урилга нь ирээгүй байна, удахгүй урилга ирэхээр нь хичээлдээ явна гэхээр нь хүлээсээр байгаад сүүлдээ аргаа бараад цагдаад хандсан...” /4-р хх-14-15/,

Гэрч Г.Уламбаярын “...Л.Лхамжав нь эхнэр, бид хоёроос Боловсролын яаманд хүнтэй уулзах гэж байна, одоо удахгүй хүүхдийн чинь тушаал гарах гэж байна гэх зэргээр худал хэлээд 2015 оны 5 дугаар сарын 9-нөөс 2015 оны 5 дугаар сарын 18-ны хооронд нийт 8.312.000 төгрөг, түүнээс гадна явган хүний замын хавтан хийх ажил болон вакум цонхны ажил олж өгнө гэж худал хэлж 4.708.000 төгрөгийг авсан…” /4-р хх-18/,

Л.Лхамжав өгсөн тайлбартаа: “Би уг мөнгийг Боловсролын яаманд ажилладаг Баянзул гэдэг хүнд өгсөн. Гэхдээ дундаас нь нэг ч төгрөгийн ашиг хонжоо хараагүй...” /4-р хх-7/ зэрэг нотлох баримтуудаар,

9. 2015 оны 9 дүгээр сарын 2-ноос 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд иргэн С.Баянзулд “гурилын үйлдвэрийн лиценз авч өгнө” хэмээн итгэл төрүүлж, хуурч мэхлэх аргаар 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч С.Баянзулын “...2015 оны 9 дүгээр сард Л.Лхамжав гурилын лиценз сонирхоод байсан билүү би Татварын ерөнхий газарт байцаагч хийдэг юм аа чиний наад лицензийг чинь гаргаад өгч чадна нийт 2.500.000 төгрөг болно. Урьдчилгаа 300.000 төгрөг өгчих гэхээр нь зөвшөөрөөд 2015 оны 9 дүгээр сарын 2-нд 300.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгтэл 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр урьдчилгаа мөнгө чинь хүрэлцэхгүй байна яаралтай 400.000 төгрөг над руу шилжүүл гэхээр нь Л.Лхамжавын Голомт банкны 3455102002 дугаартай дансруу 400.000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр “лиценз чинь бэлэн болчихсон байна 200.000 төгрөг явуул” гэхээр нь зөвшөөрөөд Хас банкы 3455102002 дугаар данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл маргааш нь буюу 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр “үлдэгдэл 1.590.000 төгрөгөө өгөөд лицензээ ав гэж байна үлдэгдэл мөнгөө шилжүүл” гэхээр нь итгээд Л.Лхамжавын 3455102002 дугаартай данс руу 1.490.000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл 100.000 төгрөгийг нь би гар утсаараа шилжүүлсэн. Тэгтэл түүнээс хойш “Лицензийг чинь маргааш өгнө, нөгөөдөр өгнө” гэж хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүргэсэн бөгөөд сүүлдээ мөнгийг чинь эргүүлж өгнө гэж хэлээд өгөхгүй зугтаагаад байсан. Тэгтэл 2015 оны 09 сарын дундуур Д.Отгоннэргүй гэх эмэгтэй миний утас руу залгаад надтай уулзъя гээд байхаар нь зөвшөөрөөд уулзахад Л.Лхамжав нь миний нэрийг бариад Д.Отгоннэргүй гэх хүнд намайг Боловсролын яаманд ажилладаг хүн байгаа юм танай хүүхдийг Орос 3 дугаар сургуульд оруулж өгнө гэж хэлээд мөнгө гаргуулж авсан байсныг мэдсэн…” /4-р хх-16-17/ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

10. 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Б.Урангоод “хүүхэд сургуульд оруулна” гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар 704.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Б.Урангоогийн “...2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Л.Лхамжав надаас хүүхдээ сургуульд оруулах гэсэн чинь 15.000.000 төгрөг хэрэг болоод байна, мөнгө зээлээч гээд 250.400 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд удалгүй 16 цагийн орчимд дахиад 150.000 төгрөг зээлээч гэхээр данс руу шилжүүлсэн. Тэгээд 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зээл яг бүтэх гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна гээд 300.000 төгрөг шилжүүлээд өг гэхээр нь 3455102002 гэсэн дансанд шилжүүлсэн. Тэгээд өдөр болгон зээл бүтэх гэж байна маргааш яг болно, маргааш мөнгөө өгнө гэж хуурсаар одоог болтол өгөхгүй байна...” /4-р хх-83/ гэх мэдүүлэг,

Л.Лхамжав өгсөн тайлбартаа: “...Б.Урангоогоос зээл авах ажилд зориулж 400.000 төгрөг, 300.000 төгрөг тус тус аваад өгч чадаагүй...” /4-р хх-59/ гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс Л.Лхамжавыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хуурч мэхлэн, залилж онц их хэмжээний хохирол учруулсныг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Л.Лхамжавын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулжээ.

Харин хохирогч О.Дүүрэнжаргалаас “хамрын гажигийг засуулж өгнө” гэж (500 доллар  /704.900 төгрөг/, 700.000 төгрөг) 1.404.900 төгрөг авсан байхад яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд 2.000.000 төгрөг гэж буруу тооцсон байх ба Л.Лхамжав нийт 10 удаагийн үйлдлээр бусдад 39.398.900 төгрөгийн хохирол учруулсан нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “үлэмж хэмжээний хохирол”-д тооцогдохоор байна.

Иймд Л.Лхамжавт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжид нийцэж байх ба бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байна.

Иймд ялтан Л.Лхамжав, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор нарын гаргасан “...хэргийг дахин шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн ялтан Л.Лхамжав нь 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 6-н өдөр хүртэл 213 хоног, 2014 оны 10 дугаар сарын 22-ноос 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 174 хоног, 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 126 хоног, 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 72 хоног буюу нийт “585” хоног цагдан хоригдсон байхад “559” хоног гэж буруу тооцсоныг зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолын:

1 дэх заалтын “Их монгол овогт Лхагваагийн Лхамжавыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хуурч мэхлэн, залилж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг, “Их монгол овогт Лхагваагийн Лхамжавыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгийг  шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Их монгол овогт Лхагваагийн Лхамжавыг 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Лхамжавыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Лхамжавт оногдуулсан 11 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Лхамжавт оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Л.Лхамжавын цагдан хоригдсон 559 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.Лхамжавын цагдан хоригдсон 585 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.” гэж,

5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л.Лхамжаваас 39.694.000 төгрөгийг гаргуулж, ...хохирогч О.Дүүрэнжаргалд 2.000.0000 төгрөг” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л.Лхамжаваас 39.398.900 төгрөгийг гаргуулж, ...хохирогч О.Дүүрэнжаргалд 1.404.900 төгрөг” гэж тус тус өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан Л.Лхамжав, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

 

                                                                                    Н.БАТСАЙХАН