| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2536000030073 |
| Дугаар | 2026/ХШТ/03 |
| Огноо | 2025-12-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2026/ХШТ/03
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ц.Оч, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 52 дугаар магадлалтай Б.Х-т холбогдох 2536000030073 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Х
Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүнд 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 394,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-т олгож, цагдан хоригдсон 18 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэсэн байна.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Шийтгэх тогтоол, магадлалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.
... Шүүгдэгч Б.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос уучлалт гуйж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч гомдол, саналгүй байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр шүүгдэгч Б.Х-т 2 жил хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Б.Х-т хуульд заасан ял хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх боломж байхад анхан шатны шүүх түүний эрх зүйн байдлыг дордуулан ял оногдуулсанд гомдолтой байна.
Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х бидний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн...
Иймд хяналтын шатны шүүх шийтгэх тогтоол, магадлалд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч Б.Х-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг багасгасан өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Х нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн боловч хууль хэрэглэхдээ техникийн болон шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн стандартыг зөрчжээ.
Нэг гэмт хэргийн хэд, хэдэн хүндрүүлэх шинжээр үйлдсэн тохиолдолд хамгийн хүндээр нь нэг удаа зүйлчлэх талаар хууль хэрэглээний практик тогтсон байхад прокуророос шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь буруу бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөлгүй, тус тусад нь гэм буруутайд тооцож хууль хэрэглээний алдаа гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.
Энэ талаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-аар дэлгэрүүлэн тайлбарласан байдаг. Тийм учраас дээрх үндэслэлийг хяналтын шатны шүүх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй.
Харин шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гомдол гаргасан боловч хэрэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээс өөрөөр хохирлоо төлөхөө илэрхийлсэн бодитой баримт байхгүй, хэрхэн ойлгож хэрэглэх талаар хууль хэрэглээний жишиг тогтсон болно. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журам нь шүүхэд эрх олгосон заалт тул хоёр шатны шүүх дээрх журмыг хэрэглээгүйг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хууль буруу тайлбарлаж хэрэглэсэнд хамаарахгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Б.Х-т холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Хэргийн талаар хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгч Б.Х нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн ..... сумын ..... багийн ..... тоот хаягт оршин суудаг Б.О-ын гэрт түр хугацаанд амьдарч байхдаа автомашины 2 ширхэг зай хураагуур, 1 ширхэг өргөгч багаж зэргийг нууцаар, хууль бусаар авсан, мөн оны 11 дүгээр сард “....” багийн .... тоотод оршин суудаг Ж.Г-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч ангийн зориулалттай Тоз-8 бууны 7 хайрцаг /350 ширхэг/ сумыг авсан хэргийн үйл баримтууд нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
3.Прокуророос шүүгдэгч Б.Х-ын дээрх хоёр удаагийн үйлдлийг тус тусад нь ялгаж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч үйлдсэн гэх хүндрүүлэх шинжтэй хэмээн давхар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан нийгэмд аюултай гэм буруутай нэг төрлийн үйлдэл, эс үйлдэхүйг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээнд тогтсон ойлголт юм.[1]
Нийтлэг болон тусгай давталтын шинж нь тухайн төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болж хуульчлагдсан тохиолдолд түүгээр нь зүйлчлэх, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэх учиртай.
Хулгайлах гэмт хэргийн хувьд “байнга үйлдэх”-ийг хүндрүүлэх шинжид тооцсон нь тусгай давталттай болохыг тодорхойлж өгсөн бөгөөд энэ тохиолдолд гэмт этгээдийн давтан үйлдлүүдийг нэгтгэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болдог.
Шүүгдэгч Б.Х-ын хоёр удаагийн хулгайлах үйлдэл нь тусгай давталтын шинжид хамаарах учир аль хүнд шинжид нь багтаан зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцэхээс гадна хууль зүйн ойлголт, түүнд тавигдах шаардлагыг хангана.
Анхан болон давж заалдах шатны шүүх хулгайлах гэмт хэргийн хүнд зүйл болох Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь зөв боловч зүйлчлэлийг нэгтгээгүй нь хууль хэрэглээний алдаа болсон бөгөөд үүнийг хяналтын шатны шүүхээс залруулснаар шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй тул тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулав.
4.Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж хуульчилсан нь аливаа гэмт хэргээс хэн ч ашиг хүртэх ёсгүй гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, улсын орлого болгох нь шүүхэд үүрэг болгосон, заавал хэрэглэх ёстой хэм хэмжээ болно.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Х нь хулгайлах гэмт хэргийн замаар бууны 350 ширхэг сум олж авч бусдад худалдан борлуулсан байх ба хохирогч сумны үнийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сумны үнэлгээ болох 560,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгээс “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгаар гомдол гаргажээ.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг барагдуулсан зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эсхүл чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд заавал хэрэгжүүлэх ёстой үүрэг болгосон зохицуулалт биш тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаардаггүй.
Гэвч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, оногдуулах эрүүгийн хариуцлагыг дээрх үндэслэлээр хөнгөрүүлэх талаар хэргийн оролцогчийн саналд хууль зүйн дүгнэлт өгөх нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага юм.
Шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын хамгийн доод хэмжээ болох хоёр жил хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв. Түүний хувьд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх шаардлагыг хангаагүй тул шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Х-т холбогдох Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад нэгтгэн зүйлчилсүгэй”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-аас 560,000 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай” гэсэн нэмэлт заалтууд оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
М.ПҮРЭВСҮРЭН
Ч.ХОСБАЯР
[1] Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар тогтоол