Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 459

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Р.Э, Б.М

Хариуцагч: ТНБД

Нэхэмжлэлийн шаардлага: “Р.Э, Б.М нарыг ажлын байраар хангахгүй байгаа Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Р.Э урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын Хоршоо хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн /ТЗ-7/-ийн албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар Б.М урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйдвэрийн хөгжлийн газрын Жижиг дунд үйлдвэрийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн /ТЗ-7/-ий албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар тус тус хангахыг даалгуулах, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Э, Б.М нар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Р., Б.М нар нь 2014 онд Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Яамдын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 382 дугаар тогтоолоор Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдаж, Хөдөлмөрийн яамны чиг үүрэг Аж үйлдвэрийн яаманд шилжсэн.

Бидний ажиллаж байсан Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газар нь чиг үүрэг шилжсэнтэй холбоотойгоор орон тоо цалингийн сангийн хамт Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Шилжүүлэх тухай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Аж үйлдвэрийн яаманд шилжсэн билээ. Энэхүү тушаалын хавсралтаар тус газрын 14 албан хаагчийг орон тоо, цалингийн сангийн хамт шилжүүлсэн чиг үүрэг нь хэвээр байсаар атал нэхэмжлэгч нарыг өнөөдрийг хүртэл албан тушаалд нь ажиллуулахгүйгээр бидний эрхийг ноцтой зөрчсөөр байна.

Бид энэ тушаал гарснаас хойш Аж үйлдвэрийн яам, Төрийн өмчийн хороо, Төрийн албаны зөвлөлд ажлын байраар хангуулахаар удаа дараа хандаж байсан боловч бидний асуудлыг шийдвэрлэхгүй байсаар өдийг хүрсэн. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 214 дүгээр албан бичгээр Аж үйлдвэрийн сайдад хандан бидний ажлын байр, орон тоо, цалингийн сан байгаа учир ажлын байраар хангах ажиллуулахыг, Төрийн өмчийн хорооны 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16/944 дүгээр албан бичгээр мөн ажлын байраар ханган ажилууллахыг тус тус мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Тиймээс бид дахин Төрийн албаны зөвлөлд хандан Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байраар хангахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгохоор гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 202 тоот албан бичгээр бидний асуудлыг шийдэх боломжгүй гэсэн хариу өгсөн учир тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн орон тоо, чиг үүрэг хэвээр байгаа нөхцөлд уг ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллах эрхтэй бөгөөд яамдын бүтэц өөрчлөгдөж нэг яамнаас нөгөө яаманд шилжсэн боловч орон тоо, цалингийн сан хэвээр байсаар байтал хууль бусаар ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйн улмаас тангараг өргөсөн төрийн албан хаагчдын эрх зөрчигдсөөр байна.

Иймд Р.Э, Б.Мнарыг ажлын байраар хангахгүй байгаа Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Р.Эрдэнэсайхныг урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын Хоршоо хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн /ТЗ-7/-ий албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраарБ.Мийг урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын Жижиг дунд үйлдвэрийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн /ТЗ-7/-ийн албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар тус тус хангахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Б.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн яамны зохих нэгжид хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаад 2015 оны 05 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдөөд, төрийн албаны шалгалт өгч сонгон шалгаруулалтад орж тэнцэж, ажил олгогч яам болон Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар болон бусад газруудаар хүргэгдсэн байгаа. Туршилтын хугацаа 3 сар гэдгийг хариуцагч тал зөвшөөрч байгаа. 2015 оны 06 дугаар сард туршилтын хугацаа тогтоогдож ажиллаад, 2015 оны 12 дугаар сарын эхээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөх хүртэл, Хөдөлмөрийн яамны зарим чиг үүрэг Аж үйлдвэрийг яам руу шилжих хүртэл Б.М нь ажил үүргээ хэвээр гүйцэтгэсэн. Туршилтын хугацаа дууссанаас хойш үргэлжлүүлэн ажиллуулсан байна. Ингэж ажиллуулсан нь ерөнхий болон тусгай  шаардлагыг хангаж байсан учраас ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ хугацаанд төрийн жинхэнэ албан хаагч болох эсэх ньБ.Мөөс өөрөөс нь шалтгаалахгүй. Учир нь ажил олгогч яам бие даан шийдвэрлэх юм. Туршилтын хугацаанаас цааш үргэлжлүүлэн ажиллуулж байсан нь шаардлага хангаж байсан гэж үзэх үндэслэлтэй юм.  

Хэргийг өмнө нь шийдвэрлэсэн хуралдаанд оролцож байх үед хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэлэлцэж эхлэх үед Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 81 дугаар тогтоол гараагүй байсан. Тус тогтоолоор зарим яамны чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүнийг томилсон байна. Үүнээс үзэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бүтэц бүрэлдэхүүн, орон тооны хязгаар нь 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхэлсэн. Тийм учраас Хариуцагчийн тайлбарлаж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлагчаар орох үед Аж үйлдвэрийн яамнаас шилжүүлсэн нэр бүхий албан хаагч томилсон гэж байгаа нь хууль зөрчсөн байгаа юм. Хэрэв 81 дүгээр тогтоол гараагүй байсан учраас ямар бүтэц бүрэлдэхүүнтэй, ямар чиг үүргийг хэрэгжүүлэх вэ гэдэг нь тогтоогдоогүй байсан учраас томилох боломж байхгүй юм. Хэрэв үнэхээр томилсон байсан бол бүтэц бүрэлдэхүүн тогтоох хүртэл хүчинтэй байх боломжтой гэж хариуцагч тайлбарлаж болох хэдий ч хуульд тийм зохицуулалт байхгүй юм. 

Өмнөх хойшилсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар ажлын байрны тодорхойлолтыг 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу сүүлд батлагдсан. Гэтэл албан хаагчдыг томилсон нь хууль бус юм. 11 дүгээр сард ажлын байрны тодорхойлолт гараад, хүмүүсийг албан ёсоор томилох үед шүүхийн шийдвэр гарсан байсан бөгөөд түүнийг биелүүлэх боломжтой байсан атал биелүүлээгүй. Учир нь өмнөх шүүх хуралдаан 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гарсан. 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл байгаа түүнд нэхэмжлэгч нарыг тавигдах шаардлагыг хангаагүй гэдэг.  

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар тухайн албан тушаалтныг сонгон шалгаруулж аваад ажлын байрны тодорхойлолт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянуулсан дүгнэлтийн дагуу томилдог. Гэтэл 2016 оны 08 дугаар сард хянуулаагүй байдаг. 

11 дүгээр сард ажлын байрны тодорхойлолт гарч, хянуулаад томилсон байдаг. Томилсон процедур нь сүүлд байсан. Хэрэв сүүлд гэж үзвэл хэргийг шүүх шийдвэрлэсний дараа буюу бүх зүйлийг мэдсэний дараа 2 нэхэмжлэгчид зориулаад, тэдгээрийг ажилд авахгүй байхын тулд өөрсдийн шаардлагыг хангахгүй байхаар ажлын байрны тодорхойлолтыг зохиосон байх үндэслэлтэй юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. 

Учир нь нэхэмжлэгч нарын хувьд анх ажилд орж байгаа хүмүүс биш юм. Өмнө нь төрийн албаны зохих шаардлагыг ханган ажиллаж байсан бөгөөд өмнө нь ажиллаж байсан албан тушаалд ажиллах гэж байгаа болохоос шинээр ажилд орж байгаа биш юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байгаа тул хангаж өгнө үү“ гэв. 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нар нь 2014 онд яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан. Тус газар 2014 оны 12 дугаар сарын 15-ны Яамдын бүтэц орон тооны хязгаар батлах тухай 82 дугаар тогтоолоор Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдаж, тус яам руу Хөдөлмөрийн яамны зарим чиг үүрэг шилжсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор  нэхэмжлэгч нарын ажиллаж байсан Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын чиг үүрэг нь Аж үйлдвэрийн яам руу шилжсэнтэй холбоотойгоор уг газрын албан хаагчдыг орон тоо, цалингийн сангийн хамт Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын  2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар шилжсэн байдаг. 

Тус тушаалын хавсралтаар 14 албан хаагчийн орон тоог цалингийн сангийн хамт Аж үйлдвэрийн яам руу шилжүүлээд, чиг үүрэг нь хэвээр үлдээсэн атлаа үргэлжлүүлэн ажиллуулахгүй байлгаж, нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчсөн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Аж үйлдвэрийн яам татан буугдаж, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газар нь орон тоо, цалингийн санг, чиг үүргийн хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам руу шилжсэн юм. Тийм учраас эрх залгамжлагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцагчаар орж байгаа. 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь өнөөдрийг хүртэл төрийн албан хаагчаар ажиллаж байсан хүмүүсийн хувьд төрийн албаны хуульд заасан баталгаа болон нэмэлт баталгаагаар хангагдах ёстой. Үүний дагуу төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн тохиолдолд томилох эрх бүхий этгээд шийдвэр гаргах ёстой атал өнөөдрийг хүртэл шийдвэр гаргаагүй бөгөөд эдгээр хүмүүсийг хуульд заасан журмын дагуу ажлын байраар хангахгүй байгаа эс үйлдэхүй үргэлжилж байгаа. 

Иймд, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг эрх залгамжлагчаар 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхээс эрх залгамжлагчаар татсан нь хэрэгт авагдсан байгаа. Засгийн газрын бүтцийн өөрчлөлт нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр болсон бөгөөд үүгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Аж үйлдвэрийн яамнаас Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Худалдааны хэлтэс гэсэн 3 нэгж шилжиж ирсэн.  Улмаар холбогдох албан хаагчдыг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр албан тушаалд нь томилсон. Үүнээс хойш 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхээс эрх залгамжлагчаар татсаны дагуу оролцож эхэлсэн байгаа. 

Нэхэмжлэгч нарыг Аж үйлдвэрийн яаманд ажилд томилуулахаар шүүхээр явж байсан талаар мэдээгүй бөгөөд холбогдох албан тушаалтнуудыг томилсон байсан. Улмаар 08 дугаар сарын 26-ны өдөр итгэмжлэлээ аваад 09 дүгээр сараас эхэлж хэргийн процесст оролцож байгаа. 

Р.Э нь Хөдөлмөрийн яаманд хоршоо, хөгжлийн асуудал хариуцаж байсан гэдэг. Гэтэл Аж үйлдвэрийн яаманд хоршоо, хөгжлийн асуудал хариуцсан албан тушаал батлагдаагүй учраас түүнийг ажилд томилоогүй бөгөөд Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 6 сарын тэтгэмж олгосон. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа учраас түүнийг ажилд аваагүй нь үндэслэлтэй гэж үзэж байна. 

Хөдөлмөрийн яаманд 3 сарын туршилтын хугацаагаар томилогдсон, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, тушаал гараагүй байгаа юм. Шилжүүлэх тухай Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 62 дугаар тушаалаар Аж үйлдвэрийн яам руу шилжүүлсэн байдаг. 

Б.М аж үйлдвэрийн яаманд ажиллуулаагүй байдаг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өмнө нь гарсан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс түүнийг томилохоор Авлигатай тэмцэх газарт хандахад тэрээр хувийн хэрэг, материалаа авч ирсэн. Өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах үед нэхэмжлэгч нар өөрсдийн материалыг шүүхэд гаргаж өгөөгүй. Шүүхээс Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийг яаманд хандсан боловч тус яамдууд тэдгээр баримтууд байхгүй талаар албан бичгээр хариу өгсөн байдаг. 

Б.М хувийн хэрэг нь 2016 оны 12 дугаар сарын өөрөө томилогдохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл гаргахдаа хувийн хэргийг өөрөө авч ирсэн. Тэгэхэд нийгмийн ажилтан мэргэжилтэй гэдгийг мэдсэн. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн боловч Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн мэргэжил, мэргэшлийн дагуу томилохыг анхааран үзсэн байсан. Нийгмийн ажилтан мэргэжилтэй хүн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд томилогдож ажиллах боломжгүй. Тус яамны албан хаагчид нь ажлын байрны тодорхойлолтод мэргэжлийг нь заасан байдаг. Энэ нь 2016 оны 11 дүгээр сард батлагдсан байсан бөгөөдБ.М 12 дугаар сард хувийн хэргээ авч ирэхэд нь нийгмийн ажилтан гэдгийг мэдсэн. 

Яамны эрх зүйн байдлын тухай хууль нь бүхэлдээ сайд, Төрийн нарийн бичгийн даргад мэргэжлийн зөвлөгөө өгч байх үүрэгтэй байдаг. Гэтэл нийгмийн ажилтан мэргэжилтэй хүн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр зөвлөмж зөвлөгөө өгч ажиллах боломжгүй гэж үзэж байгаа. Улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон учраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрийг дахин хянуулсан байгаа. 

 Б.М нь мөн туршилтын хугацаагаар томилогдон ажилласан бөгөөд мөн төрийн жинхэнэ албан хаагч гэж томилсон шийдвэр байхгүй, тангараг өргөөгүй байдаг. Энэ нь Төрийн албаны зөвлөлөөс баталсан туршилтын хугацаагаар ажиллуулах болзол журамд заасан шаардлагыг хангахгүй байгаа. Тус журамд төрийн албан хаагчаар анх орсон иргэн туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж, ажлаа дүгнүүлсний дараа эрх бүхий албан тушаалтны шийдвэр  гарч, томилогдож, тангараг өргөснөөр төрийн жинхэнэ албан хаагч болно гэсэн байдаг. 

Р.Э хувьд ажлын байр нь байхгүй болсон учраас томилоогүй нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Мөн тэтгэмжийг нь олгосон учраас нэмэлт баталгаагаар хангагдсан гэж үзэж байна. Мөн туршилтын хугацаагаар томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч биш учраас нэмэлт баталгаагаар хангагдах ёсгүй гэж үзэж байна“ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч Р.Э ,Б.Мийн нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нар нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд “Р.Э, Б.Мнарыг ажлын байраар хангахгүй байгаа Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Р.Эг урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрийн газрын хоршоо, хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтний,Б.Мийг мөн газарт урьд эрхэлж байсан жижиг, дунд үйлдвэрийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалтай тус тус дүйцэхүйц ажлын байраар хангахыг даалгах, Р.Э, Б.М нарын ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх ” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор яамдын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн баталсантай холбогдуулан Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б/62 дугаар тушаалаараа  Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын Хоршоо хөгжлийн асуудал хариуцсан Р.*******, Жижиг дунд үйлдвэрийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.М нарын нэр бүхий төрийн албан хаагчдыг шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлсэн байна.

Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны 03 дугаар тушаалаар тус яамны жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг 10 орон тоотой байхаар тогтоож , Р.Э, Б.М нарыг орон тоо цомхтгогдсон гэсэн үндэслэлээр ажлын байраар хангахаас татгалзаж, тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргад 03/30 тоот албан бичгийг хүргүүлсэн байна.  

Нэхэмжлэгч нарын эрхэлж байсан ажлын байр цомхтгогдсон гэх боловч Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн газарт Хөдөлмөрийн яамнаас шилжүүлсэн албан хаагчдаас 5 албан хаагчийн ажилд томилж, Эдийн засгийн хөгжлийн яамнаас шилжүүлсэн 3, аль нэг яамнаас шилжиж ирээгүй нэг албан хаагчийн томилон ажиллуулж байсан нь Монгол Улсын төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгч нарын гомдлыг хянан шалгах явцад тодорхой болжээ.  

Мөн нэхэмжлэгч Р.Э эрхэлж байсан “Хоршоо хөгжлийн асуудал хариуцсан  мэргэжилтэн Б.М өмнө эрхэлж байсан “Жижиг дунд үйлдвэрийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байрны чиг үүрэг нь орон тоо, цалингийн сангийн хамт Аж үйлдвэрийн яаманд, улмаар Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжсэн болох нь уг тогтоолын “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг баталсан 7 дугаар хавсралтын 2.6.7.1-д “жижиг дунд үйлдвэр, хоршооны хөгжлийг тогтворжуулах, санхүү, хөрөнгө оруулалтын эс үүсвэрийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, зах зээлийг өргөжүүлэх, бодлогын хэрэгжилтийг зохицуулах” гэж стратегийн зорилтыг тодорхойлсноор тогтоогдож байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч нарын ажлын байрны тодорхойлолтууд аль ч яамны архивт хадгалагдан үлдээгүй боловч тэдний Хөдөлмөрийн яаманд ажиллаж байхдаа байгуулсан “Үр дүнгийн гэрээ”, илтгэх хуудас, мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/01 тушаалаар  тус яамны жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт “Жижиг, дунд үйлдвэр, хоршооны санхүүгийн хүртээмж, хөнгөлөлттэй зээл, зээлийн нэр төрөл, хүү, даатгалын асуудал хариуцсан гүйцэтгэх албан тушаал”, “Жижиг дунд үйлдвэр, хоршооны экспорт, маркетинг, менежментийн асуудал хариуцсан гүйцэтгэх албан тушаал”, “Жижиг, дунд үйлдвэр, хоршооны судалгаа, бүртгэл сургалтын асуудал хариуцсан гүйцэтгэх албан тушаал” гэсэн орон тоог баталсан зэргээс үзвэл нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “нэхэмжлэгч нарын ажиллаж байсан орон тоо хасагдаагүй, яамны бүтэц, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.2-т “... Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” баталгааг хуульчилсан байна. 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, Засгийн газрын бүтэц ойрхон хугацаанд дахин дахин өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл мөн болохгүй гэж үзэхээр байх ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн жинхэнэ албан хаагчийн хангагдах баталгааг үргэлжлүүлэн ажиллуулах, цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаа олгох” гэсэн дарааллаар хэрэглэх нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хангах үндэс суурь нь болох учиртай. 

Гэтэл Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “10 орон тоотойгоор байгуулагдсан. ...Хөдөлмөрийн яамнаас шилжүүлсэн 12 албан хаагчаас 7 албан хаагчийг шилжүүлэн авч үлдсэн 5 албан хаагчид тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэхийг Хөдөлмөрийн яаманд мэдэгдсэн” гэж тайлбарласан боловч уг 5 албан хаагчийг ямар шалтгаанаар томилоогүй шалтгааныг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, “сонгон шалгаруулалт хийсэн тухай баримт байхгүй” , нэхэмжлэгч нарыг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр гараагүй байна.

Дээрхээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч нар нь Аж үйлдвэрийн яам, Төрийн албаны зөвлөл, Төрийн өмчийн хороонд ажлын байраар хангуулахаар удаа дараа хандсаар байхад хариуцагч ажлын байраар хангаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ... эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...”, 27.2.4 “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, ...” гэж заасны дагуу дагуу олгогдсон баталгаагаар хангаагүй Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдож байх тул үр дагаварыг эрх залгамжлагч хариуцах нь зүйтэй байна

Нэхэмжлэгч Б.М ийн тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Б.Мнь түр тушаалаар томилогдсон, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй тул нэмэгдэл баталгаагаар хангагдах үндэслэлгүй” гэж тайлбарлан маргаж байх боловч Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар  Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшүүлэн ирүүлсэн тул “Б.*******ийг Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газарт Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хэлтсийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн”-ээр 3 сарын туршилтын хугацаагаар томилон ажиллуулсан байх бөгөөд уг туршилтын хугацаа дууссан байхад түүнийг чөлөөлөх, эсхүл жинхлэн томилох тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргаагүйдБ.Мийг буруутгах боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч нар нь “ажлын байраар хангахгүй байгаа Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй”-д холбогдуулан Төрийн албаны зөвлөл болон шүүхэд маргаж байх үед тэдний эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Б.Мнь нийгмийн ажилтан мэргэжилтэй тул манай байгууллагад түүний мэргэжилд тохирох албан тушаал байхгүй, Р.Э Бодлого төлөвлөлтийн газрын хөнгөн үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохоор Авлигатай тэмцэх газраас дүгнэлт гаргуулсан. Уг албан тушаалд томилох гэж байтал шүүхийн шийдвэр хүчингүй болсон тул томилоогүй. Одоо уг албан тушаал дээр өөр хүнийг томилон ажиллуулж байгаа” гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах боломжгүй. 

Харин хариуцагчаасБ.Мийг Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын байрны шаардлагыг хангахгүй байна гэж үзвэл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн үр дагаварыг арилгасны үндсэн дээр дахин шийдвэрлэх боломжтой юм. 

Иймд Р.Э, Б.М нарын “... ажлын байраар хангуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Р.Э ажилгүй байсан 2014 оны 12 дугаар сарын 13-аас 2017 оны 06 дугаар сарын 12-ныг хүртэлх ажлын 2 жил, 6 сарын цалин хөлс болох 18 332 458 төгрөгөөс тэтгэмжид олгосон 3 764 790 төгрөгийг,Б.Мийн ажилгүй байсан мөн хугацааны цалин хөлс болох 16 365 076 төгрөгөөс тэтгэмжид олгосон 3 547 308 төгрөгийг тус тус хасч Р.*******д 14 567 668 төгрөгийн,Б.Мд 12 817 768 төгрөгийн олговорыг олгох нь зүйтэй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4-дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.2, 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Э, Б.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын /хуучин нэрээр/ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Р.Э, Б.М нарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжил, мэргэшлийн дагуу, ажлын байр /албан тушаал/-аар хангахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Р.Э ажилгүй байсан хугацааны олговор болох 14 567 668 /арван дөрвөн сая таван зуун жаран долоон мянга зургаан зуун жаран найман/, Б.М 12 817 768/ арван хоёр сая найман зуун арван долоон мянга долоон зуун жаран найман/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Э улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан Р.Э олгосугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.МӨНХЗУЛ