| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00815/И |
| Дугаар | 184/ШШ2016/01563 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2016/01563
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 02-р хороо, 11 байр 106 тоотод оршин суух, эмэгтэй, НУ89032020 регистрийн дугаартай, Очирзоригт овогт Нямсүрэнгийн Эрдүүжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүн баян уулын 22-10 тоотод байрлах, “Баян бүрд жаргал” ЗБН-Д холбогдох
20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Эрдүүжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний өвөөд өвөг дээдсээс нь үе дамжин надад өвлөгдөж ирсэн шүрэн толгойтой зааны ясан халбага бүхий дунд гарын цагаан хаш үнэт хөөргийг миний нагац эгч Янжиндолгор тус ломбарданд тавиад авах гэсэн боловч тэнэг мангуугаар нь далимдуулан уг ломбард нь сунгах, авах бичигээ хаясан гэх шалтгаанаар дахин сунгахгүй, өгөхгүй гэж хөөж айлгаад гаргасны улмаас эгч маань хөөргөө авч чадаагүй. Мөн асран хамгаалагчийнх нь утас байсаар байтал мэдэгдээгүй хуульд зааснаар гэрийн хаягаар мэдэгдэл хүргүүлээгүй очоогүй, дуудлага худалдаанд оруулаагүй бусдын үнэт зүйлийг дур мэдэн худалдан борлуулсан гэх тул тус ломбарднаас 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Эрдүүжаргал нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний нэхэмжлэлийн шаардлага болох хаш хөөргийг хариуцагч “Баян бүрд жаргал” ЗГБХ нөхөрлөл нь бусдаас сураглан олж өгсөн болно. Би хариуцагчид төлөөгүй үнэ болох 100 000 төгрөг, 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сар хүртэл төлөөгүй хүү болох 402 000 төгрөг, нийт 502 000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн.
Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Бидний зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаж байгаа хаш хөөргийг хүнээс сураглан олж өгсөн ба нэхэмжлэгч нь барьцааны эд зүйлийн үнэ болох 100 000 төгрөг, 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 өдрийг хүртэл төлөөгүй хүү болох 402 000 төгрө, нийт 502 000 төгрөг хүлээлгэж өгсөн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Эрдүүжаргал нь хариуцагч “Баян бүрд жаргал” ЗБН-д холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
“Баян бүрд жаргал” ЗБН нь 2011 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр З.Янжиндолгортой барьцаалэн зээлдүүлэх үйлчилгээний гэрээ байгуулан шүрэн толгойтой хаш хөөргийг барьцаалж 100 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 3852 тоот гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч 20 000 000 төгрөгийн нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан барьцааны зүйл болох шүрэн толгойтой хаш хөөргийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч Н.Эрдүүжаргал нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу төлбөл зохих 502 000 төгрөгийг төлсөн байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Зохигч эвлэрлийн гэрээ байгуулж гэрээний дагуу эд зүйлс болон мөнгийн харилцан хүлээлгэн өгсөн байгаа ба шүүгчийн захирамжийн дагуу хүлээлгэн өгөх зүйлс байхгүй боловч гэрээ байгуулсан байгаа тул гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Н.Эрдүүжаргалын нэхэмжлэлтэй “Баян бүрд жаргал”ЗБН-д холбогдох 20 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд хариуцагч нь 20 000 000 төгрөгийн үнэ бүхий барьцааны зүйл болох шүрэн толгойтой хаш хөөргийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу төлбөл зохих 502 000 төгрөгийг төлсөн тул зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчаас 128 975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ