Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 869

 

 

 

 

 

 

     2019          10         17                                      2019/ШЦТ/869

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Шүүгдэгч: Б.Х өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Х-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905030850966 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Х, ______настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /том тэрэг барьдаг/, ам бүл 1, _______ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, _____ тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 18 дугаар гудамжинд иргэн М.Ц-тай “машинаа холдуулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь “хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” буюу хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өдөр хашаандаа байшин саваа янзлаад байж байсан. Засварын газар байдаг дандаа хашааны үүдээр машин тавьчидаг. Гэрийнхээ үүдэнд машинаа тавьж болохгүй байхаар нь хэлсэн тэгсэн чамд гэр орон байдаг юм уу гээд хэл амаар доромжлоод байсан. Гэтэл аавтай нь барицалдаад байж байхад хажуу айлын 2 залуу ирж салгасан...” гэв.

Хохирогч М.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 18-359 тоотод байрлах аав М-ын гэрт аавтай хамт гарааш дотроо машин засаад байж байсан чинь манай хамар хашааны Х гэх хүн гараашны хаалга тогшоод машинаа холдуулчих гэхээр нь би “эзэн нь байхгүй, түлхүүр нь байхгүй, холдуулж болохгүй байна” гэсэн чинь хаалга нүдээд байхаар нь би очсон чинь Х машинаа холдуулчих, би гэрийнхээ хажууд машинаа тавьмаар байна гэхээр нь би наад машины чинь түлхүүр байхгүй байна гэсэн чинь түрээд холдуулчих, би цоожтой ч гэсэн наад машиныг чинь хорлож чадна шүү гэхээр нь би маргалдсан. Тэгсэн чинь Х миний нүүр рүү мөргөсөн. Тэгэхээр нь би хамраа бариад доошоо суусан чинь аав М- цаанаас хүрч ирээд нөгөө Х ийг яаж байгаа юм гээд бариад авсан чинь аавтай барилцаад авсан. Тэгэхээр нь би босож очоод Х тэй заамдалцсан чинь цаанаас дахиад хоёр хүн хүрч ирээд салгасан. Тэгээд би цагдаад зодуулсан талаараа дуудлага өгсөн ...Тухайн үед Х намайг зодож надад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-18/,

Гэрч Н.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хашаандаа гарааш дотроо байж байхад нэг хүн ирээд хаалга нүдээд машинаа холдуул гэсэн. Тэгэхэд нь түлхүүр нь байхгүй гэсэн чинь энийгээ холдуул, би хашааныхаа үүдэндээ машинаа тавьмаар байна гэхээр нь манай хүү түлхүүр нь байхгүй гээд Монголоор хэлээд байна гэхэд манай хүүхдийг мөргөөд унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Гэрч Н.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын ____тоотод байрлах аавындаа ирээд байж байтал манай хажуу айлын Х гадаа хүнтэй маргалдаад байна гэхээр нь би гэрээс гараад ар талын гудамжинд байрлах гарааш дээр очсон чинь Х Ц гэх залуутай барьцалдаад авчихсан хүргэн Д салгах гээд байж байсан ба Цогтмагнайгийн аав М- нь бас хажууд нь байсан. Тэгэхээр нь би очоод салгалцсан. Би тэр үед цохиж зодолдохыг нь хараагүй. Намайг очиход Х , Ц нар хоорондоо барьцалдаад авчихсан байсан ба Д салгах гээд очиход би дэмнээд салгалцсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 65-67/,

Гэрч Н.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын ____тоотод байрлах хадам дүү Х ийн гэрт нүүрсний амбаарын дээвэр янзлах гээд ирсэн байсан ба ажлаа дуусаад хувцасаа өмсөж байсан чинь гадаа хүмүүс орилолдох чимээ  гарсан. Гараад очсон чинь хойд талын айлын гараашийн орчим Х Ц-тай зодолдож байсан. Би очоод салгаж байсан чинь О гэх хажуу айлын хүн ирээд хамт салгалцсан. Тийм л зүйл болсон ...Тухайн үед Ц-гийн хамарнаас цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 68-69/,

Шинжээчийн 9093 тоот дүгнэлтэд: “...М.Ц-гийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 19/,

Яллагдагчаар Б.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын ____тоотод байрлах гэртээ байсан ба машинаа хашааныхаа үүдэнд тавиад юм зөөж байсан чинь манай хамар хашааны 359 тоотын хүмүүс хашааны харалдаа машинаа тавьчихсан байхаар нь би очоод Ц гэх залууд хандан хашааны үүдэн дээрх машинаа холдуул гэсэн чинь өөдөөс хэрэлдсэн. Тэр үед Ц дорцовны иш бариад өөдөөс цохихоор нь би хажуу тийшээ бултаад нүүр лүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд барьцалдаад авсан чинь Ц-гийн аав нь хүрч ирээд салгах гээд зууралдаад авсан. Тэгсэн чинь манай хашааны айлын хүн О , хүргэн Д нар ирээд салгасан. Тэр үед Ц цагдаад дуудлага өгсөн. Тэгээд бид нар хашаа руугаа маргалдахаа болиод орцгоосон...” гэсэн мэдүүлэг /хх-н 59-62/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-54/, хохирогчийн хүсэлт /хх-н 76/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 18 дугаар гудамжинд иргэн М.Ц-гийн нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь “хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” буюу хөнгөн хохирол  учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлгүүд, хохирогч М.Ц-гийн: “...Х машинаа холдуулчих, би гэрийнхээ хажууд машинаа тавьмаар байна гэхээр нь би наад машины чинь түлхүүр байхгүй байна гэсэн чинь түрээд холдуулчих би цоожтой ч гэсэн наад машиныг чинь хорлож чадна шүү гэхээр нь би маргалдсан. Тэгсэн чинь Х миний нүүр рүү мөргөсөн....Тухайн үед Х намайг зодож надад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-18/, гэрч Н.М-ын: “...манай хүү түлхүүр нь байхгүй гээд Монголоор хэлээд байна гэхэд манай хүүхдийг мөргөөд унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/, гэрч Н.О-ын: “...Х Ц гэх залуутай барьцалдаад авчихсан хүргэн Д салгах гээд байж байсан ба Цогтмагнайгийн аав М- нь бас хажууд нь байсан. Тэгэхээр нь би очоод салгалцсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 65-67/, гэрч Н.Д-гийн: “...Х Ц-тай зодолдож байсан. ...Тухайн үед Ц-гийн хамарнаас цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 68-69/, шинжээчийн 9093 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Х-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Х нь хохирогч М.Ц-тай машинаа холдуул гэсэн шалтгаанаар маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Ц-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 76/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Х-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул шүүх түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б.Х-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Х-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР