Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 864

 

 

 

 

 

 

      2019          10         16                                      2019/ШЦТ/864

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Б.Батсайхан,

Шүүгдэгч: Г.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805053651014 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б, _______ настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, _____ХХК-д байгаль орчны мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт _________ тоотод оршин суудаг,  урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, МИ-93081818 тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “нэгдсэн гуравдугаар эмнэлэг” 10 дугаар хорооллын автобусны буудлын орчим иргэн Н.Б-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа цохиж, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, дээд уруулд шарх, нэг шүдний эмтрэл, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Хохирогч Э.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би хаалгаа онгойлгоод буусан чинь намайг гараараа цохиод авахаар нь цээж рүү нь түлхээд авсан чинь намайг заамдаж аваад хайс руу түлхээд газар унагаасан. Тэгээд намайг 3-4 удаа гараараа цохьсон, энэ үед нүд хөхрөөд, үүдэн дээд шүд доогуураа эмтэрсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-28/,

          Гэрч Б.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгээд манай нөхөр буусан чинь толгойгоороо мөргөөд авсан. Тэгээд манай хүн зууралдаад авсан чинь газар унагаагаад толгой орчим нь хэд хэдэн удаа цохиод авсан ...манай нөхрийн нүд нь хөхрөөд хавдсан, шүд нь эмтэрсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-22/,

Шинжээчийн 12504 тоот дүгнэлтэд: “...Н.Б-ын биед зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, дээд уруулд шарх, нэг шүдний эмтрэл, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ...дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 30/,

Яллагдагчаар Г.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би босох гээд зууралдаад байхаар нь шанаа орчим нь нэг хоёр удаа гараараа цохиод тэр үед эхнэр нь намайг хоёр удаа гараараа цохьсон ...би цаашаа түлхээд холдуулсан чинь миний толгой, баруун шанаа орчим 2 удаа гараараа цохьсон, тэгэхээр нь би барилцаж аваад газар унагаасан. Тэгээд би босох гэтэл зууралдаад байхаар нь шанаа орчим нь нэг хоёр удаа гараараа цохьсон ...тэр үед миний баруун нүд жаахан хавдсан, хамраас цус гарсан байсан, гэхдээ шүүх эмнэлэгт үзүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-38, 43-46/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 48-75/, хохирогчийн хүсэлт /хх-н 84/ зэрэг болно.                                  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “нэгдсэн гуравдугаар эмнэлэг” 10 дугаар хорооллын автобусны буудлын орчим иргэн Н.Б-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа цохиж, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, дээд уруулд шарх, нэг шүдний эмтрэл, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Б-ын: “...би хаалгаа онгойлгоод буусан чинь намайг гараараа цохиод авахаар нь цээж рүү нь түлхээд авсан чинь намайг заамдаж аваад хайс руу түлхээд газар унагаасан. Тэгээд намайг 3-4 удаа гараараа цохьсон, энэ үед нүд хөхрөөд, үүдэн дээд шүд доогуураа эмтэрсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-28/, гэрч Б.У-гийн: “...тэгээд манай нөхөр буусан чинь толгойгоороо мөргөөд авсан. ...манай хүн зууралдаад авсан чинь газар унагаагаад толгой орчим нь хэд хэдэн удаа цохиод авсан ...манай нөхрийн нүд нь хөхрөөд хавдсан, шүд нь эмтэрсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-22/, шинжээчийн 12504 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Н.Б-тай маргалдаж түүнийг зодож, цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Б-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 84/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Г.Б-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй болно.

Прокуророос шүүгдэгч Г.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид....зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Г.Б-ын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 01 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1, 2, 36.2, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР