| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/01384/И |
| Дугаар | 184/ШШ2016/01559 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2016/01559
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, өөрийн байранд байрлах, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 1-р байр 50 тоотод байрлах, “Монгол бест өннури” ХХК-д холбогдох
нийгмийн даатгалын шимтгэл, алданги 11 376 285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсоёл, хяналтын прокурор Ж.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ё.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Монгол бест өннури” ХХК нь тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй буюу 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сарыг дуустал Нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй 7 584 190 төгрөгийн өр үүсгээд байна. Дээрхи байгууллагын холбогдох албан тушаалтан нартай холбогдож нийгмийн даатгалын шимтгэлээ төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан боловч одоог болтол төлөлгүй “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам” 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.1.14-т зааснаар ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг гэсэн заалтыг тус тус зөрчиж байна.
Иймд “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу “Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги оногдуулна гэж заасны дагуу 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд 3 792 095 төгрөгийн алдангийг хуулийн дагуу ногдуулаад байна.
Иймд шимтгэл, алданги нийт 11 376 285 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч “Монгол бест өннури” ХХК нь нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлага 11 376 285 төгрөгөөс 3 500 000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл төлбөр 7 584 190 төгрөгөөс 3 792 095 төгрөгөөс татгалзаж байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст 5431204 регистрийн дугаартай “Монгол бест өннури” ХХК нь 4 084 190 төгрөгийг үлдэгдэл төлбөртэй ба өр төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төл барагдуулна. Төлж барагдуулаагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй гэж тайлбар өгсөн тул нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсоёл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст 5431204 регистрийн дугаартай “Монгол бест өннури” ХХК нь 4 084 190 төгрөгийг үлдэгдэл төлбөртэй ба өр төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төл барагдуулна. Төлж барагдуулаагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Монгол бест өннури” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл, алданги 11 376 285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
“Монгол бест өннури” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл, алданги 11 376 285 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, авлагын дэлгэрэнгүй бүртгэл гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 3 500 000 төгрөгийг төлж нэхэмжлэгч нь үлдэгдэл 7 584 190 төгрөгийн шаардлагаа багасгаж 4 084 190 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 4 084 190 төгрөгийг маргаангүйгээр 2016 оны 12 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулахаар эвлэрсэн тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “Монгол бест өннури” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, алданги 11 376 285 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор 4 084 190 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч “Монгол бест өннури” ХХК-иас 80 297 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэ-рйн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ