Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 863

 

 

 

 

 

 

       2019          10         16                                      2019/ШЦТ/863

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Хохирогч: Х.О,

Шүүгдэгч: С.О, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.О-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905032650956 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.О, _____ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, мужааны туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн  хамт ______тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, _____ тоот регистртэй,

Шүүгдэгч С.О  нь 2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Зүүн ард Аюушийн 7-211 тоот хашаанд иргэн Х.О тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Х.О ыг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч О.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Хохирогч Х.О-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...намайг хэл амаараа доромжлохоор нь би Отгонсүхийг алгадсан. Намайг таксины жолоочтой уулзъя гэж дагуулж явсан. ...Тэгсэн намайг түлхэж унагаасан. Би чи яаж байгаа юм бэ гэхэд  яваад өгсөн. Би 3 сар хэвтэрт байгаа. Сая шүүх хурлын өмнө эмчилгээний зардал 334.300 төгрөг өгсөн. Би 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Кальци ууж байгаа тэр мөнгөө нэхэмжилж байна...” гэв.

            Хохирогч Х.О ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө манай хашаа түрээсэлдэг О хашаа даваад орж ирэхээр нь би араас нь гараад яагаад хашаа давж байгаа юм гэж хэлэхэд намайг хэл амаар доромжлохоор нь би алгадсан. Тэгээд би машинтай мах авч ирсэн гээд ярилцаад явж байхад хашааны урд хаалганы хажууд гэнэт эргэж хараад түлхээд унагаасан. Тэгээд би газар эвгүй унасан. Би О-д чи намайг түлхээд унагаачихлаа шүү дээ гэж хэлэхэд намайг татаж босгочихоод гэр рүүгээ яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-13/,

          Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...О хэлэхдээ хөдөөнөөс мах ирсэн, тэгээд аваад оройтоод гэрт очиход хашааны хаалга цоожтой байсан тэгээд хөгшин хүн сэрээгээд яахав гээд хашаа даваад ороход хашааны эзэн эгч гарч ирээд чи яагаад хашаа давж байгаа юм гээд намайг доромжлоод би даваагүй гэхэд намайг алгадсан. Би яагаад байгаа юм гээд түлхээд газар унагаасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

Шинжээчийн 9820 тоот дүгнэлтэд: “...Х.О ы биед зүүн умдаг ясны доод салааны хугарал, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 23/,

Яллагдагчаар С.О ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...очиход хашааны хаалга цоожтой байхаар нь эхнэрээ дуудахад эхнэр гарч ирэхгүй байсан. Тэгээд би хашаа даваад орсон чинь хашааны эзэн О эгч гарч ирээд яагаад хашаа даваад байгаа юм гэсэн. Би сандраад хашаа даваагүй гэсэн. Тэгээд би юм ярьж байгаад би хашаа давсан гэхэд О эгч чи л хашаа давдаг юм байна шүү дээ гээд намайг хоёр гурав алгадсан. Тэгээд дахиад алгадах гэхээр нь би гарыг нь хаагаад, хаасан гараараа цохих гэж байсан гарыг нь түлхсэн. Тэгэхэд О эгч арагшаа унасан ...О эгчийг түлхэж унагаагаад гэмтэл учруулсан гэм буруугаа ойлгож байгаа, эмчилгээг нь хийлгэж өгнө, хохирлыг нь барагдуулна” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16, 32/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3-4/, хохирлын баримтууд /хх-н 21-22/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-40/ зэрэг болно.                                  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч С.О  нь 2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Зүүн ард Аюушийн ________ тоот хашаанд иргэн Х.О тай хашаа давлаа гэснээс маргалдаж улмаар Х.О ыг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Х.О-ы: “...2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө манай хашаа түрээсэлдэг О хашаа даваад орж ирэхээр нь би араас нь гараад яагаад хашаа давж байгаа юм гэж хэлэхэд намайг хэл амаар доромжлохоор нь би алгадсан. Тэгээд би машинтай мах авч ирсэн гээд ярилцаад явж байхад хашааны урд хаалганы хажууд гэнэт эргэж хараад түлхээд унагаасан. Тэгээд би газар эвгүй унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 11-13/, гэрч Б.О-ийн: “...О хэлэхдээ хөдөөнөөс мах ирсэн, тэгээд аваад оройтоод гэрт очиход хашааны хаалга цоожтой байсан тэгээд хөгшин хүн сэрээгээд яахав гээд хашаа даваад ороход хашааны эзэн эгч гарч ирээд чи яагаад хашаа давж байгаа юм гээд намайг доромжлоод би даваагүй гээд намайг алгадсан. Би яагаад байгаа юм гээд түлхээд газар унагаасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 18/, шинжээчийн 9820 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.О ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.О  нь хохирогч Х.О тай маргалдан түүнийг түлхэж унагаан, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн тал дээр маргаагүй, улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.О ы биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

   Хавтаст хэрэгт баримтаар авагдсан эмчилгээний 334.300 төгрөгийн зардлыг шүүгдэгч нь хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тухайн хохирол бодитой учирсан гэх баримт байхгүй, мөн цаашид эмчилгээнд хэдэн төгрөгийн зардал гарах эсэх нь тодорхой бус байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээ болон хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С.О ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь С.О  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ялын доод хэмжээгээр торгож, торгох ялыг 1 жилийн хугацаанд төлөх хугацаа тогтоож өгнө үү гэсэн санал гаргасан.  

Шүүх шүүгдэгчид торгуулийн ял оногдуулж шүүгдэгч С.О , түүний өмгөөлөгч нарын торгох ял төлөх хугацаа тогтоож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч О.О-д шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.О-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч О.О-д шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Х.О  нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР