Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 851

 

 

 

 

 

      2019          10         10                                      2019/ШЦТ/851

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Т.Оюунжаргал /томилолтоор/,

Шүүгдэгч: Т.Ц өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Ц-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905034431039 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Ц, _______ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, _____ хийдэд хүүхэд хариуцсан багш ажилтай, ам бүл 2 ээжийн хамт, _______ тоотод оршин суудаг, урьд шийтгэлгүй, ________ тоот регистртэй,

Шүүгдэгч Т.Ц нь  2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 23 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандан вив” ресторанд иргэн С.Г-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар биед зулайн хуйханд няцарсан шарх, зулайн зөөлөн эдийн няцрал, хуйханд зулгаралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...гэв

Хохирогч С.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Тулгаа, Баасанжаргал бид гурав ариун цэврийн өрөө орчихоод би ганцаараа гараад явж байтал Ц ганцаараа явж байхдаа миний хажуугаар гарахдаа намайг жоохон мөрлөөд гарсан. Тэр үед Ц бид хоёр жоохон маргалдаад салсан. Тэгээд төрсөн өдрийн эзний ширээнд суугаад жоохон юм яриад сууж байтал Ц над руу Ганаа хөгшөөн чи надтай нэг үзэх гээд байна уу, үгүй юу гэх зэргээр сонин юм яриад эхэлсэн. Тэр үед Баасанжаргал, Тулгаа хоёр ...та хоёр чинь яагаад, юу яриад байгаа юм гээд ...түрхэн зуур маргааныг салгасан. Тэгээд жоохон байж батал Ц над руу Ганаа хоёулаа нэг уулзъя гэсэн бөгөөд тэр үед Баасанжаргал, Тулгаа ...та хоёр уулзах гээд байгаа бол гараад уулзаад ир ...гэсэн. Тэр үед би Ц-ын хамтаар ресторанаас гараад уулзах гэсэн чинь Ц над руу дайраад заамдаад авахаар нь би адилхан заамдалццаж байгаад бид хоёр бие биенээ түлхээд салсан. Тэгээд тэр үед бид хоёр бие биенээ хальт заамдаад түлхэлцээд салсан бөгөөд дотогшоо ороод сууж байтал тооцоо гараад рестораны зөөгч ирсэн дариу Баасанжаргал зөөгчтэй тооцоогоо яриад сууж байхад нь би ширээнд суугаад урдаа байсан пиво уугаад сууж байтал гэнэт миний толгойноос халуун бүлээн юм урсаад эхлэхээр нь толгойгоо барьж үзээд дээшээ хартал миний толгой орчим дахин нэг шилэн зүйл барьсан гар орж ирээд цохисон даруй миний толгойноос дахин цус гарсан. Тэгээд дахин сайн харахад Ц гартаа шилэн зүйл барьчихсан намайг гурав дахь удаагаа цохих гэж байхад нь би гараараа хаасан чинь Баасанжаргал, Тулгаа нар намайг салгасан. Тэгээд би болсон хэргийн дараа цагдаад дуудлага өгч байхад Ц гараад явсан байсан бөгөөд цагдаа нар ирсэн даруй гэмтлийн эмнэлэг явж үзүүлээд цагдаа дээр ирж өргөдөл гаргасан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-12/,

Гэрч С.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би одоо цагийг санахгүй байна манайхаар үйлчлүүлж байсан ахын хоёр нь хоорондоо маргалдаж нэг ах нь пивоны шилэн аягаар нэг ахын толгой орчим нь цохисон асуудал гарсан. Би бол тэр үйл явдлыг хараагүй зөөгч Өсөх-Ирээдүй тооцоо авах гэж байхад шилэн аягаар нэгнийхээ толгойг цохьсон гэж ярьсан. Би тэр хүмүүсийг харсан. Манайд үйлчлүүлж байсан 4-н ахын гурав нь бол нилээн согтолттой байсан харин сүүлд орж ирсэн нэг нь бол хоёр шил пиво уусан байх ерөнхийдөө эрүүл байсан бөгөөд тэр ах толгойдоо шилэн аягаар цохиулснаас болж толгойноос нь цус гарсан байдалтай, дуудлагаар ирсэн цагдаа нартай гараад явсан. Харин цохьсон ах нь бол нилээн согтуу цагдаа ирэхээс өмнө гарсан. Ерөнхийдөө манайх хүн цөөтэй байсан учраас үйл ажиллагаа алдагдуулсан зүйл үгүй, манайхаас эвдэрсэн хэмхэрсэн зүйл гэвэл 1 ширхэг шот буюу архи, вискиний хундага хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч П.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд гадаа гараад юм ярин тамхи татан зогсож байтал Г Ц-ыг элдвээр хэлээд шоглоод ч байгаа юм шиг яриад байсан бөгөөд тухайн үедээ зүгээр л тоглож байна гэж бодоод өнгөрсөн. Тэгээд бид дөрөв буцаад ресторан руу орон ширээнд суугаад юм яриад байж байтал тооцоо төлөх болоод рестораны зөөгч ирээд байхад Г-а, Ц-т ...чи наад муухай савраа татаач ...гэж хэлсэн. Тэр үед Ц гэнэт Тулгаагийн ууж байсан пивоны шилэн аягыг аваад Г-ын толгой орчим нэг удаа цохьсон. Тэр үед би Ц-ыг татаад салгасан. Тэр үед Ц хойшоо болоод байхад Г аль хөлөөрөө билээ Ц-ыг өшиглөөд дайраад байх үед, ресторанаас Ц-ыг аваад гарсан. Тэр үед би харин Г-ыг тайвшруулаад байж байхад цагдаа нар ирээд Г бид нарыг эмнэлэгт очиж үзүүлээд өргөдөл гаргаарай гээд явсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Шинжээчийн 10376 дугаартай дүгнэлтэд “...С.Г-ын биед зулайн хуйханд няцарсан шарх, зулайн зөөлөн эдийн няцрал, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх-н 22/,

Яллагдагчаар Т.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би уг ялыг хүлээн зөвшөөрч байна....Би согтуурсан үедээ найзынхаа хэдэн үгийг даалгүй биед нь халдаж гэмтэл учруулсан асуудалдаа маш их харамсаж байна. Миний бие өөрийн найз С.Г-ад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд өөрийн биеэр уучлалт гуйсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 51/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгч Т.Ц-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 27-45/, хохирогчийн хүсэлт /хх-н 60/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 23 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандан вив” ресторанд иргэн С.Г-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан  улмаар пивоны шилэн аягаар толгойн тус газарт нь цохиж биед зулайн хуйханд няцарсан шарх, зулайн зөөлөн эдийн няцрал, хуйханд зулгаралт буюу эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Г-ын: “...би ширээнд суугаад урдаа байсан пиво уугаад сууж байтал гэнэт миний толгойноос халуун бүлээн юм урсаад эхлэхээр нь толгойгоо барьж үзээд дээшээ хартал миний толгой орчим дахин нэг шилэн зүйл барьсан гар орж ирээд цохьсон даруй миний толгойноос дахин цус гарсан. Тэгээд дахин сайн харахад Ц гартаа шилэн зүйл барьчихсан намайг гурав дахь удаагаа цохих гэж байхад нь би гараараа хаасан чинь Баасанжаргал, Тулгаа нар намайг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-12/, гэрч С.З-гийн: “...Би одоо цагийг санахгүй байна манайхаар үйлчлүүлж байсан ахын хоёр нь хоорондоо маргалдаж нэг ах нь пивоны шилэн аягаар нэг ахын толгой орчим нь цохьсон асуудал гарсан. Би бол тэр үйл явдлыг хараагүй зөөгч Өсөх-Ирээдүй тооцоо авах гэж байхад шилэн аягаар нэгнийхээ толгойг цохьсон гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч П.Б-ын: “...тооцоо төлөх болоод рестораны зөөгч ирээд байхад Г-а, Ц-т ...чи наад муухай савраа татаач ...гэж хэлсэн. Тэр үед Ц гэнэт Тулгаагийн ууж байсан пивоны шилэн аягыг аваад Г-ын толгой орчим нэг удаа цохьсон. Тэр үед би Ц-ыг татаад салгасан. Тэр үед Ц хойшоо болоод байхад Г аль хөлөөрөө билээ Ц-ыг өшиглөөд дайраад байх үед, ресторанаас Ц-ыг аваад гарсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, шинжээчийн 10376 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Ц-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ц нь хохирогч С.Г-атай маргалдаж, улмаар толгой тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бичгээр хүсэлт /хх-н 60/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Т.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял,” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Ц-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ц-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР